ТОЙМЧИЙН ӨНЦӨГ | Таван суудал нь хоосон парламент

2023 оны 10 сарын 17

УИХ ирэх жил 126-лаа болж ам бүл нэмнэ гээд Лаосаас сум модон ширээ сандал бэлэглүүлж, төсөв хөрөнгөө нэмүүлээд сүйд. Гэтэл өнөөдөр 76-гаас 71 гишүүн хоцорч, таван суудал хоосон ханхайж байна. Олшрох тусмаа ширээ хоосорч, нөхөн сонгуулийн зардал нэмэх вий гэсэн хардлага ч төрмөөр. Сонгогчдынхоо итгэлийг хөсөр орхиж хулгай луйвар хийсэн, алба тушаал хөөгөөд суудлаа хоосолсон шалтгаанаар мөнөөх таван сэнтий суларсан хэрэг л дээ. Сонгинын гишүүд хот руу даргын суудал шилж, Архангайнхан банк, нүүрсний хэргээр, Өмнөговийн нэг гишүүн мөнөөх л нүүрсний асуудлаар танхимаа орхив.

Хэдхэн хоногийн өмнө Сонгино­хайрхан дүүргийн мандаттай Х.Нямбаатар гишүүн огцорсон дарга Д.Сумъяабазарын орыг залгахаар өөрийн хүсэлтээр хотын мэр болоод явчихлаа. Өмнөх Д.Сумъяабазар нь бас л Сонгинохайрханы төлөөлөл байгаад сайн дураараа хотын даргаар очиж байсан. Өдгөө түүний орыг Э.Батшугар гишүүн залгаад сууж буй. Ирэх сонгуулийн хугацаа дөхчихөөд байгаа учир Х.Нямбаатарын оронд нөхөн сонгууль хийж илүү мөнгө зарахгүй биз. Ингээд Монголын хамгийн олон хүн амтай засаг захиргааны нэгж болох тус дүүрэг нэг гишүүнийхээ суудлыг султгав.

Архангайнхан гурван суудлынхаа хоёрыг хоосолчихоод байна. Нүүрсний хэрэгт холбогдох болмогцоо Ж.Мөнхбат гишүүн “Ээжийгээ эмчлүүлнэ” гэх шалтгаар суудлаа сул орхиод явсан. Хэдийгээр дараагийн сонгууль болоход жил хагасын зай үлдээд байсан ч орны гишүүний сонгуулийг зарласангүй. Шударга ёс ярьдаг гишүүдийн нэг болох Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны асуудалд орооцолдоод багагүй хугацаагаар хорих ялын төлөвлөгөө сонсоод сууж байгаа. Тэрбээр гишүүн мөн үү, биш үү гэдэг өнөө хэр эргэлзээтэй асуудал.

Архангайн араас орж, тэр бүү хэл парламентад огт төлөөлөлгүй үлдэх шахсан аймаг бол Өмнөговь. Өнгөрсөн хавар тус аймгаас парламентад суусан  Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг “нүүрсний” хэрэгт холбогдуулан шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээ мэдэгдчихсэн. Гэтэл парламентын түүхэнд гараагүй хэрэг мандаж тус аймгийн сонгогчид “Манайхан төрд төлөөлөлгүй хоцрох гэж байна. Хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйн төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдэл гаргаж, булхайтай гишүүдээ өмгөөлөхөө зарлав. Түүнийг харгалзаж үзсэн үү, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн  эрхийг түдгэлзүүлж, Н.Наран­баатар гишүүн анхаарлын тэмдэгтэй, хаашаа ч эргэж болох болзолтой суудал дээрээ хоцорсон. Ингээд өмнийн говийн нэг суудал ханхайв. Тав дахь хоосон суудлын эзэн бол Нийслэлийн Чингэлтэй дүүргийн төлөөлөл Т.Аюурсайхан. Тэрбээр бас л “нүүрсчдийн” бүлэгт багтсан.

Хэрэв үнэн зөвөөр хэрэг шүүсэн бол энэ парламентын суудлын тал хувь нь ч ханхайж мэдэхээр байв. Архаг гэмт хэрэгтнүүд шиг “Нүүрсчид”, “Төрийн банкныхан” гэх хоч зүүсэн гишүүд энэ хэдээр тогтохгүй олон. Нэгд, УИХ-ын сонгууль болоход цөөхөн сар үлдсэн учраас, хоёрт, олон гишүүний бүрэн эрхийг цуцалбал парламентын чадамж алдагдаж, үндэсний аюулгүй бай­далд нөлөөлөх учраас л тэгтлээ олон гишүүнд халдаж чадаагүй.

Энэ удаагийн УИХ шиг ингэж олноороо “хэрэгтэн” болж байсан түүх байхгүй. Бодож үзэхэд гишүүд олон цөөндөө бус, иргэдээ төрд төлөөлж чадах чадвар л чухал юм байна. Сонгогчдынхоо итгэлийг даахаас илүүтэй ашигтай байж мэдэх даргын суудал хараад тийш шарвадаггүй, хулгай хийх сиймхий үзээд тэнд шургадаггүй байх л чухал аж. Урьд өмнөх үеийн УИХ-ын түүхэнд голдуу нас барсан юм уу, эрүүл мэндийн шалтгаанаар л гишүүний суудал сулардаг байсан бол энэ удаа хэрэг төвөгт ороолдон сэнтийгээ суллах нь дийлэнх болж. Тиймээс дараа жилийн сонгуульд сонгогчдод өгсөн амлалтдаа хүрч, дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд хаашаа ч холбиролгүй гишүүн шиг гишүүн байж чадах хүнийг л сонгох нь чухал болж буйг энэ үйл явдал харуулж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top