Наадмаар гэрийнхэнтэйгээ салхинд гарахаар боллоо. Яаж хоосон гарахав гэж бодоод захаас нэг хонь авах санаатай "Хүчит шонхор" руу гартал хонины мах нэг кг нь 6000 төгрөг болсон байна лээ. Овоо өссөн байгаа юм шүү. Ченжүүд нээрээ хэзээ үнэ нэмэхээ мэддэг ашигч, амиа бодсон улс юм гэж бодон, бодон нэг хаа аваад гэртээ харьсан юм.
Наадам ч дууслаа. Авсан хаа ч дууслаа. Дахин зах гарлаа. “Хүчит шонхор” зах дээр хонины мах кг нь 3000-3200 төгрөг болон хямдарчээ. 55,000 төгрөгт нэг гулууз хонины мах авчихаар л юм билээ. Хэрэв авна гэвэл үнээ өшөө буулгана гэж байсан. Өөлсөн хүнд нойтон мах биш, хэд хоносон бололтой бага зэрэг харласан байсан.
Худалдагчдын яриагаар наадмын өмнө ченжүүд махны үнийг хөөрөгдсөн гэнэ. Харин одоо бол буурсан. Учир нь зуны улиралд хөргөгчинд хадгалсан мах харлаж муухай болдог. Тиймээс хурдан зарж борлуулахын тулд үнэ буулгахаас аргагүй. Одоо үхрийн ястай мах нэг кг нь 4500, ясгүй мах нэг кг нь 4800 төгрөгийн үнэтэй байна гэж ханшаа танилцууллаа.
Наадмаас хойш бараг мах зарсангүй. Хүмүүс баяраараа хонь гаргачихсан болохоор одоохондоо мах авахгүй байх шиг байна. Тийм болохооор ойрын үед махны үнэ тогтвортой байна. Оюутнууд ирэх үеэр бас буурна гэж мах авах гэж байгаа хүмүүст худалдагчид зөвлөж байна лээ.
"Хүчит шонхор"-т ямааны мах нэг кг нь 3200-3500, адууных 3200, хонины цул мах 4200, ястай нь 3800 төгрөгийн үнэтэй байлаа. Харин тэмээний мах харагдсангүй. Дайвар бүтээгдэхүүн зардаг тасагт нохойн хоол, элэг, дотор махыг хэд хэд хуваагаад зарж байв. Хонины дотор бүтнээрээ 3800 төгрөгөөс яриад 3500 төгрөгийн үнэтэй байв.
Нэгэнт махны үнэ судалсан болохоор бусад бараа бүтээгдэхүүний үнийг бас судаллаа. Хүнсний ногооны үнэ баярын өмнөх үеэс бараг өөрчлөгдөөгүй, хятад төмс нэг кг нь 700 төгрөгийн үнэтэй байхад монгол төмс 1300 төгрөг байв. Харин голланд үрийн монгол төмс нэг кг нь 750 төгрөгийн үнэтэй. Монгол лууван 1200, байцаа 1000, сонгино 700, өргөст хэмх 2000-2500 төгрөгийн үнэтэй байх юм. Манжин үнээрээ “цахиур хагалан” нэг кг нь 4000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.
Хорхой ааруул нэг кг нь 6000 төгрөгийн ханштай байсан бол “хулхи” нь 3500-4000 төгрөгийн үнэтэй байв. Баруун аймгуудын тос даасан хурууд нэг кг нь 7000, цөцгий 3000, аарц 1200, өөхөн тос 800 төгрөг байна.
Гурил, будааны ханшид мөн өөрчлөлт ороогүй байна. "Алтан тариа" компанийн дээд гурил 25 кг-ынх нь 18 мянган төгрөг бол "Улаанбаатар" нэгдүгээр гурил 25 кг-ынх нь 15500 төгрөгийн үнэтэй байна. Харин будаа нэг кг нь 1600, элсэн чихэр 1700 төгрөгийн үнэтэй байлаа.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )