Дэлхий дахин сайнгүй цаг үеийг туулж байгаа ба зөвхөн хамтын ажиллагаа, эрх тэгш байдлын зарчмыг баримталснаар хөгжлийг дэмжих боломжтой. Ийм байр суурийг БРИКС-ийн бизнес форумын үеэр тус нэгдлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар илэрхийлжээ.
Уулзалтад оролцогчид бүгд тус нэгдэлд шинэ гишүүдийг элсүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв. Одоогоор 20 гаруй БРИКС-т нэгдэхээр хаалгыг тогшиж байна.
Бразил, Энэтхэг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын төр, засгийн тэргүүн нар биечлэн илтгэл тавьсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цахимаар үг хэлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уншиж сонордуулжээ. Тэдний илтгэлд дурдсан гол гол эшлэлүүдийг хүргэж байна.
БРИКС-ийг даргалж буй ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамапоса:
- БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн дөрөвний нэг, дэлхийн нийт экспортын тавны нэг, дэлхийн хүн амын 40 хувийг бүрдүүлж байна. Таван улсын нэгдэл ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг халах зорилт тавин ажиллаж байгаа ба эдгээр зорилтыг тус таван улсын бизнес хүрээнийхэн тэргүүлэх зорилт хэмээн мөн харж байна.
- Олон улсын нэг талыг барьсан хориг арга хэмжээнүүд олон улсын худалдааг ганхуулж байна. Тиймээс БРИКС дэлхийн санхүүгийн байгууллагуудыг дэлхийн хамтын нийгэмлэгийн шинэ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх зорилго тавьж байна. Үлгэр авах шилдэг загвар бол БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк юм. Тус банк хөгжлийн үйл хэрэгт хүчин зүтгэж, оролцогч орнуудад ямар нэгэн болзол, нөхцөл тавьдаггүй.
- БРИКС-ийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын сэдэв нь “БРИКС ба Африк: Эрчтэй өсөлт, тогтвортой хөгжил болон оролцоог хангасан олон талт байдлын төлөөх түншлэл”. Африк нь том нөөц, боломжуудын тив. Тус тив XXI зууны технологид шаардлагатай эрдэс баялгаар баян. Гэхдээ Африкийн улс орнууд түүхий эдийн зүгээр нэг экспортлогч болохыг хүсэхгүй байна. Тус тивд эцсийн бүтээгдэхүүн бүтээх чадалтай үйлдвэрлэл хэрэгтэй гэдгийг олон улсын хөрөнгө оруулагчид ойлгох учиртай.
- Тус тивийн улс орнуудад аж үйлдвэржилтийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүч, шинэ технологи хөгжүүлэх дэд бүтэц нэн шаардлагатай байна. Африк хөгжлийг хүсэж байна.
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва:
- БРИКС-ийн анхны дээд хэмжээний уулзалтаас хойш тус нэгдлийн дэлхийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр өсөж байна. Олон улсын валютын сангийн мэдээллээр, хөгжингүй орнуудад 2024 онд өсөлт 1.4 хувь болж буурах бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт дөрвөн хувьд хүрнэ. БРИКС нь энэ үйл явцын хөдөлгөгч хүн нь байх болно.
- Бразил улс дэд бүтцээ хөгжүүлэх зорилгоор 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байна. Гэхдээ үүний тулд итгэлцлийг нэмэгдүүлэх, улс төрийн хувьд тодорхой байдлыг хангах шаардлагатай. Бразил нэгдсэн валютад шилжих бус төлбөр тооцооны нэгдсэн валютыг бий болгохыг дэмжиж байна.
- БРИКС бизнес эрхлэгчдэд өргөн боломж нээх онцгой нөөц бололцоотой. Атлантын далайн хоёр талаар эдийн засгийг бэхжүүлэх шаардлагатай байна. Тэр дундаа тээврийн шинэ маршрутыг нээх шаардлага бий.
- БРИКС-ийн гишүүн орнууд худалдаанд саад учруулж буй шинэ колоничлолын бодлогыг эсэргүүцэж байна. Бразил улс “Их 20” бүлгийг даргалах хугацаанд энэ сэдэвт онцгой ач холбогдол өгч, ажиллана. Тус улс Африктай худалдааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, өргөжүүлэхийг зорьж байна. Бразил улс Африкт тивд эргэн ирсэн. Тус тивийг хэзээ ч орхиж байгаагүй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:
- БРИКС-ийн гишүүн орнуудын хооронд шууд яриа хэлэлцээг хөгжүүлэх нь чухал. Цар тахлын дараах сэргэлтийн нөхцөл байдал, эдийн засгийн хямралын үед энэ нь туйлын чухал.
- Хууль бус хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Үүний шууд үр дагавар нь тэгш бус байдал улам хурцатаж, баялаг хомстож буйгаар илэрч байна. Хүнсний үнэ өсөж байгаа нь ядуу, буурай орнуудад илүү хүндээр тусаж байна. БРИКС нэгдэл дэх бизнес эрхлэгчид зах зээл дэх өөрчлөлтүүдэд амжилттай дасан зохицож байна.
- БРИКС дэх худалдааны эргэлт 40.5 хувиар нэмэгдсэн. БРИКС-ийн гишүүн орнуудын ДНБ-ийн дэлхийд эзлэх хувь хэмжээ 26 хувьд хүрсэн. Ам.долларыг халах эргэлт буцалтгүй үйл явц өрнөж байна. БРИКС дэх худалдаанд ам.долларын эзлэх хувь 2022 онд 28.7 хувь болсон. БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк дэлхийн санхүүгийн байгууллагын шинэ хувилбар болон амжилттай ажиллаж байна.
- Орос өөрийнх нь эсрэг авсан хориг арга хэмжээг үл харгалзан хүнсний найдвартай нийлүүлэгч хэвээр байна. Украины үр тариаг Хар тэнгисээр тээвэрлэн гаргах хэлэлцээр үүргээ гүйцэтгэж чадаагүй. Үр тарианы 70 хувь хөгжингүй орнуудад хүрсэн. Гэтэл үр тариа нэн шаардлагатай улс орнууд нэг сая хүрэхгүй тонн үр тариа авсан. Орос улс Украины үр тариаг бүрэн орлох чадвартай. Одоогоор тус улс Африкийн зургаан оронд нэг ээлжид 25 мянга гаруй тонн үр тариаг буцалтгүй тусламж болгон олгоход бэлэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди:
- Цар тахал, хориг арга хэмжээнүүд, үл ойлголцлын улмаас дэлхий дахин эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулж байна. Энэтхэг улс нь дэлхий дээрх хамгийн хурдацтай өсөж буй эдийн засаг. Үүний шалтгаан нь Шинэ Дели хямралыг Энэтхэгт бизнес эрхлэх боломжийг нээсэн шинэчлэл хийхэд ашигласан.
- Тус улс интернэтийн хурд, цахимжуулах асуудалд онцгой анхаарлыг хандуулж байна. Энэтхэг нь цахим гэрээ хэлэлцээрийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Энэ салбарын дэд бүтцэд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тус улс энэ салбарын хөгжилд зориулж 120 тэрбум ам.долларыг төсөвлөөд байна. Түүнчлэн, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч болох алхам хийсээр байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээ:
- Хүн төрөлхтөн хүнд нөхцөлд байна. Тиймээс хамтын ажиллагаа, интеграц цорын ганц арга зам. Бид хамтын ажиллагаа, нээлттэй байх замыг сонгож байна.
- Колоничлолын нуувчаас гарсан хөгжиж буй орнуудын өмнө хүнд хөдөлмөр хүлээж байна. Гэвч зарим улс орнууд саад тотгор учруулж, эдгээр улс орны эдийн засгийг нураахыг хичээж байна. Улс орон бүр хөгжих, эрх чөлөөтэй байх эрхтэй. Хятад улс нэгдсэн зорилт, зорилгод хүрэхэд тусална. Хятадын эдийн засаг, хөгжил нь тогтвортой. Тиймээс Бээжин хамтын ажиллагааны үндсийн тухай гэрээг санал болгож байна.
- Аюулгүй байдал хамтын хөгжил, тэр дундаа аж үйлдвэрийн хөгжлийг хангана. Бүх нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд хамтын хүчин чармайлт чухал.
- Дэлхий дахиныг ардчилсан болон ардчилсан бус гэж хуваахыг хүлээн зөвшөөрөх учиргүй. Дэлхий дахин нэгдмэл зорилготой. Улс орнууд солилцоо, тэр тусмаа соёлын солилцоог хэрэгжүүлэх үүрэгтэй. “Ямар ч уул хүчтэй голын урсгалыг зогсоож чадахгүй”. Харилцаа тэгш, шударга байдлын зарчим дээр суурилсан байх учиртай гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )