Н.Цогтсайхан: Тамирчдын допингийн зөрчил “Цагаан туг”-ийн асуудалд нөлөөлөхгүй, гарын үсэг зурагчдаас шалтгаалдаг

2023 оны 10 сарын 26

Монголын тамирчид олимпод “Цагаан туг”-ийн дор жагсах эрсдэл яагаад, хаанаас үүссэн байж болох вэ? Допингтой тэмцэх спортын салбарын, тэр дундаа Засгийн газрын бодлогыг яаж сайжруулах ёстой вэ? Бид юун дээр анхаарах, өөрчлөх нэн шаардлагатай вэ? Допингийн эсрэг дүрэм ба тамирчны эрх гэж юу вэ. Монголын тамирчид эрхээ эдэлж чадаж байна уу гэх мэт олны анхаарлын төвд байгаа сэдвийн хүрээнд Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, Допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхантай ярилцлаа.


Б.ЧИНЗОРИГ ОДОО ХОРИГЛОСОН БОДИС ТАМИРЧНЫ БИЕД ЯАЖ ОРСНЫГ ТОГТООЛГОЖ, ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХ ЁСТОЙ

-Допингийн эсрэг асуудлыг олон жил судалсны хувьд таныг урьж, мэдээлэл авч байна. Хамгийн сүүлд болсон “Ханжоу-2022” Азийн наадмын үеэр манай хоёр ч тамирчнаас допингийн эсрэг зөрчил илэрлээ. Ялангуяа Гавьяат тамирчин Б.Чинзоригийн хувьд маш харамсалтай зүйл боллоо. Тамирчин Олон улсын спортын арбитрын шүүхэд хандсан гэдгээ саяхан мэдэгдсэн. Үүнд та ямар бодолтой байна вэ. Асуудал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Ер нь бол допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг маш тодорхой тоглоомын дүрэмтэй. Дэлхийн допингийн эсрэг агентлаг гэж том байгууллага байдаг. Энэ нь дэлхийн спортын ертөнцийн допингийн үйл ажиллагааг удирдах, хянах үндсэн үүрэгтэй байгууллага.

Энэ байгууллага Үндэсний олимпын хороотой, бүр тодруулбал олимпын наадамд оролцдог Олон улсын Олимпын хорооны гишүүн 205 үндэсний олимпын хороо, тухайн улсын Засгийн газартай хамтарч ажилладаг. Хамтарч бий болгосон Дэлхийн допингийн эсрэг дүрмээ мөрдөхийг шаарддаг. Дэлхийн допингийн эсрэг дүрэм нь дотроо хэн, юуг, яаж хийх вэ гэдэг асуултад тодорхой хариулагдах буюу заавал биелүүлэх найман олон улсын стандарттай. Энэ найман стандартыг энэ дүрэмд нэгдсэн бүх улс орнууд олон улсын болон үндэсний спортын хороод, тамирчид, дасгалжуулагч нар, спортын ертөнцийнхөн дагаж мөрдөх учиртай.

Монгол Улсын хувьд 2005 онд Спорт дахь допингийн эсрэг Копенгагены тунхаглал гэдэг Засгийн газар хоорондын баримт бичигт тухайн үеийн Засгийн газрын Ерөнхий сайд С.Баяр, Спортын асуудлыг хариуцаж байсан Засгийн газрын гишүүн Т.Ганди нарын гарын үсгээр нэгдсэн байдаг.

Түүний дараа 2007 онд УИХ-аас Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО-гийн конвенцийг соёрхан батлах тухай хууль гаргаж, нэгдэн орсон байдаг. Тэгэхээр бид үндэсний хэмжээнд ч, олон улсын түвшинд ч энэ тоглоомын дүрмийг дагаж мөрдөх учиртай.

Азийн наадмын хувьд Б.Чинзоригийн асуудал дээр спорт сонирхогчийн хувьд ч, допингийн эсрэг Олон улсын сонгуульт ажилтай хүний хувьд ч, хувиасаа ч тэр маш их харамсаж байгаа. Ихэнх нь мэдэж байгаа байх. Б.Чинзориг гэдэг тамирчин бол Монголын боксын өнөө цагийн нүүр царай болсон лидер тамирчин. Бүр тодруулбал, ирэх жилийн Парисын олимпын Монголын боксчдын, Монголын олимпын шигшээ багийн найдварын нэг байсан. Яагаад байсан гэж ярьж байна вэ гэхээр яг өнөөдрийн байдлаар допингийн эсрэг зөрчил гаргаад, асуудалд орчихлоо. Допингийн эсрэг дүрэм зөрчсөн тамирчин Спортын арбитрт хандах гэдэг бол “эвэртэй туулай” үзсэн мэт зүйл ерөөс биш. Допингийн эсрэг үйл ажиллагаа нь нэг талаасаа тамирчны эрүүл мэнд, нөгөө талаас тамирчны эрх буюу хууль зүйн хамгаалалтыг хийдэг цогц зүйл юм.

Тэгэхээр Б.Чинзоригийн хувьд Азийн наадмын допингийн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдэгдэл л түүнд ирсэн. Энэ бол таны дээжээс допингийн эсрэг дүрмийн зөрчил, хориотой бодис илэрлээ гэсэн мэдэгдэл, эхний шат. Дараа нь тамирчин өөрөө энэ хориглосон бодис тэр тамирчны биед яаж орсон бэ, хэрэглэсэн үү, үгүй юу, санаатай юу, санамсаргүй юу гэсэн маш олон асуултын хариу буюу хууль зүйл процессыг тогтоолгох ёстой.

Үүний дараа тэр хүний эрхийг хасуулах, эсэх тухай асуудал яригдана. Тэгэхээр одоогийн байдлаар Б.Чинзориг нэг талаасаа тамирчинд олгогдсон эрхээ эдэлнэ. Тамирчны эрх гэхээр Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Тамирчны эрхийн тухай допингийн эсрэг дүрэм гэж баталсан байдгийг ярина. Энэ дүрмийн IV зүйлд “Тамирчин хүн допингийн хэргээ шударгаар шүүлгэх эрхтэй” гэж заасан байдаг.

-Таны хувьд “Тамирчнаа шийтгэх гэж бүү яараарай”гэсэн байрь суурийг илэрхийлсэн байсан. Ялангуяа боксчин Б.Чинзоригийн асуудлаас үүдэлтэйгээр Спорт, олимпын асуудлыг хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ Монголын боксын холбооны санхүүжилтыг зогсооно гэж мэдэгдсэн нь спотын салбарт нэлээд шуугиан дэгдээлээ. Энэ нь санхүүжилтыг зогсоох үндэслэл болох уу. Та энэ тал дээр ямар байрь суурьтай байна вэ?

-Яг одоо Монгол Улсын спортын ертөнцөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бичиг баримтаар бол үүнээс өөр аргагүй юм билээ. Яагаад гэхээр өнөөдөр шигшээ багт 10 гаруй спортын төрөл байдаг. Тэдгээртэй Биеийн тамир, спортын улсын хороо гэрээ хийхдээ яг ийм заалт оруулаад хийчихсэн. Тэгэхээр сайд энэ гэрээнийхээ хүрээнд мэдэгдэл хийсэн байх.

Гэхдээ үүнд нэг учир дутагдалтай зүйл бий. “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ дүрмийн 12 дугаар зүйлд тамирчин нь допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан аливаа байгууллагад ямар хариуцлага тооцох вэ гэсэн зохицуулалтыг тод томруунаар тусгасан байгаа. Тэгэхээр миний бодлоор магадгүй энэ гэрээ нь үндэсний бүрэм баглагдахаас өмнө хийгдсэн байх магадлалтай. Цаг хугацааны хувьд би мэдэхгүй байна. Тиймээс бид нэгэнт Үндэсний дүрмээ баталсан юм чинь цаашдаа төрийн байгууллагууд, холбогдох хүмүүс Үндэсний дүрмээ зохицуулаад, холбогдох дүрэм, журамдаа өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй.

-Олон улсад Допингийн эсрэг үйл ажиллагаан дээр спорт холбоодын санхүүжилтыг зогсоох асуудлыг хэрхэн шийдэхээр заасан байдаг вэ?

-Дээр хэлсэн. Бид ЮНЕСКО-ийн конвенцийн 11.С гэсэн заалт дээр Допингийн эсрэг дүрэмд нийцээгүй аливаа гарын үсэг зурагчийг буюу WADA-гийн Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дагах ёстой үүрэг бүхий, Монгол Улсын хувьд Монголын Үндэсний олимпын хороо, Монголын Паралимпын хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллагын санхүүжилтийг зогсооно. Төр тэдгээр байгууллагын санхүүжилтыг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох эрхтэй гээд тэр бичиг баримтад заагаад өгчихсөн байгаа.

Гэхдээ бид одоо спорт холбоодын тухай ярьж байгаа учраас Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Үндэсний допингийн эсрэг дүрмийн 12 дугаар бүлгийг барихаас өөр арга байхгүй. Яг энэ дүрэм дээр тамирчин нь 12 сарын дотор дөрвөөс дээш удаа допингийн эсрэг дүрэм зөрчил гаргасан холбоонд торгууль болон бусад арга хэмжээг авна гэсэн заалт байгаа. Энэ дагуу л бусад дагалдах дүрэм журмаа өөрчлөх ёстой юм болов уу.

Би хувийн үзэл бодлоо яагаад тэгж илэрхийлсэн бэ гэхээр тамирчин эрхээ эдэлж байхад биш эрхийг нь дууссаны дараа авдаг арга хэмжээгээ аваач ээ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Яагаад гэхээр, бидний хамгийн сайн мэдэх сүүлийн жишээ бол Бээжингийн өвлийн олимпын аварга, Оросын уран гулгалтын ирээдүй гэж нэрлэгддэг, ОХУ-ын шигшээ багийн тамирчин Камила Валиева байна. Энэ охин олимпын үеэр допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргаад, яг Б.Чинзориг шиг процесс үргэлжилж, одоо хуульчтайгаа хамт Олон улсын арбитрын шүүхэд хандан, шүүх хурал нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагаар 11 дүгээр сар хүртэл хойшилсон. Яг л энэ процесс явагдана. Энэ болгоны дараа шийдвэрээ гаргаач ээ гэсэн утгаар бичсэн юм.

-Олон улсад допингийн асуудалд нэр холбогдсон тамирчид эрхээ сэргээлгэхийн тулд Олон улсын арбитрын шүүхэд хандаж, эрхээ сэргээлгэн, хамгаалуулсан тохиолдол хэр олон байдаг вэ. Та жишээ дурдаж мэдээлэл өгөөч?

-Яг нарийн жишээ олныг санахгүй байна. Хамгийн тодорхой санаж байгаа, хамгийн олон эзэн холбогдогчтой жишээ бол ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова. Тухайн тамирчнаас 2016 оны нэгдүгээр сард хориглосон жагсаалтад байдаг “Мелдониум” гэдэг Латви улсын эмийн үйлдвэрээс гаралтай бодис илрээд заргалдсан. Үр дүнд нь ялсан. Ялахдаа нэг бус хүнийг аварсан. Яагаад аварсан бэ гэхээр 120 гаруй тамирчны эрх хасагдах дээрээ тулаад байсан. “Рио-2016” олимпын наадамд оролцох эрхээ хасуулах дээр тулаад байсан. Энэ дунд Монгол Улсын Шигшээ багийн нэр бүхий хэд хэдэн тамирчин ч байсан. Тэгэхээр миний санаж байгаагаар энэ олон тамирчныг аварч гарсан хамгийн том жишээ.

-Монголын Шигшээ багийн тамирчдын дунд допингийн эсрэг зөрчлийн ойлголт ямар хэмжээнд байдаг вэ. Жишээ нь, өөрсдөө мэдэхгүй иймэрхүү асуудалд холбогдчихлоо гэдэг асуудал яригддаг. Энэ тал дээр одоо хэн тамирчдыг мэдээллээр хангадаг вэ? Хэрэглэж байгаа эм, бэлдмэлийг нь хянаж, зааж зөвлөсөн дүрэм, журам байдаг уу?

-Юуны өмнө би Үндэсний олимпын хороо, Засгийн газар, Үндэсний допингийн эсрэг байгууллагын ажилтан биш учраас цэвэр өөрийн байр сууриа илэрхийлье. Яагаад гэхээр таны асуултын тухайд надад баримт байхгүй. Мэдээж тодорхой хэмжээнд допингийн эсрэг сургалт, сурталчилгааг хийдэг байх. Та бүхэн “Тунгалаг тамир” гэдэг киног мэднэ. Энэ киноны Хонгор гэж хүн залаа хулгайлчихаад Цахиуртөмөр дээр ирээд “Ах аа, намайг бодоорой” гэж хэлдэг. Ер нь бол Монголын спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагаа яг л ийм маягтай байгаа.

Тодорхой хэмжээнд сургалт өгөхийг оролддог. Ач холбогдол өгөхгүй байж байгаад гэнэт асуудалд орохоороо “Би чинь юу билээ” гэж боддог тамирчид нэг биш байдаг. Энэ л жаахан харамсалтай.

-Тамирчид санамсар, болгоомжгүй байх үед нь хоол хүнс, ууж хэрэглэх зүйлс дээр нь допингийн төрлийн эм, бодис шингээж өгдөг гэх хардлага байдаг. Ийм боломжтой юу?

-Тэрийг ёстой мэдэхгүй. Би ганц л зүйл мэдэж байна. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.5 дээр тамирчныг санамсар болгоомжгүйгээр Допингийн эсрэг дүрэм зөрчсөнийг нотолсон тохиолдолд сануулга өгч, эрх хасах шийтгэл оноохгүй гэсэн зохицуулалт байдаг. Гэхдээ энэ заалтын тайлбар дээр яг таны хэлснээр ээж аав, хамаатан садан, найз нөхөд, гэр бүл хоолоор, уух зүйлээр дамжуулж хорлосон гэсэн тохиолдолдлыг санаатай хэрэглээгүй гэж үзэхгүй гэсэн зохицуулалт байдаг. Тэгэхээр тамирчин өөрийн ууж, идэх аливаа зүйлийн хариуцлагыг нэгдүгээрт өөрөө хүлээнэ. Ууж, идэх зүйлээ бариулах, итгэмжлэх хүнээ өөрөө сонгоно гэсэн заалт байдаг.

-Допинг гэлтгүй бусад асуудал дээр тамирчид өөрсдийн эрхийг хамгаалуулах тал дээр яаж хууль зүйн дэмжлэг авах боломжтой байдаг вэ. Энэ тал дээр мэргэшсэн хуульч, мэргэжлийн байгууллага хэр анхаарч ажилладаг бол?

-Энэ бол дүрмээр нээлттэй. Манай олон улсын зэрэглэлийн тамирчид  Олон улсын Спортын арбитрын шүүх, үндэсний зэрэглэлийн тамирчид нь Монголын үндэсний ба Олон улсын арбитрын шүүх хүртэл зарга мэдүүлэх эрхтэй.

Бидэн дутагдаад байдаг зүйл нь манай тамирчид, спортын ертөнцийнхний хууль зүйн мэдлэг. Өмгөөлөгч аваад, өөрийгөө эцсийг нь тултал өмгөөлүүлнэ шүү гэдэг ойлголт нэгдүгээрт байдаггүй юм болов уу гэж боддог. Хоёрдугаарт, санхүүгийн хүндрэл байдаг байх. Мэдээж хуулийн процесст оролцдог, хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүмүүс тодорхой хэмжээнд үнэтэй. Гэхдээ өнгөрсөн наадмын үе болон бусад тэмцээнээс хараад байхад ямар ч байсан Монгол Улсад байгаа тамирчид, ялангуяа үндэсний бөхчүүд Монгол Улсад бидний эрхийг хамгаалдаг байгууллага байдаг шүү гэдэг ойлголтыг нэг үеэ бодвол авдаг болж байна. Ямар ч байсан өөрийгөө хамгаалахын төлөө тэмцэх ёстой юм байна гэдэг ойлготтой болж байна.

Допингийн эсрэг үйл ажиллагаа хоёр талтай. Нэг талдаа тамирчин шударга өрсөлдөх, Допингийн эсрэг дүрэм зөрчихгүй байх үүрэгтэй. Нөгөө талдаа эрхээ хамгаалах, би үүнийг санаатайгаар хэрэглээгүй шүү гэдгээ хамгаалуулах эрхтэй.


ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

 

 

-Допингийн эсрэг зөрчилд нэр холбогдсон тамирчдаас улбаатайгаар Монголын тамирчид олимпын наадамд “Цагаан туг”-ийн дор жагсах эрсдэл үүслээ гэж нийгэм шуугилаа. Асуудлыг Засгийн газрын хэмжээнд анхаарал тавьж, ярьж байна. Үнэхээр тийм эрсдэл үүссэн үү?

-Энэ бол допингийн эсрэг үйл ажиллагааг Монгол Улсад  удирдаж байгаа байгууллагатай л шууд холбоотой асуудал юм. Би дээр хэлсэн. Дэлхийн допингийн эсрэг бичиг баримт нь дотроо заавал мөрдөх найман стандарттай байдгийн нэг нь “Гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх олон улсын стандарт” гэдэг нэртэй бичиг баримт. Энэ нь Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллага гурав эдгээрийг заавал хийх ёстой гэсэн үг. Эдгээр шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хангахгүй бол түрүүн хэлсэн олимпын наадамд тамирчдыг чинь “Цагаан туг”-ийн дор жагсаана шүү гэх шийтгэлийг зааж өгсөн бичиг баримт юм.

Энэ нь одоохондоо Монгол хэл дээр гараагүй байгаа. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн албан ёсны хуудаснаас гурав, дөрвөн хэл дээр татаад унших боломжтой.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, Үндэсний бөх дээр допингийн асуудал олон зөрчил гараад байна. Дээр хэлсэн дүрэм дээр допингийн эсрэг зөрчил олон байх нь өөрөө “Цагаан туг”-ийн дор орох эрсдэл учруулахгүй. Тийм үг өгүүлбэр байхгүй. Гол нь Допингийн эсрэг үндэсний байгууллага, Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо гурав л дүрэм дээр заасан эрх, үүргээ яв цав биелүүлээд, тамирчны эрхийг хохироохгүй байх хэрэгтэй. Ингэхгүй бол “Цагаан туг”-ийн асуудал яригдана.

 

БӨХЧҮҮД ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ БОЛ ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛЫГ НЬ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭНЭЭР СОЛИХ ЁСТОЙ

-Үндэсний бөхийн допинтой холбоотой асуудал сүүлийн жилүүдэд их гардаг боллоо. Тиймээс ч Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах нь зөв, буруу гэсэн талцал байдаг.  Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ. Үнэхээр шинжилгээ авах ёстой бол яагаад... Үгүй бол яагаад?

-Миний хувийн байр суурь шүү. Үндэсний бөх Монголын ард түмний хэдэн зууны түүхтэй, уламжлагдаж ирсэн, бидний хадгалж, хайрлаж хамгаалж, цааш нь ирээдүйдээ уламжлуулах ёстой соёлын үнэт өв. Энэ талаас нь харвал допингийн шинжилгээ авах үнэхээр шаардлагагүй.

Гэхдээ би бол үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээ зайлшгүй авах шаардлагатай гэсэн гурав, дөрвөн үндэслэл хэлнэ.

Нэгдүгээрт, Биеийн тамир спортын тухай хууль дээр үндэсний спорт гэж өв уламжлал, зан заншлыг агуулсан үндэсний бөх, сур, шагай харваа, хурдан морины уралдаан гэсэн спортыг хэлнэ гээд тодорхойлчихсон. Энэ бол спорт юм.

Хоёрдугаарт, тамирчин гэж  хэнийг хэлэх вэ. Тодорхой хэмжээнд үе шаттай, системтэй бэлтгэл сургуулилт хийж, тэмцээнд оролцдог этгээдийг тамирчин гэнэ.

Гуравдугаарт , бид Олон улсын допингийн эсрэг бичиг баримтуудад нэгдчихсэн. Хэрвээ тамирчин юм бол, спорт нь спорт юм бол шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө допингийн эсрэг тэмцэх ёстой.

Бас нэг зүйл байна. Бид спортын агуу амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгодог. Хэрвээ Үндэсний бөхийн холбоо энэ спорт нь өв соёл, бөхчүүд нь тамирчин биш өв соёл тээгч нар юм бол Нацагийн Жамъян аварга, алдарт Бадамдоригийн Түвдэндорж аваргаас өгсүүлээд Г.Өсөхбаяр, А.Сүхбат аварга, Д.Ганхуяг арслан гэх мэт үндэсний бөхийн спортын амжилтаараа Гавьяат цол хүртсэн бүх хүний цолыг хурааж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор солих ёстой. Үүнийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал. Би бол санал нийлэхгүй, зөвшөөрөхгүй.

-Үндэсний бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг солих, өөрчлөх боломж үнэхээр байдаг уу. Ийм хардлага олон явж ирлээ?

-Тийм асуудал байж болно. Одоо Допингийн эсрэг үндэсний дүрэм, Дэлхийн допингийн эсрэг дүрэм хоёр дээр, тодруулбал 2.5 гэсэн заалтад допингийн эсрэг үйл ажиллагааны аль нэг хэсэгт хөндлөнгөөс оролцох, оролцохыг завдах гэсэн заалт байдаг. Энэ дотор допингийн хяналтын ажилтнуудад авлига өгөх заалт хамаардаг. Өөрөөр хэлбэл, тамирчин нь үндэсний допингийн эсрэг байгууллагынхаа ажилтнуудад авлига өгч, шинжилгээгээ аргалуулж байгаа процессыг хориглосон байгаа. Гэтэл сүүлийн үед энэ маргааныг хийхгүй, хянаж байх ёстой байгууллага нь өөрсдөө ийм асуудалд хутгалдаж байгаа нь ерөөс байж болохгүй зүйл юм. Энд нэг жилийн асуудал ярьж байгаа биш, бараг 20 шахам жилийн асуудал яригдана. Бараг сүүлдээ үндэсний бөх гэлтгүй их спортын тамирчдад, Монголын спортын ертөнц тэр байгууллагад итгэх итгэлээ алдаж эхэллээ гэсэн үг. Ямар сайндаа Засгийн газар оролцож, Ажлын хэсэг байгуулах түвшинд хүрч байна. Уг нь бол төрийн бус байгууллагын дотоод хэрэгт оролцох эрхгүй байдаг. Гэхдээ Монгол Улсынхаа хувь заяаг хамгаалахын тулд. Яагаад Монгол Улсынхаа хувь заяаг хамгаалахын тулд гэж хэлж байна вэ гэхээр бид спортоос гадна хүүхэд, эмэгтэйчүүд, эрчим хүч гэх мэтээр Монголын бүх салбарт байгаа төрийн бус байгууллагуудын нэг нь муу ажиллабал тухайн байгууллагын хохь болоод дампуурах нь дампуураад явна. Гэтэл манай спортын салбарт Допингийн эсрэг үндэсний байгууллага гэгч байгууллага муу ажиллабал шууд улсын хувь заяатай холбоотой болж байгааг олон нийт харж байна. Монгол Улс олимпын наадамд төрийн далбаагаа мандуулж оролцох уу, үгүй юу гэдэг хэмжээнд яригдаж байна.

2022 оны байдлаар яг ийм асуудалтай байсан Орос, Тайланд, Индонез, Ардчилсан Солонгос улс зэрэг тав, зургаан орон Допингийн эсрэг үйл ажиллагааны дүрмийн зөрчлөөс болж бандуулж байсан.

Орос бол ойлгомжтой. Эхлээд допингийнх нь эсрэг үйл ажиллагаагаанд төр засаг нь оролцоод, үйл ажиллагааг нь чиглүүлээд байсныг дотор ажилтан нь шүгэл үлээж, тэр нь гадаад руу явчихсан. Сүүлийн үед яалт ч үгүй Украины эсрэг дайнаас болоод хоригоо сунгуулсан. Уг хориг 2022 оноор дуусгавар болох ёстой байсан. Яг дуусдгийн даваан дээр дайн гарсан учраас Оросын хоригийг сунгачихлаа.

Индонез, Тайланд хоёр допингийн эсрэг үндэсний дүрмээ батлахад хойрго хандаж, батлаагүй байсан учраас анхааруулга өгөх маягаар бандсан байсан. Гэхдээ тэд Засгийн газартайгаа нэлээд ажиллаж, хоригоо тавиулсан.Ер нь бол Тайланд, Индонез улсуудын Засгийн газар нь допингийн эсрэг дүрмээ баталж, үүнийгээ Дэлхийн допингийн эсрэг байгууллагад нотолж харуулснаар хоригоос гарсан. Одоогийн байдлаар Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улс ганцаараа хоригтой байгаа.

ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫГ ЦОО ШИНЭЭР БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-Та бусад улс орнуудын Засгийн газар, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ямар үр дүнтэй байдаг талаар ярилаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар допингийн эсрэг үйл ажиллагаан дээр идэвхтэй анхаарал хандуулж байгаа энэ үед цаашдаа спортод чиглэсэн бодлогыг хэрхэн сайжруулах тал дээр ямар бодолтой байдаг вэ. Яавал илүү сайжруулж, зорилтдоо хүрэх вэ?

-Би яг энэ мөчид Монгол Улсын Засгийн газрыг магтмаар байна. Яагаад гэхээр бидний допингийн эсрэг байгууллага нь ажиллахгүй байхад Засгийн газар түрүүлж ажиллаад, Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, өнгөрсөн хавар ЮНЕСКО-гийн зөвлөмжийн дагуу Допингийн эсрэг үндэсний хороо гэсэн орон тооны бус дэд бүтцийг салбарын сайдаар ахлуулж байгууллаа. Мөн допингийн эсрэг үйл ажиллагаанд зориулах төсвөө батлаад явж байгаа. Гэтэл хамгийн харамсалтай нь, ажлаа хийх ёстой Үндэсний допингийн эсрэг байгууллага нь ажлаа хийж чаддаггүй ээ. Үүнээс болоод бид ийм эрсдэлд хүрээд байгаа юм. Түүнээс биш үндэсний бөхийн спорт, улсын наадам, олон тамирчны шинжилгээнээс допингийн зөрчил гарсан зэрэг асуудлууд нөлөөлөөгүй. Допингийн эсрэг байгууллага нь ажлаа албан ёсоор хийгээд явдаг бол аяндаа асуудал багасна. Угаасаа дүрэмд ч тийм зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, танай тамирчдын дээжинд хориотой бодис хэдэн хувиас дээш байвал та нарыг бандана шүү, “Цагаан туг”-ийн дор оруулна шүү гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй.

Засгийн газраас Д.Амарбаясгалан даргаар ахлуулж, энэ асуудлыг засах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр миний хувийн бодол, шийдэл байж болох өнцөг бол энэ Ажлын хэсэг нэлээд зоригтой орж, Гарын үсэг зурагч буюу Монголын Үндэсний олимпын хороо, Монголын паралимпын хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгуууллага гэсэн гурван байгууллагынхантай хамт сууж байгаад Допингийн эсрэг байгууллагаа хүүхэд шинээр өлгийдөн авч байгаа шиг шинээр байгуулах ёстой.

Яагаад гэхээр, одоо Допингийн эсрэг байгууллага сэтгүүлч, олон нийт, спорт сонирхогчдын хэлж байгаа шиг маш хаалттай, мэдээлэл авахад хүндрэлтэй газар болсон. Дүрэм дээр заасан байдаг. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн тодорхойлолт хэсэг дээр “Допингийн эсрэг байгууллага гэж хэнийг хэлэх вэ” гэхэд Үндэсний олимпын хороо, эсвэл Үндэсний олимпын хороог байгуулсан байгууллага байна гээд тодорхой заачихсан байдаг. Тэгэхээр Монголын Үндэсний олимпын хороо, Монголын паралимпын хороо, спортын холбоод, тамирчин, хараат бус гишүүн гэсэн тав, зургаан төлөөлөлтэй, оролцоог нь хангасан, нээлттэй буюу тайлангаа холбогдох хүмүүстээ өгдөг, вэб сайтуудаараа мэдээлдэг байгууллага байгуулах ёстой. Үүнийг бид санаанаасаа зохиогоод байгуулчих юм биш. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас өөрөөс нь үндэсний эсрэг байгууллагуудад зориулсан Үндэсний допингийн эсрэг байгууллагуудын хараат бус байдлын удирдамж гэсэн бичиг баримт бэлтгэж өгсөн байдаг. Тэр дагуу л байгуулж, тэр дагуу л ажиллах ёстой.  

-Монголд ер нь Үндэсний допингийн эсрэг байгууллага цаашид хараат бусаар ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшил ихэнх хүмүүст сул л байна. Хараат бусаар ажиллахад хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

-Хэрвээ Допингийн эсрэг байгууллага маань зохих ёсоороо ажиллаж байсан бол ийм хэмжээний маргаан үүсэхгүй байсан байх. Азийн наадмаас тамирчин шинжилгээнд унах нь байна. Улсын наадмаас ч шинжилгээнд унах нь байна. Гэхдээ тамирчин эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг хамгийн ноцтой зүйл юм. Одоо бол энэ байгууллага хаалттай, мэдээлэл олж авахад хүнд гэдгийг надаар хэлүүлэлтгүй бараг бүх сэтгүүлчид мэдэх байх. Нэгэнт ийм зам дээр ирсэн юм чинь урагшаа хараад Олимпын хороо, Паралимпын хороо хоёртойгоо Засаг нь сууж байгаад одоогийн байгууллагатай нийлж, дээр хэлсэн төлөөлүүдээс сонгон, дундаас нь Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож, яг дүрмийн дагуу явбал ахиц гарах байх гэдэг хүлээлт байна. Энэ засаглалаа сайжруулахгүй бол засагдахгүй. Байшингаар төсөөлөхөд байшингийн суурь нь муу байна. Энэ байшингаа янзал гэхээр сууриа будчихаад, янзалчихлаа гэдэгтэй яг адил.

Сая Допингийн эсрэг байгууллагад АТГ-аас хэрэг үүсгэж, улсын анхаарлын төвд ороод ирэхээр малгайгаа сольж байгаатай адил тэргүүнээ сольж, бэлгэдлийн чанартай арга хэмжээ авсан. Би үнэхээр харамссан. Нөгөө тэргүүн нь мэдэгдэл хийхдээ “Хөөш, Чинзориг оо, чи олон юм яриад байлгүй дуугүй хэргээ хүлээ” гэдэг мэдэгдэл хийж байгаа юм. Тийм цагдаа зан таарахгүй ээ. Хүнийг шахаж, цагдаагийн аргаар, дарамталж, хэрэг хүлээлгэнэ гэдэг нэгдүгээр спортод хэзээ ч байж болохгүй зүйл. Хоёрдугаарт, тамирчны эрхийг ингэж зөрчиж болохгүй. Тиймээс нэг ингэж хөдөлсөн дээрээ зоригтойгоор бидэнд байгаа тоглоомын дүрмийн дагуу цоо шинээр шинэчилж, зохион байгуулах л гарц байна.

Сүүлд нь нэг зүйл хэлье. Бидэнд байгаа хамгийн том давуу тал бол дэлхий аль хэдийн бидний тоглоомын дүрмийг батлаад өгчихсөн. Бид юм хийхийн тулд дахин Засгийн газраас нэг шинэ тогтоол батлуулах, эсвэл УИХ-аар дахин нэг хууль оруулах шаардлагагүй. Бидний тоглоомын дүрмийг батлаад өгчихсөн гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бид дүрмээ дагахаа аль 2007 онд УИХ, Засгийн газар нь Олон улсад зарлаад хэлчихсэн. Одоо үүнийхээ дагуу л ажиллах ёстой. Би Д.Амарбаясгалан даргыг хэл нь халтирсандаа тийм зүйл хэлсэн байгаасай гэж бодож байна. Үндэсний бөхөөс шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг Үндэсний допингийн эсрэг байгууллага нь шийдэх ёстой. Засгийн газар биш юм шүү.


Ярилцлагыг ТВ8 телевизийн Мэдээний алба, Zindaa.mn сайт,
өдөр тутмын "Өглөөний сонин"-ы редакциас бэлтгэв

Top