Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийг гурван жилийн хугацаатай хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Үер усны сургаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дугаар хорооны айлууд сэтгэл түгшиж эхэлдэг. Харин энэ асуудлыг  ирэх гурван жилд бүрэн шийдвэрлэхээр болж  байна. Нийт 12 тэрбум төгрөгөөр хийгдэх Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийн ажил гурван жилийн хугацаатай хийгдэх юм. Энэ жилийн хувьд 24 метр урттай 2*2 харьцаатай төмөр бетон хийцээр  угсарч далд хоолой тавих ажлыг наадмын өмнө эхлүүлээд байгаа гэнэ.  Хоёр талаар хийгдэж байгаа 3,7 км гарц нийлж Туул голд цутгах юм байна.  Далангийн ажлын 70 хувь нугармагц Нарны зам энэ сарын 20-нд нээгдэнэ. Харин Төмөр зам сэтлэх ажлыг өчигдөр галт тэрэгний хувиарт өөрчлөлт оруулахгүйгээр амжилттай хийж дууссан байна. Хотын энэ хэсэгт үерийн усанд айлууд автсан дүр зураг зун бүр давтагддаг болсон гэхэд хилсдэхгүй. Аргаа барсан дүүргийн удирдлагууд нүүх шаардлага хүргүүлдэг ч эндхийн оршин суугчид А зэрэглэлийн бүсэд байршилтай газарт зөвшөөрлийн дагуу оршин сууж байгаа учраас нүүх боломжгүй гэдэг хариултыг өгдөг  байжээ. Тиймээс дүүргийн зүгээс оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор хийж байгаа энэ ажилд 13, 14-р хорооны оршин суугчид талархаж  байгаагаа илэрхийллээ. “Эм Эм Жи Капитал” ХХК  гүйцэтгэгчээр ажиллаж, 50 гаруй ажилчин, таван хүнд даацын кран техник хэрэгсэл ашиглан Нарантуулын замыг хоёр газар сэтэлж, дөрвөлжин  төмөр бетон хийцүүдийг угсарч байгаа гэнэ.  Нарны зам дагуу хоорондоо 800 метр зайд хоёр гаргалгаа хийж, мөн харалдаа төмөр замыг хоёр газраар сэтэлж байгаа юм байна. Харин ирэх жил 5, 22, 19, 24, 9, 17, 8 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх үерийн далан сувгийг инженерийн байгууламж болгон засварлаж, Дандарын гудамжны дээшээ Цайз зах руу өгсөх гаргалгаа хийгдэх гэнэ. Ингэснээр дүүргийн иргэд үер усны аюулд өртөх эрсдэл бүрэн шийдэгдэж байгаа юм.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top