Эрүүл мэндийн сайд аа, та юм бодно байгаа...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Алдахгүй гэж, хүний эрүүл мэндээр тоглохгүй гэж эмч бэлтгэдэг сургуулиуд оюутнууд олон жилээр суралцуулан төгсгөдөг. Төгссөн хойно  эмчлэх эрх өгөхийн төлөө дахин хоёр жил ажилладаг. Харамсалтай нь Монголдоо ганц хүүхдийн тэргүүн зэргийн эмнэлэг болох ЭНЭШТ-ийн эмч нар хариуцлага алдаж өнөөдөр нэгэн охин “амьд үхдэл” болоод байна. 

М.Номинжин охин одоогоос 3 жилийн өмнө гурван сартайдаа хатгаа аваад Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтсэн байна. Эмнэлэгт долоо хоноод өөрсдийн хүсэлтээр ЭНЭШТ рүү шилжсэн байна. Эх нялхаст хэвтээд дөрөв хонож байхад охины венийн судсанд нь гуурс тавихаар болоход захын судаснууд нь олдохгүй байсан учраас эмчилгээ хийх шаардлагатай болжээ. Ингээд эмчилгээ хийх явцдаа Б.Одгэрэл эмч охины уушгийг хатгаснаа анзааралгүй орхисон байсан. Найман цагийн дараа гэхэд охины бүх бие хавагнаж, эрхтэн нь хийгээр дүүрч, зүрх нь зогссон байна. Энэ нь охиын тархи үхжих эх үүсвэр болсон байна. Уг нь хүний зүрх зогссоноос хойш тархи нь таван минут л тэсдэг юм билээ. Гэтэл охины зүрх бараг цаг гаруй зогссон бөгөөд яаралтай эмчилгээнд оруулснаар зүрхэнд нь амьсгал орж ирсэн ч хоёр хоногийн дараа зүрх нь дахиад зогсч, аппаратанд орсон байна. М.Номинжинг ухаан ороод хоёр ч хоноогүй байхад тасаг руу шилжүүлжээ. Хэд хоногийн дараа “Өрхийн эмчийн хяналтад гаргалаа. Хүүхдийн бие харьцангуй сайжирсан” гэж картан дээр нь бичээд эмнэлгээс гаргажээ. Охины бие өдрөөс өдөрт доройтоод байгаа нь анзаарагдаж хэд хоногийн дараа дахин  ЭНЭШТ-д хандан тархины зураг авахуулахад тархи нь гадна дотногүй усжиж, ямар ч ажиллагаагүй үхэжсэн байжээ.Хэдийгээр эмч нар мэдэж байсан боловч охины гэр бүлийнхэнд дуулгаагүй юм байна. Чухам энэ үед л охиноо эмчлгээгүйг мэдсэн эх Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган хоёр эмчид эрүүгийн хэрэг үүсгэж уг хэрэг  Эрүүгийн хуулийн 106.2-оор зүйлчлэгдсэн байна. /Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл. Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх -106.2.Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /

Эмч нарын буруутай үйл ажиллагаа үүгээр дууссангүй. Тэд хариуцлагаас мултрах санаатай өвчний түүхийг сольжээ.  Тодруулбал хэргийг шалгах явцад охины өвчний түүх солигдож, хэргийг ул мөргүй болгох гэсэн оролдлого удаа дараа гарсан гэнэ. Охины зүрх хоёр удаа зогсч, цаг гаруй амьсгал дэмжих эмчилгээ хийснээр амь насыг нь аварсан гэх өвчний түүхээс хуулсан Клиникийн захирал Ш.Энхтөрийн гарын үсэг бүхий бичилт, 2009 оны тавдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 03-05 цагийн үед зүрх нь хоёр удаа зогссон гэдэг тэмдэглэлийг авч шинээр хуудас нааж, нэмэлт бичилт хийсэн болохыг тогтоосон байна. Мөн 2009 оны 12 дугаар сараас ЭНЭШТ-ийн эмч С.Очир, Б.Одгэрэл, Б.Гэрэлтуяа, С.Энхтуяа, н.Энхцолмон нар нь М.Номинжин охины өвчний түүхийг тус төвийн архиваас гурван удаа авчээ.

Харамсалтай нь хариуцлага алдаж, хэрэг хийсэн эмч нарын хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй л байна.  Уг нь эмч нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр болох ёстой байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр ирэх наймдугаар сарын нэгэн хүртэл хойшлогдлоо. Шүүх хурлыг О.Жанчивням даргалж, улсын яллагчаар прокурор Ц.Цэцэгсүрэн нар оролцох байв.

Эмч нараа хариуцлагатай, ёс зүйтэй байхгүй бол дараагийн үедээ зайгаа тавиад өгчихвөл  яасан юм бэ?  Гар хардаг, танил талдаа үйлдчилдэг,  авилгал авдаг зангаа татаж нийгмийн гарал угсаа, царай харахгүй үйлчилдэг болчихвол уг нь манай эрүүл мэндийн салбар хөгжчих гээд л байгаа юм даа.

Эрүүл мэндийн сайдаа та салбарын нэр хүндийг унагаж байгаа хэсэг бүлэг нөхдөдөө уг нь хатуухан шиг арга хэмжээ авчихвал хөөрхий эмч нарын нэр цайрчих гээд байгаа юм ш дээ. Толгойг нь илсээр байгаад даварсан хэдэн нөхөд нь салбарын нэр хүнд унагаж гэмгүй нэгнээ хөлдөө чирж л байдаг.  Сайдаа та та нэг арга бодно байгаа.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top