Л.Ариун: Хэвлэл мэдээлэлд итгэх олны итгэлийг сонин эргүүлэн авчирна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотор хэвлэмэл бүтээл буюу цаасан сонингийн орон зай цахим орчинд шахагдаж байна гэлцдэг нь  нэг талаар үнэн ч нөгөө талаас  бодит мэдээллийг сониноос олж авдаг хэмээн уншигч, захиалагчид хэлдэг. Тэгвэл сүүлийн үед цаасан сонин эргэн ирж байна гэдгийг судлаачид хэлж байна. “Цаасан сонины хэтийн төлөв, өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа”-г хийсэн ХИС-ийн багш, Ph.D, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.

Ярилцлагын сэдэвтэй холбогдуулан уншигчдын гурван үеийн төлөөлөөс байр суурь авч, хөндлөнгийн дүгнэлтийг Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандахаас тодруулгаар авч уншигчдадаа цогц мэдээлэл хүргэхийг зорилоо.


Өглөөний зочин

 

Л.АРИУН: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД ИТГЭХ ОЛНЫ ИТГЭЛИЙГ СОНИН ЭРГҮҮЛЭН АВЧИРНА

-Цаасан сонины өнөөгийн байдал, цаашдын хөгжлийг судлаачид юу гэж тодорхойлж байна вэ?

-Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд  сүүлийн 20 жил цаасан хэвлэлийн гаралт, борлуулалт буурсан. Дэлхийн томоохон сонинууд өдөр болгон дугаар гаргадаг байснаа больж цөөлөх хандлагатай болсон. Тухайлбал, долоо хоногийн эхний таван өдөр нь сониноо хэвлэж гаргаад, зургаа дахь өдөр нь цахимаар гаргах ч юм уу, ийм арга замыг сонгож байгаа гэсэн сүүлийн үеийн судалгаа байна лээ. Энэ талаасаа өдөр тутмын сонинууд долоо хоногийн бизнес сонинуудын загвартай төстэй болж байна гэж зарим судлаач үзсэн байсан. Гэхдээ өдөр тутмын сонинуудын өөрийн онцлог гэж бий. Тэгвэл цаасан хэвлэлийн цаашдын  ирээдүй яах вэ гэдгийг  олон улсын судлаачид хамтын ажиллагаа гэж тодорхойлсон байна.

-Тухайлбал?

-Жишээ нь, “Өглөөний сонин” цаасан болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр гарах нь орлогоо нэмэгдүүлэх гол үндэс гэж судлаачид тодорхойлж байгаа юм. Эсвэл бямбын дугаараа онлайн болгох ч юм уу, ийм хэлбэр байж болох нь. Анх цахим сонин гаргаж эхлэх үед буюу одоогоос 20 жилийн өмнө цаасан сонины ирээдүйг “Өртөг өндөр, мод ховордож байгаа учраас цахим болно.

Яваандаа огт үгүй болно” гэлцэж байв. Гэтэл 20 жилийн дараа цаасан сонин байсаар байна шүү дээ. Ер нь бол судлаачдын таамаглалд цаасан сонин устаж үгүй болохгүй гэж үзэж байгаа. Харин цахим хувилбар гарч ирснийг боломж гэж дүгнэсэн. Цаасан сонин 20 мянган захиалагчтай байсан бол цахим сонин гарч ирснээр  залуу шинэ уншигчдыг татаж, тухайн сонины нийт борлуулалт 30 мянга болж өсөх боломжтой. Ингэхдээ цаасан болон цахим хувилбар гэдэг тусдаа ойлголт биш гэж үзсэн.Тэгэхээр цаасан сонин оршин тогтнож байвал тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид тэр ажлаа хийгээд, харин сонины  бизнесийг удирдаж байгаа хүмүүс цаасан сониныхоо хөгжиж ирсэн түүх, сэтгүүлчдийнхээ ур чадварт шинэчлэл хийж цахим сониныг давхар авч явах  “бизнес загвар”-ыг судлаачид санал болгодог. Олон улсад “Цаасан сонин боловсролтой хүмүүсийн хэрэглээ” гэдгийг  энэ салбарынхан өөрсдөө бас сурталчилдаг. Сүүлийн үед дэлхий даяар хүмүүсийн мэдээлэлд итгэх итгэл буурсан. Ийм үед сонин юу бичих вэ гэвэл, иргэдийн өөрсдийнх нь хүсэж байгаа зүйлийг бичих ёстой гэсэн судалгаа байдаг юм билээ. Өөрсдийнх нь төлөөлөл байвал түүнд итгэдэг. Тэгэхээр дан улс төр, амжилттай яваа хэдхэн бизнесмэний тухай бичээд байвал надад ямар хамаатай юм бэ гээд уншихгүй байх магадлалтай гэсэн байдаг. Гэхдээ манайд есдүгээр сарын 1-нд эрэгтэй цэцэрлэгийн багшаас ярилцлага авч, бизнесийнхэн гэхэд ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг гаргасан харагдаж байсан. Бас ч гэж сэтгэж, ажиллаж байна.

-Сонины захиалга, борлуулалт буурсан шалтгааныг юу гэж үздэг вэ?

-Хэвлэмэл сонинд ажиллах хүний нөөц, тээврийн болон  цаасны зардал гэдэг ойлголтууд үйлдвэрлэлийг бууруулах үндсэн шалтгаан гэж үздэг. Тиймээс  нийтээрээ онлайн руу хошуурах болсон. Гэхдээ сая хэлсэн, 20 мянга байснаа 30 мянга болж захиалгын тоо өсөж байгаа ч үндсэн дүнгээрээ бол  буурч байгаа гэсэн судалгаанууд ч байна. Миний судалгааны зорилго бол цаасан сонин устах уу, үгүй юу. Сонины ирээдүй яах вэ гэдэгт чиглэсэн. Мэргэжлийн хүмүүсийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд  90 гаруй хувь нь хэвлэмэл сонин 20 жилийн дараа эргэж сэргэнэ гэсэн прогноз гарсан.Сонины борлуулалт буурсныг улс орнуудаар авч үзвэл, манай оронд АНУ-ын нөлөө их байдаг. Япон, Солонгост цаасан хэвлэл хэрэглэгчийн тоо буураагүй. Олон улсын судалгааг харахад Энэтхэгт цаасан сонин хэрэглээ өссөн байна лээ. Шалтгаан нь хүн амын тоо нэмэгдсэн, эдийн засаг өссөнтэй холбоотой гэсэн байсан. Дээр нь дижитал хэлбэрүүд ч сайн хөгжиж байгаа юм билээ.

-Сонин эргэж ирж байгааг юугаар нотолж байх юм бэ?

-Энд янз бүрийн үндэслэл, гаргалгаа  дэвшүүлсэн байна лээ. Зарим нь хуучин соёл эргэн ирж байгаатай холбон тайлбарлаж байна. Жишээ нь, пянз, цаасан ном гэх мэт хуучин соёл эргэн ирж байна гэж үзсэн. Зарим нь угаасаа дэлхийд  мода эргэж байдаг, трапец өмд моданд ороод гараад явдаг шиг хүн төрөлхтний хэрэглээний соёл эргэж байдаг гэцгээж байна.Судлаачийн өнцгөөс миний хийсэн ажиглалт бол хэдэн жилийн өмнөх судлаачдын дүгнэлтэд “цаасан сонин уншдаг 40, 50 настнууд үгүй болоход цаасан сонин хамт байхгүй  болно” гэсэн таамаглал дэвшүүлдэг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар ээж аав, эмээ өвөө нь сонин уншдаг байсан бол тэр гэр бүлд өссөн хүүхэд өөрөө 30, 40 нас хүрэх үедээ сонин захиалах дадал бас байдаг юм байна. Тухайн үед 20 настай залуус технологийн эринийг дагаж явсан ч аав нь сонин уншдаг байсан бол тэр дадлыг хайж цаасан сонин захиалах үзэгдэл  гарч байна гэсэн судалгаа гарсан.

 -Яг энэ судалгааныхаа дүнгээр  практик дээр ажиглалт хийж үзэв үү?

-Сүүлийн үеийн оюутнууд  ном их уншдаг болсон байна. Сэтгүүлчээр сурч байгаа оюутнуудад ном унших даалгавар өгөхөд маш дуртай байдаг, цүнхэндээ бүгд номтой явж автобус, хичээлийн засварлагаанаар уншиж байх нь мэр сэр харагддаг болж. Ярилцаад үзэхэд эмээ өвөө ном  их уншдаг, манайх номын сантай гээд ярьдаг. Гэрт нь ном уншдаг хүн байвал тэр нь уламжлагддаг юм  байна.

-Тэгэхээр сонин уншдаг төлөөлөл буюу нэг  үе дууслаа ч тэр хэвшил, дадал нь  уламж­лагдаад үлддэг байх нь ээ?

-Дээр нь хүмүүсийн нүдний хараа муудах болсон, дэлгэцийн хамаарлаас татгалзаж байгаа, сошиалын хэрэглээ сөрөг эрсдэл дагуулах болсон зэргээс шалтгаалж  сүүлийн үед  сонин, ном, хэвлэмэл бүтээлийг сонирхох хандлага эргээд бий болж байна. Мөн цахим мэдээллийн хэрэгсэлд шуурхай байдал, богино бичлэг, товч бичлэг моданд орж, хүмүүсийн хандлагыг дагаж тийм байдлаар бичиж дадаад удчихлаа. Гэтэл эсрэгээрээ даацтай нийтлэл, том асуудлыг олон талаас анализ хийсэн мэргэжлийн хүний бичвэр үгүйлэгдээд эхэлсэн. Хэдийгээр нийгэмд  мэдээллийг  хөнгөн, богино хэлбэрээр шуурхай авах сонирхолтой нэг хэсэг хүн байхад эсрэгээрээ аналитик нийтлэлийн эрэлт, хэрэгцээ байсаар байна. Дээр нь сонины нийтлэл баримттай байдаг. Баримт болж үлддэг. Тэгвэл хүч түрэн орж ирж буй дижитал эрин үеийн хамгийн гол сул тал бол мэдээллийн үнэн бодитой байдал, хуурамч мэдээлэл. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл буурч байгаа ба үүнийг цаасан хэвлэл эргүүлэн авчрах боломжтой гэж  судлаачид үзсэн байна. Монголын өдөр тутмын сонинуудын хувьд дээрх үзэл санаанд нийцсэн мэргэжилтэн, судлаач, эрдэмтэдийн эх сурвалж бүхий том хэмжээтэй бүтээлүүд олноор нийтэлдэг болжээ. Мэдээж чанар, агуулга илүү сайжруулах зүйл байгаа. Гол нь цаасан сонины өөрийгөө авч үлдэх үнэ цэн нь олон талт судалгаа, анализ, тойм нийтлэлүүд  юм.

-Сонины энэ эргэн ирэлтийг барих, цаашид алдахгүй байх арга замыг судлаачид юу гэж харж байна?

- Мэдээж өдөр тутмын сонинууд хуучин маягаараа эргэлт хийхгүй. Яагаад гэвэл энэ орон зайг аль хэдийнэ цахим сайтууд эзэлчихсэн. Онолын зүгээс судлаачдын хийж буй ажиглалт, хандлага бол томоохон нийтлэлүүд, анализ хийсэн тойм бичвэрүүдийн эрэлт, хэрэгцээ байна гэж үзэж байгаа. Манай өдөр тутмын сонинуудыг ажиглахад хэлбэрийн хувьд дээрх өөрчлөлийг хийсэн. Гурван нүүр дамнасан том нийтлэлүүд ч гаргаж байна. Агуулга талаасаа зарим бүтээлүүд нь учир дутагдалтай. Захиалгын, усан нийтлэлүүд таарч байна. Гол нь хэлбэрийн хувьд яаж явахаа ойлгочихож. Энэ дээр агуулгаа сайжруулж, хүмүүс яг юу хүсээд байна вэ гэдгийг олох нь чухал юм. Телевиз, сайтуудаар шуугиад өнгөрдөг томоохон асуудал дээр анализ хийсэн тойм, нийтлэл гаргавал сонирхолтой, хүлээлттэй байхсан. Жишээ нь, Оюутолгойн далд уурхай нээгдлээ гээд манайхан шуугиад өнгөрсөн. Би ч гэсэн учрыг нь сайн олоогүй байтал нэг залуу сэтгүүлч “Яагаад энэ чухал болох тухай хэлээд өгөх хүн байна уу” гэж асуусан байсан. Яг энэ асуудалд дээр сонин олон талт эх сурвалжаас мэдээлэл авч, анализ хийсэн нийтлэл гаргавал эрэлт хэрэгцээ байна гэж харсан. Нийгмээрээ шуугиад өнгөрч байгаа сэдвээр олон талаас судалж, мэргэжлийн хүмүүсээс асууж тойм нийтлэл гаргавал хүмүүст ч хэрэгтэй шүү дээ. Ярилцлага бол нэг л талын байр суурь, тиймээс миний бодлоор дахиад олон өнцгөөс нь бичиж, цувралаар гаргавал хүмүүс  одоо ч сонирхоно. Дан ганц улс төрийн хэрүүл бичээд байлгүй эдийн засгийн, нийгмийн томоохон асуудлуудыг  даацтай бичдэг байх нь өдөр тутмын сонины гол онцлог нь тэр болох юм болов уу

-Тийм боломж, орон зай нь байна гэж та дүгнэж байна уу?

-Боломж нь, орон зай  нь ч байна. Яваандаа тэгээд  танигдчихвал уншигчдын тоо ч нэмэгдэнэ. Гол нь ийм байдлаар хандаж  бичихгүй байгаа учраас усан нийтлэлүүдийг хүмүүс уншихгүй байна шүү дээ. Би л лав уншигч байсан бол ийм сониныг авна, яваандаа сошиал орох шаардлага ч байхгүй бол сониноо  захиалаад уншаад, иж бүрэн ойлголт, мэдээллээ  аваад  явчихна. Сэтгүүлчийн ажил чинь энд тэнд байгаа мэдээллүүдийг аваад сэтгүүлчийн үүднээс боловсруулж, хүн уншихад ойгомжтой, энгийн амархан болгож өгдөг нэг төрлийн гурил, масло, элсэн чихэр авч хөрөнгөө бэлдээд талх хийдэгтэй адил үйлдвэрлэл.Тэр үйлдвэрлэлээ л  сайн хийчих юм бол зарим сайн нийтлэл 20 жилийн дараа ч мартагдахгүй үг, өгүүлбэрээрээ санагдаж, бараг нүдэнд харагддаг шүү дээ. Сонин бол уншихаас эхлээд хүнд өгдөг өгөөж нь их. Хүний сэтгэн бодох чадварт нөлөөлдөг, хэл яриаг сайжруулдаг, цаашаа мэдлэг, мэдээлэл өгдөг, энэ олон давуу талаа ашиглаж, цөөхөн том нийтлэлд түшиглэж явах нь хөгжлийн гарц юм байна гэсэн дүгнэлтийг энэ судалгааныхаа  явцад хийсэн.

-Та бол сэтгүүлч бэлдэж байгаа багш, харин би өдөр тутмын гал тогоонд ид  ажиллаж яваа сэтгүүлч. Зовлонгоо ярихад шинэ залуу сэтгүүлчид сайт, телевиз рүү хошуурах юм. Бас бичгийн чадвар нь асуудалтай байх юм?

-Бид хоёрын ярьж буй сонины сэтгүүлзүй, цаашдын хөгжил бол угаасаа туршлагатай хүний хийх ажил. Анализ, тойм, нийтлэл гэдэг туршлагатай, боловсролтой, сайн бичдэг, нэлээн буйр суурьтай хүмүүсийн хийх ажил байгаа биз дээ. Тэгэхээр төгсөөд очиж байгаа шинэ сэтгүүлчдийг сонины редакц өөрөө сургаж авдаг. Тэнд туршлага сууж, боловсорч, хөгжиж урагшилдаг. Нөгөөтэйгүүр, залуу сэтгүүлчид сайт, телевиз рүү хошуураад байгаа нь хэсэгхэн хугацаанд шуураад өнгөрөх үзэгдэл. Сая би оюутнууд ном их уншиж байна гэж ярьсан. Хэдэн жилийн дараа тэд сонины сэтгүүлч болохоор очих ч юм бил үү. Ер нь сэтгүүлчээр сурах оюутны тоо бас цөөрч байгаа. Дээр нь сэтгүүлзүйн салбарын цалин бага, ёс зүйн зарим  асуудлууд хүмүүсээ үргээж байна. Үзэгч, уншигчдадаа гологдох явдал  их гарч байна. Гэхдээ энэ бол үзэгдэл байх. Түүнд гутраад сууж болохгүй. Сонины сэтгүүлчдэд юугаар ч үнэлшгүй үнэ цэнтэй зүйл нь  туршлага. Эндээс цааш явах тусам сонинд олон жил ажилласан хүний тоо цөөрнө. Сэтгүүлзүйн доктор, профессор М.Зулькафил багш “Сонины сэтгүүлчид бол илүү тогтвортой, төлөвшсөн хүмүүс байдаг” гэж дүгнэсэн байдаг. Сошиал талбарыг харж байхад ч  сонинд ажилласан хүний оруулж буй пост хүртэл уншууртай байдаг.

-“Уйтгартай усан” гэдэгт та ямар мэдээллийг  онцлох бол?

-Мөнгө төлсөн албан байгууллагуудын өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан мэдээнүүдийг боловсруулалт хийлгүй тавьсан харагддаг. Бас Украины дайны тухай хоцорсон мэдээллүүд оруулсан байх жишээтэй. Зарим нь баахан ярилцлагаар нүүрээ дүүргэчихдэг. Дан ганц ярилцлага гэдэг бол залхуу хэлбэр. Хэд хэдэн эх сурвалжаас аваад жижиг ч гэсэн амттай нийтлэл тавьбал хүмүүс сонирхож уншина. Надад бол тийм л мэдээлэл хэрэгтэй санагддаг. Ер нь бол жижиг материалууд багассан байна лээ. Хэлбэрийн хувьд болж байгаа ч нэг хүн яриулсан том ярилцлага уйтгартай. Тэгэхээр чанартай сэтгүүлзүйг хөгжүүлэх нь чухал.

 

Хөндлөнгийн шинжээч

 

М.МӨНХМАНДАХ: СОНИН ЦААШИД Ч БАЙНА, ӨӨР АРГА БАЙХГҮЙ

/МХХ-ийн Гүйцэтгэх захирал/

 

-Цаасан сонин устаж үгүй болох уу, эсвэл?

-Сонины формат буюу хэлбэр нь өөрчлөгдөж байгаа болохоос сонин өөрөө устаж үгүй болохгүй. Судлаачид ерөнхийдөө ийм байр суурьт нэгдэж байгаа. Цаасаар хэвлэхгүй ч гэсэн сонины мөн чанар, шуурхай байхаас гадна тайлбартай, анализ хийсэн, баримт нотолгоотой, нэг үгээр хэлбэл чанартай мэдээлэл өгдөг мэдээллийн хэрэгслийн хувьд цаашдаа ч байсаар байна. Байхаас ч  өөр арга байхгүй. Яагаад гэхээр хэнд ч чанартай мэдээлэл авах шаардлага байсаар байгаа. Тэгвэл  чанартай мэдээлэл  өгдөг сонин гэдэг мэдээллийн хэрэгсэл байхаас аргагүй. Хамгийн гол нь хэлбэр нь өөрчлөгдөж байгаа. Хэрэглэгчдээ дагаад цахим талбар руу очно. Монголд хэдэн зуугаараа бий болсон мэдээллийн сайтууд бол хандалтын төлөө маш товч, богинохон мэдээллүүд, заримдаа хувь хүний үзэл бодол, эсвэл сошиалд явж байгаа хэн нэгний хувийн постыг мэдээ болгоод тавьчихдаг гэх мэт хандлагаас арай өөр хэлбэрээр чанартай мэдээллийн хэрэгсэл байх, хуучин сонинд ямар  агуулгыг өгдөг байсан тэр хэлбэрээр, ингэхдээ цахимд тохирсон форматаар байх хэмжээнд  очих байх. Сонин редакцийн бүрэлдэхүүнээр яаж ажилладаг байсан бэ, тийм мэргэжлийн түвшиндээ, ингэхдээ хэлбэрээ өөрчилж цахимд очихоос  аргагүй.

-Сонин үлдэх гарц юу вэ?

-Мэргэжлийн редакцийн үйл ажиллагааг алдахгүйгээр хандалтын араас хэтэрхий хөөцөлдөхгүйгээр, тайлбарласан, тоймлосон, анализ хийсэн, ойлгомжтой, олон төрлийн мэдээллийн эх сурвалжтай тэр хэлбэрийг цахим аргаар өгөх. Цаасаар хэвлэгдэж байгаа нь сонин, цахимд байгаа нь сонин биш гэдэг уламжлалт сэтгэлгээнээсээ  салах хэрэгтэй. Уншигчид ингэж хэлэв

 

Уншигчдын байрь суурь

П.ОЮУНЖАРГАЛ: СОНИН МЭДЭЭЛЛИЙН БОДИТ ҮНЭНИЙГ ГАРГАДАГ /Төв аймгийн Мөнгөнморьт сум/

-Хөдөө орон нутагт  болоод ч тэр юм уу, зарим үед л олж үгүй бол хааяахан сонин захиалж  унших юм. Сүүлийн үед бол цахим ертөнцөөс мэдээлэл түүж уншаад, сонингоо ч хэрэглэхгүй байгаа шүү, ний нуугүй хэлэхэд. Уг нь сонин гэдэг чинь л  жинхэнэ мэдээллийн бодит үнэнийг гаргадаг хэрэглүүр шүү дээ. Баримт болж гарт үлдэнэ, гараас гарт дамжин уншигдана.Сонин уншихад аяндаа зөв бичгийн дүрэм нүдээр дамжаад тархинд үлдчихдэг. Сэтгэн бодох чадвар, бичгийн болоод хэл ярианы чадвар, найруулах арга барил ч сайжирдаг. Хүүхэд, залуус бол сонин уншиж баймаар байгаа юм.

Б.ЧИМИД: СОНИНЫ МЭДЭЭЛЭЛД ИТГЭДЭГ УЧРААС БАЙНГА ЗАХИАЛДАГ /Улаанбаатар хот/

-Сонин хэвлэл, ном зохиолтой дүйцэх хүнд мэдлэг, боловсрол олгодог зүйл байхгүй. Сонины өгөөж их, уншигчдадаа хэл ярианы  баялаг, монгол хэлний зөв бичих дүрмийн боловсрол олгож байдаг. Үнэнийг өгүүлж, түүх бичиж үлдээж байдаг онцлогтой. Соён гэгээрүүлэх ач тустай. Хүн нүдээр харж уншсан зүйлээ ойлгож, тогтоож авч, түүнд итгэдэг. Энэ итгэлийг сонины редакц авч явдаг. Тэр хэрээр хариуцлагатай, үнэнийг мэдээлдэг гэж сонины мэдээлэлд итгэдэг, сониныг энэ үүднээс  байнга захиалж уншдаг.

Б.ҮҮРИЙНТУЯА: СОНИНУУД ХҮРГЭЛТЭЭ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ /Улаанбаатар хот/

-Өдөр тутмын сонин захиалж уншдаг байсан, одоо больсон. Нэгдүгээрт, хүргэлт хоцрогдолтой.

Хоёрдугаарт, цаг үеийн мэдээллийг онлайн сувгууд мэдээлчихдэг болохоор цаг хугацааны хувьд хоцрогддог. Унших хэрэгцээгүй мэдээлэл байдаг. Сонинууд анализ хийсэн, сэдэв хөндсөн, баримт нотолгоотой, эрэн сурвалжилсан гэх мэт мэдээлэл агуулах нь ховорджээ. Тойм, гадаад мэдээний цар хүрээ бага, захиалагчдыг өдөөх арга барил хязгаарлагдмал, эргэх холбоо байдаггүй.

Сонин уншдаг гэр бүлд өссөн хүмүүс хэвлэлд ойр байдаг шиг санагдсан. Манай нөхрийн аав  сонин уншдаг байсан болохоор бид хүүхдүүддээ онлайн мэдээллийн хажуугаар биет мэдээлэл өгөх гэж сонин захиалж байсан. Гэтэл сониноо өгч авалцах нь үнэхээр төвөгтэй. Түгээгч нь чадлаараа явдаг байх, хүн хүчгүй болохоор тэр үү, сонин хугацаанаасаа хоцорч, мэдээлэл нь хуучраад унших сонирхолгүй болчихдог.

Залуу хүмүүс өглөө хэд хэдэн онлайн эх сурвалжаас мэдээлэл авчихаад хоёр өдрийн дараа “ийм юм байжээ” гэж сониноос унших шаардлагагүй. 30-аас доош насныхны хувьд цаасаар яах вэ  гэнэ. Шинэчлэлийн тухай ярихаар нөгөө л хүний нөөц, хүргэлтийн чадвараа сайжруулах гэсэн сэдэв рүү эргэж орох хэрэг гарна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
нарангэрэл(66.181.160.2) 2023 оны 10 сарын 12

сонингоо уншмаар байна нетээс үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их болсон одоо үед сонин хэрэгтэй байх нь зөв шүү

1  |  0
Top