УИХ-ын гишүүн Д.Дондогийн таван тэрбум төгрөг завшсан хэрэг дуулиан тарьсан хэвээрээ байна. Улсын Ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал, хүсэлтийг УИХ-д гурав дахь удаагаа явуулав. Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр урьдын адил уг саналыг хэлэлцэхээс татгалзсан хариу барьж байна. Тэрээр УИХ-ын тухай хуулийн заалтыг үндэслэн ийнхүү хэлэлцэх боломжгүй гэж үзжээ. Уг хуулиар бол УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэх явцад, эсвэл хэргийн газар нотлох баримттай баригдсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм байна. Гэтэл Үндсэн хуулийн үзэл санаа нь болохоор УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн газар дээрээс тухайн хүн шууд гардуулсан уу, үгүй юу гэдэг нь энд сонин биш гэсэн утгатай юм. Хэргийг шалгах ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэх нь мөн тусгайлсан хуулийн заалттай. Д.Дондогийн хувьд ийм л нөхцөл байдал үүсгээд байгаа. Ерөнхий прокурор Д.Дорлигжав түүний хэрэг нэлээд олон гэрчтэй гэдгийг тодорхой хэлсэн байна лээ. Хэрвээ энэ нь үнэн бол УИХ-ын тухай хуулийн дээрх заалт буюу Д.Одбаярын олзуурхан шүүрч аваад гүрийгээд, гөжүүдлээд байгаа нь утга учир муутай болж таарна гэдгийг мэргэжлийн хуульчид ч бас хэлээд өгч байна. Ер нь гэмт хэрэгт холбогдсон хүнээ МАН-ынхан ямар ч аргаар хамаагүй авч үлдэх гээд байдаг эмгэг дахин сэдэрч байх шиг ээ. Үүнийг цөөнгүй улс төрч хүлээн зөвшөөрч, харамслаа илэрхийлж байна. Д.Зоригт сайдыг огцруулах асуудал яригдахад МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг нь хоёр удаа цээжээрээ хамгаалаад гарсан. Тэгвэл энэ удаа Д.Дондогийг хамгаалах их аян тус намд өрнөж байгаа бололтой. Д.Одбаярын гөжүүдлэл харин МАН-ын нэр хүндийг дахиад сэвтээнэ үү л гэхээс биш өөд нь татахгүй гэдгийг тус намын сэхээлэг хэсэг нь ч баттай хэлж байна. Өөрөөр хэлбэл нам цэвэр ариун байх нь чухал. Хэрвээ Д.Дондог мэтийн хар толбо МАН-д наалдсан хэвээрээ байвал энэ нам ард түмнийхээ өмнө улам гутаагдана. Гэвч байдал хаашаа эргэхийг УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганы аль нэг нь харуулах биз ээ. Үүнээс урьтаад УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх учиртай. Хэлэлцэх эсэхийг тус хорооны дарга МАН-ын гишүүн Ч.Улаан шийднэ гэхээр бас л эргэлзээтэй байна. Тэр өмнө нь Д.Одбаярын адил “Хэлэлцэх боломжгүй” гэсэн хариу өгч байлаа.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )