Хаан банк Эх орны хишиг 21 мянган төгрөгийг олгохоос татгалзлаа. Засгийн эрх барьж байгаа намуудын 2008 оны сонгуулийн гол амлалт болсон дээрх мөнгө өнөөдөр ард түмний хоногийн хоолоо залгуулахад бас л нэмэр болж байгаа. Тэгвэл уг мөнгийг иргэдэд аль банкаар тараавал хэл амгүй, урт “очер” дараалалгүй олгох талаар салбарын яам банкуудтай олон удаа уулзалт яриа хэлэлцээ хийсний дүнд 2010 онд Хүний хөгжлийн мөнгийг Хаан, Хадгаламж, Капитал банкаар олгохоор болсон. Ийнхүү тус банктай Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Сангийн яам гэрээ хийсэн байна. Хаан банк Улаанбаатар хотын 45 хорооны 380 мянган иргэнд салбараараа дамжуулан хүргэх, мөн бусад тэтгэвэр тэтгэмжийг олгохоор тусгажээ. Ингэхдээ үйлчилгээ үзүүлсэний шимтгэлийг 50 төгрөг байхаар заасан бөгөөд гэрээг сунгах асуудал яригдсан байна. 2011 оны нэгдүгээр сараас эхлэн ХААН банк нэг иргэнээс шимтгэл болгон 350 төгрөг авч байх саналаа өнгөрсөн дөрөвдүгээр сард ирүүлжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 200-250 төгрөг байж болохоор байна гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч ХААН банк дахин таван шаардлага хүргүүлсэний дотор, тухайлбал 21 мянган төгрөгийг иргэдэд дөрвөн сараар нь зээл болгон олгож, хүү тооцож 4000 мянган төгрөг суутгаж авах санал байв. Энэ мэтчлэн “Хаан банк”-ны зүгээс гаргасан саналууд хүлээж авах боломжгүй байсан тул 13 банкны удирдлагыг цуглуулан уулзалт хийсэн ч банкууд нэгэн дуугаар эсэргүүцжээ. Тухайлбал гэр хорооллын ядуу “халтруудад “ үйлчилж банкныхаа эд хогшлыг эвдүүлэхгүй, бас байнгын үйлчлүүлэгч мөнгөтэй эрхмүүдийг урт дараалал үүсгэж өөрсдөөсөө түлхэхгүй хэмээсэн бололтой. Манай улсад бүх аймгуудад сүлжээтэй хоёрхон банк байдгийн бас нэг нь “Хадгаламж” банк. Тус банкны хувьд нийслэлийн 33 салбараас гадна орон нутгийн бүх салбарт тэтгэвэр, тэтгэмжийн орлогыг шилжүүлбэл урсгал зардлаа нөхөх боломжтой гэсэн хариуг өгчээ. Өнгөрсөн жил 30 тэрбумын ашигтай ажилласан, энэ жилийн хувьд 60 тэрбумын ашиг олох төлөвлөгөөтэй байгаа хэмээн Хаан банкны ерөнхий захирал Саймон Моррис цэнхэр дэлгэцээр мэдэгдэж байсан. Хаан банкныханд тэтгэвэр тэтгэмжийг түгээж болдог Эх орны хишгийг түгээх нь төвөгтэй байсан бололтой. Нийслэл хотын хэмжээнд 300, хөдөө орон нутагт 900 гаруй салбар нэгжтэй болтлоо хүрээгээ тэлсэн “Хаан банк” Монголын жирийн иргэдийн мөнгөөр босож өндийн хэдэн тэрбумын ашигтай ажиллачихаад иргэдэд тэтгэвэр тэтгэмж олгохдоо зээлээр өгч иргэдийг өрд унагаж байгаа. Хүний хөгжлийн мөнгийг ч ийнхүү олгоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл “Танд ойрхон түмэнд итгэлтэй”гэсэн уриатай “Хаан банк” жирийн ард иргэдээс зугатаж зөвхөн баячуудад үйлчилнэ гэдгээ ийн илэрхийллээ. Засгийн газар гарцаа олж Хадгаламж банкаар дээрх мөнгийг олгохоор болсон ч Үндэсний хэмжээний том банкаа гадныханд өгснийхөө горыг ийнхүү эхнээсээ амсав бололтой.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )