Эрхэлсэн ажилтай бол айл өрх, иргэн бүрийн амьдрал ахуй сайхан байхсанж. Ажилгүй, орлогогүй учраас амьдрал хүнд байна гэж буруугаа бусад руу түлхдэг иргэн бас цөөнгүй болсон үе. Тиймээс нийслэл 2011 оны зорилтоо “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих нийслэлийн ажлын хэсгийнх ахлагч Ц.Цогзолмаа өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэжээ. Тэрээр, “Хэсгийн ахлагч нар нийслэлийн ажилгүй иргэдийг тооллоо. Бүртгэлийн ажилд хэсгийн 1020 ахлагч, гэрээт 70 тоологч оролцсон. Нийслэлийн хэмжээнд ажилгүй 38636 иргэн бүртгэгдсэн. Ажилгүй иргэдийн 55,2 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн нь эрчүүд байна. Өнгөрсөн 6 дугаар сарын 10-25-нд ажилгүй иргэдийг бүртгэх ажлыг хийж дууслаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэлээс хамтраад ажилгүй иргэдийн нэгдсэн бүртгэлийг хийлээ. Нийслэлд 3260 аж ахуйн нэгж шинээр 16095 ажлын байр бий болгожээ” хэмээв.
Хөдөлмөрийн газрын судалгаагаар Улаанбаатар хотод 35 мянган байнгын болон түр ажлын байрыг бий болгох хэрэгцээ байдаг аж. Хагас жилийн байдлаар энэ ажил 79,2 хувьд хүрсэн гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга хэлж байсан. Энэ жил шинээр бий болсон ажлын байрны 85 хувь нь байнгынх, үлдсэн нь улирлын чанартай гэж Ц.Цогзолмаа онцлон хэлсэн.
Ажилгүйчүүдийн тоогоор тэргүүлдэг СХД өнгөрсөн 6 сарын хугацаанд 3294 хүнийг ажилтай болгожээ. БЗД-т 2712 иргэн, Чингэлтэйд 2474 ажлын байрыг шинээр бий болгож тэр хэмжээний иргэн ажилтай, орлоготой болсон байна. Үүний зэрэгцээ бүртгэлд орсон ажилгүй 800 иргэнийг бүлэг болгон зохион байгуулж, ногоо тариулж, хадгалах, даршлах, борлуулалтыг дэмжиж өрхийн амьжиргааг тэтгэх нөхцлийг бүрдүүлжээ. Тэдгээр иргэд 8 га газрын чулууг түүж, дэрсийг цэвэрлэж, 100 тн үр суулгажээ. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өсч байна. Ийм үед ажилгүй иргэдийг мэргэшүүлэн хүнсний ногоо тариулж, амьжиргааг нь тэтгэж байгаа нь хамгийн оновчтой бас газар тариалан, өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн ажил болсон гэж иргэд дүгнэж байна.
Энэ ажлын хэсгийнхэн 6 сарын хугацаанд, хичээлийн хажуугаар ажил хийх хүсэлтэй 12600 гаруй оюутныг цагийн ажилд зуучилжээ. Зарим иргэнд ажилд оръё гэхээр мэргэжилгүйн зовлон байдаг. Тиймээс 4000 орчим иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулснаас, 2274 нь хөдөлмөрийн чадвартай 16-35 насны залуус байна. Энэ мэтээр нийслэлийнхэн иргэн бүрийг ажилтай орлоготой, ахуй амьдралаа өөрсдөө өөд татдаг болгох гэж зүтгэснээр энэ хагас жилд төлөвлөсөн ажлынхаа 80 орчим хувийг хийжээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )