Тасманий Их сургуулийн эрдэмтэн Уилл Хоббс далайн мөсийг судалдаг мэргэжилтнүүдийн нэг юм. Өглөө бүр АНУ-ын хөөргөсөн хиймэл дагуулаас Антарктидыг тойрон хэдий хэмжээний мөс хөвж яваа талаарх шинэ баримтыг хүлээн авдаг энэ эрдэмтний ярьснаар бол Дэлхий дахинд аюул нүүрлэх цаг улам ойртож байгаа ажээ.
“Урьд нь хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрчээ гэх хэллэгийг сүүлийн үед их ашиглах боллоо. Гэвч энэ бол зөвхөн үг. Үнэн хэрэг дээрээ болж буй явдлыг энэ үг бүрэн илэрхийлж чадахгүй. Бидний мэддэгээс давж, мэдлэгийн хүрээнээс хальчихаад байна. Антарктидыг тойрсон мөс түүхэн хамгийн бага хэмжээндээ хүрлээ” гэж Хоббс өгүүлжээ.
Антарктидын мөсний зарим хэсэг зундаа хайлдаг ч гэлээ өвөл ойртоод ирэх үед эргэн нэмэгддэг ажээ. Улирлын яг энэ цаг үед мөсний нийт хэмжээ нь 16.4 сая километр/квадрат байдаг байсан бол энэ долоо хоногт 14.1 саяд км/кв байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Мексик улсын нутаг дэвсгэрээс ч том мөс үгүй болжээ.
“Хачирхалтай явдал болж байна. Бидний тайланд тэмдэглэснээс хавьгүй бага мөс байна” хэмээн Колорадогийн Их сургуулийн цас, мөс судлалын Үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Уолт Майер ярилаа. Энэ хүн 1978 оны арваннэгдүгээр сараас хойш АНУ-ын хиймэл дагуулын илгээсэн цас, мөсний баримт дээр ажиллаж байгаа юм.
Арктикийн хөвөгч мөс хайлж буй нь дэлхийн дулаарлын гол шалтгаан гэж үздэг. Харин Антарктидын мөс бол хайлах нь бага, үргэлж тогтвортой нэг хэмжээндээ байдаг байжээ. Гэвч 2016 оноос нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн гэнэ. Үүнээс хойш мөс улам л хайлж, багасах болжээ. Антарктидын мөсөн уул хайлж, багасч буй нь загас, оцон шувуу зэрэг тухайн нутаг дэвсгэрийн амьтдад сөргөөр нөлөөлөхөөс гадна далайн усны түвшин нэмэгдэх аюултай юм.
Мөс ихээр хайлснаар нарны туяа огторгуй руу эргэж ойх нь багасч, улмаар далайн ус хална. Мөн Дэлхийн хүчилтөрөгчийн хэмжээнд нөлөөлөх боломжтой. Үүнээс гадна мөсөн уул нь далайн давалгааг өөртөө шингээж, эрч хүчийг нь сулруулагч үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл одоо хүчтэй давалгааг шингээж тогтоож чадахгүй ч болж магадгүй гэнэ.
“Одоо хүн бүр юу болоод байгааг, ирээдүйд яаж нөлөөлөхийг асуух болжээ. Дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэж түгших нь аргагүй. Баримт дээр тулгуурлаад хэлэхэд, мөс хайлсаар байвал дэлхийн улам халуун болж, далайн ус ч хална гэдгийг хэлэх нь зөв” хэмээн доктор Ариан Пурич мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Aюул!
бурхан ммнь бүү тийм болог