Монгол төрийг 44 жил удирдаж, БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж явсан, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 107 жилийн ой, төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиож байна. Түүний талаар удирдагч болоод улстөрчийн хувьд хэн байв. Хүний мөс чанарын тухайд хэр байв. Улс орондоо юу хийж бүтээсэн бэ гээд олон асуулт тавигддаг. Энэ сэдвээр Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Удирдагчийн өв гэж бид ярьдаг. Монгол төрийг жолоодож ирсэн удирдагчдын ухаан, эр зориг, улс оронд үлдээсэн өгөөжийг хэрхэн дүгнэвэл зохистой юм бол?
-Монгол орондоо хүн болж төрөөд 82 жилийг элээхдээ би есөн төрийн үед амьдарч, түүнээс найман төрийн үед нь Монголынхоо улс төр, нийгмийн амьдралд оролцож, харж л явна. Ер нь Монгол орны ХХ зууны түүх бол социалист нийгмийн үеийн түүх. Тэгэхдээ аль нэг улсад нийгмийн байгуулал ямар байх нь хувь хүнээс шалтгаалдаггүй.
Хэрэв бид төр, нийгмийнхээ зүтгэлтнүүдийг, тэр дотроос төрийн удирдагчдаа нийгмийн байгуулал талаас нь дүгнэх юм бол Чингис хааныгаа феодалын нийгмийн үеийн хүн гээд, Модун Шаньюгаа түүнээс бүр өмнөх үеийн хүн гээд л янз бүрээр шоглож эхэлнэ шүү дээ. Дэлхийд ч гэсэн Египетийн Фараонууд гээд фараоны үеийн хүмүүс байж л байдаг. Грек, Ромынхон боолын нийгмийн үед байж л байсан. Тэр үеийн нэр цуутай, алдартай төрийн удирдагчдаа хүн төрөлхтөн санаж л явдаг шүү дээ. Үг сургаалыг нь аваад явдаг. Монгол орон ХХ зууны удирдагчдынхаа улс орныхоо төлөө хийсэн үйл, зориулсан амьдралыг нь үнэлэх хэрэгтэй. Тэр хүн эх орондоо яаж хандав гэдэг нь нэгдүгээр асуудал. Энэ нь тэр хүний үзэл бодол. Хоёрдугаарт, тэр хүний үйл ажиллагаа ямар үр дүнд хүргэв. Гуравдугаарт, тэр хүн юу бодож санаж явсан бэ гэдэг талаас нь дүгнэх юм бол алдаагүй болох байх.
-Тэгвэл та маршал Ю.Цэдэнбалын тухайд ямар бодол, дүгнэлттэй явдаг вэ. Ажил хэргийн шугамаар уулзаж, улс орны асуудлаар санал солилцож явсан хүний хувьд түүнийг дүгнэвэл...?
-Миний хувьд 1965 онд Москвад сургууль төгсөөд, нэгдүгээр сарын 5-нд төмөр замын Улаанбаатар буудалд буухад “...Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Б.Нямбуу нарын намын эсрэг бүлгийн үйл ажиллагаа” гээд л цагаан хоолойгоор ярьж, төмөр замын буудал тэр чигээрээ доргиж байсан. Улс төрийн тийм их хурц үйл явдлын дараахан дөнгөж сургууль төгсөөд ирсэн минь тэр. Миний ажилд орсон газрын дарга нь Б.Сурмаажав гэж хүн байгаад хэрэгт холбогдоод явчихсан, Статистикийн төв газрынхан “Энэ ямар хүн бэ” гэж хардаж харах боломжтой тийм цаг үед би очсон. Тэнд ажиллаж байхдаа анх удаа Ю.Цэдэнбал гуайтай уулзаж, ярилцсан нэг удаагийн тохиолдлын талаар эхлээд ярья.
-Тэр үед нийгэм, улс орны нөхцөл байдал ямар байсан бэ?
-Ер нь бол 1965 оноос Монгол Улс одоогийн бидний ярьдгаар макро эдийн засгийн нэгдсэн үзүүлэлтүүдээ тооцох, тэгэхдээ тэр үед НҮБ-ын баримталж байсан улс ардын аж ахуйн баланс системүүд гэдгээр тооцох ажил эхэлсэн юм. Ингээд бид 1967-1968 он хүртэл оролдож байгаад 1966, 1967 оны улс ардын аж ахуйн балансыг зохиож, залуу хүний гэнэн зангаар юм уу нөгөөхдөө тайлбар бичлээ. Монголын эдийн засаг ийм статусаар гажуудалтай байна, тийм ч талаасаа буурай хөгжилтэй байна гээд баахан шүүмжлэлтэй хандсан юм бичээд тавьчихсан. Гэхдээ Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын том асуудлын дараах уур амьсгалыг бид ойлгодоггүй байсан шиг байгаа юм. Тиймээс их ч зоригтой байж. Тэгсэн нэг өдөр манай газрын дарга Цэнд гуай дууддаг юм. Их төлөв төвшин, залуучуудаа дэмждэг сайхан хүн байсан юм. Надад “Чамтай том дарга уулзъя гэж байна” гэхэд нь би гайхаж “балансын тайлбар гэж бичсэн юм маань элдэв өнгийн асуудал болсон юм болов уу. За ямар ч байсан хувцсаа сольсон дээр” гэж дотроо бодоод цайны ганц костюмаа өмсөөд долоо хоног явлаа, байдаггүй. Тэгэхээр нь өнөөхөө тайлаад ажилдаа өмсдөг өвдөг, тохой нь нөхөөстэй өмд, пиджактайгаа нэг өдөр сууж байтал дарга “За одоо явна аа, уулзана” гэдэг юм. Ингээд 1969 оны хоёрдугаар сарын 18-нд шиг санагдана, ажил тарсны дараа дарга намайг дагуулаад явсан. Очтол Төлөвлөгөөний комиссын дарга Рэнцэнпэрлээ гуай, Сангийн сайд Д.Содном гуай, манай газрын дарга, намайг оруулаад дөрвөн хүнийг Ю.Цэдэнбал гуай руу орууллаа. Ороод суусан хойно Ю.Цэдэнбал гуай “Манайх гадаад худалдаанаас ашиг олоод байхыг онолын талаас нь юу гэж тайлбарлах вэ” гэж асуулаа. Энэ том асуудал л даа, гадаад худалдааны ашгийг тэр үед манайхны экспортод гаргаж байсан хөдөө аж ахуйтай холбоод тулгах юм бол тэр үед Монгол Улс хөдөө аж ахуйгаараа замнаад байх хэрэгтэй гэсэн бодлогын чиг гарна. Өөр чигээр бол бас өөр л юм гарна. Гэтэл Рэнцэнпэлжээ гуай маань “Гадаа гандаж, хөдөө хөхөрч явж үйлдвэрлэл эрхэлдэг малчдын маань нэмүү өртөг” гээд марксист онолоороо тайлбарлалаа. Д.Содном гуай тэр үед залуу ч байж “Дарга аа, би гарчихаад ирэх үү” гэж хэлээд гараад алга боллоо. Газрын дарга маань “СЕВ-ийн аргачлал тийм байдаг юм” гээд аргачлал руу чихчихлээ. Гурван том даргын доор сууж байгаа мэргэжилтэн хүн юу ч хэлэх билээ дээ, маанайгаад сууж байтал “Чи юу гэж боддог вэ” гэж палхийтэл асуудаг юм. Тэгэхээр нь хэллээ”Рэнцэнпэлжээ гуайн хэлдэг ч бас үнэн. Гэхдээ манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хоцрогдсон болохоор гадны аж үйлдвэрийн бүтээгдэхүүн манайд үнэтэй байдаг юм. Үнийн зөрүүг бид ашиг гэж тооцоод байх шиг байдаг” гэлээ. Ю.Цэдэнбал гуай нэлээд юм бодож сууснаа “Тэр ч тийм л дээ” гээд хоёр даргыг “Та нар яв” гээд намайг “ чи үлд“ гэлээ. Тэгж үлдээгээд тэр хүн хоёр цаг 30 минут улс ардын аж ахуйн баланс гэж юу болох, салбар хоорондын балансыг яаж хийдэг тухай надаар тайлбарлуулсан.
-Энэ уулзалтаас танд юу бодогдсон бэ?
-Би тэндээс “Төрийн тэргүүн хүн нэг яамны мэргэжилтнээс өндөр мэргэжлийн, тухайлбал макро эдийн засгийн тооцоо бол маш өндөр түвшинд хийдэг тооцоо, түүнийг аргачлалын түвшинд асуудаг удирдагч бас байдаг юм байна даа” гэж бодоод гарч байсан даа. Энэ бол миний Ю.Цэдэнбал гуайтай уулзаж, ярьсан, ажил албаны талаас анхны уулзалт байсан юм.
-Дараагийн уулзалт хэзээ, ямар сэдвээр өрнөв?
-Түүнээс хойш би Улсын үнийн хороонд очиж, 1976 он ч гарлаа. Тэр онд манай улс ЗХУ-тай анх удаа гадаад худалдааны үнийн хэлэлцээр хийсэн юм. Түүнээс өмнө дандаа Зөвлөлтийнхний тавьсан үнээр л худалдаа хийгээд явдаг байсан. Анхны хэлэлцээр 1976 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Уг нь бид Гадаад худалдааны яамнаас, манайхаас, Сангийн яамнаас төлөөлөгчид оролцож, хоёр долоо хоногийн удирдамжтай яваад, хойно очоод хэлэлцээр хийтэл өнөөх маань амар бүтдэггүй. 1973 оны Ойрхи Дорнодын дайны дараа дэлхийн валют, санхүүгийн систем тэр чигээрээ өөрчлөгдөж, доллар алтан баталгаагүй болсон үе. Бид тэндээ хэлэлцээр хийсээр, тэр нь тавдугаар сарын эхэн хүртэл сунжирлаа. Хэлэлцээрийн явцад Зөвлөлтийн талтай янз бүрийн зөрчилд орно, санал зөрнө. Нэг нь юмаа үнэтэй худалдах гэнэ, нөгөө нь хямд авах гэнэ. Энэ мэт маргаан гарна. Тэр дунд Зөвлөлтийн тал явсаар байгаад Бямбасүрэн гэдэг хүнийг хэлэлцээрээс явуулбал бүх юм шийдэгдэнэ гэсэн шиг байгаа юм. Хамтарсан хэлэлцээрийн ажлын хэсэг ахалж явсан Худалдааны яамны нэгдүгээр орлогч Дорж гуайд “Та нар Бямбасүрэнгээ л явуулчих, тэгээд шийдэгдэнэ, ер нь шийдэж болно” гэж бараг шууд хэлнэ. Дорж гуай намайг яв гэхгүй. Ингэж хэдүүлээ зууралдсаар байгаад тавдугаар сарын 1 хүртэл суугаад Зөвлөлтийн талын барааны үнийн өсөлт нь 402 сая шилжих рублийн буцалтгүй тусламж авахаар болж, өөрийнхөө барааны үнийг 50-60 сая шилжих рублиэр нэмж шийдүүллээ. Ингээд тавдугаар сарын 1-нд ирцгээв. Тавдугаар сарын 6-нд манай хорооны дарга П.Жасрай гуай “Ю.Цэдэнбал дарга чамайг дуудаж байна” гэлээ. Би бодлоо “Зөвлөлтийнхөнтэй санал зөрсөн, барьсан гээд том асуудал босох нь дээ, юу ярих билээ” гээд дотроо хариу хэлэх үгээ бэлдээд очлоо. Ер нь бол 1929 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд зааснаар Зөвлөлтийн мэргэжилтэн болон зөвлөлтийнхөнтэй санал зөрсөн хүнийг Монгол төрд ажиллуулахгүй гэсэн гэрээтэй байсан юм шүү дээ. Тэр гэрээ 1990 он хүртэл үйлчилсэн. 1990 онд би Ерөнхий сайд болоод тэр гэрээг хүчингүй болгосон.
-Тэгээд таныг шийтгэсэн үү?
-Намайг ороод очтол Ю.Цэдэнбал гуай “Нөхөр П.Жасрайг бид өөр ажилд томилох гээд чамайг Хорооны дарга болгох саналтай байна” гэсэн. Хариуд нь “Би чадахгүй ээ. Орлогч байхдаа ч би өөрийгөө сайн ажилласан гэж бодохгүй байна” гэтэл “Чи боловсролоо дээшлүүлсэн, ер нь чамайг бид ойлгож байгаа” гэнэ. Тэр нь 1976 оны нэгдүгээр сарын 31-нд, хойшоо явахын өмнөхөн би дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Гэтэл хоёрдугаар сарын 3-нд Төв Хороонд “Үндсэрхэг үзэлтэй сэдвээр диссертац хамгаалсан” гэсэн матаас очихгүй юу, тэрийг би мэдэж байсан л даа. Тэгээд зориуд би Ю.Цэдэнбал гуайн асуултад тэгж хариулсан юм. Тэгээд “Чи боловсролоо дээшлүүлсэн” гэхэд нь “бөөн маргаан юм байхчүүлээ” гэсэн юм.Тэгсэн “Бид тэрийг ярьсан, тэр хамаагүй” гэв. Ингээд 1976 онд би Хорооны дарга болчихов оо. Тэр үед “Зөвлөлтийнхөнтэй маргасан гээд хутгаар огтлоод байдаг ч үгүй юм байна даа” гэсэн шүү бодол төрж явсан.
-Тэр үед ямар онцлог үйл явдлууд болж байв. Тухайлбал маршал болон таны эрхэлсэн ажилтай холбоотой?
-Би үнийн системээ боловсронгуй болгохыг хичээсэн. Зөвлөлтийнхөн шинэ барааныхаа үнийг нэмчихсэн, үнийн зөрүү өгнө, тусламж өгнө гэж барааныхаа үнийг Монголын дотоодын үнэд оруулахыг зөвшөөрөхгүй дандаа хориглодог, тийм байсан. Тэгээд үнийн бодлогоо өөрчилнө гээд яваад байлаа. Тэр үед социалист орнуудын коммунист, ажилчны намуудын үзэл суртлын гол зэвсэг болсон “Энхтайван, социализмын улстөрийн асуудал” гэсэн сэтгүүл байсан юм. Чех улсад гол редакц нь байдаг, тэнд хэвлэдэг. Тэр сэтгүүлийн 1978 оны хоёрдугаарт Ю.Цэдэнбал даргын “Үндэсний ба олон улсын эрх ашиг” гэсэн өгүүлэл гарлаа. Тэр өгүүлэлд бичихдээ “бид үндэснийхээ эрх ашгийг эхэлж бодоод, дараа нь олон улсын эрх ашгийн тухай ярина” гэсэн. Гэтэл 1979 оны нэгдүгээр сарын 24-нд Берлинд Коммунист ажилчны намуудын үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн болсон чинь Зөвлөлтийн Коммунист намын нарийн бичгийн дарга Понаморев гэж хүн үг хэлэхдээ Ю.Цэдэнбал даргын нэрийг хэлээгүй, гэхдээ яг тэр өгүүлэлд нь орсон үг өгүүбэрийг эшлэл авч “Зарим хүн бүр ингэж ярихдаа хүрсэн байна” гэж шүүмжилсэн. Тэр бол ерөнхийдөө Ю.Цэдэнбал гуайн үзэл бодолд өөрчлөлт гарч, үндэснийхээ эрх ашгийг тэргүүнд тавина, түүнээс социалист интернационализм энэ тэр гэхгүй гэсэн байр суурийн тухай асуудал болж байгаа юм л даа. Бидэнд, тэр үед төрд ажиллаж байсан хүмүүст маш том дохио шүү дээ, тэр чинь. 1978 онд тэр өгүүлэл гарсны дараагаар 1979 оноос эхлэн Ю.Цэдэнбал гуайтай Монголын Засгийн газрын гишүүд нь уулзахад хүртэл дэглэм тогтоочихсон. Ю.Цэдэнбалтай уулзах хүн өөрийнхөө ажлыг эрхэлсэн нарийн бичгийн даргаасаа зөвшөөрөл авна. Дараа нь Төв Хорооны ерөнхий хэлтэсээс зөвшөөрөл авна. Тэгж байж Ю.Цэдэнбал гуайтай уулзах горим тогтоосон. Өөрөөр хэлбэл, өөрийг нь нийгмээс нь, улс төрөөс нь тусгаарлаж вакумд оруулж байгаа хэрэг л дээ.
Тэр үед янз бүрийн асуудал олон л гарч байсан.
-Тухайлбал?
-Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэр 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд ашиглалтад орсон. Эрдэнэтийн үйлдвэрийг 1974 онд анхлан байгуулсан юм шүү дээ. Тэр үед Монголын талын саналыг огт хүлээж аваагүй. Тэгээд үйлдвэр нь алдагдалтай ажиллаж байсан. Эхний үед бол 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс 1984 оны долоодугаар сарын 1 хүртэл Эрдэнэтийн үйлдвэрт Монголын төсвөөс 932 сая төгрөг юм уу, тэр үеийн ханшаар бол 300 сая долларын татаас өгч байсан юм шүү дээ. Тийм асуудал байсан нэгдүгээрт, нөгөө талаас 1973 онд Болгарын удирдагч Тодор Живков Зөвлөлтөд очихдоо Зөвлөлтийн талд хандаж Болгарыг Зөвлөлттэй нийлүүлэх асуудал тавьсан байсан юм. Тэр нь Зөвлөлтийнхний сонирхлыг өдөөсөн ч юм уу, 1974 онд Л.Брежнев гуай манайд ирэхдээ Ю.Цэдэнбал гуайд энэ асуудлыг тавьж, танайх Зөвлөлттэй нийл гэж шахсан бололтой байдаг юм. Ю.Цэдэнбал гуай бол “Цаг нь болоогүй ээ, түдгэлзэж байна” гээд тэрийг нь ер хүлээж аваагүй. Иймэрхүү асуудлууд болж байлаа.
-Та маршалтай дахиж уулзсан уу?
-Би ажлаа хийж л байсан. Тэгэхдээ миний ажил албанд тохиолдсон дараагийн нэг сонин үйл явдал 1979 онд болсон. Би Үнэ, стандартын хорооны дарга, үнийн бодлогын асуудал ярина, стандарт, чанарын асуудал бас ярих хэрэгтэй. Зөвлөлтийн Стандартын хорооны дарга Глушков гэж доктор, профессор мундаг хүн байх. Тэр хүн надад хэлэхгүй юу “За чи Монголын чанарын удирдлагын системээр Зөвлөлтийнхийг битгий аваарай. Бид том нүсэр, наанатай, цаанатай юм их бий. Чи Германыг ав, тэднийг дуурайж яваарай. Улсынх нь чанарын удирдлага яаж хэрэгждэг, тэр бүх систем, тогтолцоог нь Германд очиж үз” гээд намайг Германы үнэ, стандартын хороон даргатай ярьж байгаад бүх юмыг нь очиж үзэхийг зөвлөсөн. Цаадах нь надад бүх юмаа харамгүй үзүүлж, танилцуулсан. Би ирээд Монголын стандарт, чанарын удирдлагын талаар тогтолцоо бүрдүүлэх тухай тогтоол хийгээд явтал дэмжих хүн ерөөсөө олддоггүй. Тэгээд 1979 оны долоодугаар сарын 8-нд Ю.Цэдэнбал гуайн үүдэнд очоод сахиад суучихлаа. Нөгөө дарга нараас нь ч зөвшөөрөл авсангүй. Орой 20 цагийн үед туслах нь орууллаа. Ю.Цэдэнбал гуайд нөгөөхөө тайлбарлаад тогтоолынхоо төслийг өгсөн чинь “За чи наадахаа надад орхиод явчих. Би үзье” гэнэ. Тэгсэн долоодугаар сарын 15-нд наадам дөнгөж дууссаны дараа утасдаж байна. “Чи одоо хүрээд ир” гээд. Би гайхлаа, болохгүй гэж хэлээд буцаах юм болов уу гээд очсонд Ю.Цэдэнбал гуай “За ингэж шийдэх нь зөв юм байна. Гэхдээ Улс төрийн товчооны тогтоол гаргахад бүх хүний гарын үсэг зурж, хурал хийж гардаг юм. Хурал хийлгүйгээр шийдвэр гаргачихыг бодъё” гээд өөрөө миний хажууд тогтоолын төсөл дээр гарын үсгээ зураад, надад “За чи очоод ажлаа яг үүгээрээ хийж бай. Би тогтоол гаргуулна” гэсэн. Би “Хэзээ ч тогтоол гарах юм билээ. Удах биз” гэж бодоод буцсан. Тэгсэн орой 17 цагийн үед утасдаж байна “Бүгдийг нь гарын үсэг зуруулчихсан шүү” гэж. Гэтэл товчооны гишүүдийг нэг нэгээр нь дуудаад, ятгасаар байгаад гарын үсэг зуруулж, тэгж Монголын чанарын удирдлага, зохион байгуулалтын маш том тогтоол батлагдаж хэрэгжүүлсэн түүхтэй. Тэр дагуу Монгол Улсад чанарын лабораториуд, чанарын удирдлагын албад бий болж, шинэ тогтолцоонд шилжсэн юм. Энэ бол Ю.Цэдэнбал гуайн улсынхаа төлөө маш том эр зориг гаргаж хийсэн ажил байгаа юм.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Saikhan shaadag pizdaa
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Одооч гэсэн сайн хүмүүс зөндөөл байгааш
Yagaad Ene bugdiig tag chimeegui yabaad baisan Hun bee? Ta chin...Mash hund nuhtsuld ajillaj amidarch ulsiinhaa tuluu zutgej ami nasaa zoriulsan Tsedenbal gyai gaihaltai uhaalag negen baijdee
Бодит үнэнийг ингэж түмэнд хэлсэнд баярлалаа.Бид заримдаа муу хүнтэй ойрхон зөрсөн хүнийг адилхан муу болгочих гээд байдаг зуршилтай
“бид үндэснийхээ эрх ашгийг эхэлж бодоод, дараа нь олон улсын эрх ашгийн тухай ярина
Эх орны төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс Төр засагт ажиллаж хийж бүтээсэн түүхтэй сайхан цаг үе байжээ
Сайхан ярилцлага бна. Баярлалаа
Ёстой сайхан ярилцлага бна. Баярлалаа