Бага тойруугийн зам болон IV дэлгүүрийн уулзвараас зүүн тийш хэсэгчилж хаана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20


Нийслэлийн авто замын сүлжээнд энэ онд эргэн төлөгдөх нөхцөл болон гадаадын зээл тусламж, нийслэл, улсын төсвөөр 67 тэрбум төгрөгийн 27 томоохон төслөөр нийт 73 км зам шинээр барихаар төлөвлөсөн билээ. Үүнээс энэ онд багтаж 60 км авто замыг бүрэн ашиглалтад оруулах юм. Эдүгээ Улаанбаатар хотод эдгээр зам барилга, засварын ажлууд ид өрнөж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Одоос тодрууллаа.
-Нийслэлд өрнөж байгаа зам засварын ажил хэр ахицтай байна вэ?
-Гүйцэтгэгч компаниуд одоогийн байдлаар Улаанбаатар хотод энэ онд хийгдэх зам барилга, засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажлын 40-50 хувийг нугалчихсан. Одоо томоохонд тооцогдох Таван шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үндсэндээ шувтарч байна. Таван шараас цааш явж байгаа зам хуучин долоон метр байсныг 21 метр болгон өргөсгөж, гурав гурван эгнээгээр хоёр урсгалтай болгож төмөр замын гарамтай хамт өргөсгөлөө.
-Уг замд дулааны шугам байж таарсан. Үүний улмаас зам засварын ажлын явц удааширч магадгүй хэмээж байсан?
-Энэхүү дулааны конденсатор шугамыг буулгаж тунель хэлбэрээр зам доогуур оруулсан. Энэ хэсгийн замын ажил хараахан дуусаагүй байгаа тул бид наадмын өдрүүдэд иргэдийг шороогоор зорчуулахгүйн тулд 50 орчим метр хэсэгт түр арга хэмжээ авч нээсэн. Тиймээс түр хугацаанд хучсан суурь асфальтыг хуулж засварлах шаардлагатай байгаа. Энэ долоо хоногоос уг замыг хааж засна. Долдугаар сард багтан энэ зам бүрэн ашиглалтад орно. Шархадны авто замын зорчих хэсгийг наадмын өмнө нээсэн. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн 22-ын товчоо чиглэлийн замд 720 метр газарт замын өргөтгөх хэсгийн доогуур дулааны шугам орно. Энэ шугам дээгүүр зам гарах учраас хүчитгэл хийх шаардлагатай. Үүнээс шалтгаалан замын ажил тодорхой хэмжээнд саатаж болзошгүй байгаа.
-Хотын төвийн гол замууд хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?
-Нийслэлийн төв хэсэг буюу Бага тойруугийн авто замын ажлын талыг гүйцэтгэж дууслаа. Цэцэг төвөөс Хүүхдийн урлан бүтээх төв болон "Metro mall" дэлгүүрийн урд талын хэсгийн зам бүрэн нээгдсэн. Мөн Залуучуудын гудамжны 0.9 км авто замын дийлэнх хэсэг нь ашиглалтад орсон. Одоо Байгалийн түүхийн музейн уулзварыг нээх үлдээд байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт үерийн далан барьж байгаатай холбогдуулан Нарантуул захын урд талын уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх замыг хааж хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа. Энэ хэсгийн замыг долдугаар сарын 20 гэхэд нээнэ.
-Энэ долоо хоногт аль замуудыг хаах вэ?
-Цаашид Бага тойруугийн авто зам болон IV дэлгүүрийн уулзвараас зүүн тийш хэсэгчилж хаана.
-Замын чанарт хэрхэн анхаарч байна вэ?
-Зам барьж, өргөтгөн шинэчилж, засах үед алдаа дутагдал гарч байгаа. Үүний улмаас мэргэжлийн хяналтын дүгнэлт, албан шаардлагууд хүргэгдсэн ажлууд бий. Эдгээр ажлыг цаг тухайд нь засан ажиллаж байна. Түүнчлэн замын чанарт бид захиалагчийн зүгээс өдөр тутам, хяналт тавьж ажилладаг. Мөн гүйцэтгэгч компаниуд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөндлөнгийн хяналт дор ажлаа явуулдаг.
-Замуудыг улсын комисс хүлээж авдаг ч ганц хоёр жилийн дотор эвдэрч, цуурах явдал гардаг?
-Энэ асуудлыг бүх замууд дээр ярьж болохгүй. Замын эвдрэл янз бүрийн шалтгаантай. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ гэмтсэнээс зам доогуурх суурьт нөлөөлж эвдрэл үүсэх тохиолдол бий. Харин технологийн дагуу алдаа гаргаж зохих шаардлагын дагуу хийгээгүй ажлыг тухайн үед нь арга хэмжээ авах нь зүйтэй.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top