Харамсал тээхгүй СОНГОЛТ

2023 оны 08 сарын 27

Энэ цаг үед алба хашиж байгаа засгийн газрын сонгуулийн хугацаанд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах асуудал амин чухалд тавигдсан нь мэдээж. Аливаа зохистой ч гэх үү, цогц ч гэх үү хөл нүргээнтэй нэг үгээр компанит ажилд оноосон нэр гойд ач холбогдолтой байх нь бий. Угтаа бол урьдчилан сэргийлэх нэрээр олон арван жил явж ирсэн эрүүлжүүлэх арга хэмжээг “Эрт илрүүлэг” болгон өөрчилж, сүүлийн жил гаруйн хугацаанд төв, хөдөөгүй ажил зохион байгуулсаны үр дүнд энэ оны наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт нийт 1.090.050 хүн хамрагдаад байгаагаас 44.6 хувь  нь эрэгтэйчүүд, 55.4 хувь нь эмэгтэйчүүд,байршлаар нэрлэвэл,  50.6 хувь  нь Улаанбаатар хотынх, 49.4 хувь нь орон нутгийн иргэд харин нийт хүний 57.1 хувь  нь 0-17 насны хүүхэд байгаа пүн гараад байгаа юм.

“Эрт илрүүлэг” хэмээн нэр өөрчилсөнөөр хүмүүсийг шавдуулах, цаг алдахгүй хамрах, алгуурлавал “орсон борооны хойноос цув нөмрөх” аюултай, осол зэхий болохоо ч ядахгүй, хагацал зовлон, харамсал харуусал, уй гашууд өртөнө шүү гэх сэрэмжлүүлэг, анхааруулга болсон ямартай ч алдаагүй санагдана. Говьсүмбэр аймгийн хувьд,үзлэгт хамрагдалт 45,6 хувьтай байгаа нь хүн амын тоо 8225 буюу харьцангуй цөөнтөй ч холбоотой байж болох талтай. Өнөөгийн статистикийн дүнгээс харахад, Өвөрхангай,Орхон, Хөвсгөл, Баян-Өлгий, Дархан-Уул аймгууд өндөр үзүүлэлттэй байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн халдварт бус өвчин, эрт илрүүлэг хариуцсан мэргэжилтэн Сүхбатын Амаржаргалтай уулзаж энэ тухай лавлахад “Эрт илрүүлгийн ач тус, эерэг үр дүнг янз бүрээр л тусгаж харах бололтой. Эрүүл мэндийн талаар төрөөс, салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж оролцоогоо нэмэгдүүлэх, төрсөн биедээ эзний ёсоор хандах, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь  чухамдаа иргэн бүрийн чин сэтгэл мэдэх хэрэг. Энэ ажилд иргэдийн идэвхи, ухамсартай хандлага,цаг алдаагүй, зөв, зүйтэй сонголт хэрэгтэй байгаа юм. Хүүхдээр жишээлэхэд,0-17 насны 7164 хүүхдийн 70.9 хувийг хамрууллаа, өнөөдрийн дүнгээр.Хүүхдэд шүд болон амны хөндий, нүдний хараа муудах өвчлөл давамгайлж байна. Хорт хавдрын урьтал ходоодны үрэвсэл, шархтай хэд, хэдэн тохиолдлыг илрүүлж дараа шатны эмчилгээнд хамруулсан нь эрт илрүүлгийн үр дүн, цаашдын бодлого төлөвлөлтөд тусгах, асран хамгаалагчдын хяналт хариуцлагыг дээшлүүлэхэд дөхөм боллоо гэж үзэж болох талтай.” хэмээн яриа өрнүүллээ.

Цоо шинэ биш ч гэлээ сөрөг нэгэн зүйл анхааралд өртсөн нь, орон даяар эрүүл мэндээ эрхэмлэн үздэг хүн бүр санаа тавьж, цаг алдалгүй үзлэгт хамрагдах аян өрнөж, хөл хөс болж байхад бусдын асуудал мэт анхаарамж, хайхрамжгүй хандлага бас байх л. Эрт илрүүлгийн үзлэгт хамрах явц байдал хурд, идэвхи муутай, хөшүүн эхэлсэн ч эрүүл мэндийн салбарынхан мэдээ, мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх талдаа хүч тавьж хөдөлсөний үр дүнд үзүүлэлт арай дээрдэж эхэлсэн байна.

Өнөөгийн байдлаас ажиглахад ялангуяа орон нутгийн түвшинд эрэгтэйчүүд тэр дундаа 35-аас доош насны залуучуудын хувь, хэмжээ дулимаг, дундуур байгаа нь анзаарагдахаар. Монгол эрчүүдийн өөртөө тавих, өөрийгөө хүндлэх, эрүүл биеийн саруул ухааныг дээдлэх ухаан, ухамсар, мэдрэмж, сэтгэлгээ баахан хойргошуу, хоцронгуй байгаа юм биш бизээ гэх харанга дэлдэж байгаа билээ. Эрчүүд бид эрүүл явж байж ирэх жилийн наадам үзэх байтугай урт насалж, удаан жаргаж, амьдралын сайхныг амсахаараа нэг болох ёстой. Албаны үгээр бол эрүүл мэндийн боловсролдоо ойд анхаарах нь юу юунаас чухал байгаа хэрэг. Хэт хэнэггүй, аливаад зохицсон, тэвчээр зааж, тэсвэрлэсэн маягтай нэрэлхүү бас бардамнасан зан эрүүл явахад хаалт болно гэдгийг санах л хэрэгтэй бус уу, Та минь.

Эрт илрүүлгийн талаар ойлголт авья, албаны эх сурвалжаас сонсоё гэсэн бодолтой аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа эрүүл мэндийг дэмжих төвийн эрхлэгч, яаралтай тусламжийн их эмч мэргэжилтэй,бас ч гэж анхан шатны нэгж Шивээговь сумын өрхийн эмнэлэг буюу эрүүл мэндийн төвд багийн эмчээс тус төвийн даргаар ажиллаж байсан Гүнчин-Ишийн Даваажавтай уулзаж жоол ярилцлаа. Чухамдаа ярианы өнгөнөөсөө мэдэгдэнэ гэдэг дээ, баахан дэврүүнээр хэлвэл газар дээрээс нь эсвэл халуун цэгээс нь хийсэн баараггүй яриа болсоон.

Орон нутгийн эрүүл мэндийн салбарт найм дахь жилдээ ажиллаж байгаа эмч эмэгтэйн ярианаас ишлэхэд, бүс нутгийн онцлог ч гэх үү үзлэгт хамрагдсан насанд хүрэгсэдийн дунд таргалалт их байгаа, бүх өвчний суурь болсон таргалалтаас үүдэн зүрхний хэм алдагдах, зүрхэнд цус хомсрох, артерийн гаралтай, сахар ихсэх өвчнүүдээр оношлогдох тохиолдол олон илрэх зонхигүй байдал ажиглагдаж байна. 35-аас дээш насны багцад хамаарч байгаа ходоод дурандуулахаас хүмүүс айж, цэрвэж тэр байтугай татгалзах ч энүүхэнд.Үзлэгийн үр дүнд ходоодны шархлаа, хеликобактерийн шалтгаантай өнгөт үрэвсэл, хавдрын үрэвсэл 16-г илрүүлж, ХСҮТөвд шилжүүллээ. Харин эрэгтэйчүүдийн хамралт 40 хувьд ч хүрэхгүй тодруулах юм бол 35-аас нааш насныханы хамралт санаанд хүрэхгүй үзүүлэлт гарч сэтгэл зовинож сууна даа. Бас нэгэн зүйл эмзэглүүлээд л. 2019 оноос хойш ЭМД-д хамрагдсан иргэдийг хамруулж байгаа нь нэг талаар ялгаварлан ангилж байгаа ч юм шиг, эрүүл, амьд явах эрхийг нь зөрчиж байгаа ч юм шиг санагдах үе байх л юм. Угтаа иргэдээ эрүүл мэндийнхээ төлөө анхаарч, даатгалд толгой дараалан хамрах тал руу нь шахаж өгч байгаа тал харагдах ч манай нөхцөлд эргэж хармаар. Эмзэг бүлгийн айл, өрхийн ам бүл эрт илрүүлэгт хамарч барахгүй болохоороо халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх, нас барах явдал байнга гарах төдийгүй ямар өвчинтөй болохоо, аль шатанд байгаагаа ч мэдэх боломжгүй орхигдож, хаягдах нь мэдээж. Энэ бол Г.Даваажав эмчийн ярианы гол санаа нь. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, УБТЗ-ын Чойр зангилааны болон хууль, хүчний, Нефть хангамжийн салбар зэрэг дийлэнх олонхи нь эрэгтэй ажиллагсадтай байгууллагуудыг бүрэн хамруулсан ч хувь,түвшинд эрчүүдийн оролцооны үзүүлэлт төдий ахихгүй байгаа юм.

Анхан шатлал буюу эрүүл мэндийн төв 0-17 насны хүүхдийн үзлэг, оношилгоог хариуцаж эхний ээлжинд асуумжийн аргыг хэрэглэж байгаа нь нэгдсэн эмнэлэгтэй харьцуулахад өндөр дүнтэй харагдаж байгаа тал бий. Хэдий яамнаас шахуу ажиллаж, өндөр үр дүнд хүрэхийг шавдуулж, тоон дүнгээр шахаж байгаа ч эхо, дуран, рентген дээр цаг алддаг, дуранд ажлын өдөрт 8 хүн, эхо-д 20 хүн харуулжээ гэж үзэхэд цусны шинжилгээг 100 орчим хүнээс авах жишээтэй. Ажиллах мэргэжилтэй боловсон хүчний ачаалал, даац, боломж, хүрэлцээ гэж том ажил байна. Ажил хавсарч гүйцэтгэх, давхардсан ачаалалтай байх алийг тэр гэхэв дээ. Хэдийгээр аймаг, орон нутаг, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, анхан шатлалын эмнэлэгтэйгээ хамтарч яаравчлах хүн амыг аль болох бүрэн хамруулах бодлого зохицуулалт хийж байгаа ч хөндөлдөх шалтаг, шалтгаанууд бас байх. Сумдад яаралтай баг ажиллуулж үзэхэд суурин тоног төхөөрөмжөө нэгжид зөөвөрлөх боломжгүй гацаа, садаа үүсчихнэ, нууц биш, нуугаад ч яаахсан билээ. Даатгуулагчдын тоо хэмжээ, хязгаартай болохоор даатгалын сангийн санхүүжилтын эх үүсвэрийн хүртээмж, бүрдүүлэлт гэж том асуудал гардаг байна.

Аливаа асуудал хоёр талтай, ухаандаа олз омогтой ч, алдаа эндэлтэй ч. Жил гаруйхан ажил болж хэрэгжүүлж байгаа эрт илрүүлгийн явцад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүчээр үзлэг, оношилгоо хийдэг хувийн хэвшлийн салбарынхан ахиу цалин амлаж, орон нутагт бүрэн бэлтгэгдэж, тогтвортой ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг өт хямсаадах мэт сорчлон түүж, өөрийн эмнэлэгтээ татах нь боловсон хүчний хомсдол үүсгэх зохиомол хямралд хүргэж байгаа тал ажиглагдаж эхэллээ.

Орон даяар хөдөө, гадаагүй цаг яаравчлан зохион байгуулж, эрүүлжих үйл ажиллагаанд иргэдийн идэвхи оролцоог дайчилж байгаа эрт илрүүлгийн талаар эрүүл мэндийн салбарын ахмад удирдах ажилтан, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” Банзрагчийн Сугармаа эмчийн зөвлөлгөө, сэтгэгдлээр энэхүү бичвэрээ дүүргэеэ. Эрхэм уншигч та бүхэндээ эрүүл энхийг хүсьеэ. “Хорт хавдар, архаг хууч, ходоодны шарх ч бай шинээр мэдрэгдэж эхлэх зовиур шаналал ч бай эрүүл биеийн саруул ухаанд, айдас хүйдэсгүй ажиллаж амьдрахад, маргаашийн өөдрөг итгэлтэй хандлагад сөргөөр нөлөөлж хөдөлмөрийн бүтээмж, чөлөөтөй, ханамжтай бодож сэтгэхэд хорлонтой нь мэдээж хэрэг шүү дээ. Залуучууд минь мөнхийн хутгийг олсон мэт омтгойрч, ташаарч цаг, нар алдавзай, өвчин, эмгэгийг нас ахисан хүмүүсийн “хувь” мэт бодож болохгүй ээ, хэлж биш хийсэж ирдэг өвчний аюулаас сэргийлж,амь, биеэ хамгаалах, аливаа өвчний эхэн шатанд нь оношлуулж зохисон эмчилгээ хийлгэж, бүрэн эдгээх тал дээр гойд анхаарах хэрэгтэй. Эрт илрүүлэг чухамдаа нас, хүйс, шашин шүтлэг, мэдлэг боловсрол, арга туршлага, нэр төр хамаарахгүй хүссэн, санаа тавьсан хүн бүрийг эрүүл байлгах цаг үеийн эрэлт хэрэгцээг хангах, захиалгат ажил санагдаж таатай хүлээж авах нь өөртөө өгөх бэлэг гэдгийг хэлэх байна.”

Говьсүмбэр аймаг. Боржигин овогт Төмөрийн Болдбаатар

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top