Хүннү гүрэн, эзэн Чингисийн байлдан дагуулал, Үндэсний эрх чөлөө, Ардын хувьсгалын үүх түүхээс харуулахыг зорьсон баяр наадмын нээлтийн ёслол үндэсний үзэл нэвт үнэртсэн, дээлтэй Монголын сүр хүчийг аргагүй л харуулсан. Монгол улсынхаа өнө эртний түүх уламжлал, ёс заншлыг харуулахын зэрэгцээ ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын уртын дуу, бий биелгээ, цуур, морин хуур мэт бахархал болсон бүхий л зүйлээрээ гайхуулсан энэхүү цэнгүүнд мэдээж шилдгүүд оролцсон. Тэдний дунд онцлох хүмүүс байсан нь, энэ сүр жавхлант баяр наадмын урлагийн тоглолтыг зохион байгуулсан ерөнхий найруулагч МУГЖ С.Сүхбаатар, түүний хүү “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амраа нар байлаа. Эцэг, хүү хоёрын хувьд энэ нь үнэхээр нэр төрийн хэрэг байсан. С.Сүхбаатар ярихдаа:” Миний хүү гэдэгтээ гол нь Амраагийн тухай яримааргүй байна. “Хар сарнай” хамтлагийн Монгол эх орноо магтан дуулсан тэр их эрмүүн бадрангуй уран бүтээлүүд нь энэ наадамд гарцаагүй орох ёстой гэсэн саналыг наадмын зохион байгуулагчдын зүгээс авсан юм. Миний хувьд эхэндээ жаахан эвгүй юм болов уу гэж бодсон ч, гарцаагүй зөвшөөрсөн л дөө. Тэр цоглог, эх орноо магтсан дуугаараа цэнгэлдэх хүрээлэнд цугларсан наадамчин олны сэтгэлийг хэрхэн огшоож, хөөргөн байгааг нь хараад хүүгээрээ бахархаж зогслоо” хэмээсэн нь түүний бас нэгэн омогшил, бардамнал аргагүй мөн бизээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )