Д.Цогтбаатар: Дэлхийн улс орнууд хууль тогтоох байгууллагуудын харилцааны шинэ хэлбэрийг онцгойлж ирсэн

Админ | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

Монгол Улсын Их Хурал парламентын түвшинд улс орнуудтай хэрхэн харилцаж байгаа талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Монгол, Оросын парламентын комисс байгуулагдсан. Парламент хооронд ийм комисс ажиллах нь хэр зүй зохистой вэ?

-Манай улсын гадаад бодлогын хэрэгжилтэд гадны улс орны парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байдаг. Тэр нь дотроо хоёр хөрш оронтойгоо яриа хэлэлцээний суваг бүх түвшиндээ, түүн дотроо парламентын түвшинд нээлттэй байх ажилд тустай. Орчин үеийн гадаад харилцааны салбарт парламентын түвшний харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх бодлого маш түгээмэл байдаг. Тухайлбал, бөмбөрцгийн хойд хэсгийн аюулгүй байдал, тогтвортой яриа хэлэлцээг өрнүүлж, улс хоорондын бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий томоохон байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дэргэдээ Парламентын ассамблейтэй байдаг. Тэнд нэн өргөн хүрээний хамтын ажиллагаа парламент хоорондын төрөл бүрийн хороо, механизмаар дамжин хэрэгжиж байдаг. Би, жишээ нь, нэлээд өргөн эрх мэдэл бүхий Терроризмын эсрэг тэмцэх хорооны гишүүнээр, бас уг ассамблейн хүрээн дэх нэгэн бүлгийн мандат доор байгууллагдсан ажлын хэсгийн даргаар ажиллаж байна. Ийм төрөлжсөн өргөн хүрээний хамтын ажиллагааг харин ч манай ассамблей дэмжиж байдаг.

Олон улсын парламентын ассамблейн хүрээнд ч маш олон механизм байж л байдаг. Тухайлбал, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн комисс гэж байдаг. Мэдээж энэ механизм “комисс” гэдэг нэртэй болчихоороо гишүүн орнуудын эрх ашигт халдаад л, эсрэг нь ажиллаад байдаггүй л байж таарна шүү дээ.

Тэгэхээр парламентын хүрээний хамтын ажиллагаа нэлээд өргөн хүрээний ойлголт байгаа биз. Үүний хэлбэрийг яг тийм, ийм байна гэж тогтоосон зохицуулалт байхгүй.

ОХУ-ын Холбооны хуралтай  хамтын ажиллагааны комисс байгуулсан нь олон улсын түвшинд хэвшсэн энэ л хандлагын хүрээнд  хэрэгжиж буй бодлого гэж ойлгож байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард энэ асуудлаар талууд тохиролцоод, ажиллаж эхэлсэн. Үүнийг байгуулахдаа мэдээж манай парламентын гадаад хамтын ажиллагааны тогтсон практикийг олон улсын парламентын үйл ажиллагааны дэг жаягтай хамтатган харгалзсан. Ийм ижил төстэй механизмыг манай парламент мөн БНХАУ, Европын холбоотой багагүй хугацаанд ажиллуулсаар ирсэн байдаг.

Гол нь парламентын түвшинд ийм яриа хэлэлцээний механизмтай байх нь хоёр орны хүлээгдэшгүй тулгамдсан асуудлуудын шийдлийг удаашруулах хүнд суртлаас ангижруулах үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Үнэндээ гүйцэтгэх засаглалын түвшинд шийдвэрлэсэн олон асуудал парламент дээр ирээд хэлэлцүүлгийн хүнд суртал, улс төржилтөд түүртэн гацах нь элбэг. Ийм зүйл аль аль талдаа байдаг. Гэтэл бодит асуудлуудаар энэ механизмаар дамжуулан мэдээлэлжсэн гишүүд тухайн асуудлуудыг ороод ирэхэд танин мэдэх гэж цаг алдаад, улс төржөөд байдгийг л багасгана гэсэн үг. Нөгөө талаасаа сайтар мэдээлэлжсэн гишүүд харин зогсоох шаардлагатай асуудал байвал бас үндэслэлтэй тайлбаруудтайгаар зорилгодоо хүрэх илүү боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр ийм механизм хоёр талын ач холбогдолтой байгаа биз дээ. Мөн хоёр орны харилцаанд аливаа саатал, тээнэгэлзэл гарах үед хууль тогтоох байгууллагуудын ойлголцол, өөрөөр хэлбэл, өндөр түвшний ойлголцол, уг доголдлыг тэнцвэржүүлэх нөлөөлөлтэй байх боломжтой. Үүнийг бас ард иргэдийн амжиргаанд гадаад хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах боломжтойг бодолцож байх учиртай. Тийм ч учраас хоёр улсын парламентын комиссын хуралдаанаар цаашдын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд, түүн дотроо эрчим хүч, түлш, шатахууны зэрэг асуудлуудыг тал талдаа ярьж, ойлголцолд хүрсэн байгаа. Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох ноос, ноолуурын экспортыг нэмэх гарц, боломжийг нэмэгдүүлэх талаар ч тодорхой тохиролцоонд хүрэх тухай ярьцгаасан.

Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрш оронтойгоо харилцаа, хамтын ажиллагааг эн тэргүүнд тавин анхаарч гадаад хамтын ажиллагааг эдгээр түнштэйгээ бүх түвшин, чиглэлд өргөжүүлэх бодлогыг онцолсон байдгийг бас дээрх асуудлуудыг ярихдаа эргэн бодолцох хэрэгтэй. Ийм механизм БНХАУ-тай бас байдаг. Мөн гуравдагч хөршийн бодлого Г.Занданшатар дарга Гадаад харилцааны сайд байхад бодитойгоор томъёологдож Гадаад бодлогын үзэл баримтлалд орж ирсэн байдаг. Өмнө нь энэ бол бодитой хэдий ч дээрх үзэл баримтлалд бичгээр тодорхой тусгагдаагүй бодлого байсан юм. Энэ бодлогын хүрээнд ч манайх ЕХ-той бас ижил төстэй парламент хоорондын механизмтай гэж дээр хэлсэн.

-БНХАУ-тай уулзалтын ижил механизмыг бараг 10 жилийн өмнө байгуулсан юм биш үү?

-2012-2016 онд УИХ гадаад бодлогын чиглэлээр хоёр хөрштэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд мөн л анхаарч ажиллаж байсан байдаг. Гадаад бодлого бол нам харгалзахгүй залгамж чанартай байх ёстой. Тиймээс ч энэ бодлогыг одоо ч үргэлжлүүлээд л явж байгаа нь тодорхой.

Өмнөд хөрштэй ийм ижил төстэй хамтын ажиллаагааны механизмыг хууль тогтоох байгууллагын түвшинд эмхлэх тохиролцоог 2014 онд Монгол Улсад БНХАУ-ын Даргын хийсэн төрийн айлчлалын үеэр талууд тохирч, УИХ-ын даргын түвшинд санамж бичиг байгуулснаар үүсгэсэн.

Уг механизмаар 2015 онд анхны, 2018 онд хоёр дахь, 2020 онд гурав дахь, 2021 онд дөрөв дэх уулзалтуудыг тус тус зохион байгуулж ирсэн. Ирэх 2024 онд Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой болох гэж байна. Цар тахлын үед буюу 2020, 2021  онуудад  УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү механизмын гурав болон дөрөв дэх уулзалтыг онлайнаар зохион байгуулж байсан. Энэхүү уулзалтаар цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, хууль тогтоох байгууллагууд хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, туршлага солилцсон. Улмаар цар тахлын дараах парламентын түвшний харилцан айлчлалын талаар ярилцсан юм. Тиймээс хоёр улсын парламентын түвшний харилцааны түүх бидэнд байна. Өөрөөр хэлбэл, шинэ зүйл биш. Парламентын харилцаа бол улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

-Ийм механизм нь манай дотоод хэрэгт гадныхны орох үүд хаалгыг нээлээ гэж болох уу?

-Юу гэж тийм зүйл байх вэ дээ. Та өөрөө бодоод үз. Тийм байх юм бол энэ чинь хоёр талын харилцан ярьж тохирсон тогтолцоо болохоор манай талд ч айлын дотоод хэрэгт оролцох үүд хаалгыг нээсэн байна гэсэн үг биз дээ. Хойд хөрш тийм зүйл хийх үү. Монголын талдаа итгэдэггүй юм гэхэд, хардах эрх байгаа гэж бодоход энэ өнцгөөс нь хараад үзвэл ийм байх боломжгүй гэдэг нь илүү логиктой ойлгогдох байх.

-Та дэлхийн бусад орнуудын парламентын түвшинд ажиллаж буй жишээг танилцуулахгүй юу?

-Бусад улс орнуудад ч парламентын хоорондын харилцаа хамтын ажиллагаа хөгжиж, тухайн хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулж байгаа жишээ олон. Тухайлбал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал БНСУ-ын Үндэсний Ассамблей, ОХУ-ын Төрийн Дум, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим, Бүгд Найрамдах Өмнөд Африк Улсын Үндэсний Ассамблей хооронд   байнгын харилцааны механизмтай юм. Канад улс Франц, Британи, Хятадын хууль тогтоох нийгэмлэгтэй хамтран ажилладаг. ОХУ-ын Төрийн Дум Турк, Иран,  Вьетнам,  Армени, Хятад зэрэг бас л 10 гаруй улс орнуудын парламентын хамтын ажиллагааны комисстой. Эдгээр улс өөрийн дотоод хэрэгтээ хэн нэгнийг оролцуулахыг зөвшөөрсөн байна гэж байх уу? Түүний нэгэн адил ОХУ манай УИХ-тай хамтын ажиллагааны комиссыг байгуулан ажиллаж байна.

-Манай УИХ, Европын парламент хоорондын зөвлөлдөх уулзалт хэзээ байгуулагдсан юм бэ?

-Монгол Улсын Их Хурал хоёр хөрш гүрнээс гадна 1991 оноос Европын парламент хоорондын зөвлөлдөх уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулан хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэ оны аравдугаар сарын сүүлээр ээлжит 16 дугаар уулзалт товлогдож байна. Энэхүү уулзалт Европын холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэг зорилтуудад зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм. Европын парламентын тухайд манай улсаас гадна ОХУ, АНУ, Афганистан, Бразил, Беларус, Канад,  Чили, Израиль, Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн 30 шахам улсын парламенттай тогтмол болон жил бүр уулзалт зохион байгуулдаг, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй байгууллага юм. Бүүр 1975 онд анх удаа Япон Улсын парламенттай хамтын ажиллагааны уулзалтыг анхлан зохион байгуулж байсан түүхтэй.

Ярилцсан М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.117.23) 2023 оны 10 сарын 19

Сурвалжлагч охины зарим асуулт яасан ч дулимаг юм бэ дээ

0  |  0
СБД (202.70.33.164) 2023 оны 10 сарын 19

СБД ээс сонгогдоод юу ч хийгээгүй энэ нөхөр за энэ тэр гээд үзээд хараад шийдэж өгнө гээд л таг чиг мурьчихдаг хүн дээ, итгэл даахгүй иймээрхүү юмнуудыг дахиж бүү сонго.

0  |  0
Top