Ухаалаг оролцооны шинэ соёл руу

2023 оны 10 сарын 17

БЗД-ийн 21-р хорооны иргэн Б.Дорж гэрийнхээ ойролцоох хүүхдийн тоглоомын талбайг нурааж, оффисын зориулалттай барилга барихыг эсэргүүцэн хороо, дүүргийн засаг даргаас эхлээд хөлөө хүрэх газар өргөдлөө барьж хоёр сарыг элээв. Байрныхаа 100 гаруй хүний гарын үсгийг цуглуулсан түүний өргөдөл гараас гар дамжсаар үрчийж нухагдан, иргэн Б.Дорж хаалганаас хаалга татсаар ядарч туйлджээ.

Өнөөдрийн нийгэмд энэ мэтчилэн тав тухтай, аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эрүүл, чанартай хоол, хүнс хэрэглэх зэрэг амьдралын наад захын хэрэгцээг шаардсан асуудлуудаас эхлээд авилгал, үнийн өсөлт, ажилгүйдэл, тэтгэврийн зөрүү, агаарын бохирдол гээд та биднийг бухимдлыг бардаг “толгойн өвчин” цөөнгүй. Эдгээр асуудлуудыг илчлэхийг нь илчилж, “дүүжлэхийг нь дүүжлэх” нэг том талбар нь сошиал медиа буюу цахим орчин болоод байгаатай үүнийг уншиж байгаа хэн бүхэн санал нийлэх биз. Талцсан ч бай, тролл ч бай, тэнд хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, далд бугшсан болгоныг нийгмийн чихэнд сонордуулж байгаа нь үнэн. Гэхдээ энд ШИЙДЭЛ алга.

Шийдвэр гаргах түвшний хүмүүсийн бодит ажил хэрэг, үр дүн дагуулсан оновчтой шийдэл, гал намжаах бус асуудлыг үндсээр нь өөрчилсөн зоримог алхам үгүйлэгдсээр байна. Үүний шалтгаан нь олон нийтийн оролцооны зөв, оновчтой хэлбэр юм. Аливаа хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал гэж нэгэнтээ тодорхойлсон байдаг.

Тэгвэл ардчиллын суурь мөн чанар бол төрийг удирдах үйл хэрэгт ард түмэн оролцох явдал байдаг. Оролцоо нь шууд болон төлөөллийн гэсэн хоёр хэлбэртэйг бид мэднэ.

Өнгөрсөн 30 жилийн турш та бид Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 3.1-д заасан “Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэх цөөн үгээр том утгыг илэрхийлсэн эрхэм эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадсан билүү? Энд сонгуульд саналаа өгөх, эсвэл гишүүд сонгогчдын уулзалтад үгээ хэлэхээс тэс ондоо агуулгыг хөндөж байгаа юм шүү. Түмний итгэлийг дааж, төрийн бодлогыг чиглүүлж яваа түшээ, дарга нарын шийдвэр бүр зөв байдаггүй, хүн бүрт таалагдах ч албагүй. Гэхдээ ардчиллын баянбүрд гэгддэг 3.5 сая хүн амтай Монголчуудын хувьд хуйвалдах бус зөвлөлдөх нь хөгжлийн хамгийн том хурдасгуур байж ч мэднэ. Нэгэнт 3.5 саяулаа тойрч суугаад хэлэлцэн зөвлөлдөх боломж байхгүйгээс хойш нэг суудал дээр 46000 иргэнийг төлөөлөөд сууж байгаа, өөрсдийн сонгосон төлөөлөгчдөө үгээ дайж, асуудлаа хэлэлцүүлье. Ингэхийн тулд иргэн Б.Дорж шиг А4 цаасан дээрх өргөдлийг энд тэнд амаа чилтэл тайлбарлаж, хөлөө цуцтал хаалга татахын оронд, өнөөх цахим талбар сошиал медиагаа үр дүнтэйгээр ашиглаж боломж иржээ. Цахим парламент буюу D-Parliament аплликейшнээс анх ямар хуулийг яаж батлах гээд байгаатай танилцаж, хэн хэдэн төгрөгийг төсвийг хаана захиран зарцуулах гээд буйг хянах зорилгоор үе үе шагайдаг байлаа. Харин өнөөдрөөс эхлээд иргэн бүрийн тулгарсан асуудал, мухардсан санал гомдлыг ил тод, нээлттэй хүлээн авч, их хурлын чуулганаар хэлэлцэх хүртэл ажил хэрэг болгохоор болсон таатай мэдээ байна. 

Дахиад л дээрх иргэн Б.Доржийн кэйсийг сөхөе. БЗД-ийн тус хороо нь нийт 60000 хүн амтай аж. Тэгвэл тоглоомын талбайд барилга барихыг эсэргүүцсэн иргэний өргөдлийг D-Өргөдөл системд байршуулж, 21-р хорооны нийт иргэдийн тал нь цахимаар дэмжсэн тохиолдолд уг асуудлаар УИХ дээр ажлын хэсэг гарч, хэлэлцэх боломжтой аж. Цаашлаад ижил асуудалтай хороод, бүр дүүргийн хэмжээнд яригдаад 70,000 иргэний дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-ын түвшинд сонсгол хийж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авах нөхцөл бүрдэх юм. Энэ процесс нь иргэдийн дуу хоолойнд үндэслэсэн бодит шийдлийг дагуулах төдийгүй, зөв ардчилал, ухаалаг төрд зайлшгүй байх эрүүл тогтолцоо мөн. 

D-Өргөдөл буюу цахим өргөдөл, гомдлын талбарт тавигдсан хамгийн эхний санал нь НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгож нэмэгдүүлэх тухай байршжээ. Өөрөөр хэлбэл сугалаагаар азтан тодруулах мөнгөнийхөө оронд буцаан олголтын 2%-ийг 5% болгон нэмэгдүүлэхийг та дэмжиж байна уу?

Жил бүр дунджаар 600 000 татвар төлөгч НӨАТ-ын буцаан олголт авдгаас сугалаагаар азтан болох нь маш ховор. Угтаа НӨАТ барааны үнэд нөлөөлдөг учраас инфляцид ч нөлөөлж байдаг. Иймд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлэх нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдэд бодит дэмжлэг болно. Татварын бааз суурийг нэмэгдүүлж, татвар төлөгчдийн сахилга бат, иргэдийн хяналтыг сайжруулахын тулд аль нь оновчтой, амьдралд өгөөжтэй хэрэгжиж болох талаар та саналаа өгөх үлдлээ. Жагсаал цуглаан, сошиал хийрхлээс илүү үр дүн дагуулах ухаалаг оролцооны шинэ соёлыг хэвшүүлье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ууганбаяр Намсрай(103.57.95.27) 2023 оны 10 сарын 20

нэмэх нь зөв дэмжиж байна

0  |  0
Top