Нийслэлийн удирдлагад хуульчаас илүү ИНЖЕНЕРИЙН УХААН хэрэгтэй

2023 оны 10 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар очсон Х.Нямбаатар дэд дарга нараасаа эхлээд багаа бүрдүүлж эхэллээ. Гар нийлэх, зангаа мэдэлцэх, мэдлэг туршлагатай, нөмөр түшиг болох өөрийн багтай болохыг хэн ч хүсэлгүй яах вэ. Өмнө ажиллаж байгаад элдэв авлига, зальхай, булхай будилаанд хутгалдсан дарга нарыг халж солих нь зөв. Харин таньж мэддэг хүрээллээсээ гээд дандаа хуулийн талын хүн цуглуулаад байвал хотын асуудлыг шийдэхэд нэмэр болох уу гэсэн асуулт үүснэ. Ядаж л Улаанбаатар бол аймгийн төв биш, Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь төвлөрсөн, саятан, мегаполис хот шүү дээ.

Эхний хэдэн томилгоог авч үзье. Муу нэрт “Ногоон автобус”-ны хэрэгт орооцолдон шалгагдаж, тендерт гарын үсэг зурсан нэг нь бүр биедээ мэс хүргэн эмнэлэгт хүргэгдсэн хоёр даргыг эхлээд албанаас нь мултлав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатар­хүүгийн оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг, Нийтийн тээврийн газрын дарга байсан С.Жавхлантбаатар хурандаагийн суудалд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Д.Отгонжаргалыг тус тус томилсон. Дараагийн бай нь Нийслэлийн Засаг даргын орлогч нарын хоёр нь болох Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нар боллоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч нь Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцдаг. Тэгвэл энэ ажлыг хийж байсан Ж.Сандагсүрэнгийн оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилов. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгийн орыг УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөх байсан О.Номинчимэг залгав.

Хотын мэрийн хуулийн зөвлөхөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны  Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмонг томилжээ. Энэ бол яах аргагүй хуульч хүн байх ёстой албан тушаал мөн.

Тамгын газрын дарга, хуулийн зөвлөх хоёроос бусдыг харахад тэр бүр заавал хуульч мэргэжлийн, хуулийн талын хүн томилох шаардлагагүй харагдана. Нийтийн тээврийн газрыг өмнө нь даргалж байсан С.Жавхлантбаатар “Ногоон автобус”-ны хэрэгт шалгагдаж эхэлмэгц өөрийгөө хутгалж гэмтээсэн. Тэрбээр хурандаа цолтой, Тээврийн цагдаагийн албаны дэд даргаар өмнө нь ажиллаж байсан хүн. Тэгэхээр цагдаад байсан хүн л шударгаар ажилладаг гэсэн баталгаа байхгүй. Уг нь нийтийн тээврийн газарт аж ахуйн талын юм уу, сайн менежер, сийрэг толгойтой, гэхдээ идэх уухыг урьдал болгодоггүй хүн тавих нь илүү оновчтой баймаар.

Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан даргад эдийн засагч, эсвэл инженер хүн илүү тохирмоор. Ялангуяа дэд бүтэц гэдэгт мөнөөх улигт түгжрэл, өвлийн халтиргаа гулгаа, зуны үер усны асуудал багтана. Үүнийг хуулийн аргаар гэхээсээ инженерийн ухаанаар л зохицуулна даа. Түүнээс биш халтиргаан дээр хэдэн ажилчин улаан гараараа давс цацаж, үерийн усыг хотын дарга өөрийн биеэр хүрздэж зогсдог юм гэж шинэ зуунд юу байх вэ.

За тэгээд газар доогуурх дулаан хангамж, цэвэр бохир усны гээд бусад олон шугам сүлжээ, хоолойг инженер хүн л учир ухааныг нь олж засаж сэлбэж, шинэчлэхээс биш хуульч хүн тэр бүр учрыг нь олоход хэцүү л байх. Удахгүй хотыг нөмрөх утааг багасгахын тулд түлшний чанарыг хэрхэн сайжруулах, хольц, найрлагад учир байна уу гэдгийн учрыг олоход  хуульч хүн биш, тухайн мэргэжлийн инженер хүн л тусална.

Үүнээс хойших томил­гоондоо инженер, эдийн засагчдыг түлхүү багтаагаасай гэж хүсмээр байна. Барилгын инженер, архитекторч хүмүүс бас хэрэгтэй. Ядахдаа хотоо ансамбль маягаар төлөвлөөд хөгжүүлчихдэг, нийслэл дундуур урсдаг голуудаа гадаадын хотуудынх шиг голдирлыг нь боолгүй гоёмсог төрх оруулан урсах бололцоог нь нээдэг, хуучин цагийн түүхэн барилгуудынхаа үнэ цэнийг мэддэг, хадгалж, хамгаалж, хүчжүүлж сэлбэн үлдээдэг сэтгэлтэй мэргэжилтнүүд нийслэлийн удирдлагад үнэхээр дутагдсаар ирлээ. Үеийн үед л хотын дарга, удирдлагууд хэрхэн сул газрыг зарж худалдаж, Туулын бургасыг хядан шинэ газар “чөлөөлж” цемент овоолох вэ гэдэгт л хамаг ухаанаа зарж ирж.

Хүний хөгжлийн асуудлыг нийгмийн чиглэлээр мэргэшсэн, боловсрол, эрүүл мэндийн салбарт удирдах ажил хийж явсан тулхтай хүмүүст хариуцуулсан бол зохих байв. Энэ чиглэлийн хуулийн талын ажлыг нь Хуулийн зөвлөх хийчихнэ шүү дээ.

Төрөл бүрийн салбарын инженерүүд нийслэлийн удирдлагад ажиллаж, хотоо төлөвлөн хөгжүүлдэг байж гэмээнэ дуртай газраа хэлбэр дүрс, давхрын тоо хамаагүй элдэв төрлийн байшин босгодог, голын голдирлыг шороогоор дарж тэгшилж байгаад олон давхар барилга барьчихдаг, тэр нь үерт автаж сууринаасаа усанд идэгддэг, зуны цагт бороо ихсэхээр хотын төвийн гудамжиндаа завиар хөвөх шахдаг, цементен ширэнгэ овоолж газар хөдлөх, гал усны аюул тохиох цаг ирвэл аврагдах боломжгүй түгжигдэх эрсдэл үүсгэдэг, явган хүний зам нь явж байснаа гэнэт тасарч авто зам руу хөтөлдөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явдаг замын голд “мөргөөд үх” гэсэн шиг шон байж байдаг, нэг байр нөгөө байрныхаа суугчдын нар харах эрхийг хаан мөнхийн сүүдэрт оруулдаг зэрэг замбараагүй байдал арилах учиртай. Бас өвөл болдоггүй орны явган хүний замын гялгар өнгөлгөөгөөр замаа “гоёдгоос” цас, мөсний улиралд эрүүл хүн нь хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй нь хойд нас руугаа явахад хүрдэг байдлыг ч инженерүүд л шийднэ. Мэргэжлийн бус дарга нар л гялгар хавтангаар явган хүний замаа “гоёж”, замын бордюрыг жил бүр сольж, онгорхой цоорхойг нь данханд хийсэн асфальт гоожуулан нөхсөн болж мөнгө идэх хэрэгсэл болгож байгаа шүү дээ. 

Иймээс л хотын удирдлагад олон хуульчаас инженерийн ухаан илүү хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.208) 2023 оны 10 сарын 30

Нийтлэлд нээрээ л зөв саналуудыг дэвшүүлсэн байна шүү, Нямбаатар дараа хусагдахад дагагчид яах бол, орох газаргүй л болох байхдаа

0  |  0
Зочин(66.181.189.252) 2023 оны 10 сарын 24

Цагдаагийн хурандаа нар авилгалын үүр уурхай биз дээ. ОХУ д ч гэсэн тийм байсан. Их цэвэрлэгээ Путин хийж байж багассан. Цагдаа гэхээрээ шударга гэсэн юм байхгүй шүү. Жинхэнэ нь л тийм байж магадгүй.

0  |  0
Зочин(103.57.95.113) 2023 оны 10 сарын 23

Ингэж мэргэжлийн ялгаа гарган туйлшрах нь маш хортой үр дагаварт хүргэнэ. Хотын ажил бол зөвхөн авилагчидтай тэмцэх хүрээгээр хязгаарлагдахгүй хамгийн гол хөдөлгөгч хүч нь инженерийн төлөвлөлт бүтээн байгуулалт шүүдээ. Тэгэх тусмаа Улаанбаатарт reengineering буюу дахин инженерчлэл нэн чухал болсон шүү дээ.

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 10 сарын 23

Идэж уух, янз бүрийн хууль бус юм хийхэд хуулийн хүн байх нь илүү хэрэгтэй байдаг байлгүй, үгүй ядахдаа хуулийн цоорхой ашиглах, эвгүйтлээ гэхэд өөрсдийгөө хамгаалахад хуулийн хүн байх нь илүү ашигтай ш дээ, тэр талаа л харж хийж байгаа томилгоонууд

0  |  0
Зочин(122.201.23.83) 2023 оны 10 сарын 24

Улс нийслэл хөдөө орон нутаг байна уу эрчим хүч, зам тээвэр гээд ер нь альч салбар чиглэлд мэргэжлийн хүний тооцоо судалгаа хэрэгтэй. гаргасан тооцоо судалгааг хуулийн дагуу хэрэгжүүлэх нь чухал. Түүнээс биш мэргэжлийн биш хүн юм аа мэдэхгүй байж мэддэг юм шиг шийдвэр гаргах, ямар нэгэн улс төрийн болон бизнесийн лоббинд автах л юм бол өнөөгийн нийслэлийн асуудал ахихгүй. эцэс сүүлд нь ард иргэд хохироод ажил хийсэн хэн нэгэн золиосонд яваад таарна даа.\n

1  |  0
иргэн(43.228.129.134) 2023 оны 10 сарын 24

Бүр бачимдмаар юмаа энэ улс төрөөс

1  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 24

идэж уух дараагийн ээлжийнхэнд тэгэх ухаан үгүй ээ

2  |  0
Top