“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн дор болж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр хоёр дахь жилдээ оролцож байна.
Чуулга уулзалтын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзаж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Дэлхий нийтийн өмнө тулгарч буй геополитик, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг аливаа хүндрэл бэрхшээлийг улс орнууд хамтын хүчээр даван гарах, байгаль орчныг хамгаалах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх цаг ирснийг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин онцолсон байна. Мөн БНСУ нь хоёр болон олон талт хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Дэлхийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах нь цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгахад чухал гэдгийг Пак Жин сайд хэлээд Ашигт малтмалын аюулгүй байдлыг хангах олон улсын нийгэмлэгийн (MSP) үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
Үүнээс гадна цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд лити, кобальт зэрэг газрын ховор элементийг ашиглах шаардлагатай. Иймд олон улсын ашигт малтмалын нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангахад Монгол зэрэг газрын ховор элемент, критикал минералын нөөц ихтэй улс орнуудын шийдвэр гаргагчдын улс төрийн манлайлал, нягт хамтын ажиллагаа чухал болохыг БНСУ-ын Гадаад хэргийн сайд онцлон дурджээ.
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад оролцох үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар, “Манай улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гВт-аар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутагт оршдог. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цаашлаад бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг харуулж байна” хэмээн мэдэгдсэн нь олон улсын бодлого боловсруулагчид, судлаачдын анхаарлыг татсан юм.
Эрчим хүч бол улс орны хөгжлийг тодорхойлогч төдийгүй хүн төрөлхтний орчин тогтнох гол хүчин зүйлийн нэг. Дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөхийн хэрээр эрчим хүчний хомстолд орох эрсдэл нэмэгдсээр байна. Эрчим хүчний үйлдвэрлэлд өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн нүүрс, хий, нефтийн нөөц аажмаар шавхагдаж байна. Эдгээр түүхий эдийг их хэмжээгээр ашиглах нь хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж эргээд байгаль орчин бохирдож, хүн төрөлхтний эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг багасгасаар байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг олон асуудлыг эрчим хүчээр шийдэж болно. Ийм ч учраас дэлхийн олон улс орон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
Манай улсын хувьд нар, салхины эрчим хүчийг улс орон даяар өргөн ашиглах боломжтой. Жилийн 250 гаруй хоног нь нартай байдаг Монгол Улс нь нар, салхинаас гадна зарим бүс нутагтаа усан цахилгаан станц барьж байгуулах боломжтой бөгөөд 2013 онд анхны салхин парк болох 50 МВт-ын хүчин чадалтай Салхитын салхин парк ашиглалтад орж байсан.
Сэргээгдэх эрчим хүчний салбарын хурдацтай өсөлтөд 2007 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд туссан дэмжих тариф нөлөөлснийг дурдах нь зүйтэй. 2019 оны тоо баримтаар эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 18.1 хүрчээ. Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтот түвшнийг хангахаар зорилго тавин ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол Улс 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтот түвшнийг хангахаар зорилго тавин ажиллаж байгаа юм.\n2023 он дуусах гэж байхад хаана явнаа?!
Энэ нэг дарга нар солонгост аялалаад байхын ард түмэн хил дээрээс нь буцаад байхын яагаад ард иргэдээ чиглэсэн ажил төрөл гэрээ хэлэлцээр хиидэггүй юм болоо Солонгочууд манай эх оронд хаа сайгүй аялалаад байхад монголын ард түмэн хил дээрээс нь буцаад хөөрхии хэлтэй нь аргагүй ирээд байхад ард түмниихээ төлөө жоохон ажил хиимээр юм даа визгүй болгоод өгвөл монголчууд маань хараар үлдэж ажиллахгүй шүүдээ