Хоёр ард түмнийг холбосон 22 жил

2023 оны 09 сарын 08

Зүүн хойд Азийн алдарт Чанбай шаны нурууны ар хормойгоос умрыг зорин хоёр мянган бээрийг туулан мяралзан мэлтэлзэх Сунгаар мөрний өмнөд эрэг дагуу эртний түүхт Харбин хотоос холгүйхэн орших үржил шимт хөрстэй үзэсгэлэнт Бинсянь сууринд 1963 оны дөрөвдүгээр сар буюу билгийн тооллын 16 дугаар жарны усан туулай жилийн хаврын адаг сард нутгийн эгэл ард Цай гуайнд мэндэлсэн хүү бол өнөөгийн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, нэрт дипломатч, Монголын ард түмний анд нөхөр Цай Вэньруй юм. Хятадын үе үеийн шилдэг залуусын хүсэл мөрөөдөл болсон Бээжингийн их сургуульд элссэн дараахан өөрийн сонирхол, ачит багш нарын зөвлөсний дагуу монгол хэлний ангид орсон нь түүний хувь заяаны төөрөг дахь нэн чухал эргэлт байжээ. 1898 оноос эхлэлтэй Хятадын ард түмний оюун санааны ундарга болсон Бээжингийн их сургуулийн нэрт эрдэмтэн Жи Шяньлинь профессорын үүсгэн байгуулсан Хятадын дорно дахин судлалын хамгийн эртний, хамгийн олон мэргэжлээр сургадаг, гадаад харилцаа гадаад худалдаа соёлын солилцооны үндсэн боловсон хүчин бэлтгэдэг Дорно дахины хэл утга зохиолын факультетад  хуваарилагдан орсон Цай Вэньруй нь Хоү Ваньжуан нарын суут багш нараар хөтлүүлэн эрдэм номд шамдан монгол хэл заалгахын зэрэгцээ өнө эртний түүхтэй, найрсаг харилцаат хөрш орныхоо түүх соёлоос оюутны дөрвөн жилд онцгой хичээнгүйлэн суралцсан шилдэг оюутан байлаа.

Төрөлх Хармөрөн мужийнхаа дунд сургуульд заадаг байсан орос хэлний мэдлэг нь түүнийг монгол хэл сурахад багагүй суурь болсон гэж тэрбээр хожим өгүүлсэн байдаг. Гадаад хэлний ур чадвар, түүх соёлын болон гадаад харилцааны мэдлэгээрээ үеийн нөхөд дундаа шагшигдаж, эрдэмтэн багш нартаа үнэлэгдэн 1985 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтнаар томилогдсон нь түүний дипломатын 40 шахам жилийн ажил амьдралын гарааны эхлэл байжээ. 

Залуухан дипломатч Цай Вэньруй 37 жилийн тэртээ 1986 онд Монгол нутагт анх хөл тавьж МУИС-д мэргэжил дээшлүүлэх сургалтын хугацаандаа манай улсын монгол хэл бичгийн сор болсон эрдэмтэд Чой.Лувсанжав, Ш.Чоймаа нараар хичээл заалгаснаар түүний монгол хэлний мэдлэг чадвар улам төгс болж сайжирсаар байв. Ачит багш нарыгаа дурсан ярихдаа тэрбээр “Багш нарынхаа ачийг Монголд хийх ажлаараа хариулна” үргэлж хэлдэг.

Түүний дипломатчийн замналын харвал:

1985-1986 онд  БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан

1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан

1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе

1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга

1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга

1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга

1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга

2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга

2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх

2000-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний ажилтан

2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга

2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин хотод суугаа Ерөнхий консул

2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул

2020-оны 1-р сараас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллажээ.

Дээрх замналаас харахад манай улсын сүүлийн 40 жилийн өөрчлөлт шинэчлэл, хөгжил цэцэглэлт, тэр дундаа социалист БНМАУ-аас орчин үеийн ардчилсан Монгол улсыг хүртэлх нийгмийн том өөрчлөлтийн бүхий л цаг хугацаанд тэрээр Монгол, Хятадын харилцааны тэргүүн эгнээнд ажиллаж хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн найрсаг солилцоог ахиулахад оруулан хувь нэмэр асар их юм. Цай сайдын монгол хэлний онолын зузаан мэдлэг, урсам сайхан ярианы ур чадвар, Монголын түүх соёлын арвин мэдлэгийг уулзсан хүн болгон магтан онцолдог бөгөөд үүнийгээ тэрээр “Эрхэм багш нарын ач гавьяа, монгол хэл сурсан буян заяа” гэж үргэлж бэлгэшээж, харин монгол хэл сураагүй байсан бол элчин сайд болж чадахгүй байсан гэж монгол хэл соёлыг үргэлж онцгой хүндэтгэж өгүүлсэн байдаг.

Түүнийг Элчин сайдаар ажилласан 2020-2023 онуудад даян дэлхийг хамарсан аюулт цар тахлын хүндрэлтэй цаг үе тохиосон хэдий ч тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг олонтоо зохион байгуулж, эдийн засгийн харилцаа бэхжиж, хоёр талын худалдаа эргэлт 2022 оны сүүлч гэхэд 12 тэрбум долларт хүрээд байна. Аюулт цар тахал нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед үргэлж идэвх зүтгэл гарган ажиллаж худалдаа тээврийн харилцаанд үүссэн бэрхшээл болгоныг шийдэн хамтаар даван туулж байлаа. Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30000 хонийг Хүбэй нутагт хүргэн өгч эрүүл мэндийн салбарт олонтоо тусламж дэмжлэг үзүүлэхэд оройлон ажиллаж байв.

БНХАУ-аас Монгол Улсад суусан 17 дахь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйгийн дипломатчийн амьдралд олон онцлох зүйлс байгаагаас дурдвал: Монгол Улсад хамгийн удаан хугацаанд буюу 22 жил ажиллаж амьдарсан, хамгийн олон удаа буюу зургаан удаа томилогдсон, хамгийн анхны Ерөнхий консул ба Элчин сайдаар дараалан ажилласан, хамгийн анхны Элчин сайдын яамны бүх албан тушаалыг хашсан гээд хөвөрч өгнө. Бээжингийн их сургууль түүнд хожмын Элчин сайд болох замыг чиглүүлж монгол хэлийг нь зааж сургасан бол харин тэр өөрийн нэгэн насны халамжит ханиа мөн л монгол хэлний салбараасаа сонгожээ. Түүний гэргий Гао Фэнин нь ГЯЯ-ны системд олон жил зүтгэж тэр дундаа Монгол Улсад олон удаа томилогдон Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх хүртэл албан тушаалуудад ажилласан чадварлаг дипломатч, монгол хэлний сайн мэргэжилтэн, найрамдлын  зүтгэлтэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг эх орондоо буцах гэж буйтай нь тохиолдуулан Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд энэ нь Монгол, Хятадын ард түмний хөгжил цэцэглэлт, найрамдал нөхөрлөлийн төлөө 40 шахам жил зүтгэсэн түүнд ирэх зүй ёсны хүндлэл байв. Эрхэм сайд Цай Вэньруй маргааш Элчин сайдын үүрэгт хугацаагаа дуусган эх орондоо бүр мөсөн буцах гэж байна. Ийнхүү дипломатчийн замналаа өндөрлөж болох ч хоёр зууныг өртөөлж хоёр ард түмнийг холбосон тэрбээр найрамдал нөхөрлөлийн үйл үйлсийг манлайлах их аяны түүчээгээ дөнгөж эхлүүлж байна. Монгол түмний чин сэтгэлийн бэлгэдэл болсон сүүн цацлаар аяны дөрөөг тань мялаая. Баярлалаа. Та сайн яваарай. Удалгүй Улаанбаатартаа уулзахын ерөөл тавья.

Хятад судлаач, Орчуулагч Х.БААТАРХҮҮ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ж(202.9.46.78) 2023 оны 09 сарын 11

МАН сургагчаа сольж байгаа юм уу

0  |  0
Я(139.5.219.20) 2023 оны 09 сарын 10

Энэ хүн үнэхээр монголчуудын төлөө хүчин зүтгэсэн элчин сайд байсанд баяр хүргэж аз жаргал эрүүл энхтйг хүсэе

0  |  0
Эрүүл энхийг хүсье(103.212.117.56) 2023 оны 09 сарын 10

Монгол хэлийг маш сурсан дипломатад ажлын амжилт хүсье

0  |  0
Гал(66.181.190.162) 2023 оны 09 сарын 10

Их сайхан мэргэшсэн дипломатч юмаа. Ингэж сайн мэргэшихээр 2 орны харилцаа сайжрах нь аргагүй. Танд сайн сайханыг хүсье. Монгол оронтой минь холбоотой байгаарай.

1  |  0
7(66.181.160.78) 2023 оны 09 сарын 10

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

1  |  0
Top