Воронеж болон Донын Ростовт болсон “Вагнер”-ийн бослогын дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайнд бэлтгэгдсэн 50 мянга гаруй бие бүрэлдэхүүнтэй хувийн том группыг цаашид Евгений Пригожин биш харин Саарал удирдах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
“Ажил хэргийг цааш хэрхэн удирдан явуулах тал дээр хувилбар байж болно. Тухайлбал, “Вагнер”-ийн дайчид сүүлийн 16 сарын турш удирдлага дор нь ажилласан Сааралыг удирдагчаа болгох боломжтой. Бүгдээрээ нэг дор цуглаж, ажлаа үргэлжлүүлэх ч боломж бий. Ингэвэл тэдний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бүх хугацаанд жинхэнэ удирдагч нь байсан хүн л үргэлжлүүлэн удирдана гэсэн үг” хэмээн Владимир Путин өчигдөр Олон Улсын Худалдааны төвийн байранд болсон уулзалтын үеэр үг хэлэхдээ цохон тэмдэглэжээ.
Саарал гэж хэнийг хэлэв? Саарал гэдэг нь эдүгээ 61 настай Андрей Трошев юм. Ленинградад 1962 оны дөрөвдүгээр сарын 5-нд төрсөн энэ хүн бэлтгэл хурандаа. Афганистан болон Чеченийн дайнд оролцсон. Үүргээ эрэлхэг, баатарлагаар биелүүлснийхээ төлөө байж болох хамгийн том одонгуудыг хүртсэн. Мөн түрүүн дурдсанчлан ОХУ-ын баатар.
Яг ямар баатарлаг гавьяаных нь төлөө баатар цол олгосныг нууцалсан байдаг аж. Афганистан, Чеченийн дайны дараагаар “Вагнер”-т орсон. Сири дэх тулаан, нефтийн ордын төлөөх дайралт, Украин дахь Крымын асуудалд “Вагнер”-ийн групп оролцоход чухал үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай. Түүнийг “Вагнер”-ийн гүйцэтгэх захирал гэдэг.
2017 онд Санкт-Петербургийн нэгэн эмнэлгийн эмч дөнгөж хүргэгдэж ирсэн архи үнэртүүлсэн эрийн биед байгаа зүйлсийг хараад гайхаж цочирдсон гэнэ. Дундаж насны, саарал үстэй тэр эрийн биед 5 сая рубль, 5000 ам.доллар бэлнээр байсны сацуу мөн Сирид тулалдаж явсан үнэмлэх, зэр зэвсгийн гэрчилгээ, онгоцны цахим тасалбар байжээ. Түүнийг хэн гэдгийг тодруулахад Оросын армийн бэлтгэл хурандаа Андрей Трошев байсан аж.
Тэгж эмнэлэгт хүргэгдэхдээ Трошев ОХУ-ын баатар цолыг хүртчихсэн байсан гэдэг. Европын Холбооноос 2021 онд гаргасан мэдэгдлээр бол “Вагнер” группын гүйцэтгэх захирал нь Трошев. Харахад үг дуугүй цөөтэй, унжгардуу мэт царайтай энэ хүн сүүлийн 50-аад жил ЗХУ болон ОХУ-ын цэрэг армийн томоохон бүх ажиллагаанд оролцсон нэгэн ажээ. Ийм хүнийг Путин “Вагнер”-ийн жинхэнэ удирдагч гэж тодотгоод байна.
Харин Пригожины хувьд бол 20 хүрээгүй байхдаа хулгайн хэргээр шоронд орж, дараа нь дахин гэмт хэрэг үйлдсэнээр 10-аад жил шоронд хоригдсон. 1988 онд өршөөлөөр суллагдсан. 1990 оноос хот-догийн бизнес эхлүүлж, амжилттай бизнесмэн болсон нэгэн. Зарим хэвлэлүүд Пригожиныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хэрхэн харилцахаа маш сайн мэдэж, мэдэрдэг, пиарын тал дээр онцгой авъяастай нэгэн гэдэг бол харин Сааралыг насан туршдаа шахам Кремльд үнэнчээр зүтгэж, халуун цэг болгонд очиж амжилттай ажилласан хатуу удирдагч гэж үздэг гэнэ. 2022 онд Бахмут руу халдахад Трошев “Вагнер”-ийг удирдсан гэдэг.
Владимир Путин Воронеж дахь бослогын дараагаар буюу зургадугаар сарын 29-нд Пригожин болон “Вагнер”-ийн 35 удирдагчтай нүүр тулан уулзахдаа мөн Сааралыг удирдагчаар тавих боломжтойг дурдсан гэнэ. Тэгэхэд зарим нь толгой дохиж байсан гэж зарим хэвлэлүүд тэмдэглэжээ.
Харин Пригожин “Залуус аа, тэгж таарахгүй” гэж байр сууриа хэлсэн байна.
“Коммерсант”-ын сэтгүүлч Виктор Колесников Путинээс “Вагнер”-ийн зэвсэгт хүчнийг нэг нэгтгэл гэж үзэх үү? гэж асуухад “Ийм групп байгаа ч гэлээ хуулийн хувьд бол байхгүй” гэж хэлсэн байна. Ийм хувийн группыг хуулиар зөвшөөрөх боломжтой эсэхийг лавлахад “Зохих хууль байж л цэргийн хувийн компани байх боломжтой. Энэ бол парламент дээр хэлэлцэгдэх ёстой асуудал” хэмээн хариулжээ.
Пригожин яагаад бослого гаргаснаа тайлбарлахдаа Оросын цэрэг армийн удирдлагууд “Вагнер”-ийн байрлаж буй цэгүүдэд цохилт өгсөн, үүний улмаас хэд хэдэн байлдагч амиа алдсан гэж мэдэгдээд “Шударга үнэний төлөө жагсаал хийхээр шийдсэн” гэсэн юм. Ингээд маргааш нь буюу зургадугаар сарын 24-нд Донын Ростовыг хяналтандаа авснаа Пригожин зарласан. Путин энэ бослогыг “Нуруунаас цохихтой адил явдал” хэмээн тодорхойлсон. Тэр оройдоо “Вагнер”-ийнхан хотыг орхин гарч, лагерьтаа очсон бөгөөд удалгүй Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой яриа хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрсэн юм. Үүний дүнд Пригожинд ямар нэгэн хэрэг үүрүүлэлгүй Белорусиас гарахыг зөвшөөрсөн. Тэр үед Путин “Вагнер”-ийн байлдагчдад гурван хувилбар санал болгосон. Нэгд, Пригожиныг дагасан хэвээр байх. Хоёрт, ОХУ-ын армид элсэн орж, үргэлжлүүлэн алба хаах, гуравт, цэргийн албаа орхиж, төрөл төрөгсдөдөө буцан очих. Мөн “Вагнер” групп улсаас мөнгө авч ажилласнаар ирснийг Путин зарлаад 2022 оны тавдугаар сараас 2023 оны тавдугаар сарын хугацаанд л гэхэд тус группт 86.2 тэрбум рубль зарцуулснаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Shorongiin hulgaichaas l deer bj taaraa..
saihan burah yumaa. chi harsan uu hoo..
Нөгөө хүмүүсийн толгойг бяц лантууддаг яргачин байх байх нь