Нэг. ОРШЛЫН ОРОНД
Монголын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэртэй жанждын нэг, хурандаа генерал Жамсрангийн Ёндон нэгэн мянга есөн зуун ерэн зургаан оны нэгдүгээр сарын тэр нэгэн өдөр тэнгэрийн орноо одсоноос хойш арван зургаан хаврын урь наашилж, усны шувууд ганганалдан ирэх цагийг цээжнийхээ мөнгөн бүрдэнд чагнаархан суунам. Цагтаа нэртэй, сүртэй, нөмөртэй, нөөлөгтэй явсан буурал генералыг цагийн аясаар гэх үү дурсаж, дурдах нь ховордсон өдгөө цагт үзэг, цаас үрэлдүүлэхийн тавиланд төрсний хувьд өгүүлбэр хэлхэн үлдээх нь хүн чанарын илэрхийлэл хэмээн бичигч бивээр төсөөлнөм. Ингэж эрэмшихийн учир надад бас байнам гэж цээжээ дэлдвээс нэгэн мянга есөн зуун далан зургаан онд миний бие нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн арван жилийн арванхоёрдугаар дунд сургуулийг дүүргэн, эдүгээгийн Батлан Хамгаалахын Их Сургуульд элсэн орсон шинэхэн сонсогчдын хамт Улиастайн аман дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн анхан шатны бэлтгэлийн цугларалтад хамрагдсан нь өдгөөгөөс гучин долоон жилийн тэртээ буюу...
Хоёр. ЦЭРГИЙН ХЭРГИЙН “АМЬД ТОЛЬ” БАЙВ
Чухамдаа тэр л үеэс ЦЕДС-ийн захирлаар томилогдоод удаагүй байсан Ж.Ёндон гэдэг сүрлэг сайхан генералтай нүүр тулах завшаан тохиож, хан буурал аав шиг минь ухаалаг сургаалиа хайрласан тэр сайхан хүний удирдлагад хоёр жил байж, жин дарсан үгийг нь чих тавин чагнаархаж, жинхэнэ цэргийн жанжин хүний хосгүй сайхан авьяас билгийг нь бишрэн шүтдэг мянга, мянган офицер, сонсогчдын нэг нь байж билээ. Сургуулийн захирал долоо хоног бүрийн Даваа гаригт сургуулийг нэгтгэж, нэг сайн үүрэг тавина. Тэгсэн цагт дараагийн долоо хоногийн нэгдэлт хүртэл ямар нэг асуудал гарна гэж бараг үгүй дээ. Сургуулийн захирлыг сонсогчдын байраар “Обход”-нд явна гэдгийг сонссон дарга, цэрэггүй ёстой нэг түргэн авч, бэлэн байдалд ордог байж. Тэрбээр сургуулийн удирдах албан тушаалтнууд, бас орос зөвлөхөө дагуулаад явж байх нь сүрдмээр ч, бахархмаар ч. Өөрөө ч сүр жавхаатай гэдэг нь жигтэйхэн. Тухайн үеийн социалист орнуудын Батлан хамгаалах Яамны сайд нарын дотроос цэргийн хэргийн өндөр мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлаараа ямагт тэргүүн эгнээнд байсан буурал генерал маань цэргийн парадын бэлтгэлийг ёстой л жинхэнэ утгаар нь хийлгэдэг байв. Тийм ч учраас Улиастайн цэргийн гарнизионы жагсаалын талбайд Цэргийн дээд сургуулийн сонсогч бид ганц, хоёрхон удаа хөл тавиад л “Ногоон гэрэл”-ээр гардаг байв. Ер нь ЦЕДС-ийг дүүргэсэн тэр үеийн сонсогчид эзэмшсэн мэргэжилдээ төдийгүй цэрэгжилч, жагсаалч ажиллагаагаараа үлгэр дууриалтай “Ясны офицер”-ууд бэлтгэгдэн анги, салбарт очиж байсан нь цэргийн хэргийн “Амьд толь” болсон Ж.Ёндон генералтай салшгүй холбоотой гэж хэлэхэд хэн ч маргахгүй байх аа.
ГУРАВ. ШАНТРАА НЬ ҮГҮЙ ТАВИЛАН
Биднийг хоёрдугаар дамжаанд ордог жил Ж.Ёндон генерал маань БХЯ-нд дахин заларч, улмаар энэ том айлыг цөөнгүй жил удирдсан билээ. Ажлын төлөө зүтгэсэн хүн л амтай болгоны завжны зугаа болдог хойно генералын тухай элдэв дэгс яриа чих дэлдэж, хэвлэл мэдээллээр шүүмжлүүлж байсан тохиолдол ч байсан. Гэвч тэр бүхний өмнө шантраа нь үгүй зогсож, цэрэг хүний хатуужлаар ханддаг байлаа. Амьдралынх нь сүүлчийн жилүүдэд генералын маань бие байнгын чилээрхүү байсан төдийгүй, нөмөр нөөлөгт нь дулдуйдаж, ойр дотно явсан зарим нэг ухвар мөчид нөхөд зайгаа барьж эхэлсэн гэсэн таагүй мэдээ сэтгүүлч надад сонсогдож л байсан. Үнэхээр харамсмаар гэж хэлэхээс өөрөөр юу ч гэхсэн билээ дээ.
ДӨРӨВ. БОР ГЭРИЙН МИНЬ БОСГЫГ АЛХСАН
Тэртээ далаад оны эхэн үес билээ. Одоогийнхоор Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг сурталчлах өдрүүд миний төрж өссөн Сүхбаатар аймагт зохиогдсон юм билээ. Тэр үед эдүгээгийн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн нэгэн батарейны жагсаалын дарга байсан (Ангийн захирагч нь хурандаа Б.Арслан, батарейны захирагч нь хожмын бэлтгэл хурандаа Ж.Цанжид, салааны захирагч нь хурандаа, агсан Д.Болд) миний төрсөн ах Г.Батбилэг сурлага, сахилгаараа тэргүүлж, сурталчилгааны багийн бүрэлдэхүүнд орж, төрөлх сумандаа хүрэлцэн ирсэн билээ. Сурталчилгааны бүрэлдэхүүнийг Ж.Ёндон, Ч.Данзан зэрэг манай нутгаас төрсөн генералууд ахалж, улмаар Баяндэлгэр суманд ирэхдээ манай бор гэрийн босгыг цэрвэлгүй алхаж, Цэргийн ансамблийн зарим дуучид ая дууныхаа дээжийг өргөж, "Сайн хүү төрүүлсэн" гэж ээжид минь талархлын үгээ харамгүй хайрлаж, гарын бэлэг өгч байсныг тодхон санаж байна. Харин миний бие дөнгөж тавдугаар ангид суралцаж байсан болохоор чухам хэн гэдэг дуучин, хөгжимчин байсныг нь яахан мэдэх билээ. Улмаар ахад маань арван дөрөв хоногийн орон нутгийн чөлөө олгоод явсан нь ааваасаа өнчрөөд удаагүй байсан бидэнд хэчнээн их баяр баясгалан байсныг өдгөө бодоход хамрын самсаа шархирдаг төдийгүй энэхүү ховорхон тохиолыг дурсахгүй өнгөрч боломгүй санагдана. Бидний ээж С.Цээхүү “Миний муу бор хүү төрийн том хүмүүсийг гэрийнхээ босгоор алхуулсан нь ээжийнх нь амьдралд тохиолдсон ховорхон хувь заяа” гэж одоо ч дурсан ярьсаар байдаг юм.
ТАВ. УРЛАГТ АВЬЯАСТАЙ НЭГЭН БАЙЖЭЭ
Зэвсэгт хүчний 82 жилийн ой тохиосон 2003 онд үүнийг тэрлүүлэгч “Улаанбаатар таймс” сонинд “Манай цэргийн жавхаа”-г зохиосон цэрэг эр” гэсэн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Гунаажавын тухай хөрөг бичиж байжээ. Тэрхүү хөрөгт ийн бичсэн байх юм. “Чөлөөлөх дайн дууссаны дараа Тамсагийн 6 дугаар дивизийн 15 дугаар морьт хороо буйраа сахиж үлдсэн тэр жил Гунаажав гуайн аав Шагж сумангийн даргын албыг хашиж байв. Тус хороонд ЦЕС-ийн Улс төрийн ангийг дүүргэсэн шижигнэсэн дэслэгч томилогдон ирсэн нь хожмын цэргийн нэртэй зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон байжээ. Улс төрийн ажилтан тэрбээр “Цэнд”, “Хөхөө”, “Хурц” зэрэг дуулалт жүжгүүдийг өөрөө найруулан тавьж, бяцхан хүү Ш.Гунаажавыг тоглуулахын зэрэгцээ мөн өөрөө зарим дүрд нь тоглож, орос ардын товчлуур бүжгийг гайхамшигтай сайхан бүждэг, юм юманд авхаалжтай, авьяастай нэгэн байжээ. Ш.Гунаажавын хувьд урлагтай нэгэн насны амьдралаа холбох анхных нь гараа ийн эхэлсэн гэж хэлж болно” гэсэн дурсамж түүх болон үлджээ. Энэ бүхнээс харахад Ш.Гунаажав гуайн амьдралын зам мөрийг Ж.Ёндон генерал чиглүүлж өгчээ гэж хэлж болох.
ЗУРГАА. ДУУРСАХ, ДУРСАГДАХ ТАВИЛАН
Мөхөс бивээр цаас цоохорлодгийн хувьд, нэгэн цагт буурал генералынхаа шавь байснаа ч бодсон, миний хадам аав, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Лхамжавтай үй зайгүй анд нөхөд явсныг ч бодсон, бас нутаг нэгтнээ ч бодсон Ж.Ёндон генералтайгаа уулзаж, нэг сайхан илэн далангүй хууч өрнүүлнэ дээ гэж бодож явсаар амжилгүй бурхны оронд нь одуулсандаа харамсаад ч баршгүй. Тийм ч учраас нас барлаа гэсэн мэдээг нь телевизээс сонсоод л “Улаанбаатар” сонины маргааш өдрийнх нь дугаарт “Тэнгэрт хальсан цэргийн жанжин” гэсэн бяцхан дурсамж бичсэн юм. Тэрхүү дурсамжийг мөнөөх өглөө нь уншсан, "Улаан Од" сонины эрхлэгч Б.Чантуу дэд хурандаа надад утсаар баяр хүргэж, урам хайрлаж байсныг нь тэмдэглэхэд омгорхсон болохгүй болов уу. Мөн 2003 онд Ж.Ёндон генералын төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Гэр музейг нь нээх ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын ЗУХ-ийн дарга, хурандаа Л.Ноов нарын болон ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, үр хүүхдүүдийнх нь хамт оролцож, “Зууны мэдээ” сонинд энэ тухай сурвалжлага нийтлүүлж байлаа. Тийм ээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт эр биеийг олж, 60 гаруй жил цэрэг, арми, Зэвсэгт хүчинтэй нэгэн насны амьдралаа холбож, олноо “Рапорт Ёндон” хэмээн алдаршсан Жамсрангийн Ёндон генералаа мянга, мянган дарга, захирагч, мянга, мянган шавь нарынх нь өмнөөс дурсахын учир ийм буюу.
Сэтгүүлч, дэд хурандаа Гомбын БААТАРНУМ
Сэтгэгдэл ( 3 )
Таван толгойн сургалтын төвийг 1982 онд дэд хурандаа Р.Чойжилжав Ардын аримд раа Чой гэсэн алдартай ангийн захирагч байлаа Батлан хамгаалахын сайд Х Г Ендонг ирхэд Сайд миний цэрэг байлаа гээд 1942 онд Тумбовын морин цэргийн дундыг улсын Баатар С Дампил баатартай хамт байсан гэдэг байлаа\n
НАМАЙГ 1980 ОНД ЦНДС-Д СУРАЛЦАХААР ОЧИХОД ГЕНЕРАЛ ЁНДОН ГУАЙ БХЯ-НД БАЙСАН. БАЯРЫН ПАРАТЫН БЭЛТГЭЛ ДЭЭР ӨӨРӨӨ ЯГ НАД ШИГ АЛХ!ГЭЭД ЖАНСААЛЫН ӨМНҮҮР АЛХАЖ ҮЗҮҮЛДЭГСЭН.
Сайхан дурсамж,нийтлэл уншиж сэтгэл сэргэлээ.Цахимаас унших ховор олдвор