Д.Дандарбаатар: Суралцагчдад тавих шаардлага суларснаар боловсон хүчний нөөцгүй болсон

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 22

Төрөлх нутаг Сүхбаатар аймгийнхаа Мөнххаан суманд ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж яваа Монгол Улсын гавьяат багш, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч  Д.Дандарбаатартай ярилцлаа.


-Мэргэжил бүхний дотроос багш болох нь  хамгийн сайхан гэлцдэг. Сүүлийн үед бол цалин багатай, ачаалал ихтэй хүнд хөдөлмөрт тооцогдох болсон. Та өөрийн ажиллаж байсан үеэ одоогийнхтой харьцуулж дүгнэдэг үү?

-Багшийн мэргэжил сайхан. Ялангуяа дээхнэ үед бол багш нарыг эцэг эхчүүд, шавь нар нь  маш их хүндэтгэдэг байлаа. Одоо үед ажиллаж байгаа багш нарын орчин нөхцөл, тавигдаж байгаа шаардлага зэргээс өөр ч байж. Дээхнэ үеийн багш нар заахаа ч заана, шаардахаа ч шаардана. Эцэг эхийг нь ч давхар загнаж зэмлэж, хүүхэдтэйгээ ч тулж ажилладаг байж. Одоо хүүхдийг нэг л эвгүй харвал багш нарыг бариад явчихаар болсон. Энэ боловсролын салбарын хамгийн аюултай асуудал. Эцэг эх нь хүүхэддээ үг хэлүүлэхгүй, хэлбэл цагдаад өгнө гэдэг болсон. Багш ч нэг тоншоод авбал хоолноосоо сална. Тэгэхээр багш, эцэг эх, хүүхэд гурвын харилцаа ихээхэн хөндийрч байгаа биз. Тэр хүүхэд эцэг эхээсээ илүү эрхтэй, багшаасаа ч давуу эрхтэй юм шиг, ер нь бол өөрийгөө тэгж ойлгоод байна. Энэ байдлаас болж хүүхдийн хүмүүжил доошилсон. Хүүхдийн хүмүүжлийн асуудлыг орчин үед огт авч хэлэлцэхээ байсан. Бидний үед хүмүүжлийн эрхлэгч гэж сурагчдын дунд энэ чиглэлийн ажил хариуцсан тусдаа эрхлэгч байлаа.Гэтэл одоо байхгүй.

-Тэр үед хүүхдийг  хүмүүжүүлэх талаас сургалтын ямар арга хэлбэрийг ашигладаг байсан бэ?

-Багш нарын сургалтын төлөвлөгөө дотор таны зааж байгаа хичээлийн хүмүүжүүлэх үр нөлөө нь юу вэ. Тэрийгээ тусга гэж эрхлэгч, захирлууд гарын үсэг зурахдаа шаардлага тавьдаг, шаарддаг байсан. Уран зохиолын хичээл дээр “Хүрэн морь” найраглалыг уншуулж, бичүүллээ гэхэд түүний хүүхэд хүмүүжүүэх үр нөлөө юу вэ, ямар үр дүнтэй вэ. Хүүхэд уншаад юу ойлгож авав гэдгийг асууж, шалгааж, хэд дахин уншуулж байж дүгнэдэг байсан. Одоо тийм хүмүүжилд чиглэсэн сургалт явагдахаа байсан. Багшаас илүү гар утас л хүүхдэд багш болж байна шүү дээ, ний нуугүй хэлэхэд. Эцэг эхчүүд ч бага насны хүүхдүүдээ уйлахаар гар утсаа чулуудчихдаг, нөгөө хүүхэд нь уйлахаа байхаар санаа нь амардаг болчихож дээ.

-Та хэр олон жил багшлав?

-Би 20 жил багшилж, 20 жил нь ямар нэгэн сэтэр зүүсэн даргын алба хашсан. Миний үндсэн мэргэжил шугам зургийн багш. 1974 онд Багшийн дээд сургуулийн зураг, шугам зургийн ангийг төгсөөд төрөлх нутаг Мөнххаан сумандаа хичээлийн эрхлэгчээр томилогдож ажлын гараагаа эхэлсэн. 10 жил багшлаад сургуулийн захирал болсон.Захирлын албыг таван жил хашаад 1990 оны зургадугаар сараас эхлэн  сумынхаа  АИХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар ажиллах болсон. 1992 онд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гарахад орон нутгийн сонгууль явагдаж, сумын Засаг даргаар сонгогдсон. Энэ албыг дөрвөн жил залгуулаад, дахин сонгогдож нийтдээ найман жилийн дараа эргээд багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Тэгэхээр ахмад багшийн хувьд эцэг, эхчүүдэд хэлчихмээр зүйлүүд бодогддог л байх?

-Ерөөсөө системийн сулрал яваад байхаар эцэг эхчүүдэд юу ч гэж зөвлөөд хэрэггүй. Нэмэр ч алга. Өөрөөр хэлбэл, маш хоцрогдсон зөвлөгөө болж таарна шүү дээ. Эрт урьд цагийн зөнөсөн багшийн зөвлөгөө гэж юу байх вэ. Одоо бол нийгмээрээ суларчихаад байна. Боловсролын систем юун дээр ганхаж байна гэвэл энэ. Дээд сургуульд очиж байгаа хүүхэд гэхэд л ээж аавынхаа хоттой хониноос сургалтын төлбөрөө төлж дөрвөн жил сураад төгслөө. Төлбөрөө өгчихсөн болохоор багш нар тоохгүй. Сурна уу, байна уу, өөрөө мэд гэнэ. Төлбөрөө өгчихсөн оюутан тэртэй тэргүй төгсөх юм чинь гэсэн байдалтай. Энэ хоёр бодлын солбицолд сургалтын чанар, суралцагчдад тавих шаардлага энэ тэр нь нойл заасан. Эндээс харахад ирээдүйн боловсон хүчний нөөц, хангамж гэдэг зүйл үлгэр шиг юм болж байгаа биз. Арын хаалгатай нэг нь муу ч төгссөн улаан диплом аваад хотдоо шигдээд үлдэнэ. Хөдөөний малчны хүүхэд ямар ч төгссөн хөдөө гараад ажилгүй үлдэнэ. Дээд боловсролтой малчид олширч байна.

-Малчид өөрсдөө ч хүүхдээ боловсролтой болгоё гэж тэмүүлэх болжээ?

-Боловсрол хэрэггүй малчин гэж байхгүй, хүн болгон боловсролтой болж байгаа гээд бэлдээд л байгаа. Тэр малчин дээд боловсрол эзэмшихдээ цахилгааны инженер, нийгмийн ажилтан энэ тэр гэсэн мэргэжлээр төгсөөд гарч ирж байгаа. Ихэнх нь ирээд мэргэжлээрээ ажиллахгүй, малаа малладаг. Иймэрхүү юм их бий. Ер нь бол яриад байвал  аль ч салбарт боловсон хүчний ирээдүй муу байна. Сүүлдээ хоёр нам бие биетэйгээ өрсөлдөөд баахан худал ромбо өгсөн. Тэр бол бөөн хорлол. Албан газарт ажил хариуцуултал үүрэг  зорилгоо мэдэхгүй хүн олширлоо. Холбогдох хуулиа судлаагүй, та тэг, ингэ гэж зөвлөгөө өгөх мэдлэг байхгүй, ингээд баахан хүн хохироогоод байж байдаг л болж. Хөдөөний малчид тэтгэврийг нь дутуу тогтоосон байхад юм уу, ямар нэгэн хуулийн алдаатай үйл ажиллагаа явагдсан байхад мэдэхгүй, нөгөө түшээд нь ч хэлж өгч мэдэхгүй. Иймэрхүү урсгалаараа л явж байна. Шаардлага шахалтгүйгээр хүн урсгалаараа яваад болчихдог гэж юу байх вэ дээ. Тэр тусмаа халуун цустай монгол хүнд энэ бүр хэцүү. Ингээд хэлэхээр хүний эрх, энэ тэр гээд  сөргүүлээд шүүмжлэх хүн олон гарч ирнэ шүү дээ.

-Та яруу найрагтай хэрхэн анх учрав. Сүхбаатар нутгаас яруу найрагч олон төрдөг учир юу бол?

-Би Багшийн дээд сургуулийг төгсөж сумандаа ирснээс хойш нийтийн бүжиг, үдэшлэгийн өмнө хэдэн мөр эвлүүлж хэлдэг, заримдаа хөтлөгч маягийн юм хийдэг байлаа. Тэрнээс биш шүлэг бичиж үзээгүй. Гэтэл нэг өдөр манай сургуулийн захирал өрөөндөө дуудаад “Манай суманд Нямбуугийн Нямдорж гэж гайхамшигтай яруу найрагч ирсэн байна. Сургуулийн багш нар голдуу шүлэг зохиол бичдэг дээ, танай сургуульд шүлэг бичдэг хүн байна уу” гэж асуулаа. Би “байгаа” гэж хэлсэн шүү. Жамъянжав та хоёрын нэрийг хэлсэн, одоо өөрөө ирнэ гэсэн. Та хоёртой уулзана гэсэн шүү, шүлгүүдээ хэлээрэй гэж байна. Захирал болохоор бүжгийн өмнө миний хэлдэг мааз үг, толгой холбосон үгийг шүлэг гээд ойлгочихож л дээ. Тэр том яруу найрагчийн өмнө тийм хөгийн юм уншаад зогсож байлтай биш, би сандарлаа.

Тэгээд өрөөндөө орж суугаад шүлэг маягийн юм бичлээ. “Хуурын эгшиг”, “Домгийн цэнхэр Цээл” гэж хоёр ч юм бичлээ,  амьхандаа л шүлэг боллоо гэж үзэж байгаа нь тэр. Манай Жамъянжав “Миний 36 шавь” гэсэн шүлэг бичлээ. Ямар хүн ирэх юм бол гээд цонхоор харж байтал сургуулийн хашааны хаалгаар шаламгай түргэн алхаатай, буурал толгойтой хүн ороод ирлээ. Удсан ч үгүй захирал “Ороод ир” гэж байна. Очтол нөгөө хүн бид хоёртой мэндлээд “За залуучууд шүлэг бичдэг гэсэн, шүлгээ хэл” гэлээ. Дөнгөж бичсэн хоёр шүлэг маягийн юмаа хэлж гарлаа. Тэгсэн чинь “Болж байна, Ингээд л бичээд бай. Наадах чинь дажгүй болж” гэв. “Би та хоёрын нэг, нэг шүлгийг авч явна” гээд миний “Домгийн цэнхэр Цээл”, Жамъянжавын маань “Миний 36 шавь” шүлгийг бичүүлж аваад явлаа. Удалгүй “Сүхбаатарын зам” сонин дээр нөгөө шүлэг маань гараад ирсэн. Анхны шүлэг тэр.

-Хэдэн оны үед вэ?

-1982 оны үе санагдана. Нямбуугийн Нямдорж гуай Сүхбаатар аймгийн төвд  “Сүхбаатарын зам” сонины утга зохиолын ажилтнаар хоёр жил ажилласан байх. Би ч тэрнээс хойш урам авч шүлэг зохиол оролдож эхэлсэн. Хот хүрээ газраас яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид ирнэ. Тэгэхээр хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн багш,  аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Ш.Бат-Өлзий гуай, сэтгүүлч М.Цэнд-Арслан гээд томчууд биднийг дуудна, залуус шүлгээ унш гээд. Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав тэргүүтэй яруу найрагчид ирнэ. Бид очоод шүлгээ уншдаг, ирсэн хүмүүсийн яриаг сонсож, зөвлөгөө авч явсаар шүлэг бичиж эхэлсэн. Яруу найргийн амтанд орсон гэх нь юу юм, ямартай ч өөрийнхөө хэмжээнд бичиж эхэлсэн. Дээд амжилт нь гэвэл МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж дээ.

-Ингэхэд энэ жил та насны болоод уран бүтээлийн хэд дэх намартайгаа золгож байна вэ?

-Уран бүтээлийнх  гэвэл ах нь 30-аад жилийн намартай золгожээ. Би дээд сургууль төгсөж нутагтаа ирснээсээ хойш шүлэг зохиол оролдож эхэлсэн юм шүү дээ. Харин насны намар яривал энэ жил 74 дэх  намартайгаа золголоо.

-“Дандаа хоцордог ч гэлээ яруу найргийн наадамд хайртай байдаг, тийм болохоор догдолж зорьж очдог” гэж та дурссан. Олон наадамд оролцож байв уу?

-Шүлэг зохиолтой нөхөрлөснөөс хойш  олон удаа Зүүн гурван аймгийн найргийн наадам, аймгийнхаа “Болор цом”, “Дорны хүлэг” наадам, Хэнтий аймагт зохион байгуулагддаг “Оюухай” наадам гээд олон сайхан наадамд насны залууд оролцож явлаа. Тодорхой хэмжээнд амжилт гаргаж, Зүүн гурван аймгийн яруу найргийн наадмын тэргүүн цом, аймгийнхаа яруу найргийн наадмын “Болор цом”, Дорны хүлэг,  “Шувуудын шамбал Ганга нуур” наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан.Мориор бол аман хүзүү, айргийн гуравт ч олон удаа орж байжээ. Одоо бол үзэгчийн байр сууриас ханддаг болсон доо.

-Манай сониноор дамжуулаад уншигчдад болон яруу найрагчид нөхдөдөө, шинэ үеийн багш нарт  юу хэлэх бол?

-Бишгүй л дураараа ярьж, дунд чөмгөөрөө жиргэлээ. Аятайхан эвлүүлж, гол нь хүнд хэрэгтэйг юм байвал түүвэрлэн сониндоо гаргаж, уншигчдад хүргээрэй. Шинэ цагийн багш, эцэг эхчүүдэд өвгөн ахынх нь үг хоцрогдсон зөвлөгөө болж таарна гэж түрүүн хэлчихсэн шүү дээ. Эрт урьд цагийн зөнөсөн багшийн зөвлөгөө гэж юу байх вэ. Тэгээд ч хамаагүй юм ярьсан гээд муу ахынх нь толгойг цоо цохиж магадгүй шүү дээ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.181.250) 2023 оны 10 сарын 25

Одоо хүүхдүүдэд их даалгавар өглөө гэдэг болжээ.юуг сургах гээд бгаа юм бүү мэд.Одоо бол шилдэг ном зохиол уншдаг хүн алга болжээ.

0  |  0
Зочин(202.126.90.79) 2023 оны 10 сарын 24

Гадны улсын бодлог , боловсролгүй хүнд эрхийг нь өг , чадваргүй хүнд ажлыг нь өг , жэндер ярьж эмэгтэйчүүдийг нь эрчүүдрүү турихаад өгөхөөр энэ улс мөхөхгүй яахын . Туулсан амьралаасаа сургамж хайрлах гэхээр зөнөг мэдрэмжгүй л гэнэшүүдээ

1  |  0
Зочин(66.181.161.222) 2023 оны 10 сарын 23

Ахмадын үг алт шүү дээ...даанч нийгмээрээ үл сонсдог болжээ.. \nБас багш нарыг шаардлага тавихыг боомилж хорьж байгаа, эцэг эх хүүхдийг даам болгож багшийн үгийг үл тоогч болгож байгаа нэг юм ёсзүйн дүрэм гээч хэцүү дүрэм байна аа...\nЭнэ дүрмээ буруу тайлбарлаж байгаа нь эцэг эхийг бүр ч давруулж, багшийн нэр хүндийг унагаж байх шиг санагддаг...\nЭнэ өчүүхэн миний бодол шүү....

0  |  0
DR. ADITYA(102.89.22.28) 2023 оны 10 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\\n

1  |  1
DR. ADITYA(102.89.22.28) 2023 оны 10 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\\n

0  |  0
Зочин (123.199.101.123) 2023 оны 10 сарын 27

Нээрэн л тийм дээ засаг захиргаатай үед юм бүхэн хямгатай байсан. Одоо ч бүгд хүний эрх яриад хүүхдийн өөдөөс дуу гаргах ч хэцүү болж дээ хөөрхий.

1  |  0
Зочин(139.5.219.146) 2023 оны 10 сарын 22

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж энэ шүү

0  |  0
Зочин(202.126.90.31) 2023 оны 10 сарын 25

Та одоо баларсаан. Багш байхдаа хүүхэд загнасан. Одоо бол эцэг эх хүүхдүүдийг шүүмжилсэн гээд таныг харааж зүхнэ зарим нь зодно шоронд хийнэ. Та одоо яанадаа яана настай хүн баларсаан амьд мэнд үлдэхийг бодоорой. Одоогийн эцэг эхчүүд хүүхдээ өмөөрөөд хүүхдүүд өөрийгөө өмөөрөөд хүн алахад бэлэн болсон шүү.

1  |  1
Top