Хонь мал муулахдаа хүртэл аль болохоор зовоохгүйгээр төхөөрдөг Монгол түмний маань сайхан ёс заншил хаачив. Сүүлийн үед гарч байгаа жигшүүрт хэргүүд хүн биш араатнуудын үйлдэж байгаатай адилхан аймшигтай сонсогдох боллоо. Энэ сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний хонхорхой гэх газар нутаглаж байсан гэр бүлийн хоёр хөгшний амийг онц хэрцгийгээр хөнөөж, нэг нас есөн сартай бяцхан ач хүүгийнх нь тархийг нь хагалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг 20 насны босго шүргэж яваа залуу үйлджээ. Цагдаад мэдэгдэнэ шүү гэсэн хоёрхон үгнээс болж хоёр хүний амийг хайр найргүй хөнөөсөн тэрээр 1991 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, бага боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй нэгэн аж. Сарын өмнөхөн 16 настай хоёр хүү машин унаж, хурдтай давхихыг хүссэн хүсэлдээ хөтлөгдөн 20 настай эмэгтэйн хоолойг боогоод цогцсыг нь шатаасан хэрэг гарсан. Машин жолоодох хүсэл, хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй зан нь тэднийг хүний амь, шатсан цогцос, шорон гянданд суулган "алуурчин" нэртэй болгож, аавын хаалга татахад хүргэж байна. Хүний санаанд багтамгүй хэрэг үйлдсэн хүүхдүүд "Ихэдлээ гэхэд 20 жил авна биз. Ялаа эдлээд гарах нас байна" хэмээн хэлээд зогсож байсан удаатай. Гэтэл энэ сарын 16-нд Баянзүрх дүүрэгт олныг хиртхийлгэсэн ноцтой хэрэг гарчээ. Тус дүүргийн XXI хорооны нутаг, Цагаан давааны хогийн цэгээс эмэгтэй хүний цогцос олджээ. Цогцост хийсэн үзлэгээр 70 гаруй удаа хутгалсан нь тогтоогдсон байна. Хар хорын улмаас эхнэр, нөхөр, хадмуудаа хөнөөх нь ердийн үзэгдэл болох нь холгүй байна. Эдгээр хэргийг ихэвчлэн архидан согтуурсан үедээ үйлдсэн нь монголчууд архин далайд живж, араатнаас дор авирлах жигшүүрт хэргүүдэд дасал болж байгаа нь хамгаас аймшигтай. Ямар гээчийн цөвүүн цаг ирж хүүхдээрээ шахуу залуус маань араатнаас дор авирлах болов. Хүнийг байтугай адгуус амьтныг хайрладаг монгол ёсон хаана гээгдчихэв ээ. Өмсөж зүүхээр бусдаас дутаачих вий гэдэг дээр санаа зовохоос биш хүмүүжил, оюун ухаанд нь нөлөөлдөггүй эцэг эхчүүд минь таны үр хүүхэд хэнтэй нөхөрлөж ямар хүн болж өсч хүмүүжиж байгаа дээр завгүй их ажлынхаа хажуугаар завсар гарган анхаарах цаг нэгэнт болжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )