"Чингэс" мэргэжлийн боксын холбооны тэргүүн, WBC 2002 Дэлхийн залуучуудын аварга, Боксын ОУХМ Ганбатын Баяртогтох найм дахь тулаанаа энэ сарын 12-нд эх орондоо хийж, зодог тайлсан юм. Түүнийг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Боксын спортоор замнасан таны зам хаанаас хэрхэн эхэлж байв?
-Боксын спортын гарааг 1994 онд Дорнод аймгаас эхлүүлж байлаа. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн удирдлагад анх хичээллэж эхэлсэн юм. Багш минь энэ спортоор цаашид хичээллэх миний амжилтын суурийг сайн тавьж өгсөн. 1998 онд Ази тивийн залуучуудын аварга, ОУХМ болж, хэсэг хугацаанд Улсын шигшээ багийн тамирчин байсан. 2000 онд 20 настайдаа мэргэжлийн бокс руу орж, Солонгос руу гэрээ хийж явсан. Энэ хооронд Америк, Англи, Солонгос, Япон багш, дасгалжуулагчидтай хамтарч ажилласан. Солонгост Ким Баяраа нэрээр хэсэг тоглосон. Монголдоо ирээд 2006 оноос хойш бараг долоон жил завсарласны эцэст өөрөө тэмцээнээ зохион байгуулж, хүндэвтэр жинд зургаан тулаан хийсэн. Сая мэргэжлийн боксоор найм дахь тулаанаа зохион байгууллаа. Хятад, Солонгосын тамирчид ирж оролцсон олон улсын энэ тэмцээн дээр зодог тайлах ёслолоо хийлээ.
-Нэгдүгээр үеийн тоглолтын дараа та өөрийн хүсэлтээр тулааныг зогсоож, өрсөлдөгчдөө ялалтыг өглөө. Өрсөлдөгчийнхөө тухай юу хэлэх бол?
-Спортын мастер П.Мягмарбат бол сайн тулаач. Өнгөрсөн жил улсын аварга болсон. Мэргэжлийн бокст найм тоглож долоон удаа ялалт байгуулсан. Манай холбоонд 2018 онд тоглож, Чингэс мэргэжлийн боксын холбооны аварга болж байсан. Мөн манай холбооны нэр дээр Солонгос руу тэмцээнд явж ялалт байгуулж ирсэн сайн тамирчидын нэг.
-Одоогоос хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа та “Миний хобби бол тулалдах” гэж онцолж байжээ. Одоо зодог тайллаа, цаашид ямар зорилго тавьж байна?
-Холбооныхоо шугамаар боксын клуб нээж дасгалжуулагчаар ажиллана. Боломж гарвал Монголдоо болон гадагшаа тэмцээн зохион байгуулна. Мэргэжлийн бокст тамирчид бэлтгэж тулалдуулах зорилго бий.
-Сонирхогчийн боксоос мэргэжлийнх рүү орсон шалтгаан юу байв?
-Мэргэжлийн бокс 12 раунд тулалддаг хүнд спорт. Тэсвэр тэвчээр ч их шаарддаг. Нүцгэн гараар цохиж байгаа юм шиг нимгэн бээлийтэй, толгойны хамгаалалтгүй тулалддаг. Тийм болохоор эрсдэл өндөр. Цохилт маш хүчтэй ирдэг. Мэргэжлийн боксоор тулалдаж, тив, дэлхийн жинхэнэ тулаанчидтай рингэнд гарч байж жинхэнэ тулаанч боллоо гэж үздэг ийм л спорт. Миний үед мэргэжлийн боксоор хичээллэх хэцүү байлаа. Манайд тэр талын мэдлэг мэдээлэл ч хомс байсан. Анх дэлхийн аварга Д.Лхагва ахыг дагаж мэргэжлийн бокст хүч сорих бодолтой хичээллэж эхэлсэн юм.
-Гаргасан амжилт гэвэл?
-Энэ хүртэл ямар амжилт гаргав гэвэл, 1998 оны Дэлхийн залуучуудын аварга, 2002 оны WBC холбооны залуучуудын дэлхийн аварга. 2002-2007 оны Өмнөд Солонгосын хоёр жингийн аварга болж, 2000-2007 оны хооронд Азийн мэргэжлийн боксын рейтингээр тогтмол 1-3 дугаар байрт явсан байдаг юм. Америкийн Лас Вегасаас эхлээд дэлхийн олон оронд тэмцээнд орж байлаа.
-Мэргэжлийн боксчдыг гадаадын улс орнууд өөрийн иргэн болохыг урьдаг, том амлалтууд өгдөг юм билээ. Таныг ид тоглож байхад ийм урилга ирж байв уу?
-Гадаадад том тэмцээнүүдэд оролцож явахад “Манай улсын иргэн болооч” гэсэн хүсэлт, өндөр цалин, тэтгэмж амласан урилгууд ирдэг байсан. Би Монголоороо дуудуулж, эх орныхоо нэрийг гаргаж явахыг л эрхэмлэж ирсэн. Өнөөдөр эх орондоо зодог тайлах ёслолоо нэр төртэй хийж, олон улсын тэмцээн зохион байгуулаад байж байна шүү дээ. Би сонирхогчийн боксыг орхисондоо, Монголоос явж бокс хөгжсөн том улсын өндөр цалинтай боксчин болоогүйдээ огт харамсдаггүй.
-Энэ хүртэл рингэнд гарахад таныг зоригжуулж өгдөг зүйл юу байсан бэ?
-Эх орныхоо газар шороо, аав ээждээ залбираад гарахад хүчтэй тоглодог байлаа.
-Шантрах үе гарч байсан уу?
-Хүнд тулаанууд бий. Гэсэн ч бокс бол ялсан ч, ялагдсан ч хамгийн гоё спорт.
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн тулаан...?
-Би Америкийн Лас Вегаст хүч үзсэн монгол тулаанч. Тэнд Мексикийн тамирчинтай тулаан хийгээд нэгдүгээр раундад хүнд цохиолтоор рингэнээс гаргаж байлаа. Мэргэжлийн боксоор Лас Вегаст тулалдана гэдэг тухайн боксчны хувьд, тамирчнаа оролцуулсан улс орны хувьд нэг төрийн хэрэг байдаг. Тэгэхэд би Лас-Вегаст тулалдсан анхны монгол тамирчин болж байлаа.
-Монголоос очсон мэргэжлийн боксчдыг тэнд хэрхэн хүлээж авдаг байсан бэ?
-Монголчууд баатар дайчин эрсийн үр сад. Цусанд нь угийн тулаанч чанар байдаг. Монголчууд бэлтгэл хийх юм бол тулааны спортоор амжил үзүүлэх магадлал маш өндөр. Манайхан сонирхогчийн боксоор олимп, дэлхийн аваргатай болчихлоо. Мэргэжлийн боксоор гурван ч дэлхийн аваргатай шүү дээ.
-Танай гэр бүлийн хүнийг Монголын анхны эмэгтэй боксчин гэж сонссон?
-Манай гэр бүлийн хүн Боксынн спортын мастер, дасгалжуулагч, шүүгч Л.Мандах гэж бүсгүй бий. Монголын анхны эмэгтэй боксчдын нэг.
-Бөхчүүдийг удамтай бөх гэлцдэг. Тэгвэл та удамтай боксчин юм байна лээ?
-Манай аавын тал олон боксчинтой. Авга ах Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч, Азийн хошой аварга Х.Алтанхуяг гэж боксчин хүн бий. Мөн Пан Азийн аварга, ОУХМ Нэмэхбаяр, спортын мастер Хосбаяр, Ольга нарын сайн боксчид байна. Харин аав маань чөлөөт бөхийн ОУХМ, хоёр олимпод оролцсон тамирчин, 52-ын Ганбат гэхээр хүмүүс анддаггүй.
-Мэргэжлийн бокс бол хүнд спорт.Гэсэн ч шантралгүй явсаар энэ хүрч зодог тайллаа. Энэ мөчид танд юу бодогдож байна?
-Зодог тайлна гэдэг миний хувьд бас нэг баярын өдөр юм даа. Хүүхэд байхаас боксын спортод дурлаж, хичээллэж, амьдарлаа зориулж ирсэн. Одоо зодог тайлах ёслолоо хийж, дүү нартаа зориулан олон улсын тэмцээн зохион байгуулж байна. Зодог тайлснаар би боксоос явж байгаа юм биш, харин шинээр ирж байна. Монголын бокс мандан бадраг.
Сэтгэгдэл ( 2 )
Sn bokschin
Zaluuchddiin delhiin avarga erdee