Тулгамдсан шийдвэр, төөрсөн бодлого

2023 оны 08 сарын 30

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ, БАГШ ХҮРЭЛЦЭХ ҮҮ?


Юуны өмнө ийн асуумаар байна. Хичээл эхлэхэд суралцах хүүхдүүд бол бэлэн. Эцэг эхчүүд буруу бодлого, эдийн засгийн хямрал, мөнгөний хомсдол дунд хүүхдүүдийнхээ хичээлд орох бэлтгэлийг өөр өөрсдийнхөө хэмжээнд хангав бололтой. Гагцхүү багш нар бэлэн бөгөөд хүрэлцээтэй юу гэх асуулт бодитоор тулгарсан. Нэг үеэ бодоход анги танхим ээлжтэй ч гэсэн мөчиг тачигхан хүрэлцэнэ гэх мэдээллийг салбар яамнаас өгнө лээ. Гэхдээ сургууль, цэцэрлэггүй хороо олон байгааг дурдсан. Ямартай ч бүрэн улсын боловсролын салбар зуугаад жил “Эрдмийн баяр” гэх малгай дор хичээлийн шинэ жилээ нээж ирсэн учраас болдог зүйл болдгоороо болно.

Гагцхүү багш нар хүрэлцэхгүй гэдгийг салбарынхан дахин дахин хэлж байна.

Ямар сайндаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-аар хэлэлцэн баталсан Боловсролын багц хуулийн талаар мэдээлэл хийх үеэрээ багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын төлбөрийг төр 100 хувь даахаар болсныг мэдэгдсэн. Энэ бол тун арга ядсан шийдвэр. Байж болох хувилбар ч цаг үеэ олоогүй, байгаа оноогүй шийдвэр гэдэг нь юу юунаас тодорхой.

Багшлах хүчний нөөц чухам яагаад хомсдов гэхээр ерөөсөө ажиллах нөхцөл, цалин цаваг, нийгмийн асуудал. Тэгэхээр төрөөс гаргаж байгаа “Багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын төлбөрийг даах” бус багшлах боломжийг хангаж өгөх учиртай. Өнөөдөр багшаар ажиллаад цалин цаваг нь хүрэхгүй байгаа учраас өөр салбар сонгохоос өөр арга алга. Зарим нь амьдралын мөр хөөн гадаадад ажиллахаар явж байгаа учраас ийнхүү багшлах хүчний хомсдолд орж байгааг салбарынхан хэлдэг. Ажиллаад авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэхгүй болохоор хэн ч амьдралаа бодно биз дээ.

Тиймээс Засгийн газраас сурах хүсэлтэй оюутнуудыг үнэ төлбөргүй сургаж байхаар боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийхээ цалинд анхаарч, нийгмийнх нь асуудлаар уяж өгөх ёстой л доо. Түүнээс бус төрөөс хэдэн хүүхдийн төлбөр дааснаар энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Төлбөрийн чадваргүй, багшийн мэргэжлээр сурах сонирхолгүй хүүхдүүд олноор ирэх магадлал ч бий. Гэхдээ яамнаас энэ талын бодлого боловсруулж байгаагаа дуулгаж байсан. 

Одоогийн байдлаар мэдээлэл сөхөхөд ихэнх сургуульд багшлах хүчний хомсдол бий болжээ. Тэр тусмаа хөдөө орон нутаг, зах зайдуу сумдад бол нэг багш хоёроос доошгүй хичээл заах шаардлага гарч байна. Ингэхээр ирээдүйн тухай ойлголт маш бүрхэг болно. Юун “Алсын хараа-50”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Оюунлаг Монгол”, “Эрүүл Монгол” гэх мэт хөтөлбөр вэ. Тухайлбал, төрөөс янз бүрийн хөтөлбөр гаргаад ч хэрэг алга. Боловсролын багц хууль байгаад ч хэрэг алга. Юуны өмнө бид нэн тулгамдаж байгаа асуудлаа барьж авах ёстой байсан ч өнөөх л популист маягийн шийдвэр гаргаад явж байна. Уг нь “төр даах” тухай шийдвэр гаргаж байх үедээ багш албан хаагчдын цалинг төдөн хувиар нэмэж, боловсролын салбарын багш алба хаагчдын нийгмийн асуудалд ингэж анхаарна гэдгээ мэдэгдсэн бол олон мянган багш салбартаа эргэн ирэх байв. Ерөөсөө тулгамдсан шийдвэр төөрсөн бодлого явж байгааг ганцхан энэ үйл явдлаас харж болно.

 

СУРГУУЛЬГҮЙ 50 ХОРОО, ЦЭЦЭРЛЭГГҮЙ 17 ХОРООНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ЯАХ ВЭ!

 

Гэхдээ зөвхөн багшаар дутаад байгаа ч зүйл биш. Саяхан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ сургуульгүй 50 хороо, цэцэрлэггүй 17 хороо байгааг хэлсэн. Тэгэхээр нийтдээ 67 хорооны хүүхдүүдийг яах тухай шийдвэр ердөө танилцуулсангүй. Яахав, салбарын сайд бодит мэдээлэл л өгсөн.

Ингэхдээ тэрбээр "Энэ жилийн шинэ хичээлийн жил онцлогтой. Тодруулбал, УИХ өнгөрсөн хавар Боловсролын багц хуулийг баталсан. Шинэ хууль батлагдсан учир тус хуулийн эрх зүйн орчинд нийцүүлэн хичээлийн шинэ жилээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа.

Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад нийт 50,000 гаруй хүүхдийн суралцаж байна.

Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 33,000 хүүхдийн асуудал байна. Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ гэдэг шалтгааныг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон. Нэгдүгээрт, 70,000 хүүхэд нэгдүгээр ангид ороход 30,000 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Жил бүр 35,000-40,000 хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсэж байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм. Энэ бол үндсэн шалтгаан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна. Ийм тендерийн хонгил үүссэн гэж дүгнэж байна.

Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэхээр байна. Улаанбаатарт сургуульгүй 50 хороо байна. Цэцэрлэггүй 17 хороо байгаа. Тэгсэн хэр нь өндөр өртгөөр баригддаг Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг. Уг нь хуулиараа бол баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгтэй байх зохицуулалттай. Уг нь барилгын компаниуд газрын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хорооллуудаа хэсэгчилдэг. Анхны төлөвлөж байснаараа ажлаа хийдгүйгээс үүдэн сургууль, цэцэрлэггүй олон хороолол бий болж байна. Энэ талаар Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна. Засгийн газраас Энэ ондоо багтаж хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Барилгын ажил нь удааширсан нийт 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль гурван жилийн нүүр үзэж байна. Тус сургуулийн эхний блокыг 10 дугаар сар гэхэд хүлээж авна. Тавдугаар сургууль, 71 дүгээр сургууль зэрэг баригдаад дууссан хэр нь хаалга нь цоожтой сургуулиуд бий.

Тэдгээр сургуулийг есдүгээр сарын 1-нд үүд хаалгаа нээнэ. Түүнчлэн 62, 12 дугаар сургуулиуд 10-12 дугаар сард багтаан ашиглалтад орно. Барилгын 23 компанийн ажлыг зогсоож, хар жагсаалтад оруулах гэж байна. Барилгын тендер аваад будилуулсан компаниуд юм. Иймд төрөөс тендер авах эрхийг нь хориглоно. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор 6000 сурагчтай. Нэг сургуульд ийм олон сурагчтай байхад сургалтын чанарын тухай ярихад хэцүү. Тийм учраас их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг нийслэлд энэ хичээлийн жилээс зохион байгуулна. ШУТИС, МУИС, ХААИС-ийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль байгуулна.

Сургуулийн зориулалтын бус объектуудыг худалдаж аваад ашиглахаар зорьж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум бондыг 100-г нь боловсрол буюу гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад зориулж зарцуулна. Царцсан, удсан барилгуудыг ашиглалтад оруулж дуусгана" хэмээн мэдэгдсэн. Энэ бол бидэнд тулгараад буй бодит асуудал.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top