Ажил амьдралын зах зухыг үзсэн ахмад хүний хувьд өөрийн бодол санаагаа та бүхэнд хүргэж, ах нь сургаж дүү нь сонсдог гэсэн ардын уламжлалт үгээр эхэлж байгаа ч авах гээхийн ухаанаар хандан биз дээ. Бизнес гэдэг нь ангиллаар Тремдер гэх бөгөөд энэ нь худалдаачин буюу худалдаа эрхлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Үүнийг монгол хүний хар ухаан буюу монгол сэтгэн бодох ухаанаар ухаж ойлговол дараах хоёр ухагдахуун гарч байна.
Үүнд, Үйлдвэрлэл, үйлчилгээ, Худалдаа наймаа, арилжаа солилцоо гэсэн үндсэн гол хоёр чиглэлд ойлгож болох бөгөөд энэ нь улам төгөлдөржиж, олон төрөл загварууд үүсэж өргөжин хөгжиж иржээ.
Манай улсад ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үеэс эхлэн бизнес эрхлэгчид маань улам бүр ухаарч, одоо бүр хэрсүүжиж, дадлага тушлагатай болж байна. Гэвч манай зарим бизнес эрхлэгчид, ялангуяа шинээр бизнес эрхлэгчид үйл ажиллагааныхаа үр өгөөжийг урьдчилан тооцохоосоо өмнө үр ашгийг нь чухалчилдаг нийтлэг дутагдал байна. Үр өгөөж гэдэг нь ололт амжилт, дэвшил, үр дүнг тодорхойлдог учраас зөвхөн ашиг гэлтгүй цаашдынхаа зорилго, зорилтоо тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэхэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Ер нь үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөж. Зорилго зорилтоо хэрхэн тодорхойлсноос эцсийн үр өгөөж ихээхэн шалтгаална.
Төлөвлөлтөд анхаарах хамгийн гол асуудал бол ажиллах хүчинд өгөх цалин, хөлснийхөө системийг зөв боловсруулах хэрэгтэй бөгөөд энэ нь жилийн мөнгөн орлогын 20 хувиас хэтрэхгүй байвал зохино. Үлдэх 80 хувийн мөнгийг үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах зардлууд болон улсад өгөх татвар хураамжийг төлөхөд зарцуулагдах учир орлого зарлагаа зөв тооцсоноор эцсийн үр өгөөжийн ерөнхий зураглал (төсөл) гарч ирнэ. Үр өгөөжийн ерөнхий төслөө үндэслэн цаашид авах арга хэмжээ болон үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ухаан бодлоо уралдуулаж зөвшилцөх нь чухал юм.
Юуны өмнө цалин, хөлсний системийг боловсруулахдаа албан хаагчдынхаа цалинг тогтоохдоо Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472-р тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээний тухай 11 ширхэг хавсралтаар батлагдсан цалингийн сүлжээг үндэслэн үйл ажиллагааныхаа орлогтой уяалдуулан сонгон авч тогтоох хэрэгтэй. Уг тогтоол 2023 оны зургаадугаар сард өөрчлөлт орсон тул түүнтэй уялдуулах нь зүйтэй. Харин ажиллагсдынхаа хөдөлмөрийн хөлсийг тогтоохдоо тухайн гүйцэтгэх ажлын зураг авалтаар тогтоогдсон бүтээлийн нормийг үндэслэн албан хаагчдынхаа цалингийн дундаж хэмжээтэй харьцуулж хөдөлмөрийн хөлсний нэгж үнэлгээг тогтооно. Цалин, хөлсний фондод шагнал урамшууллын оруулж болохгүй, харин үйл ажилгааныхаа эцсийн үр өгөөжтэй уяалдуулан шагнал урамшууллын фондийг тусгайлан байгуулж, түүнийг хэрхэн яаж зарцуулах дүрэм журмаа боловсруулж мөрдөх хэрэгтэй. Ер нь цалин, хөлсний системийг хэрхэн тогтоосноос шалтгаалж үйл ажиллагааны чинь өрнөл эхэлнэ. Өрнөл эхлэх үеэс үйл ажиллагаандаа тавих анхаарал халамж, ур ухаанаа улам бүр төгөлдөржүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )