Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 07 сарын 03

Хамаг Монгол туургатны "Улаачийн сорил VI" тэмцээний Тэргүүн ялагч, Монгол Улсын шилдэг зөнч улаач, зайран Х.Мөнхзаяатай ярилцлаа.


-Монголчууд нэг хэсэг бөө гэж хошуурсан. “Бөө төрүүлэх гэж бөөн юм болж байна” гэсэн нийтлэл хүртэл хэвлэлд гарч байлаа. Түүнээс хойш цагийн аясаар шигшигдсэн байх. Бөөгийн мөн чанар нь чухам юу юм бол?

-Бөөгийн зан үйл нь бөөрөнхий дэлхий үүсэж байх үеэс бий болсон  9500 жилийн түүхтэй. Бөө мөргөл дэлхийн хүн төрөлхтний үүсэл хөгжлийг үүсгэн бий болгосон тэнгэр газрын холбоос.  Бөө гэдэг нэр нь бөөгнөрөл буюу бөөн од гэсэн утгатай. Өнөөдөр бид дэлхий ертөнц, орчлон ертөнц, оддын ертөнц, мөнх тэнгэр гэсэн дөрвөн заагийг зааглаж харилцдаг. Бөөгийн зан үйл олон мянган жилийн түүхтэй боловч ерөнхийдөө XIII зуунаас хойш бага багаар алдарч явсаар  Манжийн үед монгол бөө мөргөлийг устгах бодлогын улмаас бөө нарыг хоморголон устгасан байдаг.

Иймд мөнх тэнгэрийн үйлийг хийх үүд хаалттай явж ирсэн.Улмаар социализмын үед үзэл суртлаас шалтгаалан бүр ч хатуу чанга хаалттай болсон. Ардчилал тогтсон 1990-ээд оноос нууц байдалд явж ирсэн бөө нар лам хэлбэрээр гарч ирсэн.

Өөрөөр хэлбэл, өдөр нь лам, шөнө нь бөө болж буддын шашинтай холилдсон байдалтай явсан. Хутагт, хувилгаад бүгд тийм байсан. Тухайн үед бөө мөргөл, өв соёлоо ярихаар хяргуулчих гээд, өвгөд дээдсээ ярихаар цаазын ялд уначих гээд тийм хэцүү цаг байсан. Ер нь бол 1990 оноос бага багаар гарч ирсээр, ерөнхийдөө бөө мөргөлийн зан үйлтнүүд, тэр дотроо буриад бөө мөргөлийн соёл нэлээн дэлгэрсэн. Халх бөө мөргөлийн хувьд  бүрэн устгагдсан гэж үздэг. Сүүлд буриад багштай хэрнээ халх бөө нар төрж, халхжиж явсаар 2005 оноос цэвэр халх бөө нар гарсан гэж үздэг. Ийм байдалтай явсаар бид 2010-аад онтой золгосон. Ер нь бол бөө мөргөл гэдэг монгол өв соёл төдийгүй дэлхийн том өв соёл юм.

-2010 он бөө мөргөлтэй ямар холбоотой гэж?

-Тухайн үед хүмүүс “дэлхий сөнөнө” гэлцэн  айдас хүйдэс болж байсан шүү дээ. Дэлхий сөнөнө гэлцэж байсан тэр үед дэлхий ертөнц асар том хар нөмрөгийг тайлсан юм шүү дээ. Түүнээс бодит байдалд дэлхий сөнөх гээд байсан юм биш. Хүмүүс бодит мэтээр ойлгож сандралдсан.

Энгийнээр тайлбарлавал, дэлхий багаа тайлсан. Цаг хугацааны хувьд загасны эрин дуусаж, бумын эрин үе эхэлж байсан. Бидний загас шиг дуугүй, чимээгүй, хүлцэнгүй, томоотой байсан үеүд дуусаж, бумбын эрин үе эхэлснээр хүн болгон оюун санааг эрхэмлэх болсон. Нөгөө талаас, шинжлэх ухаан асар их хөгжсөн. Түүнийг дагаж, газар дэлхий дээр  хүмүүс хөгжиж байхад мөнх тэнгэр, дэлхий хуягаа тайлснаас болж, маш олон өвгөд дээдсүүд удам угсаандаа ирэх гэж тэмүүлсэн. Жишээ нь, бид энэ тавган дээр тийм юм байна гэж хардаг шиг хаалттай байсан зүйлүүд ил болж, маш олон  тэнгэрүүд газарт бууж ирсэн.

Түрүүнд таны асуусан шиг олон бөө нар яагаад бууж ирсэн юм бэ, нөгөө “бөө төрүүлэх гэж бөөн юм болж байна” гэдэг чинь юунаас болсон бэ гэвэл дэлхий хаалгаа нээж өгсөн. Өвгөд дээдсүүд ирсэн. Ингэж олон бөө нар газар дэлхийд буусан. Бөө мөргөлд халх, дархад, буриад гээд долоон ястны бөө байдаг. Тэд бүгд сэргэсэн. Нөгөөтэйгүүр, сайныг дагаж саар байдаг учир өнөөх бөө нар сайн, муу юм олныг хийж, зарим нь луйвар, булхай юм ч хийцгээсэн. 2012 онд буддизмын шашны 500 жилийн түүх соёл дуусаж, өв соёлын 500 жил шинээр дахин эхэлсэн. Энэ нь  500, 500 жилийн зайтай явдаг гэж ойлгож болно. Өнөөдөр Монголын бөө мөргөл хийгээд дэлхийн зулай дээр байгаа Монгол Улс, улаач бид нар өв соёлын эцэг ноён юм. Нэг ёсондоо энэ хүмүүс олноороо бууж ирж нэг ёсондоо өвгөд дээдэс маань үр хүүхдүүддээ ирсэн гэсэн утгатай юм.

-Айл болгонд шахам нэг сахиустай хүн бий болж, удам судраа засаж байна гэх болсон. Бөөгийн засал гэж юуг хэлдэг юм бэ. Зарим бөө өчнөөн сая төгрөг нэхэж, бусдыг  дарамталсан хэрэг ч  мэр сэр гарсан байдаг?

-Засал гэдэг нь “засаад ав” гэсэн утгатай үг. Хүнийг дагаж байдаг үндсэн таван тэнгэр байдаг. Тэр нь эцэг тэнгэр, эх тэнгэр, ханийн тэнгэр, үрийн тэнгэр, эдийн тэнгэр юм. Энэ таван тэнгэрийг одоогоор бидний ярьдаг “Лха таван тэнгэр” буюу  “Атаа таван тэнгэр” гэж нэрлэж байгаа юм. Бид тэр тэнгэрт  харъяалагдаж байгаа.

Өнөөдөр хүн төрөлхтөн таван зүйл дээр л хүнтэй ярилцдаг. Хүнд үзүүлэхдээ ч тэрийг л асуудаг. Эсвэл би бөөгийн уг сахиустай болов уу, эсвэл надад уг сахиус байна, намайг ингээд байна, тэгээд байна гэдэг. Нөгөө талаасаа би сүнснээс айгаад байна, лусын хорлол болчихсон байна.

Сайхан амьдарч чадахгүй үргэлж айгаад байна, хар дарж зүүдлээд байна гэж ярьдаг. Дараагийн асуудал нь ханийн тухай. Би хүнтэй гэр бүл болохгүй байна, цаашид яах бол, ийм бол гээд асуудаг. Зарим хүн манай хүүхэд зогсоо зайгүй өвдөөд байна, яах вэ. Хүүхдээ алдчихлаа яанаа гэх юм уу, би хүүхэдтэй болох болов уу гээд ирдэг. Байртай болох гэсэн юм болж өгдөггүй, машинтай болох гэтэл бүтдэггүй. Солонгос явах гэтэл виз гардаггүй, орлогогүй болчихлоо самарт явбал яах бол гээд асууж явдаг. Ерөөс ийм л таван асуудлаар хүн үзмэрч зурхайч, бөө, ламд харилцдаг. Тэр хүмүүсийн өөрийнх нь билэггүй амнаас болж, өөрөөр хэлбэл “би яах бол” гэж өөрийгөө тоохгүй байгаагаас үүдэн дандаа “муу юм”-нд унадаг. Энэ “муу юм”-нд унаж байгааг л угааж засахыг засал гэж байгаа юм. Засал гэдэг бол тарни ном уншихаас илүүтэй  угааж засдаг үйл шүү.

-Яагаад “угаана”, угааж засна гэж?

-Хүний биеийн 70 хувь нь ус, дэлхийн гадаргын 75 хувь нь ус, мөнх тэнгэр цэнхэр өнгөтэй байгаа биз, түүний 60 хувь нь ус байдаг гэж үздэг. Тэгэхээр хүн зөвхөн угаалгаар засал хийгддэг. Түүнээс харсан, үзсэн болгон  хараал жатгатай биш. Мөн харсан, үзсэн бүхэн лусын хорлолтой  биш.

-Хараал, жатга гэж ер нь юу юм бол, ийм хорлолтой учирсан хүн тааралдаж байв уу?

-Ганц, хоёрын зэрэг ийм хүн ирж байсан. Тухайн хүн үнэхээр ханийн тэнгэргүй байж болно. Би хүнтэй суухгүй, насаараа ганцаараа явсан ч яадаг юм гэж ярьсаар байгаад тэрийгээ биелүүлчихсэн хүн байдаг.Үг энергитэй учир хэлсэн зүйлүүд биелдэг юм шүү.

Зарим хүн “Би үр хүүхэдтэй болохгүй, лай. Ганцаараа яваад дуусна” гэдэг, түүнийгээ биелүүлсэн хүн байдаг. Зарим нь өөрийн амны бэлэггүйгээс ядуу зүдүү, зовлонтой амьдарч байгаа нь ч байна. Зарим нь бөө тэнгэр, сахиусаараа тоглочихсон байх нь ч бий. Энэ хорвоо дээр 48 төрлийн муу сүнс, түүний доор 88 төрлийн муу сүнс байдаг. Эдгээр нь хүнийг ороочихдог. Яагаад гэвэл, сахиусаараа тоглох, бусдыг хорлох, “аура” буюу гэрлэн бүрхүүлгүй, эзэн биегүй юм зөндөө байгаа. Энэ бүхнийг засахын тулд засал гэж зүйл байгаа юм. Тэр нь засаад ав гэсэн утгатай. Машинаар бол таны машины мотор цохисон бол “Та машиныхаа моторыг засаад ав” гэсэнтэй агаар нэгэн юм.

-Яагаад бөө нар хүнээс мөнгө авдаг юм бэ, хүний төлөө гэчихээд. Дэлхий ертөнцийн муу муухайг засаж сайхан болгоно гэчихээд өргөл аваад л...?

-“Өгч байж авдаг” гэж үг бий. Та амьсгал авч байгаа бол буцаагаад гаргадаг. Гаргаж байгаа бол буцаагаад авна. Талх өнөөдөр хэдэн төгрөгийн үнэтэй билээ. Аливаа зүйлийн хэм хэмжээг ихдүүлж болохгүй, бас багадуулж болохгүй. Хэмжээнд барих хэрэгтэй. Улаач хүн ажил хийж байна, түүнийгээ дагаад цалин авах ёстой байдаг. Гэхдээ сайныг дагаж саар гэгчээр үүнийг судалж байгаад худлаа бөө болчихсон  бизнесийн хүн олон байна.

Лам нар дунд ч байна, Исүс Христэд нь ч байна. Тэгээд хэн нэгэн бие өвдөөд байна, үзэж өгөөч, ажил бүтэхгүй нь засал хийж өгөөч гээд ороод ирэхээр “Та ноднин нэг эрэгтэй хүнтэй муудалцсан юм аа даа” гэх жишээтэй. Нөгөө хүн бодоод байтал нээрээ тэгсэн юм шиг санагдаад “Нээрээ тэгсэн шүү дээ” гэнгүүт “Өө, тэр хүн л таныг хараачихсан байна” гээд цааш нь  өмссөн, зүүсэн, унасан машиныг  нь харж байгаад “Хорь, гучин сая төгрөг өгчих, бөөгийн нэр барьсан хүмүүс заслыг чинь хийгээд өгье” гэх жишээтэй. Тэгээд бусдыг дарамталж байгаа бөө нэртэй хүн ч бас олон байна. Ийм зүйлүүдийг хараад  би дотроо энэ асуудлыг зохицуулсан  хуультай болоосой гэж боддог. Ямар ч хуульгүй учраас ийм гажуудал гарч, хүмүүс бөө, лам нарт дарамтлуулаад, тэднээс айгаад явж байдаг. Миний хувьд хуульчлах талаас ажиллая гэж бодож, төлөвлөж байгаа зүйлүүд бий.

-Хүмүүс амны бэлэггүйгээс болж алдаж  байна гэлээ. Тэгэхээр яах ёстой вэ, яавал дээр вэ?

-Ямар ч хүн 12 жилд нэг удаа удмынхаа заслыг хийлгэчихдэг, жилдээ нэг удаа өөрөө өөрийгөө засаж  угаачихаад байвал болно шүү дээ. Тийм атал тэр  Гандан дээр очоод, эсвэл хэн ч мэдэхгүй, танихгүй, чаддаг эсэх нь тодорхойгүй бөө нар дээр очиж хулхидуулаад байгаа нь хүмүүсийн өөрсдийнх нь буруу гэж би боддог. Нэг ёсондоо тухайн хүн өөрөө мэдлэггүйн улмаас янз бүрийн хүн дээр гүйж очоод буруудаад байх шиг байна гэж ойлгодог.

-Өөрт чинь олон хүн ханддаг байх. Ирж буй хүмүүсийн ярьж, хэлж байгаа бүхэн мэдээллийн нэгэн том дата-г бүрдүүлж байгаа шүү дээ. Түүнээс Монголын нийгэм ямар байна гэдэг “зураг” ерөнхийдөө харагдаж байгаа байх?

-Монголчууд, Монголын төр, засгаас ч юм уу Монгол өв соёлоо хүндэтгэдэг байсан бол энэ олон улаач нар төрөхгүй байсан. Дээрээс нь энэ олон үзмэрч, зурхайч нар байхгүй байх байсан. Дэлхийн жишигт нэртэй үзмэрч, зурхайч нар нь төр, засагтайгаа хамтарч ажилладаг. Жишээ нь, цагдаагийн байгууллага нь гэхэд үзмэрч, зурхайч нартай хамтраад явдаг. Олонд ил биш ч гэлээ, Доржийг тэдэн сард амраах хэрэгтэй, Батыг тэдэн сард ажиллуул гээд био хэмнэлээр нь гаргаж өгч байдаг юм байна лээ гадныхан.

Манай нийгэм ядуу байгаа учраас хүн болгон Ганданг тойрч гороолоод, лам, бөө гэх нэр зүүсэн хуурамч хүмүүс ихэвчлэн иргэдийг шулаад байж байна. Зарим дарга нар нэг хүн дээр очоод тэрийгээ “багш аа, багш аа” гэж тойрч шаваад, өөрсдийн авсан том авлигынхаа нэг булан төдий 10-20 сая төгрөг өгөөд сургачихсан байх жишээтэй. Тэгээд хувийн сүм, хийд ч олширчээ. Бусад орон өөрийн өв соёлоо хүндэтгэн дээдлэдэг. Монголд ийм бодлого  байхгүй.  Жилдээ улсын төсөвтөө зөвхөн Гандан л гэхэд хэдэн тэрбумаар нь тавьдаг. Хэзээ ч бөө, улаач нарыг дэмжиж байгаагүй. Тэр хүмүүс бор зүрхээрээ явж, бор зүрхээрээ амьдарч байгаа. Засал хийлгэж байгаа хүмүүсийн хувьд гол зовлон нь  архи, архидалт болчихсон байна.

Архинд орсон хүмүүсийн ар гэр, их төлөв эхнэр, ээж, үр хүүхэд  нь ирдэг. Архидалт Монголыг нөмөрчихсөн чимээгүй тахал болсон. Амьдрал нь ч ядуу, тэгээд өдөр, шөнөгүй архидаж байна шүү дээ. Хүүхдийн үсний найр, хурим, төрсөн өдөр гээд бүх зүйл дээр архи уудаг. Архины дэв бузар  Гэрэгэ гэж  дон, чөтгөр, шулам  байдаг. Энэ дэв бузар сүүлийн жилүүдэд дэлхийн хүн төрөлхтнөөс хэдэн арав дахин олон болж байна. Муу сүнснүүд олширч, үржиж, нэмэгдэж байна. Энэ бол архидалтын гай. Ээж, эхнэр нь ирээд “Архинаас гаргаад өгөөч” гэхээр лам, бөө нар тоглолт хийдэг. Нэг хэсэг нь мөнгөө алдаж, нөгөө хэсэг нь архиа уусаар л байдаг.

Архинаас үүдэлтэй гэр бүл салалт асар их байна. Архидаж шоудаж яваа хүмүүс хоорондоо танилцаж, согтуурхаж зочид буудалд хонож, даамжраад үр хүүхэдтэй болж, тэр нь миний, чиний хүүхэд гэх хэрүүл болж үрийн заяа гомддог. Эмэгтэй нь үр хөндүүлснээр лусын хорлол болдог. Энэ хоёр асуудал Монголын нэн тэргүүний зовлон болжээ. Дээр нь залилангийн хэрэг Монголыг бүхэлд нь нөмөрсөн. Цахим тоглоом, элдэв луйвар газар авсан. Залуучууд үзүүлэхээр ирэхээрээ гурван асуудлаар л харилцдаг. “Самарт явбал сайн  байна уу, Цагаан хад руу явбал дээр үү. Эсвэл Солонгос руу гарвал ашигтай байна уу, үзээд өг” гэдэг. Гадагшаа гарах гэсэн хүмүүсийн тоо олширсон, бараг Монголд хүн үлдэх юм уу гэмээр. Залуус нэг хэсэг самарт явцгаасан. Эрчүүдийн олон нь Цагаан хаданд байцгааж байна. Ард үлдсэн эхнэрүүд нь нөхрийнхөө цалинг аваад шоудаж, дэлгүүр хэсээд байцгааж байна.

-Лусын хорлол гэж яг юу юм бол, ус голд бохир оруулбал лусын хорлол болно гээд байдаг санагдана?

-Лусын хорлол бол ууланд очиж мод хугалж, ус руу бохир оруулснаас болдоггүй юм. Тийм зүйлээс болдог бол Хангай захынхан бүгд лусын хорлолд өртөж, Зүүн хараа, Баруун Хараа, Сэлэнгэ, Ерөө гээд мод бэлтгэж байгаа газрууд бүгд лусын хорлолд өртөх нь ээ дээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийг зарим хүн лусын хорлолтой гээд байдаг.

Тэгвэл Гэмтлийн эмнэлгээр дүүрэн лусын хорлолтой хүн байх нь ээ. Тэгвэл ийм  биш юм. Лусын хорлол гэдэг эхийн хэвлийд олдсон хүүхэд усанд бойждог,бурхан болоочийн 49 хоног, долоон долоо 49 хоног гэж ярьдаг шиг хүүхэд эхийн хэвлийд олдож, 49 хоноод зүрх нь цохилж эхэлсэн байхад манайхан хоёр сар хүрээгүй байхад нь миний, чиний хүүхэд гэж хэрэлдэж, хэлцээд үр хөндүүлдэг. Үр хөндөж байгаа эмнэлгүүд асар их нүгэл үйлдэж байна. Тэр ч үүднээсээ эмэгтэйчүүдийн эмч нарын алтан сав маш хүнд нээгддэг юм шүү дээ. Хоёр сар болоогүй байна гээд эхийн хэвлийд, усанд байгаа хүүхдүүдийг авахуулаад байхаар тэр нь лусын хорлол болж байгаа юм. Би гол усанд бохир оруулаагүй, хөдөө гадаа явж үзээ ч үгүй, яахаараа лусын хорлол болдог юм бэ  гээд цэмбийсэн хүүхнүүд яваад байдаг, яс юман дээр үр хөндүүлсээр байгаад лусын хорлол болсон байдаг.

Хүн болоогүй хүүхдийнх нь сүнснүүд өөрийг нь дагаад яваад байдаг. Энэ сүнснүүдийг “Зүдрээ” гэж нэрлэдэг. Дээхнэ үед буурлууд хоорондоо “Энэ Пагма ойрд нэг ядраад, зүдрээд яваад байнаа даа” гэж ярилцдаг байсан нь ийм учиртай. Хүн болж чадаагүй хүүхдийн сүнс эхийнхээ савыг боож, гарч чадахгүй болохоороо аавыгаа зайлуулдаг, гэр бүлд хэрүүл үүсдэг, тэр эмэгтэйг нөхөргүй, гэр бүлгүй болгох зорилгоор нөгөөх “Зүдрээ” явдаг. Ийм сүнс их бий.  Гэр бүлийг салгадаг “Ядраа” гэж сүнс байна. Энэ бүхнийг хүмүүс ялгаж, салгаж ойлгоосой. Үүнийг ойлгохгүйн улмаас хүмүүс буруудаад байна. Задалж яривал олон зүйлийг ярьж болно. Ямартай ч Монголчуудыг ойгүй тэнэг болгох зүйлүүд янз бүрийн нөлөөгөөр хийгддэг гэдгийг ойлгож аваасай. Үхэр монгол гэх үг хүртэл гарч харин ч Монголчуудын дээд төрлийг доромж утгаар нэрлэж, өөрсдөөр нь гутаалгасан. Иймд Монголчууд ухаантай байгаасай. Гэхдээ өнөөдөр Монгол өв соёл дахин сэргэж байна. Алдаа, завхрал засагдах биз ээ.

-Улаач нарын сорил ч бас сайн цагийн нэг  шалгуур, шигшүүр  байх, тийм үү. Сүүлийн сорилд та тэргүүлсэн?

-“Хамаг монгол туургатны улаач нарын сорил” нэврүүлгийг зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн чуулган академи” гэж байсан. Миний хувьд би өөрөө зурхайч учраас цагалбар буюу цаг тооны бичиг гаргах зорилго тавьж явсан. Нэг л гаргачихвал тэр цагалбар насан туршдаа танай авдарт байх, тэрийгээ байнга хэрэглээд явах ийм л зүйл байх ёстой. Гэтэл манайд яаж байна гэхээр хүмүүс жил болгон гаргаад бизнес хийдэг зүйл болгочихсон. Энэ жил гэхэд 37 хүн цагалбар гаргасан байна лээ. Бараг бие биедээ хуулуулаад, зараад явчихдаг. Тэрийг нь  нэг хүн ивээн тэтгэж хэвлүүлээд нэг сая төгрөгийг 10 сая болгодог нэг ёсондоо Цагаан сарын шоу болсон.

-Та удам дамжсан бөө юу?

-Манайд удам дамжсан бөө байгааүй. Удам дамжсан мэргэн түргэн хүн ч байхгүй. Харин төрд зүтгэж явсан, алтан ургийн бодлогод оролцож байсан хүмүүс бол байсан юм билээ. Надад багаас мэдрэгдсэн зүйлүүд бол бага сага байсан. Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсээгүй. Өвгөд дээдсээ сонсохын тулд энэ амьдралаа, өөрийгөө бүрэн зориулсан. Цагдаагийн байгууллагад мэргэн буудагчаар ажиллаж байсан, Иракт хоёр ч газар үүрэг гүйцэтгэж жаргал, зовлонд хатаагдсан. Энэ замаар явсаар өнөөдрийг хүрсэн, ийм л хүн.

-Та эхнэрийнхээ хамт улаач нар, бөөгийн болон өвөг дээдсийн тухай кино эхлүүлж байгаа гэж сонссон?

 -Тиймээ би урлагт бас их дуртай. Миний хань кино найруулагч, киноны зохиолч хүн. Тэгээд ирээдүйд өв соёл, үүх түүхээ мэдэж ойлгохын учрыг ойлгуулж үлдээх явдал маш чухал болоод байна. Бидний өвөг дээдэс хэдэн зууныг дамнан үлдээж өгсөн соёл байгаа. Тиймээс бошгийг тайлсан, бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино хийхээр зэхэж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top