Баяртай, Д.Сумъяабазар ДАРГА АА

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

Д.Сумъяабазар Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэн, Хотын даргын суудлыг зорьж ирсэн нь саяхан мэт санагдах авч гурван жилийн утаа, түлш, түгжрэлийн асуудлыг даваад өдгөө өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлийн асуудал дуусахгүй. Хэтдээ ч дуусахгүй. Энэ бүрт л хараалгаж зүхүүлж явсан Хотын дарга нэгэнт нийслэлчүүдийн анхаарлаас гараад явчихлаа. Ингээд зогсохгүй дараагийн Хотын даргын таамаг энд тэндгүй хөвөрч, Хотын даргын суудалд гэтэх хүмүүс ч цөөнгүй байгааг эх сурвалж дуулгасан.  

Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга болсон даруйд “Өнгөрөгч 30 жилийн хугацаанд эмх замбараагүй явж ирсэн нийслэл хотын асуудлыг цэгцэлнэ. Эрх зүйн талаас нь авч үзнэ” хэмээн ам дүүрэн хэлж байсан.

Харин явахдаа хичээж ажилласан гэдгээ дурдана лээ. Хотын хэмжээнд 30 жил бугшсан асуудлыг гуравхан жилийн дотор цэгцэлнэ гэж байхгүй. Яахав, хичээж ажилласан дарга нарын тоонд бол зүй ёсоор орно. Ядахад Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилогдоход дэлхий нийтийг хамарсан цар тахал тосон уулзсан нь олон ажилд чөдөр тушаа болсон ч үүнийг эрсдэл багатай амжилттай давсан. Цар тахлын хөл хорион дундуур амжуулсан ажил цөөнгүй бий. Одоо л бултаар нь харлуулж хараад байгаа болохоос бус гэрэл гэгээ түүвэл эрх биш байж таарна.

Тэр эрхзүй, эдийн засаг, эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж ажилласан нь үнэн. Анх ирэхдээ хэлж ярьж байсан нь биелээд тэнгэрт тулчихаагүй ч газраар нэг хөглөрүүлж үлдээсэнгүй. Дараагийн дарга эрх зүйн шинэчлэлийн хүрээнд түүний хийж чадаагүй үлдээсэн, төлөвлөж байсан ажлыг хэрэгжүүлэхээр чамгүй дөхөм байх нь дамжиггүй. Тухайлбал, олон жил яригдаж байсан “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батлуулж чадсан. Хотын асуудлыг үндэс сууриар нь эрх зүйн шинэчлэлээс нь эхэлж хийхгүй бол яагаад ч болохгүй зүйлийн нэг байсан. Тиймээс Д.Сумъяабазар дарга энэ тал дээр УИХ-д хоёр удаа сонгогдож, салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувиар зангаргаа харуулж чадсан. Түүнээс бус энэ хууль маш олон жил яригдсан ч УИХ-ын босго даваагүй юм шүү. Эрх биш гишүүдтэй булан тохойд бүлэглэн “найрч” явсан хүн гэдэг өөр юм гэдгээ харуулсан.

“Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-тай болсноор том алхам хийсэн төдийгүй дагалдах ажлууд сууриа тавьж эхэлсэн байв. Үүний нэг нь нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулж, гадна дотны эрдэмтэн мэргэдтэй хамтран шинжлэх ухааны суурьтай ажлуудыг эхлүүлэх төлөвлөгөө байсан ч ийнхүү ард үлдсэн. “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-тай болсон нь төлөвлөлтгүй эмх замбараагүй, өөрийн гэсэн бие даасан эдийн засаггүй хотыг бодлогын түвшинд авч үзэхээр буруу явж байсан зүйл эерэг эргэх байв. Энэ ч бодлогын хүрээнд нийслэл хот дотоодын зах зээл дээр анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгосон. Энэ бол яах аргагүй зангарагтай даргын хийх ажил гэдэг нь ойлгомжтой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувиар Засгийн газрын чихэнд хүргэж, амыг нь хөдөлгөөд зогсохгүй гарыг нь хөдөлгөж байгааг үүгээр харуулсан. Түүнээс бус УИХ, Засгийн газрын бүтцэд ажиллаж байгаагүй нөхөр бол энэ зэргийн зангараг гаргаж чадахгүй.

Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд гаргаж байгаа нь нийслэлийн хөгжлийн шинэ түүхийг эхлүүлсэн. Энэ бонд нь хөрөнгө оруулагч бүрийн сонирхол татсан, найдвартай үнэт цаас болсон нь ойлгомжтой.

Хотын хөгжлийн үндэс нь бие даасан эдийн засаг гэдэгтэй хэн маргах билээ. Мөн зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг ярьж байсан ч хараахан амжсангүй. Сүүлийн 30 гаруй жилд хотыг чиглэх хүний урсгал буурахгүй байна. Тиймээс Улаанбаатар хотын эдийн засаг 28 их наядад хүрсэн, Дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг үйлдвэрлэж байгааг дурджээ. Нийслэлийн хэмжээнд 150 мянган аж ахуйн нэгж бий. Үүнээс гадна их, дээд сургуулийн 96 хувь, мөнгөний эргэлтийн 86 хувь хотод ногдож байгаа гэхээр том айл гэдгийг төлөвлөж, зоригтой ч хөдөлсөн. Гагцхүү шийдэл нь эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, системийг зөв болгоход оршиж байсан учраас чамгүй хугацааг эрх зүйн шинэчлэлд зарцуулсан. Шинэ бодлого төлөвлөлт, эрх зүйн хүрээнд дотооддоо хөрөнгө оруулалтыг 30 дахин тэлж чадсан үзүүлэлт байгаа нь чамлах зүйл биш. Энэ бүгдээс харахад Д.Сумъяабазарыг томоохон шинэчлэл хийсэн гэж үзэж болно. Харин энэхүү суурь дээрээ өөрөө ажлаа өрнүүлэх байсан ч өөрийн хүсэлтээр ажлаа өгчихөж байна.

Үүний дараа түүнийг тосож уулзсан нэг ажил бол өнөөх л төлөвлөлтгүй хотын авлига албан тушаалын хүрээнд өрнөж байсан зохион байгуулалтыг нураах байв. Энэ бол шаггүй мафийн шинжтэй ажил. Ойрын жишээ гэхэд л нийтийн эзэмшлийн талбайд байгаа авто гаражуудыг буулгасан. Энэ нь жижигхэн сонсогдох авч маш том ажил. Үүнийг тэр хийж чадсан. Зам талбай, барилга байгууламж засаж сэлбэхээс эхлээд Хотын даргын аж ахуйн ажил дуусахгүй. Үүнийг тэр хэмжээндээ л гүйцэтгэсэн. Буруу төлөвлөлтийн зохион байгуулалтыг эвдэхийн тулд “Хотын мафи”-тай ч тулсан. Хамгийн сүүлд гэхэд олны нэрлэж байгаагаар “Авлига” хорооллыг албадан буулгах шийдвэр гаргаад байсан.

Энэ мэт саар гэхээсээ илүүтэй сайныг дурдаад байвал бас чиг олон зүйл гарна. Эртнээсээ л “Эзний алба ээлжтэй” гэдэг дээ. Ямартай ч тэр бодож санаж төлөвлөж байснаа эхлүүлсэн. Тэгэхээр одоо ирэх удирдлагууд Д.Сумъяабазарын батлуулж чадсан эрх зүйн шинэчлэл дээр дөрөөлж ажиллах хэрэгтэй. Түүний хэрэгжүүлэхээр зэхэж үлдээсэн ажлыг уламжлан авч явах нь чухал. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.71) 2023 оны 10 сарын 04

Бөхийж бгаа нь юу гэсэн үг юм бол Монголд зохицохгүй ёслол бна

0  |  0
mongol(59.153.113.168) 2023 оны 10 сарын 04

manai mongolchuud hedii uees ingej buhiij bv aaaa!!!!zulguidaad manjirhaad ch bgaa yum chig. so g duuraihaa boli!!! bid mongolchuud shuu

0  |  0
Зочин(139.5.216.71) 2023 оны 10 сарын 04

Хамгийн их чиглүүлсэн сүүлдээ бүүр дөжирсөн маш их ярьсан нэг зүйлээ олон давтаж чальчсан даргадаа

0  |  0
Top