Японы Засгийн газар “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг энэ сарын 24-өөс эхлэн далайд асгахаар шийдвэрлэсэн тухай Японы Ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгджээ.
Энэхүү шийдвэрийг гаргахаас өмнө Японы эрх баригчид холбогдох яамд, агентлаг болон уг станцыг ажиллуулдаг “Tokyo Electric Power” компани усыг далай руу асгах ажлыг аюулгүй гүйцэтгэхэд бэлэн буйг баталжээ. Японы Засгийн газар энэ үйл явц хэдэн арван жил үргэлжилсэн ч аюулгүй байдлыг нь хариуцах болно хэмээн Кишида онцолсон байна. Тэрбээр мөн энэ ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж буйн эсрэг шаардлагатай бүхий л арга хэмжээ авна хэмээн амласан байна.
ОУАЭА-ийн тайлан
Олон улсын атомын энергийн агентлаг энэ оны долоодугаар сарын 4-нд гаргасан тайландаа Японы АЦС-ын усыг далай руу асгах төлөвлөгөө нь олон улсын стандартад нийцэж буйг хүлээн зөвшөөрчээ. Тус агентлагийн тэргүүн Рафаэль Гросси Японд ажиллах үеэр станцын усыг далай руу асгах нь бүс нутгийн оршин суугчид болон экосистемд туйлын бага нөлөөтэй гэж тус агентлаг үзэж буйг нотолсон байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Австрали, Аргентин, Их Британи, Вьетнам, Канад, БНХАУ, БНСУ, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс, ОХУ, АНУ, Франц зэрэг улсын төлөөлөгчид ажиллажээ.
АЦС-ын нөхцөл байдал
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцад нийт 1.25 сая гаруй тонн ус хуримтлагдаад байна. Усыг 2011 оны гуравдугаар сард болсон цүнамигийн улмаас эвдрэл, гэмтэл гарсан реакторуудыг хөргөх зорилгоор ашиглажээ. Японы Засгийн газар цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг цэвэршүүлсэн ба зөвхөн тритий буюу устөрөгчийн изотоп агуулагдаж байгаа хэмээн мэдэгдэж байгаа юм. Усыг ОУАЭА-ийн хяналт дор 30 жилийн турш далай руу асгах юм.
2011 онд асар хүчтэй цүнамигийн улмаас тус станц дээр осол гарч, станцын эрчим хүчний хангамжийн болон хөргүүрийн системийг ашиглалтаас гарсан. Үүний улмаас реакторууд дахь цөмийн түлш хайлж, хамгаалалтыг бүрхүүлийг нэвтэлж, улмаар устөрөгчийн дэлбэрэлтэд хүргэсэн байна. Ингэснээр ихээхэн хэмжээний цацраг идэвхт бодис цацагдаж, станцын ойр орчмын газар бохирдоход хүргэжээ. Станцыг 2050 он гэхэд бүрэн нураахаар төлөвлөж байна.
Олон улсын байр суурь
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, ОХУ, БНХАУ цацраг идэвхт усыг далайд асгах Токиогийн төлөвлөгөөтэй холбоотой техникийн асуудлын жагсаалтыг Японы талд хүргүүлсэн байна. БНСУ-ын эрх баригчид улаан хугацаанд Токиогийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан ч ОУАЭА-ийн тайлан гарсны дараа байр сууриа өөрчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )