Удахгүй Зайсан толгойн хөшөөг нураах байх даа, хөөрхий

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Хотын үзэмжийг нэмдэг хэдхэн газар бий. Тэдгээрийн нэг нь Зайсан толгой. Дээр үеэсээ энэ толгойг монголчууд мөргөл залбирлын газар болгож байсан юм билээ. Алс холын хязгаар нутгаас хүртэл хүмүүс ирж Богд хаанд мөргөхийн өмнө энд буудаллан залбирал хийж байсан гэдэг. 1778 онд харин Зайсан толгой хэмээн нэрлэх болжээ. Зайсан гэдэг нь Богд хааны их шавийн отгийг захирдаг даргын албан тушаалын нэр юм. Түүх түүхээрээ л үлдэж хоцорвол хойч үеийнхэнд тустай. Гэвч харамсалтай нь удахгүй Зайсан толгой байхгүй болох нь ээ. Тал бүрээс юу ч үгүй ухаад хаячихаж. Энд “Собт трейд” голлон сүйтгэл хийж байна. Тус компани  нь хотын захирагч байсан, одоо шадар сайдаар ажиллаж байгаа М.Энхболдын “Ногоон гэрлийн компани” гэх  барилгын 10 гаруй компаниудын нэг юм. Тиймээс нэг намын ахан дүүс болох Г.Шийлэгдамба гэгч нөхрийг Байгаль орчин, аялал зуулчлалын сайд байх үед “Собт трейд” болон бусад хэд хэдэн компанид Зайсан толгойн эргэн тойронд газар олгосон байна. Сүүлд нь байдал бишдээд ирэхээр Л.Гансүх сайд зөвшөөрлийг цуцалжээ. Гэтэл “Собт трейд” мэтийн компаниуд нь Г.Шийлэгдамбын шийдвэрийг хэвээр үлдээхийн төлөө шүүхээр заргалдан Дээд шүүхээс “Цуцлах боломжгүй” гэсэн шийдвэр гаргуулчихсан байх юм. Эрх мэдэлтэнд шүүх огт хамаагүй болсны нэг жишээ энэ. Одоо “Собт трейд” гэрийн нохойн сүүл нь дээшээ гэгчийн үлгэрээр Зайсан толгойд бүрэн эрхтэй ханхалзаж байна. Бусад компаниуд нь ч мөн ялгаагүй. Зайсан толгойг юутай хээтэй нь мэрж, ухаж төнхөн орвонгоор нь эргүүлсээр байгаа ажээ. Удахгүй орой дээрх Зөвлөлтийн дайчдын хөшөөг тэд нураах байх. Ингээд Богд хааны үеийн болоод 1939, 1945 оны дайны түүх замхарна. Дараа дараагийн үеийн хүмүүс эдгээр үнэт өвөөс харах юмгүй болж таарах байх дааг хөөрхий. 

Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top