Хойд нас хэмээх буддын шашны ойлголтыг бодит амьдрал дээр урлаг болгон хөгжүүлсэн Цамын бүжгийг үзэхээр Монголыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Бүжгийн урлагийн энэ онцгой төрлийг монголчууд XVII зууны үеэс эхлэн хөгжүүлжээ. Шашны зан үйлийн хэлбэрээр анхлан үүсч, улмаар урлагийн төрөл болтлоо хөгжсөн Монгол цам хэмээх энэхүү бүжигт үзүүлбэрт хүн үхсэний дараа сүнс нь зуурдын орнуудад хэрхэн амьдарч байгааг дүрсэлдэг юм. Энэхүү дүрслэл нь сүнс мөнх гэж үздэг буддын шашны үзэл номлол дээр тулгуурласан, шашны домог зүйн сэтгэлгээний илрэл бөгөөд буддизмыг шашин бус, шинжлэх ухаан хэмээн үзэх болсон өрнөдийн зарим эрдэмтэд Монгол цамын бүжгийн талаар сонирхолтой дүгнэлтүүд хийсээр байгаа билээ. Монгол цамын бүжгийн гол дүр болох Цагаан өвгөний дүр нь бурхдын орны урт нас, сайхан сэтгэлийн бэлгэдэл ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )