Хакухо Даваажаргал Монгол-Японы хооронд чонын бизнес хийнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Эх орныхоо нэрийг дуурсгаж, Монгол Япон хоёр улсад  дархлаатай, нэр хүндтэй болсон хүний нэг бол Хакухо М.Даваажаргал билээ.  Сумогийн нэрээр цагаан будааны шинэ сорт тариалж  элэг нэгтнүүддээ зориулан хямдхаан зарна гэж байсан ч түүний энэ бизнес сүртэй эхлээд  тааруухан өндөрлөсөн.  Бизнесийн ертөнцөд аль унаж босохыг тэр гэх вэ. Хакухо Даваажаргал алдсан мөнгөө эргүүлж олох бизнесийн шинэ санаа олсон гэнэ.  Тэр юув хэмээвээс хэдэн жилийн өмнө  Япончууд  нутагтаа байсан чононуудыг зэвүүн, зэрлэг амьтан гээд   хүйс тэмтэрчээ.  Удаа ч үгүй  тэд  бүх чоноо устгасандаа харамсаж эхэлсэн бөгөөд Хакухо үүн дээр нь дөрөөлөн  эх орныхоо хөх чоныг үнэд хүргээд авах бодол төрсөн байна.  Японы чоно хамгаалах нийгэмлэгийнхний түүнд тавьсан хамтран ажиллах санал ч их нөлөөлсөн  гэнэ. Ингээд эхний ээлжинд 50 хос чоно  нийлүүлэхээр болжээ. 
Гадаадаас амьд амьтан оруулж ирнэ гэдэг олон шат дамжлагатай,   цаг, мөнгө ихээр шаарддаг ажил.  Япончууд дөнгөж эхний хэдэн шатаа амжилттай даваад байгаа.  Бүх даваагаа давчихвал хамгийн түрүүнд Хакухогоор дамжуулан манай улсаас  чоно авна.  Хэрэв манай чононууд үүргээ ухамсарлан, ажлаа сайн хийх юм бол цаашид манайхаас авах чонын тоог нэмнэ гэнэ шүү.  Японы тал чоно авахад асуудалгүй боллоо гэж үзэхэд манайхан одоо Хакуход итгэж хэдэн чоноо өгөөд явуулах болов уу?  Асуудалтай даа. Уг нь ч хэдэн баячуудын зугаа болгож, үнэгүй алж байснаас үнэ хүргээд  арлын Япон руу явуулчихбал яасан юм бэ гэх хүмүүс ч цөөнгүй байгаа сурагтай.  Сумогийн их аварга Даваажаргал талынхаа цөөвөр чоныг худалдах дээрээ тулсаныг бодоход  түүний будааны бизнес явцгүй байсан бололтой.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top