Хот төлөвлөлт гэдэг бол иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай л ойлголт. Харин манайд эсрэгээрээ. Хэн мөнгөтэй, хэн танил талтай нь дөрвөн уулын дундах хотын газраас хумсалж, хулгайлж байшин саваа түрүүлж босгохын төлөө л уралцаж өдийг хүрсэн нь үнэн. Түүнчлэн Улаанбаатар хот ямар ч төлөвлөлтгүйгээр багширсан их барилгуудаар дүүрснийхээ горыг наадмын өмнө болон дараа орсон борооны улмаас үзээд байна.
Хамгийн гол нь үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон этгээдүүдээс болж энэ хот бүхэлдээ эрсдэлд орж, эгэл жирийн иргэд их хохирлыг үзэж байна. Ерөөс өнгөрсөн 30 жилийн алдаа завхралын хамгийн тод томруун жишээ нь, Улаанбаатар хотын газраар хэсэг бүлэг этгээдүүд наймаалцаж, хөлжиж, бэлжиж өдийг хүрсэн явдал л даа.
Тиймээс ч авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч буй Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газрын зүгээс үер усны аюулыг улам өдөөж буй гол хүчин зүйл нь авлигажсан хот төлөвлөлт болчихоод байна гэдгийг мэдэгдэж байна.
Наадмын өмнө болсон үерийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн.
Тодруулбал, Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураах, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд олгодоггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийх, батлан хамгаалах, хууль сахиулах их, дээд сургуулиудын оюутнууд болон орон нутгийн мэргэжлийн бусад байгууллагуудыг дайчлан ажиллуулахыг УОК, НОК-ын удирдлагуудад үүрэг болгосон юм.
Тэгвэл Ерөнхий сайдын үүрэг чиглэл эхнээсээ хэрэгжиж байна. Тухайлбал, хотын дарга Сэлбэ голын голдирол хааж барьсан S'Outlets барилгыг буулгана гэж өчигдөр мэдэгдлээ.
Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийж, үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон.
Энэ үеэр "Престиж инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг "Аква Гарден" хороолол болон S'Оutlets дэлгүүрийн газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсан тухай танилцуулсан юм.
Тэгэхээр дүгнэлт гарсан л бол Авлига хорооллын барилга цаашид үргэлжлэн баригдах нь аль аль талдаа эрсдэлтэй.
“Усан парк” буюу “Авлига хороолол” гэх нэршлээр олонд танигдсан барилгын талбай Дунд голын урсацыг сааруулж, үер болоход нөлөөлж буй гэдгийг УОК, НОК-ийнхон Ерөнхий сайдад хэлж байсан.
Хотын дарга Д.Сумъяабазар энэ барилгын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгөхдөө, “Усан парк” барина гэж газрын болон барилгын зөвшөөрөл 2008 онд гаргуулсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн. Шат шатны шүүх дамжиж цаг хожиж өнөөдрийг хүрсэн гэсэн юм.
Тодотгоход, Дунд голын сав газруудыг дүүртэл байшин саваа бариад, босгоод байгаа асуудлуудыг цэгцлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг Ерөнхий сайд үер усны энэхүү аюулт нөхцөл байдал үүсэхээс өмнө анхаарч, үүрэг чиглэл өгч байсан.
Энэ оны гуравдугаар сард УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох үеэр энэхүү Авлига хорооллын асуудал яригдаж байсан юм.
Дунд голын хязгаарлалтын бүсэд буй Усан парк гэх барилгын газрыг олгохдоо хууль зөрчсөн гэх асуудлын талаар нэр бүхий гишүүд асуухад, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Нийслэлийн удирдлагууд хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн. Харин яам хууль бус гэдгийн дахин, дахин хэлж байгаа. Энэ газарт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төмөр замын бүс хүртэл орж байна. Үүнд Улаанбаатар төмөр зам ХНН яагаад чимээгүй байгаад байгааг ойлгохгүй юм. Удирдлагуудад нь бид хэлсэн. Асуудал ийм байхад бид нийслэлтэй шүүхдэх боломжгүй. Учир нь, захиргааны байгууллага, захиргааны байгууллагаа шүүхдэх боломжгүй. АТГ-т уг асуудлаар өмгөөлөгчид хандсан байгаа юм байна лээ. Үүний хариу гараагүй л байна. Энэ бол зөвхөн яамны бус УБТЗ ХНН-ийн ч асуудал. Энэхүү газар нь усны сан бүхий газар, дээрээс нь төмөр замын яг хажууд хүн амын амьдрах орчин биш. Эрүүл мэнд аюулгүй байдал, амь насны асуудал үүсэхүйц эрсдэлтэй байгууллага. Энэ хорооллыг авлига хороолол гэж хүмүүс нэрлэсэн. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд БХБ-ын сайдад чиглэл өгсөн. Дунд голын сав газруудаар яагаад барилга баригдаж, яагаад зөвшөөрөл өгөөд байгаа вэ, газар олгосон этгээдүүдээс эхлүүлээд холбогдох мэдээллийг олон нийтэд гаргаж танилцуул гэсэн чиглэл өгсөн” гэх байр суурийг илэрхийлж байсан юм.
Түүнчлэн Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьсан S Outlet дэлгүүр, “Аква гарден” буюу “Авлига хороолол” зэрэг барилгуудын газрын болон барилгын зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг нийтэд ил болгож, эрсдэл бий болгож буй дүгнэлтүүдэд үндэслэн барилгуудыг нураах арга хэмжээ авах тухай асуудлыг хэлж ярьсан гэх мэдээлэл байсан.
Авлига хороолол гэх барилгын талаарх мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр цөөнгүй гарч байсан. Дунд гол урсдаг хэсэг газарт усан парк байгуулна гэж 11.8 га газар авсан “Эм энд Жи” констракшны ард нөлөө бүхий улс төрч бий талаар ч яригддаг. Гол нь өдгөө тухайн газартаа 25 давхар орон сууцны хороолол барьж буй. Газрын зөвшөөрлөө Г.Мөнхбаяраас авсан бол 2022 оны гуравдугаар сарын 23-нд Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржоос үйлчилгээтэй орон сууц барих "Архитектур төлөвлөлтийн даалгавар" авч барилгын ажлаа эхлүүлсэн. Мөн оныхоо долдугаар сарын 7-нд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус компанийн үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгад 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож байжээ.
Тэгэхээр Авлига гэх тодотголтой энэ хороолол болон бусад асуудал дагуулсан барилгууд болон газруудад хэн хэн зөвшөөрөл олгосон бэ гэдэг нь нууц мэдээлэл биш. Гол нь хариуцлага тооцох шаардлагатай. Эдгээр барилгууд нь үер усны далан, суваг, шуудуу хааж баригдсаны улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэдий хэмжээний хор хохирол учирсан бэ гэх асуудал анхаарал татаж буй.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдаас “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн.
Улмаар Улсын ерөнхий прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ажиллаж эхлээд байна.
Ажлын хэсэг нь усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар олгосон, барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр, үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлсон баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөх байгууллагад шилжүүлж шалгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Сэтгэгдэл ( 6 )
Нацагдорж гэдэг албин чөтгөрийг яаж ч чадахгүй юм даа
Iimerhuu uyeriin dalang haaj barisan barilguudaas bolj uls ornii ediin zasagt ch asar ih garz hohirol uchirch bna shuu dee !! Juulchid mongol orniig zunii gurvan sard l zorij irdeg !! Ene aylal juulchlalaar olson jaahan munguu erguuleer uyer usnii gamshigt erguuleed tsatslaa uls maani ,!! Ene henii buruu ve !! Ene ene olon uyeriin dalang haaj barisan emh zambaraagui barilga baiguulamjaas boloos Ulaanbaatar hot uyeriin usand barag jivlee shuu dee
shuud nuraa
Turkiin jisheeg dagaa...setgelgui khugiin darga arkhitekor khakhuul ugch barilga bariulj bui khumuust khariutslaga tootsoj ard tumnii khokhirliig tuluuleerei...uyer dakhin blokhgui gsen batalgaa alga sh dee....
Hotyn arhitektor Natsagdorj mash setgelgui uhamsar muutai shunaltai hun yum shig baina. Yaj zuvshuurul uguj barilga bariuldag baina
hotiin eronhii arhitektor Natsagdorj nii iim shiidver gargaj zovshoorol ogood l nogoo said barilga hot baiguulaltiin munhkbayr zovshoorj ogood bodohoor heden terbumiin hahuuli avch dee.. dor haij terbumaar l avch baij iim teneg tosold zovshoorol ogon ch dee.odoo naad hoeroo shhvhed ogj ajilaas ni halj shorond hii l dee..