Дорноговь аймгийн Сайншанд хотод хичээлдээ явахаар гараад алга болсон 12 настай охин олдолгүй эрлийн ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Үүнээс зургаан жилийн өмнө тус аймгийн Замын-Үүд суманд найман настай С охин мөн л хичээлдээ яваад эргэж ирээгүй, эрэл мухардаад өнөө хүрэв. Эхний хэрэг гарч аюулын харанга дэлдээд зургаан жил өнгөрч байхад энэ аймагт камержуулалт хийгдсэнгүй. Олон нийт алга болсон охины төлөө сэтгэл чилээхийн зэрэгцээ аймаг, сум, хот, дүүргийг бүрэн камержуулахыг шаардсаар. Хүүхэд хамгааллын асуудал “ул” болсныг сануулсаар байна. Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга хүртэл Монгол Улс хүүхдэд ээлгүй орон болсныг анхаарууллаа. Тэрбээр хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, хатуу хариуцлага тооцон ямар нэгэн өршөөл уучлалд хамруулахгүй байх эрх зүйн шинэчлэл хийнэ гэдгээ зарлаж, гишүүдийг энэ чиглэлд анхаарал хандуулахыг уриалсан юм.
НИЙТ ТӨСВИЙН 24 ХУВЬ НЬ ХҮҮХЭД ХАМГААЛАХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ЗАРЦУУЛАГДЖЭЭ
Яг үнэндээ манай улс хүүхдэд ээлгүй орон болсон нь бодит үнэн. Улс төрийн хүрээнд төсөв ярихаар хүүхдийн нэр барьж баахан мөнгө төсөвлүүлдэг. Тэгсэн атал хүүхэд хамгааллын чиглэлээр бодитой ажил хийж хэрэгжүүлдэггүй. Статистик аваад үзэхэд Монгол Улсын нийт хүн амын 37.3 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Хүүхэд хамгаалалд улсын төсвөөс жилд дунджаар найм орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Тэгвэл нийт төсвийн 24 хувь нь хүүхэд хамгаалах урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдсан гэсэн баримт байна. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг 50 хувиар нэмэгдүүлэхээр оруулжээ.
Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр зарцуулсан хөрөнгийг он дарааллаар авч үзвэл:
2017 онд 900.1 сая төгрөг
2018 онд 6.4 тэрбум төгрөг,
2019 онд 7.6 тэрбум төгрөг,
2020 онд 6.4 тэрбум төгрөг,
2021 онд 8.0 тэрбум төгрөг,
2022 онд 8.0 тэрбум төгрөг
2023 онд 8.0 тэрбум төгрөг хүрч 2017 онтой харьцуулахад 8.9 дахин нэмэгдсэнтэй дүнтэй гарчээ.
Ер нь бол мөнгө төсөвлөдөг шигээ анхаардаг, хамгаалдаг байсан бол өнөөдөр өсвөр насны охид ор сураггүй алга болж, улс даяараа эрэл суралд автаж, энэлэн шаналанд унах байсан уу. Хүүхдийн наймаа ингэтэл газар авч, магадгүй хилийн бүс нутагт нууц сүлжээ үүсчихгүй байсан биз ээ гэдэг асуулт хэний ч амнаас гарах нь ойлгомжтой. Ганц жишээ хэлье, 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 111.776 дуудлага ирснээс зорилтот дуудлага 64.811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9.224 байгаа нь дээрх асуултын хариу болно.
1990 ОНООС ХОЙШ 14 ХҮҮХДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Өнөөдөр 30 жилд бугшсан асуудлыг Ерөнхий сайд дэлгэн тавьж, автобусны хэрэг, нүүрсний хулгай, нийслэлийн газар зохион байгуулалтын талаар асуудал хөндөж байна. Монгол Улс 1990-ээд оноос өнөөдрийг хүртэл явж ирэхэд хүүхдүүд анхаарлын гадна орхигдсоныг парламентын түвшиндээ хүлээн зөвшөөрч байна гэхэд болно. Нөгөөтэйгүүр, улс төрөөр дамжин эрх мэдэлд хүрсэн хүмүүс хэчнээн тэрбумаар нь идэж ууж, улс орноо цөлмөхөөс биш итгэж сонгосон иргэдийнхээ эрхийг хэрэгжүүлэх, төрд төлөөлөх үүргээ мартдагийг “ногоон” автобусны хэрэг, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгайн хэргүүд баталсаар байна.
Монгол Улс зах зээлийн нийгэмд хөл тавьж, ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн шилжилтийн ороо бусгаа үед олон гэр бүл архины хамааралд өртөж, харж хамгаалах хүнгүй хүүхдүүд орц траншейгаар тарсан. Гутал тосолж, шил, лааз түүж, “Нарантуул” зах дээр гурил будаа үүрч, зарим нь тэрэг түрж бор гэдсээ бондойлгож явсан хүүхдүүд удалгүй цөөрсөн. Тэднээс халаасны хулгай, элдэв гэмт хэрэгт холбогдож хорих газрын хаалга татсан нь ч бий. Вагон дамжиж тэнэж, нүүрс шуудайлж яваад амь насаа алдсан нь ч бий. Хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртөн хохирч, эд эрхтэн, хүний наймааны золиос болсон байх магадлал ч өндөр юм.
ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ 5.8 ХУВИАР ӨСЖЭЭ
Монгол Улсын хэмжээнд 1990 оноос хойш өнөөдрийн байдлаар 0-16 насны 10.115 хүүхэд эрэн сурвалжлагджээ. Эдгээр 10.115 хүүхдээс 14-ийг нь өнөөг хүртэл эрэн сурвалжилж байгаа бөгөөд бусдыг нь олж тогтоон эцэг эх, ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байна. Эдгээр 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн нь дөрөв нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон гэж бүртгэгдсэн бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа аж. Тэгвэл 2022 оны эхний хагас жилд 20 мянга хүн гэмт хэргийн хохирогч болсны 1154 буюу 5.8 хувь нь хүүхэд байна. Мөн хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 6.3 хувиар өсжээ.
Мөн хүүхэд алга болох,эрэн сурвалжлагдаж байгаа байдал 3.2 хувиар өссөн дүн гарчээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 10 МЯНГАН ХЯНАЛТЫН КАМЕР БАЙДАГ Ч 50 ХУВЬ НЬ АЖИЛЛАДАГГҮЙ
Ниргэсэн хойно хашгирав гэгчээр хүүхэд алга болсон гэмт хэргийн дараа нэгдсэн камержуулалтын системийн талаар дээр доргүй ярьж байна. Гэтэл улсын хэмжээнд 10 мянган хяналтын камер байдаг ч 50 хувь нь ажилладаггүй гэсэн мэдээллийг холбогдох албаныхан хэлж сууна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 2012-2021 онд улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10.000 гаран хяналтын камер тавьсанаас 50 орчим хувь нь арчилгаа, үйлчилгээний байдлаас болж ажиллахгүй байна гэв. Ер нь бол албаныхан камержуулалт хангалтгүй байна гэх шаардлагыг тавьдаг ч төр, загаас доривтой арга хэмжээ авдаггүй. Аюулгүй байдал, камержуулах асуудлыг тавихаар УИХ-ын зарим гишүүн хүний эрхийг ноцтой зөрчинө гэж эсэргүүцдэг. Зарим гишүүн хэмнэлтийн хуулиар камеруудыг хэмнэе гэж мэдэгдэж байсан удаатай. Цаашлаад манай орны эрс тус уур амьсгалд дасан зохицдоггүй гэх тайлбарыг ч өгдөг.
Г.Арсланхуяг: Нийслэлийн хэмжээнд 4.8 тэрбум төгрөгөөр 1372 цэгт 3116 камер байршуулна
Ямартай ч нийслэлийн хэмжээнд 4470 теле хяналтын камер суурилуулсан нь 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар хэвийн ажиллагаатай 2150, гэмтэлтэй 2320 камер тоологдсон байна. Гэхдээ эдгээр камерууд нь нэгдсэн удирдлага цогц систем бүрдээгүй, иргэдийн амар тайван аюулгүй амьдрах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд ач холбогдолгүй стандартын шаардлага хангахгүй байгаа аж. Үүнээс болж гэмт хэргийн зөрчлийг илрүүлэхэд хүндрэл учирч байгааг холбогдох албаныхан ярьж байгаа юм. Тухайлбал ЦЕГ-ын УСХ-ийн дарга, хурандаа Г.Арсланхуягаас тодруулахад “ Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12.3 тэрбум төгрөгний зардлаар 157 баг, хорооны нутагт 2554 цэгт 5649 хяналтын камерыг байршуулах ажил хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 4.8 тэрбум төгрөгөөр 1372 цэгт 3116 камер байршуулахаар ажиллаж байгаа. Хүүхэд алга болсон Дорноговь аймгийн хувьд энэ онд 731,6 сая төгрөгөөр камер тавих санал хүргүүлсэн боловч 146.0 сая төгрөгөөр 13 сум багийн 50 цэгт 108 камер тавихаар төсөв шийдвэрлэсэн гэсэн мэдээ ирүүлсэн” гэв.
Х.Булгантуяа: Эцэг эх нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд цахим хувийн хэрэгт бүртгэдэг болгоно
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Манай улс 1.2 сая орчим мянган хүүхэдтэй. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллагаас гадна Боловсролын яам, цагдаа, иргэд олон нийт бүгд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг сүүлийн үед болж буй гэмт хэрэг, ослууд харуулж байна.
Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг нь тогтоогдвол зураг, нэртэй нь олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, шийтгүүлж гарч ирээд буцаад хэрэг үйлдээд байдаг.
Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Шилжих хөдөлгөөний дунд хүүхдүүд бүртгэлгүй хохирч үлдэх магадлал маш өндөр байдаг. Хэдэн жилийн өмнө хойд эцгийнхээ гарт нас барсан охины асуудлыг сургуулийн багш нь мэдээд нийгмийн ажилтанд нь хэлсэн ч гэр нь нүүгээд өөр сургуульд очоод бүртгүүлчихсэн байх жишээтэй.
Иймд хүүхэд болгоныг цахим хувийн хэрэгтэй болгоё. Хүүхдийн эцэг эх нь хүүхдийн эсрэг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхэд тухайн хүүхдийн цахим хувийн хэрэг дээр мэдээлэл үүсэж байдаг байх хэрэгтэй байна. Хүүхэд болгон өөрийн гэсэн цахим бүртгэлтэй болчихвол хаяг, сургуулийн өөрчлөлт, хөдөө орон нутаг руу хүртэл явахад хүүхдийн бүртгэл мэдээлэл явж байх боломжтой” гэлээ.
Ийнхүү эдгээр өдрүүдэд хүүхдийн асуудал анхаарлын төвд орж, олон талаас ярьж, асуудал дэвшүүлж байна. Хамгийн гол нь “миний мөнгө яасан бэ” гэж нэхэж мэдэхгүй хүүхдүүдийн нэрийг барьж төсөвлөдөг шигээ тэднийгээ хамгаалдаг болоосой.
Э.ЭНЭРЭЛ, К.АЙБЕК
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Болор хэлэхдээ, хүүхэд хамгаалахдаа машин ачдаг шигээ өлөн бай гэсэн дээ