Н.Туул: Урамшууллын хоёр хувийг нэмбэл татварын тогтолцоонд гажуудал үүсгэх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилга гаргаж, цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжих тухай санал асуулгыг 100 мянган иргэн дэмжсэн. Улмаар уг асуудлыг Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Тиймээс энэ талаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Н.Туултай ярилцлаа.


-Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/ гэж чухам ямар төрлийн татвар вэ гэдгийг уншигчдад маань тайлбарлаж өгөөч. Бид чинь НӨАТ гэсэн товчлолоор нь л яриад байдаг. Гэтэл чухам яагаад энэ татварыг авдаг юм. Зорилго нь юу вэ гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ?

-Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ бол гол нэр төрлийн албан татварын нэг юм. Нэмэгдсэн өртөг гэдэг нь өөрөө бараа бүтээгдэхүүнийг олон үе шат дамжлагаар дамжуулж худалддагтай холбоотой нэмэгдэж байгаа өртөг бүр дээр нь албан татвар ногдоно. НӨАТ бол орлого, ашиг, хөрөнгөөс тооцдог шууд татвар биш. Эцсийн хэрэглээнд ногдуулдаг шууд бус албан татвар юм. Өөрөөр хэлбэл, бараа ажил үйлчилгээний борлуулалтын үе шат бүр дээр ногдуулж, дотоодын болон импортын худалдан авалтад төлсөн албан татварыг тухай бүр хасаж, нэмэгдсэн өртөгт тооцсон албан татварыг давхардал үүсгэхгүй эцсийн хэрэглэгчийн төлдөг албан татвар юм.

Гэтэл далд эдийн засагт НӨАТ төлөхгүй байгаа хэсэг бий. Учир нь манай улсын бүртгэл хяналтын тогтолцоо маш сул, аль болох татвараас зайлсхийх сонирхолтой татвар төлөгч нар их байдаг. Татвар төлөхгүй зайлсхийх, зугтах далд эдийн засаг 30 хувьтай байгаа. Иймд энэхүү далд эдийн засгийг ил болгох, орлогыг бүртгэх, төлбөрийн баримтаа бүртгүүлсэн иргэдэд урамшуулал олгох тогтолцоог бүрдүүлсэн.

-Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд яг хэдэн төгрөгөөр орж ирсэн нь үнэн эсэх нь мэдэгддэггүй гэж ярьдаг. Дээрээс нь иргэдэд худалдан борлуулахдаа НӨАТ-аа хасуулаад ав гэдэг байдал нэлээд байх шиг анзаарагддаг. Тэгэхээр ийм байдлуудыг цэгцлэхийн тулд татварын байгууллагаас ямар ажлууд хийдэг вэ?

-НӨАТ-ыг гол нэр төрлийн албан татвар гэж сая хэлсэн. Тухайлбал, татварын орлого тутмын дөрвөн төгрөг тутмын нэг нь энэ татвар бүрдүүлж байдаг. Татвар байж тухайн улс орон оршин тогтнодог. Улсын төсөв бүрддэг. Ингэж байж тухайн улсын төсөвт байгууллагуудын цалин, тэтгэмж, халамж, цэрэг цагдаа, хил гааль, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ гээд бүх төрлийн зардалд татварын орлого нь буцаагаад зарцуулагддаг. Төр буй дор татвар буй гэж үг байдаг. Төрсөн нь үнэн, татвар төлөх нь үнэн гэсэн зарчим ч бий. НӨАТ-ыг хүмүүс орлогын татвартай холиод байна. Эсвэл зарим хуулийн мэдлэггүй хүмүүс буруу тайлбарлаад байгаа юм. Жишээлбэл, нэг УИХ-ын гишүүн нь үе шат бүр дээр давхардуулж татвар ногдуулдаг гэж буруу ярьж байна. Гэтэл НӨАТ бол давхардал үүсгэдэггүй, олон улсын жишигт нийцсэн хамгийн шударга татвар. Дотоодоос худалдан авалтад НӨАТ төлсөн бол хасаж өгдөг. Энэ нь суутган төлөгч цөөн тооны татвар төлөгчийг бүртгэдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлж, 50 саяас дээш орлого олсон татвар төлөгч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу суутган төлөгчөөр бүртгэдэг. Суутган төлөгч этгээд нь эцсийн хэрэглээнд төлсөн албан татварыг улсын төсөвт дамжуулан төлдөг татвар төлөгч юм. Татварын байгууллага бол гаалиар орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний импортын албан татварыг төвлөрүүлдэг, хяналт тавьдаг байгууллага биш юм. Гаалиар буюу импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг хуульд заасны дагуу гаалийн байгууллага хариуцаж ажилладаг. Манай улсын хувьд НӨАТ бол 10 хувиар тооцдог тул импортоор бараа бүтээгдэхүүн оруулахад 10 хувийн л албан татвар ногдуулна. Харин тэг хувийн татвар ногдуулдаг татвар бий.

-Тэр нь юу вэ?

-Монгол Улсын татвар төлөгч иргэн, хуулийн этгээд экспортоор бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ борлуулж байгаа тохиолдолд НӨАТ-ыг тэг хувиар ногдуулдаг. Түүхий эд материалаа дотоодоос болон гаднаас худалдан авахдаа НӨАТ-аа төлчихсөн байдаг. Тиймээс тухайн тайлан сардаа худалдан авалтад төлснийгөө хасаад тайлангаа гаргадаг. Нэг үгээр худалдан авалтад төлсөн татварыг нь төр буцаан өгдөг гэсэн үг. Энэ бол манай улсын онцлогтой холбоотой. Яагаад гэхээр манайх чинь импортоос хараат улс. Тэгэхээр экспортыг дэмжих бодлого гэж ойлгож болно. Татварын бодлого чинь нэгдүгээрт, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх гэж байгаа юм. Хоёрдугаарт, эдийн засгаа дэмждэг зохицуулалт хийх үүрэгтэй. Тийм ч учраас аль болох экспортыг татварын бодлогоор дэмждэг гэсэн үг. Гадагшаа гаргаж байгаа бараа, үйлчилгээний үнэ нь хямд байх юм бол олон улсад өрсөлдөх чадвартай болно. Экспортын бараа, үйлчилгээнд үйлчилдэг иргэн, аж ахуйн нэгжид төлсөн татварыг нь буцаан олгодог. Энэ нь л жинхэнэ буцаан олголт юм. Харин түрүүний асуултад тань нэмээд хариулахад гаалиар орж ирж байгаа бараа бүхэн дээр хуульд заасны дагуу албан татвар ногдуулаад төлүүлэх үүргийг Гаалийн байгууллага хүлээдэг. Харин суутган төлөгч НӨАТ төлчихсөн бол тайлант сардаа тайлангаа гаргахдаа хасаад буцаагаад авчихдаг. Үүнийг татвар төлөгч нар маань сайн ойлгодоггүй. Дээрээс нь хуулийн мэдлэггүй, НӨАТ-аа сайн мэдэхгүй улстөрчид улс төрийн зорилгоор иргэдэд л таалагдаж байвал мэдсэн ч хамаагүй буруу мэдээлэл нийгэмд их өгдөг. Энэ бол маш буруу, хортой зүйл гэдгийг хэлмээр байна.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлыг УИХ-аар хэлэлцэх хэмжээнд очсон нь нийгэмд талцал бий болгож байх шиг байна. Иргэд ч гэсэн үүнийг нэм гэдгийг сошиал орчинд илэрхийлдэг байсан учраас санал асуулгыг богино хугацаанд 100 мянган хүн дэмжлээ. Ер нь таван хувь болгон нэмэх боломжтой эсэх дээр мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөхгүй юу?

-НӨАТ бол төсөв бүрдүүлэхэд маш гол байр суурьтай орлого гэдэг нь харагдаж байгаа юм. Эдийн засгийн уналт, цар тахал, үнийн хөөрөгдөл гэсэн асуудал тулгарахад бидэнд хамгийн савлагаагүйгээр төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Тухайн жилийн нийт татварын орлогын 28 хувийг НӨАТ бүрдүүлж байна. Дэлхий дээр одоогийн байдлаар 176 орон НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлээд албан татвар авдаг. Гэвч ихэнх нь маш өндөр хувиар авдаг. Манай улсын хувьд 10 хувийн албан татвар авдаг нь дээрх орнууд дотроос хамгийн бага татвартай 12 улсын нэг. Дээд тал нь 27 хувь, дунджаар 19-20 хувийг авдаг. Үүнтэй харьцуулахад манайх харьцангуй бага. Өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хуульд оруулж өгсөн. Хуучин падан бичдэг, түүнийгээ өгдөг, өгдөггүй байсныг цахим болгосон. Ингээд цахим төлбөрийн баримт буюу манайхны нэрлэж заншсанаар И-Баримтыг цахимаар бүртгүүлдэг, борлуулагч нь түүнийгээ худалдан авагчид өгөх ёстой болсон. Ингээд эцсийн хэрэглэгч баримтаа аваад бүртгүүлснийх нь төлөө урамшуулдаг, далд эдийн засгийг ил болгох, татвараа жигд төлүүлдэг болох системийг хэрэгжүүлж эхэлсэн. Албан татвар гэдэг чинь өөрөө хариу төлбөргүйгээр хуульд заасан хувь хэмжээгээр улсын төсөвт заавал төлөх ёстой зохицуулалттай. Түүнээс биш төлсөн татварыг буцааж олгодог, НӨАТ буюу ялангуяа эцсийн хэрэглээнд төлсөн татварыг буцааж олгодог улс орон гэж байдаггүй. Гэтэл Монгол Улс анх удаа энэ бүртгэлийн тогтолцоогоо сайжруулах, төлбөрийн баримт олголтыг нэмэгдүүлэх зорилгоор эцсийн хэрэглэгчийн төлсөн 10 хувийн татварын 20 хувь буюу хоёр хувийг нь урамшуулал хэлбэрээр олгож байгаа юм. Энэ бол буцаан олголт огт биш. Энэ системийг хэрэгжүүлснээрээ эдийн засгийн хямрал, цар тахлын нөхцөл байдлын төсвийн орлогыг зөв авч явахад гол үр нөлөөгөө өгсөн. Гэтэл энэ урамшууллыг таван хувьд хүргэнэ гэдэг бол маш үр дүнгүй бодлого. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, албан татварын тогтолцоо бол Монгол Улсын олон улсын жишигт хамгийн сайн нийцсэн. Харин таван хувь болговол энэ тогтолцоогоо нураана, гажуудал үүсгэнэ. Энэ чинь орлогын юм уу, ашгаас төлдөг татвар биш байхгүй юу. Хэдэн ч үе шат дамжсан бай, хамгийн эцсийн хэрэглэгчид 10 хувийн татвар ногдуулдаг. НӨАТ бол маш олон төрлийн ач холбогдолтой. Харин таван хувь болгох юм бол 600 гаруй тэрбум төгрөгийн урамшуулал нэмэгдэх гээд байгаа юм. Энэ орлогыг бид хаанаас нөхөх вэ.

-Одоо өгч байгаа хоёр хувийн урамшуулалтайгаа нийлээд нэг их наяд төгрөг болно гэсэн үг үү?

-Нэг их наяд төгрөг болох гээд байна гэсэн үг. Одоо бол бид урамшуулалд 410 тэрбум төгрөгийг өгч байгаа. Ирэх оны татварын хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр НӨАТ л гэхэд 6.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Ид ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Үнэхээр иргэдийн амьжиргаанд тус нэмэр болохоор бол хэрэгжүүлж болно.

-Иргэдийн амьжиргаанд тус нэмэр болохгүй хэрэг үү?

-Урамшуулал авч байгаа нийт иргэдийн 70 хувь нь сард 0-50 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Гэтэл татвар төлөгчдийн ердөө 10-хан хувь буюу өндөр орлоготой татвар төлөгчид чинь урамшууллын 35 орчим хувийг нь авдаг. Өндөр орлоготой иргэдийн татвар өндөр, эцсийн хэрэглээндээ маш өндөр татвар төлдөг. Ингээд тооцохоор таван хувь болгож нэмэгдүүлэх нь нөгөө 70 хувьд нөлөөлөхгүй. Хамгийн дээд тал буюу 50 мянгаар нь тооцоход л таван хувь болгож нэмээд ч 100 мянган төгрөг л авна. Өнөөдөр бид энэ мөнгөөр амьдралдаа ямар асуудал шийдэж чадах вэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ихэнх нь албан татвараас чөлөөлөгдчихсөн байдаг юм шүү дээ.

-Тухайлбал?

-Талх, сүү, өндөг, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гурил, будаа гээд амьжиргааны наад захын хэрэглээний буюу өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ НӨАТ-аас чөлөөлөгдчихсөн. Тийм учраас бага хэрэглээтэй хүмүүс тэртэй тэргүй албан татвар төлдөггүй, НӨАТ-гүй үнээр худалдан авалт хийдэг гэсэн үг. Тиймээс хэчнээн худалдан авалт нь нэмэгдлээ ч гэсэн урамшуулал нь огт нэмэгдэхгүй. Өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг, өндөр орлоготой иргэдэд л энэ таван хувь чинь үр нөлөөгөө өгнө. Дээрээс нь татварын орлогод маш том цөмрөлт үүснэ. Үүнийгээ хэдүүлээ хаанаас нөхөх юм. Олон улсын жишигт нийцсэн татварынхаа системийг нураана. Маш үр дүнгүй, улстөрчдийн популист, иргэдэд таалагдах гэсэн санал асуулга явсан гэж л ойлгож болно. Мэдээж хүнээс надаас авах 10 мянган төгрөгийг чинь 20 мянга болгоод өгье гэвэл хүн тэгье л гэж хариулна шүү дээ. Үүнтэй ижилхэн хоёр хувийн урамшууллыг чинь таван хувь болгоод өгье гэхээр би авахгүй, дэмжихгүй гэх хүн олдохгүй шүү дээ. Тэгэхээр энэ санал асуулга тэгж богино хугацаанд олон хүний дэмжлэг авах нь ойлгомжтой. Дээрээс нь хүмүүс хуулийн мэдлэггүй. Хоёрдугаарт, НӨАТ-аа ямар татвар юм бэ гэдгээ мэдэхгүй байна. Гуравдугаарт, энэ татвар чинь улсын төсөвт ямар гол байр суурь эзэлдэг вэ гэдгээ ч мэдэхгүй байна. Ямар ч улсад байдаггүй төлсөн татварынх нь 20 хувийг нь урамшуулал болгон өгч байгааг буцаан олголт гэж буруу ойлгоод байна. Худалдан авалт хийгээд мөнгөө төлчихсөн л бол баримтаа авчих. Тэр баримтаа бүртгүүлснийх нь төлөө танд хоёр хувийг нь урамшуулал хэлбэрээр өгч байгаа системээ ойлгохгүй улс төрийн шийдвэр гарч байгаа нь маш буруу юм. УИХ-аас хууль баталдаг, Засгийн газраас тооцоо судалгаа хийдэг. Эрдэмтэд судлаачид бол үүнийг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Тэд маш ихээр шүүмжилж байна. Татварын байгууллага бол мэргэжлийн байгууллага, үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Яагаад гэхээр хууль нь өөр. Ер нь энэ урамшууллын системийг бий болгосноороо ганцхан НӨАТ биш дагаад Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа цуг авч явж байгаа юм. Гэтэл НӨАТ нь гажуудаад ирвэл магадгүй татвараас зугтаадаг байдал чинь улам нэмэгдэнэ. НӨАТ-ын орлого нь дагаад буурна. Тэгэхээр ямар ч байсан Засгийн газраас судалгаа, тооцоогоо сайн хийж, маш нухацтай авч үзэх байх. Мэдээж төрийн өндөр албан тушаал хашиж байгаа УИХ-ын гишүүд маань улсын төсөв, татварын орлого чинь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг ойлгодог хүмүүс юм болохоор ийм гажуудал үүсгэх популист шийдвэрийг дэмжихгүй байх гээд найдаад л хүлээж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.100) 2023 оны 10 сарын 26

НӨАТ н буцаалтыг 5 % болговол хүн бүр идэвхтэйгээр бүртгүүлэн татвар нэмэгдэх байх шүү . Юун доголдол энэ тэр элдэв толгой эргүүлсэн юм яриад бна аа хар малаа \n\n

0  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 26

дандаа л тэгшитгэж өгөх сэтгэлгээтэй байх юм. хэн өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн авна ,тэр хүн өндөр НӨАТ авна шүү дээ, ингэлээ гээд татварын систем нь ганхах бол арай ч дээ гэмээр байна. сугалаа гээч хошин шогоо боль

0  |  0
Зочин(66.181.183.134) 2023 оны 10 сарын 26

Манай төр засаг сугалаа, азтан шалгаруулах хоёрыг их хэмжээгээр дэмжих юм. ТВ-үүд сугалаагаар уралдаж НӨТ -ийн азтан шалгаруулсаар. Хүмүүсийн тархи хөгжихгүй иймэрхүү зүйлд хууртагдсаар байна. Нам Төр хоёр аз үзсэн шийдвэр гаргаж байна гэсэн үг. Цаашид шударгаар мөнгө олохыг дэмжих хэрэгтэй. Сугалаа, азтан шалгаруулах хоёрыг аралжааны ТВ-ээр явуулахыг хориглох хэрэгтэй.

0  |  0
Зочин(66.181.183.134) 2023 оны 10 сарын 26

НӨТ байхгүй үед татвараа яаж бүрдүүлдэг байсан бэ? Татварын тогтолцоонд гажуудал үүсдэггүй л байсан биз дээ. Одоо буцаан олголтыг 5% болгож нэмэгдүүлээд сугалаагаа зогсоочих. Олон түмэн үүнийг хүсч байна. Эсрэгээр тархи угаах хэрэггүй.

1  |  0
Зочин(59.153.112.188) 2023 оны 10 сарын 26

Нөгөө олон удаагийн азтангуудын нэг болоод л үхэх гээд 5хувь болгохыг буруу гэж бгаа биз хэдхэн хүн л азтан болдог гэсэн дээ

0  |  0
Знгараг(98.181.118.33) 2023 оны 10 сарын 25

Ард түмний эсрэг дуугарч байгаа бас нэг дайсан гараад ирлээ бүртгээд авчихаарай Туул гэдэг юм шиг бна

0  |  0
Татвар төлөгч(202.179.25.17) 2023 оны 10 сарын 25

Хэрэв, татварын энэхүү хөшүүргийг үгүй хийх хүсэлтэй татварын байгууллага байгаад харамсаж байна. Нөгөө бүртгэлийн замбараагүйдлийг үүсгэх гээд байна уу гэж бодохоор. Энэ эрчээрээ явбал татварын орчин эрүүлжинэ. Харин энэхүү эмэгтэйн санаагаар бол арай гэж гайгүй болгох гэж байгаа ажлыг нураана гэснээс ялгаагүй утга санаа илэрхийлж байна.

0  |  1
Татвар төлөгч(202.179.25.17) 2023 оны 10 сарын 26

1100 төгрөгний худалдан авалтын 100 төгрөг НӨАТ бөгөөд үүний 2 % нь 2 төгрөг харин 98 хувь нь татварт очиж байна. 5 хувь ч болсон гажуудаад байх юмгүй. Харин ч ард түмэнд өгсөн энэхүү хөшүүрэг нь татварын хяналтыг сайжруулах хэрэгсэл мөн. Үүний ачаар татвар нуудаг замбараагүй байдал цэгцэрсэн байх шүү!!

0  |  2
Алтай (66.181.160.94) 2023 оны 10 сарын 26

НӨАТ аа нэн мөсөн больчих оо яршиг. Өгвөл 5байтугай бүгдийг нь авая эсвэл больчих. Нэмэлт татвараа боль оо

0  |  2
Зочин (66.181.181.172) 2023 оны 10 сарын 26

Хилээр орж ирсэн бараанд 10% ийн НӨАТ төлсөн бараа компаний ашиг нэмэгдэн дэлгүүрт ирнэ. дэлгүүрийн ашиг бас нэмэгддэг Иргэд Компани болон дэлгүүрийн ашиг нэмэгдсэн үний дүн дээр НӨАТ 10 % төлж авдаг. Хилээр 1000 ₮ өөр үнэлэгдсэн бараа гаалийн татвар НӨАТ нэмэгдээд 1260₮ болно. Одоо бараа оруулсан газар 25-50% ийн ашиг нэмэгдээд дэлгүүрт 1700-2000₮ болж очино. Дэлгүүр одоо 20-40% ийн ашигаа нэмнэ. Лангуун дээр 2100-2800₮ өөр тавигдана. Касс дээр НӨАТ 10% нэмэгдээд 2310- 3080 ₮ болж хэрэглэгчид очиж байгаа юм.Хэрэглэгч бид Хил дээр нэг НӨАТ бас касс дээр бас нэг НӨАТ 2 НӨАТ төлдөг..

0  |  2
Dolgor(59.153.114.63) 2023 оны 10 сарын 25

Bid 10% T0% toldog 5% Butsaaj abna gej bna vun eldbiin bolomjgvi zvil yariad bgaa vum be

0  |  1
3(66.181.184.32) 2023 оны 10 сарын 26

Бид энэ авгайг атг д шалгуулна бүх хамаатан садан ах дүү найз хуйгаар нь шалгуулна юм гарч ирж л таараа хуцдаг косметик авгай чинь

3  |  2
3(66.181.184.32) 2023 оны 10 сарын 25

Энэ авгайг түдгэлжүүлж шалга бүх юмын ухаж гаргаж ир 5 байтугай 7 .8 болгосон ч болно хуцдаг халтар авгай вэ төрд ажлаад гахай шиг таргалсан ац

2  |  1
Зоччин(66.181.189.44) 2023 оны 10 сарын 25

Эд нарын хэн нь үнэн яриад байна даа . Бүгд л өөр өөр яриад байх юм нэг нь л үнэн бусад нь худлаа даа....

1  |  1
Бат(202.9.46.29) 2023 оны 10 сарын 25

Ямарч гажуудал гарахгүй. Харин ч татварын бааз суурь нэмэгдэж төсвийн орлого сайжирна. Мөн далд эдийн засгийг илрүүлж хууль бус худалдааг илчилж авилгалыг бууруулах боломж бүрдэнэ. Ийм олон давуу талыг ойлгохгүй муйхарлаж байгаа Туул мэтийн татварын ажилтнууд даргын даалгавраар хүүхэлдэй болж чалчихаа болих хэрэгтэй.

1  |  1
би (202.170.68.162) 2023 оны 10 сарын 25

Ийм цүнх баригч ойлгохгүй. Энэ хүн мэдлэгээрээ дарга болсон хүн биш болхоор даргынхаа дохиог буруу дамжуулаад сууж байна л даа хөөрхий. Өрөвдөлтэй ийм юумнуудыг төрөөс зайлуулж байж энэ тогтолцоо цаөашаа зөв явна. Тэнэг новш байна.

2  |  1
нарангэрэл(66.181.160.96) 2023 оны 10 сарын 25

ямар тогтолцоог гажуулуудах гэж тэгвэл төрийн хулгайч луйварчдынхаа татварыг нэмж дунд давхаргын татварыг буулга за эргүү чинь

2  |  1
Top