Л.Ганбат: Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг тооцохдоо багшид илүү боломж олгох зарчмыг баримталдаг

2023 оны 09 сарын 28

Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн захирал Л.Ганбаттай ярилцлаа.


-2023 оны ЕБС-ийн багшийн үнэлгээнд хэдэн сургуулийн хэдэн багш хамрагдсан бэ?

-2022 оноос боловсролын салбар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх үнэлгээг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 2 дахь удаагаа зохион байгууллаа. 2023 оны багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээнд төрийн өмчийн 681 сургуулийн 28.382 багш, 912978 суралцагч хамрагдсан байна. Энэ үнэлгээг дан ганц БҮТ үнэлээгүй бөгөөд багшийн ажлыг үнэлэхэд сургуулийн удирдлага, хамт ажилладаг багш нар, суралцагч, тэдний эцэг эх, асран хамгаалагч гээд олон талын оролцоотой үнэлж байгаа. 

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ нь сайн гүйцэтгэлтэй багшид урамшуулал олгохоос гадна сургалтын чанарыг сайжруулах, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сурагчийн сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой хийгддэг гэдгийг тодруулж хэлмээр байна. Энэ үнэлгээг багшийн албан тушаалын тодорхойлолтод ажил, үүргийн дагуу тодорхойлсон 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.

-Багшийн үнэлгээний үр дүнг зарласан өдрөөс эхлээд үр дүнг зөв тооцсон, буруу тооцсон гэх мэдээллүүд маш хүчтэй өрнөж байна. Олон нийт янз бүрийн өнцгөөс байр сууриа илэрхийлж байгаа харагдаж байна. Тэгвэл багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцохдоо ямар аргачлалаар тооцсон бэ?

-Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг тооцохдоо багшид илүү боломж олгох зарчмыг баримталдаг гэдгийг тодруулж хэлмээр байна. Юуны өмнө багш нарыг Улаанбаатар хот, аймгийн төв, сум+багийн төв гэсэн 3 кластерт хувааж, кластер тус бүр дэх багш нарыг судлагдахуунаар нь 8 бүлэгт болгоод бүлэг бүр дэх багшийн гүйцэтгэлийн дундаж оноог тооцдог юм. Энэ дундаж маш чухал нөлөө үзүүлдэг гэдгийг багш нарыг ойлгоосой гэж хүсэж байна. Ингээд 3 кластерийн бүлэг бүр дэх багшийн гүйцэтгэлийн оноо энэ дунджаас хэр дээшээ эсвэл доошоо тархаж байрлаж байгаа статистикийн програм ашиглан тооцоолдог. Энэ тархалтыг бид 100% гэж үзээд эрэмбийн хувиар тооцсон интервалаар индексийг тогтоодог. Тэр эрэмбийн хувь гэж байгааг багш нар гүйцэтгэлийн онооны интервэл гэж хольж хутгаж ойлгох гээд байгаа юм. Багшийн оноо тухайн бүлгийн багш нарын онооны дунджаас дээшээ эсвэл доошоо хэд дэх эрэмбэд байрлаж байгааг энэ эрэмбийн интервал заана, энэ нь хэддэх индекс вэ гэдгийг хэлж өгч байгаа юм. Энд тухайн бүлгийн багш нарын дундаж оноо гол нөлөө үзүүлнэ. Эрэмбийн интервалийн хувийг БШУ-ны сайдын 2022 оны “Багшийн ажлыг үнэлж дүгнэх тухай” А/430 дугаар тушаалд тодорхой зааж өгсөн байдаг.

Тухайлбал: Улаанбаатар хотын бага ангийн багш нар гэсэн бүлгийн хувьд 2022 онд бүлгийн багш нарын гүйцэтгэлийн дундаж оноо 74.10 байсан бол 2023 онд 76.58 болж 2.5 оноогоор өссөн. Энэ дундаж өсөхөөр эрэмбийн интервал бүр дэх багш нарын онооны хуваарилалт дагаад өөрчлөгдөж байгаа юм. Гэхдээ энэ жил бидний барьсан зарчим бол их, бага гэлтгүй ахиц гаргасан мөн 2022 оны гүйцэтгэлийн индексийн түвшнээ хадгалсан багш бүрт боломж олгох явдал байсан. Тийм учраас энэ жил 2022 оноос 10 хувь буюу 2380 багш нэмж урамшуулал авах боломж бүрдлээ.

-Индексийн хэдэн түвшинд багш нарын ангилж хэдэн хувийн урамшуулал олгож байгаа вэ?

-БШУ-ны сайдын 2022 оны “Багшийн ажлыг үнэлж дүгнэх тухай” А/430 дугаар тушаалаар багшийн үнэлгээний үр дүнд үндэслэн 6 индексийн түвшинд ангилж 1-4 дүгээр индексийн түвшний багш нарт үндсэн цалингийн 25-10% тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заасан байдаг. Энэ журам одоогоор хүчинтэй хэвээр байгаа тул холбогдох урамшуулал олгогдоно гэж ойлгож байгаа.

-Цаашид гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулах вэ?

Мэдээж багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлэх асуудал бол хамгийн үнэн зөв, бодитой үнэлгээ байх ёстой. Бид үнэлгээний арга зүй, аргачлал, асуулга, зохион байгуулалтынхаа хэлбэрийг улам бүр боловсронгуй болгохоор ажиллаж байна.Тэр утгаараа БШУ-ны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалаар батлагдсан  “Багшийн ажлыг үнэлж дүгнэх тухай” журамд тодорхой өөрчлөлтүүдийг оруулахаар ажиллаж байна.Мөн багшийн үнэлгээний чиглэлээр Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багш(202.9.40.171) 2023 оны 09 сарын 29

Багшийн өөрийн үнэогээг яагаад хэн ч хамаагүй утасны дугаар хийж бөглөж болохоор байгаа юм бэ. Ийм шалтгаантай олон хүн муу багш болж хохирч байна. Илгээсэн гээд ногоорчихсон байдаг. Буцаагаад яаж бөглөснийг нь харъя гэхээр ямар ч боломжгүй. Багшийн өөрийн үнэлгээний баталгаажуулалтанд рег дугаарыг оруулдаг баймаар байна. Эсвэл буцаах товчтой баймаар байна. Дурын сурагч, эцэг эх андуурч бөглөчөөд илгээх дарчаад багшийг хохироож байна ш дээ.

0  |  0
Bolor(202.126.89.129) 2023 оны 09 сарын 28

Худлаа хуцаа луйварчин, үйлээ эдэлнээ чи

0  |  0
Бтаа(66.181.178.190) 2023 оны 09 сарын 28

Учир дутагдал засаж залруулах юм мөн их бнаа. Олон багшийн урам хугарч бна. 4 үзүүлэлтээр үнэлгээ гарч бгаа ч хамгийн гол үзүүлэлт бол 1р үзүүлэлт бна. Сайн багш байгаад сонгогдсон анги нь тааруухан анги нь таарах юм бол шууд унаж бна.

0  |  0
Цэндаюуш(66.181.161.40) 2023 оны 09 сарын 28

Гадаад хэлний оноог мэдмээр бна аа

0  |  0
Top