Коммунист Н.Энхбаяраас салан тусгаарлагчид “Хамуг Монгол” хэмээх нам байгуулахаар ярилцаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20


Намбарын Энхбаяраас аль эртний өнөөх коммунист үзэл санаа нь ер салахгүй юм. Аливаа хүний дотоод сэтгэлгээнд бат нот хоногшсон зүйл хэр барагтайд уусан алга болдоггүй нь үнэн ажээ. Н.Энхбаяр МАН-аасаа салж, МАХН-ын нэрийг аван шинээр нам байгуулаад удаагүй байгаа. Түүнтэй анх нийлэгсдээс харин нэлээд хэсэг нь “Н.Энхбаяр гуай баяртай” гээд яваад өгөв. Салж явагсад нь Монголынхоо улс төрийн амьдралыг арай өөр өнцгөөс харж буй бололтой. Эрүүл саруул улс төрийг эмхлэх санаагаа ч хэлж байна. Иймээс МАХН-ын нарийн бичгийн даргаар сонгогдоод байсан С.Молор-Эрдэнэ, Д.Өрнөхбаяр, Ю.Атар нар дахин шинэ нам байгуулахаар болсон гэнэ. Н.Энхбаяраас салсны гол учир начир нь гэвэл түүний хэт хуучинсаг үзэл бодлоос шалтгаалжээ. Д.Өрнөхбаяр, Ю.Атар нар хэлэхдээ “Бид улс төрийн өөр зорилго хүсч байна. Нам байгуулаад бусдын л ижил явах юм бол хэрэг алга. Н.Энхбаяр дарга хуучин шигээ өнөөх авлигачдаа хамтрахыг урьсан тул бид цаашид хамтарч чадахгүй. Угийн луйварчин хүн луйварчнаараа л дуусдаг юм байна. Бид Н.Энхбаяртай олигархи засаглалыг засч залруулъя гэж нийлсэн болохоос биш тэдний тоог нэмэх гэж нийлээгүй байлаа ” гэсэн юм. Мөн Молор-Эрдэнэ ч ийм бодолтой ажээ. Мөн Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын дэд даргаас татгалзсан нь бас ийм шалтгаантай байж. Тэрээр наадмын өмнөхөн хуралдсан намынхаа бага чуулганд оролцоогүй. Эмнэлэгт хэвтсэн шалтгаар үлдэж хоцорсон. Түүнчлэн бага хурлынхаа өмнө “Хамуг Монгол” хэмээх хөдөлгөөн байгуулснаа зарласан юм. Тэгвэл дээрх залуучууд нь шинээр байгуулах намаа “Хамуг Монгол” хэмээн нэрлэхээр ярилцаж байгаа юм байна. Эндээс харахад Ц.Шинэбаяр нь шинэ нам байгуулагчдтай амь нэгтэй яваа аж. Тиймээс МАХН-ынх нь бага чуулганаар түүнийг дэд даргын суудалд  хүчээр үлдээх шийдвэр гаргасан боловч удахгүй салж одох нь гарцаагүй болж байна. Тэд үнэхээр луйварчин, коммунистоороо дуудуулсаар байгаа Н.Энхбаяраасаа залхаж, улс  төрд шинэ орон зай үүсгэх гэж байгаа бол сайн л хэрэг болох байх. Гэхдээ цаг хугацаа тэднийг шалгаад, нотлоод өгөх биз ээ.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top