Нурууны өвдөлт, ажлын стрессээ тайлахын тулд иогоор хичээллэж эхэлсэн бол үр дүнг нь үзэж, өдгөө өөрөө багшлах эрхтэй болоод буй Д.Хажидмаатай ярилцлаа.
-Та өөрийнхөө тухай, энд хүрсэн түүхээсээ хуваалцаач?
-Анх 2017 онд иогтой танилцаж байлаа. Яагаад иогоор хичээллэх болсон бэ гэвэл хүүгээ төрүүлэх үедээ бага зэрэг хүндрэлтэй, нугасандаа тариа хийлгэж төрснөөс болоод хоёр, гурван жилийн турш нуруу их чилдэг бас тухайн үед суугаа ажил хийдэг байсан болохоор нуруу их өвддөг, удаан сууж чаддаггүй байсан. Тэгээд ойр тойрны хүмүүс маань иогоор хичээллэх нь нуруунд сайн нурууны өвдөлтийг намдаадаг гэж зөвлөсөн дагуу иогт ямарч байсан нэг сар яваад үзье гэж бодоод явж эхэлсэн. Ажлынхаа өмнө иогийн өглөөний ангид явж эхлээд сарын дараа гэхэд нурууны доод хэсгээр янгинаж болон хөшөж өвдөхөө болчихсон бас миний тухайн үед хийдэг байсан ажил маань стресс ихтэй байсан. Стрессээ тайлаад өөрийгөө илүүтэй мэдрээд, ажил амьдралын бүтээмж өсөж эхэлсэн.
-Яагаад иогийн багш больё гэж бодсон бэ?
-Иогоор хичээллээд сэтгэл санаа тайвширч, бие махбодь ч эрүүлжээд, эдгэрч байсан учраас иогиос салмааргүй байлаа. Тийм учраас иогийн багш болохоор шийдсэн. Иогийн багш гэдэг бол хүний сэтгэл зүй болон бие махбодьтой ажилладаг учраас сургалтад суухдаа нилээн судалж байгаад “Самгилан” төвийн монгол дахь сургалтын төвд иогийн Нараа багшийн сургалтад суусан. Манай багш Монголд жилд нэг удаа ирж иогийн багш бэлтгэдэг, мөн иогийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг. Энэ нь биднийхээр бакалавр, магистр, доктор гээд мэргэжил дээшлүүлдэгтэй адилхан. Дэлхийн аль ч оронд очсон багшлах эрхтэй болдог. Иогийн олон улсын багшлах эрх гэж байдаг. Олон улсад багшлах эрхийг авахын тулд E-RYT200, E-RYT300, E-RYT500 зэрэг цогц сургалтыг дүүргэж YACEP буюу иогийн багш нарын боловсрол мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах эрхийг албан ёсоор авдаг. Тус сургалтуудад Англи хэл болон философийн гүнзгий мэдлэгтэй, олон улсын иргэдийг сургах чадвартай байх ёстой зэрэг өндөр шаардлагыг тавьдаг.
-Иог гэж юу вэ. Иогийн үүслийн талаар ярилцая?
-Иогийн тухай мэдлэг нь зуунаас зуунд амаар дамжин номлогдож ирсэн ба хүн төрөлхтний эртний судар болох ведийн сударт анх тэмдэглэгдсэн байдаг. МЭӨ III зуунд Бенгалд иогийн анхны томоохон төлөөлөгч нарын нэг иогийн нэрт мастер Патанжали иогийн анхны нэгдмэл, системтэй ойлголтыг бий болгож иогийн судраа туурвисан байдаг. Иогийн ном судруудад одоогоос 10,000, эсвэл 5000, 3000-2500 гаруй жилийн тэртээ үүссэн гэж үздэг. Ямартаа ч иогийг хүн төрөлхтөн олон мянган жилийн турш хийж, хөгжүүлсээр ирсэн нь тодорхой. Иог гэдэг маань санскрит "юүж буюу yuj" гэсэн үг бөгөөд "нэгдэл, зохицол" гэсэн утгатай үг юм. Энэ нь өргөн утгаараа хувь хүний ухамсрыг ертөнцийн ухамсартай нэгтгэх, нөгөөтэйгүүр илүү амьдралын түвшиндээ бие махбодийн тэнцвэрийг хангах, биеийг сэтгэл, ухамсартай нэгтгэх гэсэн утгатай юм.
Үүнийг асана (дасгал, байрлал), пранаяама (амьсгал хөгжүүлэх техник), мудра (гарын байрлал), бандха (түгжээс), шаткарма (биеийн дотоод цэвэрлэгээ), бясалгал, биеэ авч байдал (иогийн найман мөчир)-аар хийж гүйцэтгэн ертөнцийн ухамсартай нэгдэхээс өмнө өөрийгөө нээж танин мэдэх юм. Иог нь бие махбодийн гаднаас эхэлж нөлөөгөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, асанагаар хичээллэн биеэ таньж эхэлдэг. Анх хичээллэхэд бие махбодь маань тэнцвэргүй байдаг. Тэнцвэргүй байх үед эрхтнүүд, булчингууд, мэдрэлийн судлууд маань нэгдмэл байдлаар ажиллаж чадахгүй. Харин бие биенийхээ эсрэг ажилладаг. Жишээ нь дотоод шүүрлийн булчирхай тогтмол биш байхад мэдрэлийн үйл ажиллагаа тэр хэмжээгээр буурч өвчин үүсдэг гэсэн үг. Иог нь эдгээрийг жигд, хоорондоо нэгдэлтэй, зохицолдлогоотой ажиллуулахыг зорьдог.
-Иог сэтгэл санаанд болон бие махбодь хоёрт зэрэг нөлөөлж байна?
-Иогийн гол зүйл нь бидний бие болон сэтгэлийн дотоод ухамсрыг нэгтгэх. Ухамсар дандаа гадагшаа цацарч байдаг. Харин иог нь ухамсараа дотогшоо чиглүүлдэг. Иогийг дасгал хөдөлгөөн, жингээ хасах, сунгалтаа сайжруулах арга зам л гэж ойлгодог хүн их олон юм билээ. Сүүлийн жилүүдэд манай оронд иогоор хичээллэгчид маш их нэмэгдэж, тэд хичээллэхийнхээ хэрээр иогийн олон талын үр өгөөжийг нь ойлгож, мэдэрч байгааг харж байна. Нийгмийн стресс, технологийн хөгжил, хотжилт, суурьшил нь хүмүүсийг хөдөлгөөний дутагдалд оруулж, хүнсний нэр төрөл, хэмжээ элбэг болсноор хүнсний зохисгүй, заримдаа замбараагүй хэрэглээ ихээхэн нэмэгдсэн нь манайд ч илэрхий харагдах болжээ. Хүмүүсийн өөртэйгөө байх, зөвхөн өөртөө цаг зав зарцуулах хугацаа улам багассаар байна. Иог нь харин биднийг эргээд өөртэйгөө их дотно харилцаа тогтооход тусалдаг.
-Иогоор хичээллэх боломжгүй хүн гэж байдаг уу?
-Нуруу нугасны хагалгаанд орох заалтүй бол иогоор хичээллэх боломжтой. Ер нь иогоор бүх хүн хичээллэх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, эрэгтэй, эмэгтэй гээд бүгд болно. Иогийн тусламжтай нурууны зарим өвчин, өвдөлтийг эмчлэх боломжтой. Гэхдээ иогоор нэг сар хичээллээд шууд үр дүнгээ өгөх юм шиг санаад байдаг. Гэтэл иогоор хамгийн багадаа зургаан сар хичээллэж байж хангалттай үр дүнд хүрэх болно. Гэхдээ хүн болгоны биеийн онцлогоос хамаарна. Мөн ямар ч шашинтай хүн иогоор хичээллэх боломжтой. Хүмүүс иогийг буддын шашинтай холбож үзээд байдаг “ум” авиаг хичээлийн эхлэл болон төгсгөлд уншсанаар өөрийн дотоод эрч хүчийг мэдэрч, төвлөрч чаддаг байна. Мөн энергийн хүрднүүдийг сэргээж, аураг цэвэрлэж сэтгэл зүйг тэнцвэрцүүлнэ, оюун бодлыг цэгцэлж сөрөг бодлыг арилгана. Иогийг анх буддын шашины лам нар бясгал хийх, гэгээрэхдээ хэрэглэдэг байсан болохоор хүмүүс иогийг буддын шашинтай холбоотой гэж боддог.
С.НОМИНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Үнхээр мундаг заадаг сайн багш шүү иого бол хайр юм хажаа бас хайр юм ❤️❤️