Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2011 оны 104 дүгээр тушаалаар хувийн их дээд сургуулиудад шалгуур тавьж аттестатчилах ажлыг үүрэг болгожээ. Энэ ажлын хүрээнд нийт 28 сургуульд хяналт шалгалт хийсний дүнд “Хан-Уул” “Архангай”, “Шинэ Дархан”, “Ховд эрдэм”, “Хархорум, “Мон-Фреш Мөнх-Ану” зэрэг коллежуудийг багш боловсон хүчин хангалтгүй, суралцах нөхцөл бүрдээгүй гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг зогсоон, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гарсан байна. Эдгээр үйл ажиллагааг нь зогсоосон найман сургуульд суралцаж байсан оюутнуудыг ижил чиглэлийн өөр сургуулиудад шилжүүлэх арга хэмжээ авахыг Мэргэжлийн боловсролын газарт үүрэг болгожээ. Түүнчлэн “Улаабаатар-Эрдэм судлал” , “Маргад” , “Евро-Ази” , “Хэл судлаач” дээд сургууль, Бизнесийн коллеж, “Номун далай” коллеж зэрэг сургуулиудыг зарим чиглэлээр элсэлт авахыг хоригложээ. Харин “Чингис хаан” дээд сургууль, Олон улс судлалын дээд сургууль, “Гурван эрдэнэ” дээд сургууль, Дорнод Казахстаны дээд сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Утга зохиол нийгмийн ажилтаны коллеж, “Гэгээ” коллеж, “Далайн Ван” коллеж, “Гурван тамир” коллежийг аттестатчилагдсанд тооцож, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ. Их дээд сургуулиудад хийсэн энэ удаагийн шалгалтаар сургуулийн байргүй, багш боловсон хүчин хангалтгүй, суралцах орчин бүрдээгүй гэсэн нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Улсын хэмжээнд нийт 113 их дээд сургууль бүртгэлтэй байснаас шалгалтын дүнд найман сургууль хасагдаж, Тагнуулийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи гэсэн сургуулиуд нэгдсэнээр энэ жил 102 сургуулид 160 гаруй мянган оюутан суралцах тооцоо гараад байна.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )