"Эрдэнэс Монгол" ХХК Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг дангаараа эхлүүлэх боломжтой боллоо гэсэн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ оны гуравдугаар сарын 29-нд өгч байсан.
Асгатыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдаг учраас ямар ч байсан алхмууд хийгдэх ёстой л доо.
Тэгвэл эрх мэдэлтэй болсон “Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн хугацаанд юу хийж байгаа талаарх мэдээллийг компаниас өгч байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар тогтоолоор “Асгат” төслийн нэгжийг хоёр жилийн хугацаатай байгуулсан.
Төслийн хугацаанд Асгатын мөнгөний ордод нэмэлт геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх, уул-геологи, уул-техникийн нөхцөл тодорхойлох, уурхайн баримт материалын зураг боловсруулах, нөөцийн тайлан, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж үйлдвэрлэлийн нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлох аж.
Энэ хүрээнд Төслийн нэгжийнхэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Армантай уулзаж, өөрсдийн гүйцэтгэх үүргийн талаар танилцуулжээ.
“Асгат” төслийн нэгж нь мөнгөний ордод хээрийн судалгаа хийж, хүдэржилт бүхий хэсгээс дээж авах, авсан дээжид лабораторийн шинжилгээ хийлгэж агуулга тодорхойлох, уулын ам нээх, зам засах, топо геодези, гурван хэмжээст зураглал болон эрсдэлийн аюулгүй байдлын үнэлгээ хийх, ордын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэх нэмэлт хайгуул хийх зэрэг ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах аж.
Сануулахад, дөрвөн жилийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн шийдвэрээр Асгатын мөнгөний орд “Эрдэнэс Монгол”-д шилжиж, тухайн жилийн цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг өгч байсан билээ. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд Асгатын мөнгийг ачих галт тэрэг хөдлөөгүй. Сүүлийн мэдээллүүдээс үзэхэд, тус ордын батлагдсан нөөцийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх талаар арга хэмжээнүүд авах биз ээ. Х.Бадамсүрэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн "Зэс, металлын групп"-ийн даргаар ажиллаж байхдаа өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсөн мэдээлэлдээ, Асгатын ордын батлагдсан нөөц 6.4 сая тонн байна. Энэ ордыг бид цааш нь хөдөлгөх талаар санал гаргасан, удахгүй “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “1996 онд Асгатын ордын баталгаажсан нөөц нь 6.4 сая тонн, боломжит нөөц нь 22 сая тонн гэж батлуулсан байдаг. Иймд яамнаас “Эрдэнэс Монгол” ХХК-д 22 сая тонноо баталгаажуул гэсэн чиглэл өгсөн гэсэн юм.
Тэгэхээр Асгатын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төслийн нэгж 2025 оны зургадугаар сар гэхэд батлагдсан нөөцийн хэмжээг гурав дахин өсгөж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, үйлдвэрлэлийн нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлчихсон байх ёстой юм. Гэхдээ энэ ордыг ашиглах тухай сэдэв олон он дамнан яригдаж буйг тодотгоё.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны гуравдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх, ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авахад, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжсэн байдаг. Түүнчлэн Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болгосон юм.
Сэтгэгдэл ( 1 )
Асгатын орд чинь угаасаа сонгууль, баяр наадмын сэдэв шүү дээ. Тийм орд бодитоор байдаггүй. Зөвхөн цаасан дээр. Жишээ нь Наплеон гахай ”тэр ордыг Цагаан сараас өмнө хөдөлгө” гэж тушаавал энэ орд тэр даруй эргэлтэнд орчихно. Гэхдээ цаасан дээр. Сонгуулийн тогтсон сэдвүүд манай улс төрд бий. Ан, Ман-н үзэл суртлын зэвсэг юм даа. Зоригийн хэрэг, Дарханы зам, Нефтийн үйлдвэр, Гашуунсухайтын төмөр зам, Метро, Утаа, Авилга, Мод тарих, Үер, Зуд, Гал түймэр, Газар хөдлөлт гэх мэт. Даацтай, унацтай халуухан сэдвүүд дээ. Алийг нь ч гэсэн нэг бариад авахад үхэрнүүдийг хуйлруулна ч, хашгируулна ч.