Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, боловсрол судлалын магистр, багш, сэтгүүлч, Эрдэнэт хотын Хүндэт иргэн Ц.Ариунаатай ярилцлаа. Тэрбээр Эрдэнэт хотод “ТАЖҮН” ХХК-ийн ”Тэмүүлэл” цэцэрлэгийг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажилладаг, боловсролын салбарт 25 жил удирдах ажил хийж буй хүн юм.
-Юуны өмнө танай “ТАЖҮН” ХХК-ийн нэр сонирхол татлаа. Ямар утгатай үг вэ?
-“ТАЖҮН” гэж манай гэр бүлийн компани, 2005 онд байгуулсан юм. Компаниа байгуулаад миний хүүхдүүд нэрийн санал гаргасан ч татварын байгууллагад бүртгүүлэхээр очиход давхцаж таарсан. Ингээд нөхөр маань таван хүүхдийнхээ нэрийн эхний үсгийг нийлүүлж “ТАЖҮН” гэдэг нэр өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа тухайн үед санаанд түрүүлж орсноор нь радио телевиз, сонин хэвлэл, үсчин гоо сайхан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж билээ. Хүүхдүүд сургуулиа хараахан төгсөөгүй, нөхөр бид хоёр төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор эхлээд “Х” тайлан гаргаад л явж байлаа.
-Хувийн өмчийн цэцэрлэг байгуулах санаа анх яаж төрсөн бол?
-Шинэ зуун гарснаас хойш 1990-ээд оныг бодвол төрөлт мэдэгдэхүйц хурдтай нэмэгдэж, тэр хэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээ тааруу болсныг анзаарсан. Ууган охин маань 2011 онд ХБНГУ-д магистр хамгаалж ирээд манай Орхон аймагт улсын цэцэрлэг хүрэлцэхгүй байгааг ажиглаж хувийн цэцэрлэг байгуулахыг зөвлөсөн юм. Энэ үед том хүү аавтайгаа санаа нэгдэж банкны өрөнд хураагдсан жижиг дэлгүүрийн газар байсныг дуудлага худалдаагаар авч, өөрсдөө амьдрах, нэмээд арваад айл оруулах орон сууцны барилга бариулж эхэлсэнтэй энэ цаг хугацаа таарсан.
Тэгэхэд би Орхон аймгийн боловсролын салбарыг удирдаж байсан. Цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ их байгааг гэрийнхэндээ ярилаа. Компаниа түшиглэж МСҮТ, цэцэрлэг хоёрын алийг байгуулах вэ гэдэг дээр гэр бүлээрээ санал солилцоод цэцэрлэг байгуулахаар боллоо. Тэр үед Эрдэнэт хотод “Солонго”, ”Хөөрхөн гүнж”, ”Миний гэр”, ”Анжелс”, ”Маамуу нааш ир” гээд хөлөө олчихсон хувийн олон цэцэрлэг байгуулагдаж, эцэг эхчүүдийг ажил хөдөлмөр хийхэд их нэмэр болж байсан цаг юм.
-Хувийн цэцэрлэгийг иргэд хэрхэн хүлээн авч байв. Анх хэдэн хүүхэдтэй үүдээ нээсэн бэ?
-Өөрийн байртай, сургалтын олон өрөөтэй, бүх зүйл шинэ байсан болоод тэр үү, эцэг эхчүүд сайхан хүлээн авч дэмжсэн. ”Эрдэнэт” үйлдвэр 24 цагаар тасралтгүй ажилладаг. Эхний ажилчид 07.10-ын автобусаар үйлдвэр рүүгээ явна. Хүүхдээ манайд өгчихөөд сэтгэл амар байдаг гэж ярьдаг байсан. Орой ажил тараад яарч тэвдэлгүй хүнс хоолоо цуглуулчихаад хүүхдээ аваад харина. Амьдралд их тус дэм болдог гэж ээжүүд ярьдаг. Анх хоёр бүлэг, хориод хүүхэдтэй цэцэрлэгээ нээж байлаа. Цэцэрлэгээ нэрлэхдээ уламжлалаа дагаж хөвгүүд, ачийнхаа нэрийн үндэст суурилан үргэлж өөдрөг урагштай байхыг бэлгэдэн “Тэмүүлэл” гэж нэрлэсэн.
-Танай цэцэрлэг уртасгасан цагаар ажилладаг, дээр нь ясли маягаар бүр балчир хүүхдийг авдаг нь эцэг эхчүүдэд их дэмтэй байдаг гэж сонссон...
-Манайх Эрдэнэт хотдоо уртасгасан цагаар ажилладаг бараг анхдагч цэцэрлэг. Үйлдвэрийн хот учраас ээлжийн ажилчид ажилдаа эрт гардаг. Цэцэрлэг маань өглөө 07 цагаас орой 19 хүртэл ажиллаж ирлээ. Зургаан сартайгаас нь хүүхэд хүлээн авдаг байсан. Нээрээ л дээр үеийн ясли шиг л дээ. Жижиг хүүхдүүд цэцэрлэгтээ хурдан дасаж тэднийхээ мөлхөж, хөлд орж, алгаа ташиж, дуулж, үг хэлж баярлахыг хараад ядарснаа мартчихдаг юм шүү дээ. Нэг удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид цэцэрлэгийн ажилтай танилцаад явж байлаа. Тэгсэн тэдний нэг нь надад санаа тавьж өрөвдсөн бололтой хэлж билээ. “Боловсролд хамгийн баян юм уу, хамгийн тэнэг хүн л хөрөнгө оруулж бизнес хийдэг” гэхэд нь би огт цочирдоогүй. “Үүнээс өөр бизнес хийж чадахгүй, дуртай ажлаа хийгээд сэтгэлээрээ баян байхад болно доо” л гэсэн. Ингэж ажлаа мөнгө гэж харалгүй явсаар 11 жилийн ард гарчээ. Бэрхшээл тохиолдож байсан ч зориглоод зүтгэсэн.
-Хувиараа цэцэрлэг байгуулахад мэдээж бэрхшээл тохиолдож байсан байх. Тэр саадыг хэрхэн туулж байв?
-Тухайн үед хаа очиж төр, орон нутгаас сайн дэмждэг байж. Намар хичээл эхэлж цэцэрлэгийн бүртгэл хийсний дараа статистик мэдээнд түшиглэн хүүхдийн тоогоор хувьсах зардал өгдөг байсан нь том дэмжлэг болж байлаа. Одоогийн бүртгэлийн программ байхгүй, 8, 9, 10 дугаар сард дахин бүртгэл хийдэггүй тул статистикт өөрчлөлт ордоггүй байсан. Дээр нь нэгэнт манай гэр бүлийн бизнес учраас хэрэгцээ гарах тоолонд халаасаа тэмтрээд л болгож ирлээ. Хүний нөөцийн хувьд гавьяаныхаа амралтад гарсан туршлагатай багш нар дээр МУБИС төгсөж ирсэн залуу багш нарыг ажилд авч хамтатган ажиллуулсан. Залуу нь ахмадаасаа суралцаад, ахмад нь залуустаа түшиг болоод эхнээсээ хамт олон их зөв бүрдсэн дээ.
-Дэмжиж тусалсан байгууллага, хувь хүн мэдээж байж таарна?
-Хүмүүсийн урам хайрласан үг л надад их тус болсон.”Та боловсролын том салбар удирдаж байсан, та чадна” гэж хэлээд итгэл хүлээлгээд хүүхдээ тэврээд ирэхэд л маш их урам орж баярлаж угтдаг. Анх цэцэрлэг байгуулахад миний том охин багш ажиллагсдаа зөв сонгож авсанд бас баярладаг. Х.Төмөрбат, Морозова Алтанцэцэг, М.Баярмаа, Р.Жаргалтуяа, Ч.Нямдалай, С.Нарангэрэл, Н.Шокей гээд ажилдаа сэтгэлтэй хүмүүсийг авч ажиллуулж, тэд ч цэцэрлэгийн суурийг сайн тавьж өгсөн. Цэцэрлэгийн барилгын ажлыг дуустал тоос шороотой нь гар бие хутгалдан ажилласан хүргэн Г.Галдөлдөө баярладаг. Том хүргэн, охин хоёр барилгын ажилд бор зүрхээрээ ханцуй шамлан орж цаг наргүй зүтгэж байж үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтыг зөв авч явахад арга зүйч Д.Жавхлан, Б.Орхон багш нараасаа их зүйл сурсан. МУГБ Д.Цэрэннадмид, МУСТА Г.Төмөр, Л.Галсайхан, Иванова И.В. нарын олон багшийн тус дэмжлэг оролцоо их байлаа. Цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж ном сурах бичиг, тоглоом наадгай бэлэглэж явсан доктор С.Хаш-Эрдэнийн гэр бүл, Х.Энхболд, Ц.Шүрэнцэцэг болон найз нөхөд, дүү нар олон бий. Орон нутгийн төсвөөс 2012 онд төгөлдөр хуур, тоглоом өгч байв. УИХ-ын гишүүн Д.Батлут ч тавьсан асуудлыг хүлээн авч шийдвэрлэхэд тусалдаг, зөөврийн компьютер, хүлэмжтэй болгосон. Ковид цар тахлын хүнд үед цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогсоход аймгийн Засаг дарга С.Батжаргал хоёр удаа захирамж гаргаж тогтмол зардлын хоёр улирлын төлбөрийг төлөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, БШУЯ-наас багш бүрд зөөврийн компьютер олгосон гээд бяцхан хүүхдүүдэд маань дэм тус үзүүлж байсныг онцолмоор санагддаг.
-Орон нутагт хувийн цэцэрлэг ажиллах хууль эрх зүйн орчин ямар байна?
-Энэ салбарын эрэлт хэрэгцээ одоо ч их бий. Манайхан нэгнийхээ бизнесийг дуурайх дуртай. Хөдөө орон нутагт, ялангуяа аймгийн төвүүдэд хувийн цэцэрлэг маш олон байгуулагдсан ч цагийн шалгуураар нэлээд нь хаалгаа барьжээ. Орхон аймагт 10 жилийн өмнө төрийн бус өмчийн 14 цэцэрлэг байснаас “Эрдэнэт” үйлдвэр, Төмөр зам, Ватиканы төлөөлөгчийн газрын санхүүжилттэй цэцэрлэгүүдээс гадна таван цэцэрлэг үлдээд байна. Есдүгээр сарын 1 болж байхад зарим нь татвар, нийгмийн даатгал, банкны зээл, урсгал зардал нийлээд 100 сая төгрөгийн өртэй боллоо гээд хаалгаа барьж, цэцэрлэгийн зориулалттай тавилга, эд хогшлоо зарахыг хараад зүрх шимширч байлаа. Хүүхдийн зориулалттай бяцхан ор, ширээ сандал, угаалтуур, суултуурыг хэн, хаана хэрэглэх билээ гээд санахад хэсэгтээ л бодолд автсан даа.
-Гол учирдаг саад бэрхшээл юу вэ?
-Төр, засгаас уг нь бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахын тулд олон арга хэмжээ авч байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 86 хувьд хүрсэн. Гэвч хүн ам өсөж, нийслэлд шилжин ирэгсэд нэмэгдэж, шийдвэр гаргагчдын хувьд цэцэрлэг, сургуулийн хүртээмж толгойны өвчин болсоор. Өнгөрсөн жил Засгийн газар, нийслэлтэй хамтран түгжрэлийг бууруулах, цэцэрлэгт хүүхдийг сугалаагаар элсүүлэхийг болиулахын тулд шийдвэртэй том алхам хийсэн. Улсын хэмжээнд төрийн бус өмчийн 480 цэцэрлэг ажилладгийн ердөө 67 нь орон нутагт, бусад нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл хотын хүндрэлийг багасгахын тулд төрөөс дэмжиж хувийн цэцэрлэгүүдэд СӨБ эзэмшүүлэхэд нэг суралцагсад ногдох хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, дээр нь хүүхдийн хоолны мөнгө олгох болсон. Мэдээж эцэг эх, асран хамгаалагчаас төлбөр нэмж авна. Ийм учраас нийслэлийн хувийн цэцэрлэгийнхэн хэл үг хийхгүй чимээгүй байгаа юм. Гэтэл орон нутагт өөр. Яагаад нийслэл, орон нутаг хоёрыг ялгаатай үзэж байна вэ гэх бухимдал төрдгийг ч нуух хэрэггүй биз ээ. Хөдөө орон нутагт хөрөнгө гарган зориулалтын барилга барьж үйл ажиллагаа нь тогтмолжсон олон цэцэрлэг хаалгаа барихад хүрч, зарим нь бүр хаагдаж цөөрсөөр л байна. Орон нутгийн хувийн цэцэрлэгт хоёр нас хүрээгүй, улсын цэцэрлэгт элсэх болзол хангаагүй хүүхдүүд голчлон ирдэг.Тэдэнд төрөөс хувьсах зардал олгодоггүйд гол учир байгаа юм.
-Хувьсах зардал гэж хэдий хэмжээний мөнгө олгодог юм бэ?
-ЕБС,СӨБ ын тухай хуульд цэцэрлэгийн хүүхдийн насыг 2-5 нас гэж заадаг. Хоёр нас хүрсэн хүүхдэд нийслэл, аймгийн төв, сум гэж гурав ангилж итгэлцүүрээр хувьсах зардал төрөөс олгодог юм. Засгийн газар “Хувьсах зардлын дундаж норматив”-аар бодож санхүүжилт олгохдоо тогтоол гаргадаг. 2016 оны 242 дугаар тогтоол зургаан жил өөрчлөгдөөгүй байж байгаад өнгөрсөн 2022 онд 91 дүгээр тогтоол баталж, мөрдөж байна. Энэ тогтоолыг сайн болсон гэж боддог. Аймгийн төвийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох хувьсах зардал сарын 90.0 мянга, жилийн 810.0 мянган төгрөг, үүн дээр байршлын итгэлцүүрийг 1.05-аар үржүүлж сарын 94.500, жилийн 850.500 төгрөгөөр тогтоосон.Харин олгохдоо гүйцэтгэлээр буюу хүүхдийн ирцээр санхүүжүүлдэг. Гэвч ойноосоо дөнгөж өнгөрч яваа хүүхдийг аль яам харьяалж, дэмжих вэ гэдэгт асуудлын гол байгаа юм. Нэг жишээ авъя. Одоо цэцэрлэгт явж байгаа, 2022 оны нэгдүгээр сард төрсөн хүүхэд хоёр сарын дараа хоёр нас хүрнэ. Гэвч өнөөгийн тогтолцоогоор хоёр нас хүртэл санхүүжилт олголгүй явсаар байгаад намар хичээлийн шинэ жилээс сая санхүүжүүлтэд хамрагдана. Иймд БШУЯ-ны ESIS программыг улирал бүр хүүхдийн тоонд өөрчлөлт оруулдаг болгож уян хатан шийдээсэй гэж боддог. Уг нь “Цахим үндэстэн” болж байгаа улсад энэ юу байх вэ дээ.
-Танай цэцэрлэг зуны улиралд ажиллаж залуу эцэг эхчүүдийг ажлаа тасралтгүй хийх боломжоор хангадаг юм билээ. Энэ тухайгаа ярина уу?
-Дархан,Эрдэнэт хот бол улсын зэрэглэлтэй, үйлдвэрийн хот. ХХ зууны бүтээн байгуулалт гэгддэг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 45 жилийн турш улс орны эдийн засгийн хүнд ачааг үүрч ирсэн. Уурхайчдын бараг гурав дахь үеийн залуус одоо ажиллаж байна. Үйлдвэр 24 цаг тасралтгүй ажилладаг онцлогтой. ”Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд амаржсан ээжүүдэд хүүхдээ гурван нас хүртэл харахыг дэмжиж сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Энэ мөнгө амьдрал дээр залуу гэр бүлд хаана нь ч хүрэлцдэггүй. Иймд хүүхдээ багад нь цэцэрлэгт өгөөд ажлаа хийхийг хүсдэг дээ. Төрөөс олгодог “Цалинтай ээж” гэсэн гоё нэртэй 50 мянган төгрөгний тэтгэмж яг үнэндээ нэг уут живхний үнэ хүрэхгүй шүү дээ. Цэцэрлэгүүд зуны гурван сар амардаг. Хөдөө гадаа гардаггүй, хүүхэд харж туслах аав ээж, хамаатан садангүй залуу гэр бүл хүүхдээ зуны улиралд яах вэ гэж аргаа бардаг.Төрийн өмчийн ганц нэг цэцэрлэг ажилладаг ч ээлжийн амралтын үед багш ажиллагсдыг ажиллуулснаар цалин хөлс, урсгал зардал нэмэгддэг тул дуртай биш. Хувийн хэвшлийнхэн л тэр орон зайг орлодог. Бид байгуулагдсан цагаасаа амралтгүй ажиллаж байна. Өнгөрсөн жилээс эхлэн зуны цэцэрлэг ажиллуулахад санхүүгийн дэмжлэг, багш нарын амралтын мөнгө өгөхөө больсон. Зөндөө газраар явж хөөцөлдсөн ч шийдвэр гараагүй. ”Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад хандаж нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэж өгөөч гээд ажиллагсдынх нь 94 хүүхдийн судалгааг албан бичигтэй бариад хөөцөлдсөн. ”Төрийн хэмнэлтийн хууль үйлчилж байгаа” гэдэг хариу сонсож амаа таглуулж, хүүхдийн төлөө үйлсийг дэмжинэ гэж бодсон итгэл талаар болсон доо.
-Танайх гадаад хэлний сургалттай. Цэцэрлэгийн хүүхдэд гадаад хэл заахад ямар давуу тал, ямар бэрхшээл учирдаг вэ. Багш хүрэлцээтэй юү?
-Би өөрөө МУИС төгсөж орос хэлний багшийн мэргэжил эзэмшсэний хувьд хувийн цэцэрлэг дээрээ гадаад хэлний сургалт явуулж байна. Гурваас дээш насны хүүхдэд орос, англи хэл заахад ярианы хэл амархан сурах нь ажиглагдсан. 2015 онд анх орос багштай холимог бүлэг нээхэд хүүхдүүд их идэвхтэй сурч байсан. Өнгөрсөн хичээлийн жилд бэлтгэл бүлэгт орос хэлээр сургалтаа явуулж хүүхдүүд орос сургуульд элсэх шалгалтаа төвөггүй өгч тэнцсэн. Хичээлийн шинэ жилд мэргэжлийн багштай бага, ахлах хоёр бүлэг нээж сар ажиллуулж үзэхэд гурван настай хүүхэд цөөн байсан тул нэгтгэсэн. Хүүхдүүд тоглоомын аргаар орос хэлд амархан сурдаг юм. Е.В.Шахова багш өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн орос цэцэрлэгт таван жил ажилласан туршлагатай. Туслах багш маань ярианы хэлтэй. Аав ээжтэй нь харилцаа сайн бол хүүхэд хэл сурах бүрэн боломжтой байдаг.Орос хэлийг бусад хичээлтэй холбохыг хичээж орос дуу, бүжиг,тоглоом гээд сонирхол татах талаас нь анхаардаг. Унаган орос хэлтэй болчихвол цаашдаа бусад гадаад хэл сурахад дөхөм тул манайхаар үйлчүүлдэг эцэг эхчүүд ойлгож маш сайн дэмждэг. Бас хүүхдийн авьяасыг багаас нь нээн илрүүлэх зорилгоор ардын бүжиг, дуу хөгжим, уран зургийн дугуйланг цэцэрлэгийн хөтөлбөртөө орууллаа.
-Саяхан БШУЯ-аас орон нутгийн хувийн цэцэрлэгүүдийн удирдлагыг хүлээн авч ярилцлаа. Ямар шийдлүүд ярилцсан бэ?
-Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 16 аймагт хамт ажиллаж орон нутгийн амьдралтай газар дээр нь танилцсан байна. Очсон газар бүрт хувийн хэвшлийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч, багш нар бэрхшээл хүндрэлээ ярьсан нь анхаарлыг нь татжээ. Яаманд болсон уулзалт дээр Орхон, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн төлөөлөл үг хэлж халуун тогоон дотроо хүндрэл бэрхшээлээ ярилаа. Зарим нь хаалгаа барихад хүрч, зарим нь зүгээр л халамжийн байгууллага болж өрөнд орсон тухайгаа ярьсан. Орон нутгийн хувийн хэвшлийнхэн болох 15 аймгийн 40 гаруй төлөөлөл нэгдсэн шийдэлд хүрч БШУЯ, Боловсролын Ерөнхий газарт албан бичгээр хүсэлт өглөө. Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулагдсан 25 жилийн хугацаанд тэд төрийн ачаанаас ихээхэн хөнгөлж ирсэн. Барилга барих, тогтмол зардал, хоол, хичээл, практик, эрүүл мэнд, үр дүнгийн мөнгөн урамшуулал, тэтгэмж гээд олон зүйлийг төрийн гар харалгүй өөрсдөө дааж, зөвхөн хувьсах зардлын дэмжлэг авдаг. Гэтэл хувийн цэцэрлэгт хоёр нас хүрэх гэж яваа хүүхдүүд голлож ирдэг нь санхүүжилтийн гадуур орхигддог. Үүнийг бүх аймгийн төлөөлөл ярьж, шийдэж өгөхийг хүссэн. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд сайд Л.Энх-Амгалан бидний саналыг сонсож нийслэлийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн нэг адил орон нутгийн хувийн хэвшлийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг 2024 оны эхний сараас хоёр дахин нэмэгдүүлэхээ амлалаа. Ирэх сард Сангийн Яамны төлөөлөлтэй уулзуулах тухайгаа ч мэдэгдсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль,Бага насны хүүхдийн хөгжлийн бодлоготой уялдуулан хоёр хүртэлх насны хүүхдийн асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдүүлнэ гэдгээ хэллээ. УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын гишүүн, салбарын сайд амласнаа биелүүлэхээр чуулганы танхимд орон нутгийн хувийн хэвшлийн цэцэрлэгийн асуудлыг хөндөж ярьсанд баяртай байна.
-Таны хувьд ямар асуудлыг энэ үеэр дэвшүүлэв?
-Боловсролын салбарт ажиллаж, орон нутагт 13 жил яамны хөл болж, Боловсрол, соёлын газрыг удирдаж төрийн бодлого хэрэгжүүлэхэд тогоон дотор нь ажиллаж явсан хүний хувьд орон нутгийн бэрхшээл хүндрэлээ ярьж салбарын сайдтай гурван удаа уулзсан. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт дээр оны эхний нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд шинээр хоёр нас хүрсэн хүүхдүүдийг санхүүжилтэд хамруулах, санхүүгийн программаа уян хатан болгох, орон нутгийг бүсчилж итгэлцүүрээр санхүүжилт олгохдоо Эрдэнэт, Дарханыг онцгойлон анхаарах, зуны цэцэрлэгийн санхүүжилт, багш нарын ээлжийн амралтын мөнгө өгч байснаа сэргээхийг санал болгосон. БШУЯ-ны удирдлагууд саналыг хүлээж авсан.
-Танай цэцэрлэг сая улсын хэмжээд зарласан уралдаанд хоёрдугаар байрт орсон. Үүнд ямар амжилтыг тань үнэлсэн бэ?
-Би хувийн хэвшилд 11 дэх жилдээ ажиллаж байна. Анх 150 ширхэг шар хауйсны үрсэлгээ авч ирээдүйд ногоон хашаатай болох зорилгоор тарьж байлаа. Монос, чацаргана, гоёлын мод гээд жил бүр тарьсаар 400 гаруй мод буттай боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод тарих” хөдөлгөөнийг дэмжиж нийтийн эзэмшлийн талбайд улиас, монос, чацаргана, шар хуайс тарьсан.Маш хурдацтай сайхан ургаж байгаа. Орхон аймгийн боловсролын салбарынхан Сархиа ууланд “Боловсрол” нэртэй төгөл байгуулж, байгууллагууд жил бүр таваас дошгүй мод тарьдаг болсон. БШУЯ, Монголын Ахмад багш нарын Холбооноос “Сурлагын хоцрогдол арилгах, тэрбум мод тарих” болзолт уралдаан хоёр дахь жилдээ зарлалаа. Уг уралдаанд аймгаа төлөөлж оролцож “Тэргүүний удирдагч” номинацид хоёрдугаар байр эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн. МҮХАҮ Танхимын Орхон салбар, аймгийн ЗДТГ-аас хамтарсан шалгаруулалтад 2016, 2018 онд "Боловсролын салбарын оны онцлох" байгууллагаар шалгарч байлаа. Эрдэнэт хотын иргэд мод тарьж, арчилж ургуулж ирсэн сайхан уламжлалтай. Өмнө нь аймгийн Боловсрол, соёлын газарт ажиллаж байхдаа бид хогийн жалганд ургаж байсан моносны олон бутыг шилжүүлэн тарихдаа ирээдүйд гавьяаны амралтад суучихаад хэдүүлээ энэ ногоон төгөлдөө цуглаж сайхан дурсамж хүүрнэнэ гэж бэлгэшээн ярьдаг байсан. Ерөөл биелэж сайхан төгөлтэй болсон. МУСГЗ, зохиолч, яруу найрагч Д.Дашдондов багш тэр төглийн битүү ургасан модод, сайхан үнэрийг магтаж дурсамж бичсэн нь бий.
-Хүн амьдралдаа хийж бүтээх хамгийн буянтай ажил юу бол. Сурган хүмүүжүүлэгч хүний тань хувьд асууж байгаа юм...
-Юуны түрүүнд эхийн ачийг хариулах гэж боддог. Ээжтэйгээ би олон жил хамт явлаа. Мөнхийн юм шиг санаж байж. Хавар ээжийгээ энэ хорвоогоос буцахад таныгаа би баярлуулж чадсан бил үү гэж өөрөөсөө анх удаа асуусан. Сайхан ээжийнхээ намтар түүхийг эмхэтгэн “Цэнхэрлэн харагдана” нэртэй ном хэвлүүлж өгөхөд ээж ихэд баярлаж, өнгөрсөн цагаан сараар дуртай дуугаа дуулж номын талаар ярьсныг би бичлэг хийж хадгалсан нь миний хувьд үнэт зүйл болж үлджээ. Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж гавьяатын алтан соёмботой тэмдгээ зүүсээр ээждээ очиход баярын нулимс дүүрэн үнсэж билээ.Энэ бүхэн сайхан дурсамж болон үлджээ. Ээж минь байрныхаа орцны үүдэнд мод, цэцэг тарьж, арчилж тордож, хажуугийн сандал дээр нь суух дуртай байсан. Ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж тэнд мөнхийн ногоон мод тарина гэж сэтгэлдээ бодож явна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Ангийн андын маань гэргий манай ангийн хүндэт бэр Ц.Ариунааг би их хүндлэж харж явдаг юм . Тэр Эрдэнэт хотод олон жил боловсрол соёлын газар ар гэрээ умартан зүтгэж явсаныг өнөөдөр бид, тэр хотын иргэд л мэдэх билээ Тиймдээч Энгэрт нь гялалзах Гавьяатын тэмдэг цол хэргэм нь түний амьдралд ажилдаа ямар үнэнч гэдгийн баталгаа билээ. Анддаа Ариунаадаа бүхний манлай шүү эрүүл энх байгаарай өшөө ихийг бодож сэтгэж хийгээрэй хэмээн ерөөл өргөе\n
Ангийн найз маань мундаг хүн шүү дээ. Амжилт хүсье чамдаа
Мундаг дайчин хөдөлмөрч хүндээ танд эрүүл энхийг хүсэн ерөөе \n
Ажлаа мэддэг ийм хүмүүс цэцэрлэг сургууль байгуулж ажиллуулвал зөв байна даа, дэмжих хэрэгтэй дээ, ер нь хувийн хэвшлээ бүх салбарт дэмжээд байвал илүү сайн хөгжинө шүү
Үр хүүхдүүдийн төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн дэлгэрэх нь дамжиггүй, амжилт хүсье. 2 хүртэлх насны хүүхдийн ясли цэцэрлэгийн асуудлыг төр бүрэн шийдэх зайлшгүй шаардлагатай.
Хувийн сургууль цэцэрлэг төлбөргүй бол хувьсах зардал авна. Бүх зардлаа төлбөрөөр барагдуулаад дээрээс нь хувьсах зардад авах нь мөнгө угаалт төсөь завшиж буй нэг хэлбэр юм. Боловсролын салбарт нүүрлэсэн энэ буруу үзэгдлийг таслан зогсоох хэрэгтэй.
энэ сайт хэнийг дээгүүр доогуур зинданд оруулаад байнаа хөөш ална шүү пизданууд аа
Амжилт хүсье.Дайчин эмэгтэй дээ