Х.Чилаажав: Чингис хааны хөлөг Боорчи жанжны голомт нутаг бол манай ЗАСАГТ ХАН АЙМАГ

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 02

“ЗАСАГТ ХАНЫ ГАЛ ГОЛОМТ” зорилтот төслийн хүндэт зочин, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Хайдавын Чилаажавтай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр олон сайхан дуу, шүлэг зохиосны учир Монгол Улсын төрийн шагналыг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан аваад байгаа юм.


-Таны аав, ээжийнхээ тухай, нутгийнхаа тухай бичсэн олон сайхан уянгын шүлгийг уншихад өөрийн эрхгүй сэтгэл огшиж, нулимс хоолойд аргаад ирдэг. Энэ чухам юуны увдис байдаг юм бол?

Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Уушгийн үзүүрийн Баруун худаг гэдэг газар 1967 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн. Миний аав ээж хоёр ердийн л сайхан малчин хүмүүс байлаа. Манай өвөлжөө бол Төмөр хавын үзүүр, Уушгийн үзүүр гэдэг газарт байсан. Дэлгэр сумын найман жилийн сургуульд 1975 онд орж байлаа. Бага насандаа Дэлгэрийн талд мал хариулж өссөн, Дэлгэрийн сургуулийн дотуур байранд долдугаар ангиа төгстөл амьдарсан болохоор өөрийгөө Алтай нутгийн хөдөөгийн унаган хүү гэж ам бардам хэлж чадах хүн. Долоодугаар ангид аймгийн төвийн Нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин ирж, гурван жил гаруй сураад төгссөн. Оюутан байхдаа нутагтаа байнга очиж амардаг байлаа. Сүүлийн үeд харин нутгаараа бага явсан юм уу даа. Мэдээ орсон цагаас, ой тогтсон үеэс оюун санаанд минь хамгийн ойрхон байдаг зүйл бол миний төрсөн нутаг. Хот хүрээ газар амьдардаг болоод 30 гаруй жил болж байна. Тэгээд л хүн бол төрсөн нутагтаа аргагүй нэг хүйн холбоотой байдаг юм байна гэж боддог юм.

-Хантайшир уулын аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Говь-Алтайчууд Хантайшир уулын аймгийнхаа ойг тэмдэглэх ёстой юм уу, түүхийг бүр чинагшлуулж Засагт хан аймгийн ойг хийх ёстой юм бол уу?

Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой гэдэг бол Монголын нэг том түүхэн ой. Хантайшир аймгийн ой гэдэг бол Говь-Алтай нутгийнхны ой. Засагт хан аймагт бол Говь-Алтай аймаг бүхлээрээ ороод, Завхан аймгийн долоон сум, Хөвсгөл аймгийн зургаан сум, Увс аймгийн гурван сум, Ховд аймгийн гурван сум, Баянхонгор аймгийн гурван сум ордог байсан. Голомт нутаг нь яах аргагүй Алтай  нутаг байгаа юм. Алтай нутагт 1923 онд Хантайшир уулын аймаг гэж байгуулагдахад Засагт хан аймгийн нутаг дэвсгэрээрээ явсан байдаг. Манай Дэлгэр  сум бол Засагт хан аймгийн Засагт ханы хошуу, Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошуу гэж явсан. Үүгээр бодсон ч гэсэн Засагт ханы гол хошуу гэдэг аймгийн ханы өөрийнх аж төрж байсан түүхтэй нутаг. Хантайшир уулын аймгийн ой гэдэгт Засагт хан аймгийн ойг хамтатгаж тэмдэглэх ёстой. Цаашид Засагт хан аймгийн ой гэвэл 200-300 жилийн түүхийг хамт ярих ёстой болно. Дээд түүх нь цаашаа явах юм бол Гэрсэнз хунтайжийн хүүхдүүдийн байгуулсан Засагт хан аймаг, тэрнээс дээш явах юм бол Чингис хааны хөлөг Боорчийн баруун гарын гол голомт нутаг бол манай Засагт хан аймаг.

-Засагт хан аймгийн гол хошуунд түүхэн газар нутаг олон байгаа даа?

Боорчийн хоолой, Боорчийн тал, Боорчийн улаан гэж уул байна. Тарлан хайрхан хавьд Боорчи жанжны өргөө байсан. Тийм учраас Монголын эх түүхийн өлгий нутаг бол яах аргагүй Алтай нутаг. Хантайшир уул байна. Хан тайх, тахих гэдэг үгээс гаралтай гэж байгаа шүү дээ. Тэгээд цаашилбал Тайгам нуур, Дэлгэр сумын нутагт байдаг Холбоо нуур, Холбоо нуурын тэнд байдаг Өгөөмөр хайрхан гэж сүрлэг сайхан уул байдаг. Тэр ууланд Боорчи жанжныг онголсон гэдэг домог байдаг юм шүү. Тэгэхээр бид бол Хөлөг Боорчийг дагаж ирсэн албатуудын удам юм. Хөлөг Боорчи бол түмтийн ноён, Баруун түмний тэргүүн. Маш олон овог угсаа тэнд очиж нутагласан. Тийм учраас манай Алтай нутгийнхан олон газрын олон овог аймгийнхны дундаас бий болсон. Тийм ч учраас Алтайнхан их оюунлаг байдаг юм бол уу гэж боддог доо.

-Оюунлаг түмнийг төрүүлсэн нутгаараа бахархана биз?

Бахархалгүй яахав. Ер нь манай аймгийнхан их оюунлаг байдаг гэж би дээр хэлсэн дээ. Үйтүмэн гуай, Шаравдорж мастераас өгсүүлээд шатрын их аваргууд төрсөн. Зохиолчид их олноороо төрсөн. Монголын хүүрнэл зохиолын мастерууд Ч.Лодойдамба гуайгаас эхлээд Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж, Санжийн Пүрэв, Далхаагийн Норов, Жамьянгийн Гал гэх мэтчилэн олон зохиолчид төрсөн. Олон цуутай нээлт хийсэн эрдэмтэд манай Алтай нутгаас төрсөн байдаг. “Монголын нэг өдөр”-ийг зурсан Балдуугийн Шараваас өгсүүлээд, Цагаан Жамба гээд гайхамшигтай зураачид манай Алтай нутгаас төрсөн байдаг. Алтайн уул ус өөрөө уран зураг шиг гайхамшигтай тогтоцтой гоё байгальтай нутаг шүү дээ. Би Монголоороо болон дэлхийн олон газраар л явсан. Манай Алтайн байгалийн тогтоц үнэн гайхамшигтай шүү дээ. Тэр баялаг ихтэй нутагт цаг агаар их хатуу, хүмүүс их хатуужилтай. Алтай нутгийнхан хүүхэд байхаасаа бэрхийг туулж их тэвчээртэй болчихсон байдаг. Тийм учраас Алтай нутгийнхан хаана ч очоод амьдарсан хөдөлмөрч байдаг, хатуужилтай, ажилсаг, амьдрах чадвартай байдаг. Энэ бол манай Алтай нутгийнхны бахархал шүү. Олон газраар явж байхад манай Алтай нутгийнхан ер нь л сайн явж байдаг. Аль ч нутагт очоод амьдрах чадвартай болчихсон байдаг. Үүнийг багаас нь цаг агаар нь, уул ус нь заагаад өгчихдөг. Алтайн тэр их жаварт даарч үзсэн хүүхэд хэр баргийн юманд нураад унахааргүй хатуужилтай болдог. Байгаль нь ч гэсэн хэцүү шүү дээ. Устай, модтой хангай манай Алтайн амьдрал хоёрыг харьцуулахын аргагүй шүү дээ. Алтай нутагт хүн амьдрахад нэлээн их хүч хөдөлмөр зарж амьдарна шүү, тийм ээ!

-Ёстой л тийм юм даа?

Энэ бүхэн манай Алтайнхныг бусдаас илүү тэвчээртэй, тэсвэртэй, ажилсаг болгосон бол уу гэж боддог юм.

-Таны алдар нэр нутагтайгаа хэрхэн холбогддог вэ. Та нутагтаа хүчээ өргөсөн үү?

Би багаасаа 20 нас хүртлээ нутагтаа амьдарсан. Би хүүхэд ахуйдаа чадахаараа л нутагтаа хүч хөдөлмөрөө зарсан хүн гэж боддог. Би нутгаа байнга боддог. Уран бүтээлээ тэндээсээ сэрж мэдэрч, туурвиж ирсэн. Олон дуу, шүлэг бичсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуайтай хамтарч  “Хан Тайшир уул” гэж бүтээл хийсэн. “Морин хуур” наадамд бас оролцож байлаа. Дэлгэрийнхээ талын тухай олон дуу, шүлэг бичсэн. Алтайнхаа олон алдартны тухай бичсэн. Сэтгүүлчээр ажиллаж байхдаа Алтайнхаа олон сайхан хүмүүстэй уулзаж ярилцсан, тэдний тухай сурвалжилсан. Нутгаараа их бахархдаг, сэтгэлд их ойр. Уран бүтээлд хүртэл нутгийн сайхан хүний хэлж байсан нэг үг ч гэсэн багтаад шингэчихдэг. Би бас нутгийнхаа тухай их боддог. Төвтэй хүртэл манай нутаг их хожуу холбогддог. Хөгжлөөс хоцронгуй байдаг л жаахан тийм. Бас баялаг ч бий. Зах зээлийн нийгэмд манай нутгийнхан их эдийн засагч тал руугаа болох хэрэгтэй санагддаг. Олон талаас хараасай гэж боддог. Нутгийнхан их хичээх хэрэгтэй. Төмөрлөгийн үйлдвэр болон барилгийн матeриалын үйлдвэр бас байж болно. Аль болох юм бүтээн байгуулдаг, юм хүлээж суудаггүй байх хэрэгтэй. Хамгийн их хөгжих боломжтой юм олж хараад нутгийн удирдлагуудад бас хэл хүргэчихдэг байгаасай гэж боддог.

-Та нутгаа ямар байгаасай гэж боддог вэ?

Алтайнхан их эв түнжинтэй байгаасай гэж боддог. Түнжингүй бас хааяа байдаг. Тэр нь хэт шулуун зангаасаа болоод байна уу гэж ажиглагддаг. Ойлголцолтой байгаасай гэж хүсдэг. Тэгэхдээ, юм болгоны түрүүнд явдаг. Социалист байна уу? Коммунист байна уу? Буруу яваад байна гэдгийг Алтайнхныг хамгийн түрүүнд шударга хэлснээр нь хэлмэгдүүлж ч байсан, Лоохууз гуайгаас өгсүүлээд. Тэр бас гай болдог. Оюун санаа сайн. Их сайхан амьдарч чадах нэг зангаараа л байдаг. Эмзэглэх зүйл нь эвтэй байгаасай л гэж боддог. Алтай нутгийнхандаа Хантайшир уулын аймгийн 100 жил, Засагт хан аймгийн олон зуун жилийн ойн мэндийг хүргэе. Азтай, одтой Алтайчууддаа Хантайшир нутгийнхандаа сайн сайхныг хүсэн eрөөe! Ярилцсан

Ярилцсан: Г.ЗОЛБАЯР

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.115) 2023 оны 08 сарын 02

Ер нь аймгийн ой тэмдэглэх нь утгагүй юм.

0  |  0
Иргэн(59.153.85.151) 2023 оны 08 сарын 02

Энэ нөхөр төрийн шагналтай юмаа их лут хүн бололтой шагнал авсан бүтээлүүд нь юу юм бол

0  |  0
зочин(139.5.216.141) 2023 оны 08 сарын 02

Хан Хэнтий нурууны их хөвчийн өмнө үзүүр, өнөөгийн Хэнтий аймгийн Батноров сумын баруун хойт нутгийн Наху баяны Боорчи хөвүүн хэдэн шарга адуугаа хулгайд алдаад эрж яваа Тэмүжин хүүтэй учирч андгай тавин нөхөрлөж их гүрэн улсыг байгуулсан түүхээс хөөвөл тэрхүү Боорчи хүлэг баатрын хамжлага албатын нутаг байх нь дээ.

1  |  0
Top