Л.Дашням: “Монголоо ч алдчихаж, өөрийгөө ч алдчихаж” гэмээр зүйл олон болоод байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашнямтай ярилцлаа.


-Хэлний дархлаа гэж би их ярьдаг. Өнөөдөр монголчуудын хэлний дархлаа сулрахад юу нөлөөлж байна вэ?

-Өнөөдөр 200 гаруй мянган монгол хүн дэлхий даянаар тарж, өөрсдийн байгаа  улс орны соёлын эзэн болж, зарим нь уусан нийлэгжиж, зарим нь саармагжиж сарниж, юм юм л болж байна. Хэчнээн улс оронд тарчихав даа гэхээр тоолох, тодруулахад хэцүү болсон шиг байна. Тэр хүмүүс тухайн амьдарч байгаа орныхоо хэлийг сурч, соёлыг нь дээдэлж, түүгээрээ бахархаж,  тухайн орнуудын соёлын тээгч болон хувирч байгаа. Нэг бодлын сайхан л ажил болж байгаа юм. Харин тэр нь Монголын хөрсөн дээр эргээд яаж буух юм бол гэдэгт асуудал бий. Ямар нөлөө, нөөлөг болох юм бол.  Энэ нэг асуудал. Юу гэвэл, соёлууд нийлж нэгдэнэ, шүтэлцэж, уусаж нийлнэ гэдэг санаан зоргоор болдог ажил биш шүү. Түвэг нь юу вэ гэхээр, зөвхөн ч нэг соёлын урсгал нөлөө бий болж байгаа юм биш дэлхийд байгаа бүх л "сайн сайхан" бүхэн зэрэг зэрэг урсан орж ирж байна гэсэн үг болж байна. Хоёр өөр газрын соёл тээгч хоорондоо ярьдаг, ойлголцдог хэлгүй болох нь байна шүү дээ, ялангуяа үр хүүхдүүд нь. Монголоо бол бүр мэдэхгүй болцгоосон байгаа. Монгол хэлгүй болох юм бол үндсэндээ монгол соёл үгүй болно. Монголын өөрийнх нь үндэсний үнэ цэнэтэй зүйлүүд уламжлагдахад хэцүү болно, тэр нь юу гэсэн үг болох вэ гэвэл үндэсний дархлаа алдагдана л гэсэн үг.

-Бид ийм ертөнцөд амьдарч байна.Тэгэхээр цаашид юу болно гэсэн үг вэ?

-Тийм, бидний амьдарч буй ертөнц ийм л байгаа. Өрсөлдөөний онол дэлхийг эзэгнэсэн цаг үед амьдарч байгаа шүү дээ бид. Хоорондоо өрсөлдөөд л байдаг, тэгээд тэр өрсөлдөөндөө ялсан нь гавьяатан болж байгаа мэтээр ярьж, бичиж, ойлгодог  болж л дээ. Тэнд хэн хэрхэн өрсөлдөөд байна гэхээр зөвхөн өөрийгөө бодсон, өөрийгөө дээр нь гаргая, бусдыг эрхшээлдээ оруулъя л гэсэн бодолтнууд, зорилготнууд манлайлаад яваад байна. Тэр нь бол харин монгол бодол ухаан, монгол уугуул соёл биш юм шүү.

-Та хэл бол соёлыйн дархлаа гэж хэлсэн. Энэ сэдвээр бид өмнө нь ч тантай ярилцаж байсан. Тэгэхээр соёл гэдэг ойлголт монголчуудад хэзээнээс бий болсон бэ?

-Соёл гэдэг үг монгол хэлэнд орчуулгаар бий болсон. Нийтийн тооллоос 160-аад жилийн өмнө Марк Порций Катон гэдэг хүн “Газар тариалангийн тухай номлол" нэртэй бүтээлдээ анх соёл /cultura/ гэдэг үгийг хэрэглэсэн гэдэг юм билээ. Тэгэхээр 2200-аад жил л соёл гэж яриад байгаа юм байна шүү дээ. Анхандаа бол зэрлэг ургамал тарималжуулснаа л соёл гэж нэрлэжээ гэж ойлгогддог. Одоо бол энэ үг газар тариалан, хөдөө аж ахуйн хүрээнээсээ халиад хүний амьдралын хэвшил, нийгмийн бүхий л хүрээнд хэрэглэгдэх болсон байна. Cultura гэдэг үгийг монгол хэл, ойлголтондоо оноон хэрэглэхдээ соёолуулах, ургуулах гэдэг санааг шингээснээс гадна соёх, сургах, гэгээрүүлэх гэдэг утгыг ч мөн давхар бодолцсон шиг байдаг. Ер нь бол маш сайн оноолт юм.

-Тэгвэл соёлтой байна гэдэг нь ямар байх тухай ойлголт вэ?

-Соёлтой байна гэдэг нь орчлонт ертөнцийн амьдралд хөнөөлгүй хүн болоод нийгмийн амьдрал, ажил үйлд хоргүй дэвшилтэт сайн сайхныг бүрдүүлж цогжлоож, хэвшүүлэхийг л хэлдэг шүү дээ.

-Энгийн үгээр хэлбэл?

-Энгийнээр бол  сайн сайхныг мөнхжүүлнэ гэсэн утга санааг агуулдаг. Тийм учраас юуны өмнө тэрхүү сайн сайхан, дэвшилтэт бүхнийг бий болгогч хүнээ соёлтой болгох, соёлт нийгмийг байгуулах ёстой юм. Ялангуяа 1921 оноос хойш бид тэрхүү соёлт гэж нэрлэдэг бүхнийг нь бүрдүүлж, цогцлоохоор зүтгээд байгаа л даа. Бий болгож, ярьж хэлэлцэж байгаа зүйл мундахгүй. Соёлын хувьсгал хийж, соёлжуулах хөдөлгөөн өрнүүлж байсан түүх ч бий. Одоо ч соёлжсоор л байгаа.

-Соёлын хэв шинжүүд гэвэл...?

-Өнөөдөр дэлхий нийтэд Европ соёл зонхилох болсон. Европ соёлыг дуурайдаг, европ маягийн аж амьдралын хэв шинж ноёлж байвал л сая соёлтой сайхан болсон мэтээр ойлгодог болсон. Ардын хувьсгалаа мандуулснаас хойш манайхан ч гэсэн ерөнхийдөө европ зүгийн аж амьдралын хэв маягыг дээдлэх болж, түүнийгээ сайн сайхан боловсон, соёлтой болж байна гэж үздэг болсон.

Соёлыг маш олон хүрээнд ярьж болно л доо. Ахуй амьдралын, нийгмийн, улс хоорондын харилцааны гэх мэт хамаатуулан авч үзэхээс гадна нарийсгаж, тодорхой болгоод үйлдвэрлэлийн, боловсролын, эрдэм номын, шинжлэх ухааны гээд бүх хүрээнд соёлыг хамаатуулан авч үзэж, ярьж болно.

-Амьдрал байгаа цагт соёл байж л байгаа...?

-Ер нь хүний амьдралын гол зорилго сайн сайхныг л бий болгох шүү дээ. Бүтээсэн үнэ цэнэтэй бүхэн, сайн сайхан бүхэн маань өөртөө соёлыг агуулж байна гэж ойлгодог. Соёлгүй амьдрал, соёлгүй харилцаа, соёлгүй бүтээл, бүтээгдэхүүн байх учиргүй юм.

-Гэтэл 1990 оноос хойшхи нийгмийн амьдрал, хүмүүсийн хүмүүжил төлөвшил, бүтээж бий болгож байгаа зүйлүүдээс харахад соёлт хүн гэдэг маань хааччихав аа гэдэг асуулт хааяахан  гарч ирэх болж...?

-Ийм  бодол, асуулт хааяа гэлтгүй гарч ирэх боллоо. Бид соёлт нийгмийг байгуулж байна уу, юу бүтээж байна вэ гэж асуудаг хүмүүс ч бишгүй байдаг боллоо. Тэр бүү хэл, ер нь хүн бүтээгч үү, бүрэлгэгч үү гэж бодохоор ч үе тохиолдож байна. Ийм байдалд бид тулж ирж л дээ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд хүүхдийн тоглоом байна. Эхлээд түүнийг л харъя л даа. Бид соёлтой гэгддэг болсноосоо хойш л хүүхдээ үйлдвэрийн  хийсэн тоглоомоор тоглуулсан даа. Эхний үед тэр нь ч нийтлэг байсангүй. Мод, чулуу, элсээр тоглодог нь байж л байсан. Гэхдээ л тэр нь хамгийн сайхан. хөөрхөн, эвтэйхэн зүйл байлаа шүү дээ. Өнөөдөр манай хүүхдүүд юугаар тоглож байна. Spider гээд нэг аалз ч юм уу, нэг аравгар юм, бууз шийдэм л зонхилж байна. Түүгээрээ бие биеэ бууддаг, алж талж л тоглож байгаа биз. Тийм л юм чухал гэдгийг бүр хар нялхаас төсөөлдөг, мэддэг болгож байгаа юм уу, хаашаа юм бэ. Жишээ нь, монгол хүүхдүүд 1990 оноос өмнө аав, ээжийгээ зодож цохих нь битгий хэл өөдөөс эвгүй харж, муухай үг хэлдэггүй байсан. Аав ээжийгээ хайрлаж хүндэлж байх тухай сургадаг, чулуугаар тоглохдоо хүртэл сайхан айл болж тоглодог байсан шүү дээ. Зөвхөн аав ээж биш, өвгөд өтгөс, ахмад хүмүүсийг хүндэлдэг байсан. Гэр бүл салж сарних явдал ч бага байсан. Гэтэл өнөөдөр урд хожид огт дуулдаагүй муухай явдлууд бий болж байна. Гэр бүлийн анзаарагдахуйцаар хувь нь, дөрөвний нэг нь ч гэдэг билүү, салж сарниж байна. Нөгөө л муу муухай тоглоомоор тоглож, гаж буруу юм багаасаа сурч байгаа хүүхдүүд маань өсөж том болохдоо хэн болж байгаа нь мэдэгдсээр л байна.

-Энэ дотроос юу нь таны  санааг хамгийн их  зовоож байна вэ?

-Хамгийн санаа зовох юм бол монгол хэл боллоо. Хэлгүй болохоороо л үндэстэн мөхдөг. Хэлгүй хүн, халтар хултар хэлтэй хүн, тэр байтугаа монгол хэлгүй хүн олширч байна. Гэх мэтчилэн соёл байтугай  бүр хувь заяагаа бодох юм ч нэмэгдэж л байна даа.

-Монголчуудын соёл, хэл, сэтгэхүй ямар байсныг нь эргэн сануулбал та юуг нь онцлох бол?

-Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, үр хүүхдээ соёж сургадаг ухаан нь одоогийн европжсон хүмүүсийн дээдлээд байгаагаас огт өөр. Бид өрсөлдөхийг гол болгодоггүй. Муу хэлдэг социализмын үедээ ч бид “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэдэг чиглүүлэг, үзэл бодлыг туг болгодог байсан. Ер нь ч тэр бол коммунист уриа дуудлага биш монголчуудын өөрсдийнх нь уугал үзэл баримтлал юм. “Хүнд тус болбол чамд тус болно”, "Тэр хүн байж байж чи байна" гэх мэтээр үр хүүхдээ сургадаг, тэр байтугай тэр ухаанаа тэлж томсгоод “Хорвоо ертөнц, байгаль дэлхий бүтэн байж байж л чи байна, чи оршино, чи бол түүний л нэг хэсэг. Чи байгаль ертөнцийн эзэн, эзэрхийлэгч нь биш, харин үр сад нь” гэдэг ойлголтыг хоногшуулдаг байсан шүү дээ. Тэгж л явж ирсэн.

-Тэгвэл өнөөдөр ямар болж өөрчлөгдөв?

-Өнөөдөр европ ойлголтоор “Бид бол дэлхийг эзэгнэгч, эзэрхийлэгч, ноён нь” гэж ойлгуулдаг, байгаа бүхнийг өөрчлөх эрхтэй, юмыг бусниулж бужигнуулж, байгаль дэлхийгээ өөрчилж шинэчилж, тэр байтугаа үрэн таран хийж, цөлмөж ч болно гэж ойлгуулдаг л даа. Тийм үзэл бодол, хандлага, харьцааг нь дагаад бүтээж, бий болгож байгаа бүхэн, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нь барагддаггүй хүслийг нь халиад, тэнэг хэрэглээ, тэнэмэл бодлынх нь толь болсон илүүдлийн овоолго болчихоод байна. Илүүдлийн, шуналын, зовлон нь эдийн засгийн хямралаар өөрийгөө таниулж, харанга дэлдэж байгаа юм. Жишээ нь, аль ч оронд очсон, тэр нь ядуу, баян аль нь ч бай нэг л үг хэлдэг болж. Тэр нь Sell гэдэг үг! Уг нь зарах, борлуулахыг хэлдэг тэр үг одоо хямдрал гэдэг утгыг илэрхийлдэг болчихож. Дэлхий даянаараа мэддэг, нийтлэг ойлголтын жишээ болохоор мундаг үг болчихож л дээ. Баян орныхон ч яахав тэнэглэсээр, шунасаар, үйлдвэрлэсээр байгаад хямдруулахдаа хүрч гэж бодоё, гэтэл ядуу оронд яахаараа илүүдэл, хямдрал нүүрлэчихдэг байна? Энэ бол ухаангүй амьдралын, ухаангүй үйлдвэрлэлийн баримт байхгүй юу.

-Үүнийг яавал өөрчлөх бол?

-Юуны өмнө тэр тэнэглээд байгаа хүнээ өөрчилье, өөр дээрээ эргэж ирье гэж бодож байгаа хэрэг юм л даа. Соёлт монгол хүн гэж хэн бэ. Түүнийгээ л бий болгоё, соёлт монгол амьдралаа бий болгоё. Бидний амьдралаар бид л амьдарна шүү дээ. Өөр хэн ч монгол хүн болж монголоор амьдрахгүй.

-Бид өнөөдөр өөрийгөө алдаад байна гэж та хэлж байна уу?

-Ер нь тэр байтугай  тун олон юм алдагдаад байна шүү дээ, бид. “Монголоо алдмар” гэдэг нэг сүрхий үг байдаг даа. Монголоо ч алдчихаж, өөрийгөө ч алдчихаж гэмээр зүйл их л болоод байна шүү. Өөрсдийгөө алдчихвал юун соёл ярих. Яаж Монгол маань байх билээ. Ийм л юмыг бид өнөөдөр эргэж хармаар, бодмоор байна. Соёлтой байя, соёлыг судалъя гэхийн хажуугаар соёл гээч юм ер нь юу вэ, судлагдахуун маань өөрөө юу болчихов оо гэдгийг ч бас бодох цаг болсон л юм шиг байна.

-Төрөөс энэ чиглэлд баримтлах гол зүйл юу вэ?

-Өнөөдөр Соёлын яамтай, яамгүй бид амьдраад л байсан. Монгол амьдрал дахь соёлын бодлого тасарсан гэж би бодохгүй байна. Бодлого гэдэг чинь яамтай л болчихоор бий болчихдог ч зүйл биш шүү дээ. Харин цэгцтэй, бодож боловсруулсан, гол нь хэрэгждэг бодлого байна гэдэг өөр хэрэг. Ер нь өнгөрсөн бүхий л хугацаанд цаасан дээр томъёолсон, бичсэн зүйлүүд бол ер нь тасраагүй л дээ. Гэхдээ бодлогыг төлөвлөх, боловсруулах, томъёолох гэдэг нэг ажил. Түүнийг манайхан сайхан хийгээд сурчихлаа. Хамгийн гол нь тэр бодож, сэдэж байгаа юмаа хэрэгжүүлэх хэрэгтэй биз дээ. Бодлогын хэрэгжилт гэдэг нь л манайд хэзээний дутмаг байсан. Түүхийрдэг зүйл нь тэр! Яамнаасаа болдог уу, биднээс шалтгаалдаг уу, аль эсвэл цаг үеийн хөл хөдөлгөөн нөлөөлдөг үү? Ер нь л тэгээд цалгардаад, амар сайхандаа л жаргаад явчихна шүү. Гол нь хэрэгжүүлэгчдээс л их юм шалтгаалдаг даа. Одоо бол бодлого нэг их сайхан ч болчихоогүй л байна. Нэг тийм сарнисан, цалгардсан байдалтай байна.

-Жишээ нь?

-Хэсэг бусагдуу, өөрөөр хэлбэл нэг юмны сэжүүрээс шүүрч тэрнийгээ жаахан явуулж байгаад орхичихдог, үзвэр шоу, олны анхаарал татах юм л голлодог болчихоод байна гэлцэх юм. Уг нь өнгөрсөн хугацаанд баярлууштай талархууштай зүйл нэлээд бий болсон л доо. Ардын урлаг, уламжлалт соёл, ялангуяа урлагийн салбарт уртын дуу, морин хуур, аман зохиолын орхигдсон төрлүүд, бий биелгээ гэх зэрэг зүйлүүдээ сэргээн уламжлуулж, залгамжлагч, өв тээгчдийг бий болгосон. Энэ бол бодлого гаргаад, түүнийгээ хэрэгжүүлж болдогийг харуулж байна. Одоо олон соёлын урсгал Монголд нэвтэрч, залуучууд тэр сайхан, энэ ч сайхан гэж олон юм руу хошуурч байгаа үед хамгийн гол нь өөрийн унаган хөрснөөс ургасан бүх үнэ цэнтэй зүйлээ алдахгүй байх, нөгөө талаар гадны соёлын том том урсгалуудад өөрийн соёлыг цохиулахгүй байхыг бодлогын хувьд барих ёстой.

-Сүүлийн үед энэ талаар манайхан ажиллаж байх шиг байна?

-Гэхдээ л уран бүтээлч нь өөрийгөө од болгоё гэж хувиа хичээдэг, орчин үеийн зүйлүүдийг л дуурайж байхад урлаг, соёл хаачихав дээ гэсэншүү байдалтай хандлага байж болохгүй л дээ. Үндэсний соёлын уг хөрс бат бэх байвал л цаашид өөрийгөө хадгалахад, дархлаа бий болгоход гол суурь болно. Монгол соёл алдагдаж, уусан алга болоход нөлөөлж буй бүхий л зүйл, соёлын хөгжилд саад тотгор болж байгаа бүхнийг анхаарах ёстой. Энэ асуудлыг бид огт орхиж болохгүй.

-Азийн орнуудаас уламжлалт соёлоо маш сайн хадгалсан ямар улсууд байна?

-Тухайлбал, Япон байна. Харахад Европын соёлтой орон. Тэгсэн атлаа  өөрийн уламжлалт соёлыг маш сайн хадгалж байгаа. Тэр нь юу вэ гэвэл, бүх зүйл япон байна гэхээсээ илүү Японыг өөрийг нь тодорхойлдог, нэрийн хуудас болсон япон хүний, япон соёлын, япон түүхийг шингээсэн гол зүйлүүдээ огт хөдөлгөхгүй барьж байдаг. Жишээ нь, цайны ёслол, сүмо бөх, кабүки театр гээд л ярьдаг шү дээ. Тэр бүхнийгээ хадгалж хамгаалахад гол анхаарлаа хандуулдаг. Түүнийгээ зах зээлийн харилцаатай уялдуулж, түүгээрээ дамжуулан өөрийгөө бусдад таниулдаг, мөнгө олдог, мөн бусад хүмүүсийг татаж чаддаг. Тэр соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлж чаддаг. Энэ хандлагаас нь бид суралцмаар.

-Монголын гэх давуу болон өвөрмөц талын талаар та юу хэлэх бол?

-Бусад оронтой харьцуулахад бидэнд давуу тал олон бий. Тухайлбал, яагаад бид илүү их соёлтой, хүнлэг нийгмийг бий болгож байна вэ гэвэл монголчуудын унаган амьдрал европын үйлдвэржсэн, худалдаажсан, арилжаа наймааны том эргэлт зонхилсон тэр байдалтай огт адилгүй. Бид бол байгальдаа зохицон амьдардаг, түүнээсээ сайн сайхныг олж авдаг, байгаа бүх юмандаа сэтгэл ханадаг, сэтгэлээрээ илүү баясдаг ард түмэн. Үндсэн үйлдвэрлэл нь хүртэл, тэр гол нь мал аж ахуй л даа, тэрнийгээ эрхэлж, үйлдвэрлэлээ явуулж байхдаа зэрэгцүүлээд оюуны үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой, малаа хариулж явахдаа л шүлэг найраг, дуугаа зохиох, байгаль дэлхийгээ ажиглах зэргээр оюуны том өв соёлыг бүтээдэг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, соёлын өв, гүн ухаан, зан заншил нь эрхэлдэг ажил, ахуй амьдралтай нь давхар явдаг, шүтэлцэн хөгжөөд явдаг онцлогтой. Ийм учраас бид “Ертөнцийн гурав” шиг гуравхан мөр шүлгээс эхлээд 30 хоног ярьдаг туульсын зохиолыг бүтээсэн ард түмэн юм. Тэгэхээр бид түүнийгээ ойлгож, гол зүйлээ барьж авч, түүнийгээ хүн төрөлхтөнд Монголын нэрийн хуудас болгож чадвал том хөрөнгө оруулалт болно. Монгол бол хүний хувьд ч, байгалийн онцлог, хүмүүсийн амьдалын онцлогийн хувьд ч Эзэнт гүрний үеэс баримталж байсан амар амгалангийн бодлого нь хэрэгжсээр байгаа, одоо ч, цаашид ч гэсэн үргэлжлүүлж явах боломжтой тийм л орон шүү дээ.

-Гадаадад өсж торниж буй  монгол хүүхдүүд олон бий. Тэдэндэ эх хэлний хамт өв соёлын хичээл заадаг хөтөлбөр бүхий цахим сургалтын төвүүд байдаг юм билээ. Өв соёлын сургалтыг ерөнхий боловсролын сургалтад суулгаж өгмөөр?

-Манайханд нэг зөв алхам байна гэж би харж байгаа. Тэр нь  монгол хүн байя гэдэг эрмэлзлэл. Монгол хүн гэж хэн бэ, монгол хүн байя гэхээр бид юуг мэддэг, юу чаддаг, юуг бахархдаг, юу монгол хүний хувьд үнэ цэнэтэй байна вэ гэдгийг мэдрүүлье гэдэг нь хамгийн зөв алхам юм. Үзэл баримтлал, хөтөлбөрийн хувьд тэр.  Гол нь нас насанд нь тохирсон хөтөлбөртэй байх хэрэгтэй. Бага насанд нь юуг яаж мэдрүүлэх вэ, дээшээ ямар шат шатлалаар ахиулах вэ, юуг нь заах вэ гэдгээ тодорхой болгох нь чухал. Том том зорилтоо дөнгөж зургаахан нас хүрч байгаа хүүхдээс эхлээд хэддүгээр ангид хүртэл нь ч юм бэ бүгдийг зааж сургаад мундаг монгол бий болгочихно гэсэн юм ч байхгүй л дээ. Насан туршдаа монгол хүн болоход суралцах хэрэгтэй. Ер нь бол соёл өөрөө эзэн дээр нь буулгана, эзнийг нь соёлтой болгоно гэдэг хамгийн зөв. Соёлтой хүн соёлыг бүтээдэг. Цаашлаад соёлтой амьдралыг, соёлтой нийгмийг бүтээдэг. Эзнийг нь монгол хүн биш болгочихоод, түүгээр их гоё юм хийлгэе гээд байвал бүтэхгүй л дээ. Иймд хувь хүмүүс, төрийн бус байгууллага, гадаадад байгаа монголчуудаас өв соёлын сургалтыг эхэлж байгаа нь талархууштай алхам.

-Соёлтой Монголыг бүтээх талаар манай уншигчдад, монголчууддаа уриалаач гэвэл та юу хэлэх бол?

-Соёл гэдэг маань ер нь олон мэдлэгийн зааг дээр оршиж байдаг зүйл шүү. Түүхийн, угсаатны зүйн, ахуйн, зан заншлын, ертөнцийг үзэх үзлийн гээд олон юм яригдана. Соёлтой Монголыг бий болгоё гэвэл өөрийгөө таньсан, монголоо мэдсэн хүнийг л бий болговол бидний ажил амжилттай, бүтэмжтэй болно доо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (129.205.113.166) 2023 оны 09 сарын 22

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со

0  |  0
A(66.181.184.12) 2023 оны 09 сарын 21

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed

0  |  0
Иргэн(66.181.181.68) 2023 оны 09 сарын 21

Одоо оройтсон гэмшил

0  |  0
1(66.181.184.12) 2023 оны 09 сарын 20

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
ЗОЧИН(59.153.114.94) 2023 оны 09 сарын 20

МОНГОЛ ЦАРАЙТАЙ ХҮҮХЭД АНГЛИАР УС ЦАС ШИГ ЯРИАД ОНГОЦОНД. НЭГ Л ЭВГҮЙ. ЭХ НЬ ХҮҮХДДЭЭ МОНГОЛ ХЭЛ ЗААЖ ӨГӨӨГҮЙ ЮМ УУ ЭСВЭЛ ГАДААД ХҮН ЮМ БОЛОВ УУ ГЭТЭЛ МОВМОНГОЛ БҮР ХӨДӨӨНИЙ БАЙРИЙН БОЛХИ ЭМЭГТЭЙ. ТЭР ХҮҮХЭД МОНГОЛД АМЬДРАХГҮЙЛ БАЙХ. АМЬДРАХ Ч ХЭРЭГГҮЙ Ч БАЙХ.

0  |  0
Зочин(45.117.35.18) 2023 оны 09 сарын 20

Булганы дарга нар сонгуульд шавар хааж байсан түвшинбаярыг арайхийж зайлууллаа гээд найр хийж байна гэдэг шиг юмаа даа

0  |  0
Top