Хотын хөгжлийг тэтгэх хагас их наяд "Аманд ч үгүй, хамарт ч үгүй" болох вий!

2023 оны 08 сарын 23

Улаанбаатар хот өөрийн эзэмшлийн хөрөнгөө тоолж, бүртгэлжүүлж, 2022 оны  есдүгээр сар гэхэд хэдэн их наядын үнэлгээтэй хот болохоо тодорхой болгож, улмаар үнэлгээндээ тулгуурласан үнэт цаас, бонд гаргах зарчмаар хөнгөн галт тэрэгний төслийг   хэрэгжүүлнэ гэж Хотын дарга өмнө нь хэлж ярьж байв. 

Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг харахад Улаанбаатар хотын шинэ тойрог зам барих төсөл, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх хөгжлийн төслүүд болон бусад томоохон төслүүдийн санхүүжилтийг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хамтарсан "Эрдэнэс Баянбогд” төслийг дагаж орж ирэх санхүүжилтээр шийдвэрлэх тухай яригдаж байна. 

Тодотгоход, Засгийн газрын 2022 оны 217 тоот тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг  үүсгэн байгуулж, компанийн нийт  хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Харин нийслэлээс үнэт цаас гаргаж босгох 500 тэрбум төгрөгийн 1/3 буюу 177 тэрбумыг нь БНХАУ-аас коксжсон нүүрс худалдан авахад зарцуулах уу гэдэг асуудал яригдаж байна. 

Засгийн газар өнгөрсөн долдугаар сард нийслэлийн үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн, дэмжсэн.

Ингэхдээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг  хэлэлцэн, дэмжлээ гэсэн албан мэдээг тараасан юм. 

Түүнчлэн босгосон санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хотын дарга  Д.Сумъяабазарт засгаас даалгасан.

Үүний дараа Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад нэн шаардлагатай зураг төсөлтэй зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулсан юм.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2021 онд нийт 90 байршилд авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулахаар баталсан. 2022 оноос зураг төсөл боловсруулах ажил эхэлж, нийт 73 зураг төсөл бүрэн дууссан байна. Үүнээс зургаан зам барилгын ажлыг 2022 онд хэрэгжүүлж, хоёр ажил бүрэн дуусаж, дөрвөн ажил нь он дамжин хэрэгжсэн. 

Долдугаар сарын 20-ны өдрийн  байдлаар зураг төсөл хийсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл замын ажлыг эхлүүлэх боломжтой 65 зураг төсөл байна. Эдгээр нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд нийт 60 км орчим зам юм гэсэн мэдээллийг өгсөн. Хотын дарга дээрх зураг төсөлтэй ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэлийг хангаж, шуурхай зохион байгуулж, ажлын явцыг тухай бүр танилцуулж ажиллахыг даалгасныг нийслэлийн хэвлэлээс мэдээлж байв.

Ерөнхийдөө бол нийслэлээс үнэт цаас гаргаж босгох гээд буй 500 тэрбум төгрөгийг хүлээсэн төслүүд олон арваараа байна. 

Гол нь нийслэлд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх эрэмбэ дарааллаа зөв л тооцож гаргаж ирэхгүй бол энэ мөнгө аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдгийн үлгэрээр, өмнөх муу жишгүүдийг давтаад хийсчих эрсдэлтэйг сануулахад илүүц болохгүй биз ээ. 

Хотын захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн ажлууд болоод цаашид хийх  ажлынхаа талаар өнгөрсөн даваа гарагт танилцуулах үеэрээ, "Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд баталсан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан. Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой болж байна" гэж тодотгосон. 

Санхүүжилт шийдвэрлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэдэг сайн хэрэг. Хөгжлийн төлөө өр тавих нь эрүүл үзэгдэл.

Гол нь төслүүдээ эрэмбэлэхдээ судалгаа, нотолгоонд суурилах, зайлшгүй шаардлагад үндэслэх нь чухал болов уу. Одоо өрнөж буй үйл явцыг харахаар, 500 тэрбум төгрөгийн үнэт цаасны сургаар улс төрд  "Алаагүй баавгайн арьсыг хуваах" гэдэг шиг дүр зураг давамгайлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top