Нагац ах Д.Маналхаяагийн гэгээн дурсгалд зориулав
Дундговь аймагт хосгүй адтай, ховорхон авьяастай хошин шогч, илбэчин эрдэмтэй инженер техникч залуугийн алдар түгж асан үе. Хөргөгч нь эвдэрлээ гэвэл нөгөө инженерийнд аваачаад өгчих гэх. Баяр ёслол дээр алиалагч хэрэгтэй гэвэл хошин шооч залууг урьж залъя гэлцэх, зурагчин хэрэгтэй гэвэл мөнөөх техникчийг гуйя гэж шуугих, жүжиг найруулъя гэвэл бас л нөгөө авьяастаныг бүгд санацгаах. Нэг биед баймгүй багтаж ядсан их авьяас, сэтгэлгээ, оюун мэдлэг, торгон мэдрэмж гагцхүү түүнд л заяажээ.
Өндөр нуруутай, шаргал царайтай, нүдэнд дулаахан залууг Д.Маналхаяа гэдэг. Манал гэдэг нь өвчин зовлонгоос гэтэлгэгч анагаагч бурхан гэсэн утгатай агаад тэрбээр нэр шигээ бусдын сэтгэлийг алиа хошин зангаараа инээлгэж баясгаж илааршуулж явах дуртай. Амьдралын гэгээлэг талыг олж харж, бусдыг егөөдөж, наргиан хийж явах агаад өөрийг нь гайхан биширсэн олон хүнээр хүрээлүүлж суух. Тамхиа баагиулангаа бодолхийлж цаг үргэлж шинийг сэдэж, хийж бүтээж, задлан шинжилж, угсран сэлбэж суугаа түүний өрөөнд эвдэрхий радио, хөвөрсөн пелонк, задалсан зурагт, урласан бурхан гээд байхгүй юм үгүй. Эл байдлыг ажихад түүнийг тийм мэргэжилтэй гэж оноож тодорхойлоход бэрх ээ. Гэвч тэр хүсвэл шидэт дохиур дохих адил юунд ч хувирах чадвартай. Нэг харахад хүүхдүүдийн чихнээс өнгөт үрэл гаргаж алиалагчийн улаан хамраа үрчийлгэн инээх бөгөөд ахин харвал нүдний шилээ зүүчихсэн эрэг шураг оролдон шинэ техник бүтээж нухацтай нь аргагүй суух. Заримдаа шонгийн модны орой дээр ч шүгэл үлээчихсэн монтерын бахиа эргүүлж мэдэх. Хааяа хэний ч сэтгээгүй дахин давтагдашгүйг бүтээж салхин сэнс эргэлдүүлчихсэн гайхшруулж байх. Бүр богино долгионы станцаар морз зохиосон гээд л бодчих.
Түүний найруулж тоглосон жүжгүүд ч аймаг орон нутгийнхаа урлаг соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Бүсгүйчүүдийн алчуурнаас гэнэтхэн илбийн юм шиг ув улаан сарнай ургуулж бэлэглэчихээд хээвнэг алхаж одох ийм л адармаатай, адтай эрийн амьдралын түүхээр аялахад тэр ингэхэд яг хэн юм бэ гэж өөрийн эрхгүй өөрөөсөө асууна.
МОНТЕРЫН МАЛГАЙТАЙ МОХОШГҮЙ УРАН БҮТЭЭЛЧ
Д.Маналхаяа нь 1944 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран бригадын Хавцгай гэдэг газар Даваагийн ууган хүү болон мэндэлжээ. Бага насаа бусдын л адил мал маллаж өссөн бөгөөд 1952-1956 онд Дундговь аймгийн бага сургуульд дөрөвдүгээр анги төгсөөд арвангуравхан настай жаахан хүү ээж болон долоон дүүгээ тэжээхээр ажил хөдөлмөр хийж эхэлсэн гэдэг. 1965-1968 онд Улаанбаатар хотод барилгын цэргийн ангид гурван жил цэргийн алба хаахдаа цэргийн ангийн Улаан булангийн эрхлэгчээр ажиллаж цэргүүдийн дунд төрөл бүрийн уралдаан наадам, үдэшлэг цэнгүүн зохион байгуулж, шүлэг, яруу найраг унших, илбэ үзүүлэх, баян хуур хөгжим тоглох, хошин шогийн тоглолт үзүүлэх зэрэг соёл олон нийтийн ажлыг хариуцаж ажилладаг байсан аж. Энэ нь түүний төрмөл авьяасыг өнгөлөн зүлгэж өөрийгөө танин мэдэж, нээн хөгжүүлэх үүд хаалга нь болжээ. Улмаар нутгийн бүсгүй Дашдаваагийн ууган охин Жаргалтай ханилан гэр бүл зохиож таван сайхан хүүхэд төрүүлэн, өсгөн хүмүүжүүлж, Д.Маналхаяагийнх гэдэг айл өдгөө 34 мөчиртэй өтгөн саглагар мод болон ургажээ.
Тэрбээр Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрт монтер, байцаагч, цахилгаанчинаар ажиллаж байхдаа байгууллагын алба хаагчдын хамтаар Эрчим хүчний үйлдвэрийн дэргэдэх “Илч” драмын хамтлаг байгуулан багтаж ядсан авьяас юугаа ид бахтай гаргаж аймаг, сум, бригадаар аялан тоглолтоо хийж хөдөөгийн талд соёлын үрийг тарьж явжээ. Чингэхдээ Эрчим хүчний үйлдвэрийн түүхийг харуулсан нарийн пелонкны кино хийж толилуулан мөн өөрийн урласан цахилгаан гитараар дуулж хөгжимдөж явсан нь гэрэл зургийн хуудаснаа тодоос тод үлджээ. Ёстой л 60, 70-аад оныхны цөсийг хөөргөж, цусыг буцалгаж явсан эстрад дуу, манго бүжгийг аймгийн театрт хангинуулж, охид хүүхнүүдийн зүрх сэтгэлийг хөвсөлзүүлж явсан донжтой эр ээ. Тэрбээр тус хамтлагт уран бүтээлээ туурвиж байхдаа "Найрын ширээны ууц" жүжиг, зохиолч Х.Шонхорын бүтээл "Алхаа" жүжиг, "Костюмтай хүн" жүжиг, "Нэгэн няравын паян" хошин жүжгүүдэд гол дүр бүтээсэн. Эл бүтээлүүдээрээ цолгорч улмаар "Улаан дарцаг", "Ичээнд нь" МУСК-нд туслах дүр бүтээсэн нь нутаг орны бахархал болж байлаа. Туслах дүр ч шаггүй чадвар шаарддаг шигтгээ болсон дүр байдаг шүү дээ. Аливаад чин сэтгэлээсээ хандаж чинээнд нь тултал хийдэг түүний чанар бүтээл бүрд нь мөнхрөн үлджээ. Ямагт ном шагайж шүлэг уншиж уран бүтээлийн эрэл хайгуул хийж явах агаад боломгүй хэцүүг ч нүд ирмэхийн төдийд болгоод ирдэг зан араншин нь түүний амжилтын оньс билээ. Маналхаяа 1984 онд Улаанбаатар хотод Соёл урлагийн их наадамд оролцож “Ажилчин залуу урлагийн анхдугаар их наадам”-ын медалиар шагнуулж “Илч хамтлаг”-ийн дэргэд драмын дугуйлан байгуулах эрхээ авч сургалт явуулж, олон хүүхэд залуучуудад яруу найраг, шүлэг уран унших, илбэ үзүүлэх, хошин шогийн тоглолт хийх, хөгжим дуу гээд урлаг соёлын олон төрлөөр сурган дадлагажуулж байсан. Түүний ур чадварыг төр засгаас үнэлэн 1970 онд Тэргүүний ажилчин залуу алтан медаль, 1972 онд Бүх ард түмний урлагийн үзлэгээс мөнгө, хүрэл медаль, 1975 онд V таван жилийн гавшгайч, 1977 онд Гавшгайч залуу мөнгөн медаль, 1981 онд МАХН-ын 60-н жилийн ойн медаль, 1984 онд Ажилчин залуу урлагийн анхдугаар их наадмаас алтан медаль, 1985 онд VII таван жилийн гавшгайч, 1988 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан цол тэмдэг, 1990 онд Улсын тэргүүний уран сайханч цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан байна. Улаан мотоциклоо унаад ганц хүүгээ сундлаад Боржигоны бор гудамж, Мандалговийн цардмал зам, Сайнцагааны шаргал энгэрээр дуу исгэрэн, салхи татуулан давхиж яваа дуулиан шуугиантай сайхь эрийн түүх цааш үргэлжилсээр. ..
ИНЖЕНЕРИЙН МАЛГАЙТАЙ ЭГЭЛГҮЙ "ЭЙНШТЕЙН"
Д.Маналхаяагийн охин М.Уранмягмар аавынхаа тухай дурсан "Хүүхэд байхад бидний хүсэн хүлээсэн баяр бол шинэ жил байлаа. Аав маань аймгийн төв ёлко болон албан байгууллагуудын ёлконд алиалагчаар уригдан оролцож, дипломат хар цүнх дүүрэн бэлэг авчирдагсан. Аавын ирэхийг хүлээгээд хүүхдүүд бидний нойр ч хүрэхгүй шүү дээ. Аав маань маш бүтээлч хүн байсны тод жишээ нь гэрийнхээ сүлд модыг эргэдэг, гэрэл нь асч унтардаг ид шидтэй болгож бидний хүүхэд насыг өнгө өнгийн гэрлээр чимж өгчээ. Тэр үед тийм гацууртай манайх шиг айл байхгүй. Хүүхдүүд айлуудаар орж бэлэг авна, бэлгээ авчихаад ёлконы гэрлийг маань шохоорхон харж зогссоор л байдаг сан. Чухамдаа тэд бэлэгнээс илүү гацуур модыг маань сониучирхах гэж л ирдэг байж дээ. Аав гэхээр эргэдэг сүлд мод, анивчдаг гэрлийн гялбаа сэтгэлд тодордог нь хамгийн гайхалтай хэмээн нүдээ гэрэлтүүлэн өгүүлэв. Улаан хамар, ягаан хацар, буржгар үс, эрээн шовгор малгайтай, судалтай өмд хайнгадуухан өмссөн алиалагчийн дуранд энэ хорвоо, энхрий үрс аз жаргалаар дүүрэн харагдана. Алиалагчийн илбэ шид, хошин тоглоом, алаг бөмбөгт ховсдуулсан жаалуудын гэнэн хонгор харцанд тэр өөрөө ч жаргалтай явна. Тэр яг л алиалагчийн шидэт дохиур шиг байхгүйгээс буйг бий болгож, буйг ч байхгүй болгон хувиргаж чадах увдистай. Маналхаяагийн гэрт зузаан орос боть, толь бичгүүд өрөөтэй. Тухайн үед орос хэл дээр гардаг Радио, Юный техник, Моделист, Конструктор сэтгүүлүүдийг дугаар алгасалгүй захиалж аваад орчуулж суух бол түүний бас нэгэн сонирхол байлаа. Дөрөвдүгээр ангийн боловсролтой ч амьдралын боловсрол өндөр түүний өөртөө тавих бас нэгэн шалгуур бол ийнхүү өөрийгөө дайчлан орос хэлийг бие даан сурч ажил мэргэжилдээ хэрэгжүүлдэг байсан явдал байв.
Орос шүлгийг яг л Есенин шиг уншина. Өөрөө ч оросжуу төрхтэй болохоор ихэмсэг бардам харагдана гэж жигтэйхэн. Түүний мөрөөдөл Москвагийн гэрэлт гудамжинд алдартай жүжигчин болчихоод малгайлан будрах цасан дунд оросын сонгодгуудыг цээжээр уншин алхах байсан ч байж магад. Гэвч цаг үе хийгээд газар орон нь огт өөр байлаа. Доороо долоон дүүтэй айлын ууган хүүд оюун ухаан, хөлс хүчээ шавхан өөрийгөө дайчлан ажиллахаас өөр сонголт байсангүй. Энэ сорилт түүнийг хөдөлмөрт гүнээ сургажээ. Ажлынхаа хажуугаар зүгээр сууна гэж ер үгүй. Зурагт, радио, хөргөгч гээд бүх төрлийн цахилгаан хэрэгслийг тамхиа баагиулаад дуусах зайнд л засаад өгчихдөг, тун болохгүй бол өөрөө зохион бүтээчихдэг, түүнийгээ "монголчилсон гээд л ярина даа. Тэднийх өдөр бүр "шинэ" зурагт үздэг тансаг айл байлаа. Хүмүүс эвдэрсэн зурагтаа авчраад л тавьчихна, хүмүүст зассан зурагтаа өгөөд л явуулчихна. Орой гэхэд л дахин нэг "шинэ" зурагт асах нь тэр. Тэр үед өнгөт зурагттай айл ховор байхад тэднийх л ёоз ёозоор нь сольж үзнэ шүү дээ. Ямар сайндаа л цайны данхаа буцлахаар дохио өгч дуугардаг шүгэлтэй хийчих вэ. Түүний Эйнштейн мэт ямагт шинийг сэтгэгч, эрэлхийлэгч авьяас чадварыг аль ч салбарт шүүрээд авмаар эгэлгүй нэгэн байжээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн хэцүү тарчиг үед бусдаас түрүүлж сэтгэн нэгэн нээлт хийсэн нь Монголдоо анхдагч байсан юм. Салхиар цахилгаан үүсгүүр гаргадаг схем зохион салхин сэнсийг бүтээсэн нь өдгөө ч зах зээлд нэвтрэн ашиглагдсаар буй. Мөн гагнуурын аппарат тооцоолон ороож зах зээлийн үнээр борлуулж оюутан хүүхдүүдийнхээ төлбөрийг төлж, айл гэр болон албан байгууллагын цахилгаан халаагуурыг захиалгаар хийж өгч гэр бүлээ тэжээн, тэр ч байтугай идэмхий натри техникийн тосоор барааны саван хийж, үнсэн блок, шахмал түлш хийх, аргал хөрзөөр био түлш гарган авч амьдрал ахуйдаа нэмэрлэж, гурван өрөө байшин сүндэрлүүлж хэнээс ч дутахгүй сайхан амьдралыг цогцлоож чадсан. Түүний гараас юу ч гарч мэднэ. Тэр үедээ л шинэлэгт тооцогдох нарны халуун ус, цахилгаан сауныг байшиндаа барьж олныг гайхшруулж байв. 1995 онд богино долгионы станцаар чимээ морзийн багш хийж олон хүүхдүүдийг сурган дадлагажуулж байсан нь мөн л шинийг эрэлхийлж байдаг түүний нэгээхэн дүр.
Зун болмогц хүүхдийн Бүрдын уянга зусланд техникч, зурагчин болчихно доо. Тэр үедээ л гэрэл зургийн аппарат гэдэг нүдний гэм, тэр л гэрэл зургуудаа гэртээ угааж, нарийн хальсны гэрийн кино үзүүлж, диа пильмуудыг хийж олон түмнээ соён гэгээрүүлж явжээ. Бас түүнийг гипсээр төрөл бүрийн дурсгалын зүйл урлаж, тэр ч бүү хэл бурхан бүтээж байсныг нутгийнхан нь андахгүй. Тэрбээр залхуурах, салан задгай байх, арга саам хийж нүглийн нүдийг гурилаар хуурсан зүйлд туйлын дургүй. Хүмүүс эхээс төрөхдөө эд эрхтэн бүтэн, хоёр гартай, хохимой толгойтой байж ядуу зүдүү амьдарч байвал өөрийн арчаагүйнх. Хүний хувь тавилан өөрийн гарт буй гэж хэлэх дуртай байв. Ганцхан биед заяасан дуусаж дундрашгүй их авьяас билэгтэй түүний гэрээр хүний хөл тасрахгүй. Техникийн шавь, зургийн шавь, урлагийн шавь гээд л олон шавьтай. Ямагт инээж, инээлгэж явдаг Манал бурханы бүрэлбаа, Янжинлхамын авшигтан, сэтгэгч, бүтээгч тэрбээр хань ижилдээ халамжтай, үр хүүхдэдээ энэрэлтэй, олон түмэндээ тустай нэртэй явсан. Гэвч хорвоогийн хатуу буулганд хорт хавдар гэгчид дарлуулж 1998 онд уушгины хорт хавдраар бурханд одсон билээ. Хувьхан ганц төрөлдөө дэндүү их дүрийг тээж төрсөн энэ хүмүүнд нэгэн насны амьдрал ч багадам, дахин төрөөд хийж гүйцэмгүй их онгод билэг заяажээ. Цаг үеэсээ түрүүлж төрсөн тэр өглөө нь инженерийн малгайтай эгэлгүй Эйнштейн, өдөр нь монтерын малгайтай мохошгүй уран бүтээлч, үдэш нь алиалагчийн малгайтай аугаа сэтгэгч болж чаддаг цор ганц гайхамшиг байлаа. Бие нь илт доройтож удаан хэвтэрт байсан тэр нэг л өдөр гадаа гарч тэнгэр хармаар байна гэсэн гэдэг. Халуун амьсгал татах эцсийн мөчид тэр гарцаагүй тэнгэр рүү харж инээмсэглээд ирмэсэн байж таараа.
Сэтгэгдэл ( 0 )