Dr.Batchimeg wellness center, “Дара солонго” ХХК-ийн захирал, “Идээ, ундаар эмчлэхүй” сургалт, өдөрлөгийн санаачилагч, УАУ-ы их эмч, сэтгэл судлаач, АУ-ы магистр, сэтгэл судлалын магистр Б.Батчимэг хүүхэд насныхаа мөрөөдлөөр жигүүрлэн “Оточ Манрамба” их сургуулийг амжилттай дүүргэн Уламжлалын анагаах ухааны эмч болсон оюуны бядтай нэгэн. Мөн чадварлаг эмчийн маань дараагийн хүч сорьдог зүйл гэвэл буудлагын спорт. Энэхүү цэц мэргэнийг сорьсон спортоор хичээллэж 2008 оноос амжилтын замналаа эхлүүлэн Булган аймгийн АШТ-нээс мөнгөн медаль, 2009-онд Буудлага спортын Булган аймгийн АШТ-нээс алтан медаль хүртэж, БХТН-ын 80 жилийн ойн медаль, 2010 онд Буудлага спортын “Дэд мастер, “Спортын алдар” медаль, “Алтан сарнай” медаль, ОМИС шилдэг оюутан, БЗД-ийн тэргүүний залуу оюутан медаль, 2014 онд Манлайлагч оюутан медаль, “Авидын орон” ТББ байгууллагын “Зөв амьдрах ухаан” уралдаант тэмцээнд 1-р байр, 2019-онд “Монголын лектор төв”-ийн уран илтгэлийн реторик сургалтыг төгсөж илтгэлийн тэмцээнд 1-р байр эзэлж, 2020 онд МЗХ-ны Тэргүүний залуу медалиар тус тус шагнагдсан энэ цагийн манлайлагч залуусын төлөөлөл болсон түүнтэй ярилцлаа.
-Эмчийн сайхан мэргэжлийг хаана ямар хувь тохиолоор эзэмшив гэдгээс хоёулаа яриагаа эхэлье. Тодруулбал, таныг эмчийн ажлаа хүсэл мөрөөдөл, чин хүслээрээ, сэтгэлээрээ хийж байгаа гэж хардаг. Магадгүй танд эмчийн мэргэжлийг бурхнаас заяасан байж болох юм?
-Батбаасангийн Батчимэг би Булган аймгийн Могод суманд төрж өссөн. 2011 онд Булган аймгийнхаа “Эрдмийн өргөө цогцолбор 2-р сургууль-“д бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Уламжлалын анагаах ухааны эмч мэргэжил эзэмшсэнээс гадна 2021 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг “Сэтгэл судлаач” мэргэжлээр төгссөн. Аав, ээж, хоёр талын өвөө эмээ маань малчин хүмүүс байдаг. Энгийн эгэл малчин айлын охин. Аавын аав өвөө Могод сумын 3-р бригадын Дашпилжээ гэж олондоо тус дэмтэй, буянтай буурал байлаа. Эмээг маань Мятавын Долгор гэдэг. Харин ээжийн аав, өвөөг маань Хишигдорж, эмээг Цэцгээ гэдэг. Булган аймгийн 2-р сургууль болох Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11-ын г Г.Ганжаргал багштай хими биологийн ангийг төгссөн. Эмч болох сэдлийг аав маань өгсөн. Учир нь намайг бага байхаас л эмч болгоно гэдэг байлаа. Бариа заслын талаар ямар ч ойлголтгүй балчирхан насандаа эмээгийнхээ толгойг барьтал ямар эвлэгхэн зөөлөн гартай юм бэ, толгойн өвдөлт намдаад, нүд нээгдээд сайхан болчихлоо гэж магтдаг байлаа. Мөн аавын эмээ Пүрэв гэж хүн толгой барьдаг, буруу байрлалтай нярайлж чадахгүй байгаа жирэмсэн эхийг бариад зүгээр болгочихдог гарын шид, увдистай бариач хүн байсан юм билээ. Одоо ч нутгийн хөгшид ам дамжин ярьцгаадаг. Энэ үеэс Уламжлалтын эмч болно гэсэн хүүхэд насны далдхан хүсэл мөрөөдөл сэтгэлийн үзүүрт оршиж эхэлсэн дээ. Уламжлалтын эмч болохын тулд Анагаах ухааны дөрвөн үндсийг үзэж судлах ёстойг ч давхар олж мэдсэн юм. 9-р ангид байсан санагдаж байна. Аав маань ном, сонин унших дуртай сумын төв ороод айлаас сонин аваад ирнэ. Нэг өдөр сумын төв яваад ирэхдээ Рейки гэдэг ном авчраад гэрийн уньд өлгөсөн байсан. Энэ номыг Номгон уулыг хянаж байдаг судлаач, шинжээч бас номтой гэгддэг Пүрэвсүрэн гуайгаас авчирсан юм билээ. Өөрийнхөө энергиэр өөрийгөө, бусдыг илаарьшуулах тухай ном байсан. Номын заавраар бясалгаж хог шүүрдэхээр тасрах мэт өвддөг байсан бөөрний өвчнөө эмчилж чадсан. Эндээс мөн л эмч гэдэг мэргэжил сэтгэлийг минь улам ихээр татсан гэж хэлж болно. Эргээд бодоход миний эмч болох замнал олон хүний тус дэмээр бүтсэн. Юу гэвэл 2010 онд манай нутгийн хувилгаан Гантөмөр хэмээх бурханлиг хүн намайг шавиа болгохоор зорьж ирж надад эрдэм чадал, энергиэсээ өгсөн. Мөн Түвд хэлний сурах бичгийг бэлэглэж билээ. Манай 10-н жилийн хөдөлмөрийн Баасанхүү багш маань “чи ингэж гоё барьдаг юм чинь Уламжлалтын эмч болоход бэлтгэ, Лхагважав маарамбад шавь орох хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингээд 2010 оны намар Булганы Лхагважав маарамбад шавь орж Түвд хэлний Га үсгээ заалгуулж байлаа.
-Эмч хүний хувьд сэтгэл зовниж явдаг зүйл юу вэ?
-Хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг төдийлөн мэддэггүй, хэрэгжүүлж хэвшүүлдэггүй. Тийм учраас өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг ойлгуулъя, түгээе, дэлгэрүүлье гэдэг зорилгоор нийгмийн эрүүл мэндийн ажлуудыг хийж эхэлсэн. Анагаах ухааны дөрвөн үндэст эм, засал, идээ ундаа, явдал мөрөөр өвчнийг эмчилдэг. Гэтэл идээ унд, явдал мөрийн хоёр том сэдэв үлдээд байсан юм. Энэ хүрээнд анх “Идээ ундаар эмчлэхүй” Уламжлалт хоолны сургалт, өдөрлөгийг зохион байгуулж байлаа. Мөн сэтгэл зүй, эрүүл мэндийн онлайн болон танхимийн сургалт, байгууллагын сургалт, Дара эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн, тархи хөгжүүлэх хайр энэрлийн бясалгал гээд олон ажлыг эхлүүлээд байна.
-Амжилтад хүрэхийн тулд яах ёстой вэ,таны хувьд амжилтынхаа гарааг хаанаас эхэлж байв, ямар алхмуудыг хийж байв?
-Миний аз хувь тохиол ч гэдэг юм уу, олон сайхан хүмүүсийн дэмжлэг, хайр, халамжаар өдий зэрэгтэй яваа. Амжилт гэдгийг би хувьдаа зорьсондоо хүрэхийг хэлдэг болов уу гэж ойлгодог. Энэ үүднээс бие, сэтгэлийг хамтад нь эмчилдэг эмнэлэг, сувилалтай болно гэж мөрөөддөг байлаа. Одоогоор эхний алхмаа хийгээд явж байгаа. Магистр болох хүртэл сурах нөхцөлөөр хангаж өгсөн аав ээждээ талархаж явдаг. Оточ маарамба их сургуульд орох замыг нээж өгсөн Лхагважав багш, Төмөр багш, Д.Нацагдорж багш, Г.Одонцэцэг багш тэргүүтэй үе үеийн багш нартаа мөн баярлаж явдаг. Манба дацан эмнэлгээс ажлын гараагаа эхэлж Д.Нацагдорж багшийн хажууд Түвд ном орчуулж, нарийн бичиг, туслах ажлыг хийдэг байлаа. Багшийг өглөө ирэхэд цай чанаж, дээжийг нь өргөж нэг ёсондоо ажиллангаа буян хураадаг сайхан ажил шүү дээ. Багшийн дэргэд ихийг сурсан. Миний өдий зэрэгтэй бусдад тусалж яваа минь эдгээр ачит багш нарын минь ач гавьяа. Дараа нь тасгийн эмч хийхийн зэрэгцээ Монгол-Тайваны хамтарсан “Гиперлипидеми /Цусанд өөх тос ихсэх/ өвчний үе дэх Хятад болон Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг хэл оношилгооны тусламжтайгаар үнэлэх нь” гадаадтай хамтарсан төсөлт ажлын гүйцэтгэгч эмчээр, клиник судалгаа хийсэн. 2020 онд энэхүү төсөлт ажлын онолын судалгаагаар АУ-ы магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь Оточ манрамба их сургуульд багшилж 2022 оноос хувиараа төвөө байгуулан ажиллаж байна.
-Аливаа амжилтын ар талд өмөг түшиг болсон амьдралын сайн хань байдаг. Нөгөө талаас гар гар сэтгэл нийлсэн баг хамт олон ч амжилтанд нөлөөлдөг. Иймд гэр бүл, хамт олноо танилцуулахгүй юу?
-Яг үнэн, ёстой сайхан асуулт байна. Ээж аав намайг сурах буюу ямар нэг ажил хийе гэхэд огт татгалздаггүй дэмждэг. Би ч өөрийн мэдрэмж, зөн совингоо дагах дуртай. Хиймээр, чадмаар ажлууд байвал шууд хийдэг. Мэдээж үр дагаврыг тооцдог ч өөртөө итгэлтэйгээр зорьсон бол ард нь гарахыг хүсдэг. Миний ханийн хувьд номер нэг дэмжигч бас бодит үнэнийг хэлдэг, маш оновчтой зөвлөгөө өгдөг. Бас хадам ээж маань зөвлөнө бид хоёр сайн ярилцана. Хоёр үрийг минь өсгөж бойжуулж, хүмүүжүүлж аждаа саадгүй хийх нөхцөл боломжоор хангаж байгаа ээждээ их баярлаж явдаг. Мөн ажилчид, хамтран ажилладаг найз нөхөд маань шинэ санаа, сайн сайхан зүйлсийг эхлүүлэхэд ямагт нөлөөлсөн.
-Ажил мэргэжлээсээ ямар мэдрэмжийг авч байна вэ,ямарваа ажлыг хийхэд ухаан тэвчээр их шаардагддаг гэж боддог юм?
-Үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун “баярлалаа” гээд гарахад улам эрч хүчтэй болж сэтгэл дүүрдэг. Сүнснийхээ өгөгдлийг олсон дуртай ажлаа хийж байгаа болохоор жаргалтай байдаг даа. Ажил хийж байхад алдаа дутагдал гарсан ч түүнд урам хугарах биш, улам сайжруулахын төлөө зүтгэдэг.
-Та уламжлалт анагаах ухааны эмч хүн. Эмийн бус уламжлалт эмчилгээ хүний эрүүл мэнд, эдгэрэлтэд хэрхэн нөлөөлдөг талаар тодруулахгүй юу, Тухайлбал, танай эмнэлэгт хүн арддаа ач тустай олон төрлийн эмчилгээ хийгддэг. Эмчилгээний үр дүн хэдийд гардаг бол?
-Уламжлалт эмчилгээ бол маш үр дүнтэй, бие махбодыг богино хугацаанд сэргээж, идэвхжүүлж, нөхөн сэргээж чаддаг олон төрлийн эмчилгээний аргатай 3000 жилийн түүхтэй анагаах ухаан. Өвчний явц, тухайн хүний биеийн онцлог, нас, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж эмчилгээний үр дүн харилцан адилгүй ч эмчилгээ эхэлсэн үеэс бие хөнгөрч, илт сайжирдаг. Хамгийн гол нь эмчилгээний давтамж, улиралд тохируулсан хоол хүнсээ зөв сонгож, зөв боловсруулж идэх, ажил амьдралын тэнцвэрийг барих нь чухал.
-Уламжлалтын эмч байх нь сайхан юу вэ?
-Уламжлалтын эмчид ямар нэг багаж тоног төхөөрөмж шаардлагагүй. Судас чагнаж, хэл, шээсийг харж өвчнийг оношилж тогтоогоод, толгой өвдсөн бол барина гээд ер нь агуу шүү дээ. Тэгэхээр хаана ч үйлчилгээ үзүүлэх боломжтой онцлог, давуу тал ихтэй мэргэжил.
-Одоогоор ямар өвчнийг илүү эмчилж байна вэ?
-Манай төвд ихэвчлэн хий махбодын хямралтай, хүмүүсийн хэлдгээр голын хий, зүрхний хий хямарсан,төрсний дараа гам алдсан хүмүүс ирдэг. Эдгээр өвчнийг эмчлэхийн тулд заавал сэтгэл зүйг анхаарч, сэтгэл зүйн зөвлөгөө, заслыг Уламжлалт эмчилгээтэй хослуулж хийж байгаа. Бие, сэтгэл салшгүй учир хамтад нь эмчлэх учиртай. Сүүлд Сэтгэл судлаач мэргэжлээр яагаад эзэмшсэн бэ гэвэл биеийг нь эмчлээд сайхан болох ч сэтгэл санаа нь хямралтай бол өвдөх зай нь ойрхон, бүрэн эмчлэгдээгүй мэт дутуу санагдаж дээрх хоёр мэргэжлийг эзэмшиж хослуулж ажиллахаар шийдсэн.
-Та байсхийгээд л иргэдэд зөвлөгөө өгдөг, эрүүл мэнд ач тус талаасаа хүмүүст их хүрдэг юм билээ. Мөн эрдмийн ажлууд болон, эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан талаараа дурьдахгүй юу?
-Миний хувьд “Долоон тамир ба өөх тосны солилцооны эх бичгийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.Давсны зохистой хэрэглээ, Харшлын учир шалтгааныг уламжлалт анагаах ухааны онолоор тайлбарлах нь, Хөгшрөлтийг сааруулах боломж, Хаврын ядаргаа хоол, явдал мөр, Хөлс гаргах төдий алхалтын ач холбогдол” Бариагаар стрессийг бууруулах нь, мөн Уламжлалт анагаах ухааныг өвчнийг хэрхэн эмчлэх талаар хэвлэл мэдээлээр олонтаа зөвлөдөг. АУ-ы доктор Н.Сайнбуян, МУ-ын хүний гавьяат эмч, Проф Д.Нацагдорж, АУ-ы доктор, Проф Г.Чойжамц, АУ-ы магистрант Б.Ариунзаяа нарын хамтаар “Гиперлипидемийн үе дэх Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр дүнг хэл оношилгооны тусламжтайгаар үнэлэх нь” сэдэвт төслийн урьдчилсан үр дүнгээ танилцуулсан. БНХАУ-ын Манжуур хотноо Гиперлипидемийн үе дэх хятад монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр дүнг хэл оношилгооны тусламжтайгаар үнэлэх нь” сэдвээр илтгэл, ОХУ-ын Москва хотноо болсон “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Уламжлалт анагаах ухааны үүрэг оролцоо-Брикс” сэдэвт уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалтанд оролцож байсан. Манба дацан нэгдсэн эмнэлэгт УАУ-ы их эмч, эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба их сургуулийн УАУ-ы тэнхимд багш, 2017-2020 онд “Гиперлипидемийн үе дэх хятад, монголын УАУ-ы эмчилгээний үр дүнг хэл оношлогооны тусламжтайгаар үнэлэх” нь төсөлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гүйцэтгэгч их эмчээр ажилласан. 2018 оноос “Оточ Манрамба Их Сургуул”-ийн Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2022 оноос “Тэжээхүйн ухаан” ТББ-ийн сургагч багш, 2021 оноос Psychology Room сэтгэл зүйн төвд сэтгэл зүйчээр ажиллаж, оюутнуудынхаа Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдаж байсан гээд тоочоод байвал их зүйл бий.
-Залуу нас бүхий л зүйлд шамдсан тэмүүлэл дүүрэн үе байдгаараа дэндүү сайхан. Иймд эмч та цаашдын зорилго гэвэл олон зүйлийг өгүүлэх болов уу?
-Маш сайхан ой модтой, ус ургамалтай ногоон төгөлд сувилал барих хэтийн зорилго бий. Мөн ард иргэддээ 21 аймагт Сэтгэл зүй, эрүүл мэндийн мэдлэгийг түгээх лекц, сургалт хийх өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг зааж хэвшүүлэх ажлыг хийнэ.
-Хүний амьдралын бас нэгэн бахархал төрж өссөн нутаг ус байдаг. Тэр дундаа та Булган нутгийн бүсгүй. Энэ сайхан нутгийн юугаар нь илүү бахархаж явдаг вэ?
-Анхдагчийн өлгий гэгддэг Булган нутаг маань айрагны амт чанараар улсдаа алдартай, Монгол улсын анхны нисгэгч, анхны олимпийн аварга зэрэг зуун, зууны алдартнууд, аваргууд төрдөг үнэхээр сайхан нутаг. Энэ сайхан уулс хангайд төрж өссөнөөрөө бахархаж явдаг. Байгалийн гайхам тогтоц үзэсгэлэнтэй сайхан түүхтэй нутаг даа.
-Аав ээж тань охиндоо юу гэж захиж сургадаг бол?
-Аав ээж маань эрүүл байгаарай л гэж их захина. Ялангуяа аав ямар ч үед анхаарах, сануулах зүйлсийг хэлдэг. Дараа нь бодоход нээрээ л аавын хэлсэн үнэн байдаг.
-Уучилж тэвчдэггүй зүйл гэвэл?
-Эхийн сэтгэлээр тусалж, итгэл хүлээлгэж байхад сэтгэл гонсойлгосон хариу барих үед харилцаан дээрээ хязгаар тогтоодог.
-Уучлал гэдгийг хамгийн том ухаан гэдэг. Харин таны хувьд юу гэж ойлгодог вэ?
-Бусдыг уучилна гэдэг өөртөө тайван байдлыг бий болгож байна аа гэсэн үг. Нөгөөтэйгүүр гомдол, хорсол, уур бухимдал сөрөг байдлаас өөрийгөө чөлөөлж байгаа хэрэг. Сөрөг бодол удаан хугацаанд хадгалагдахаар бие махбодын өвчлөлийг үүсгэдэг. Ялангуяа Уламжлалтаар хийн гаралтай ойлгомжгүй шинж тэмдэгтэй зовиурь илэрдэг. Тиймээс сэтгэл хөдлөлөө ойлгож гадагшлуулахыг сэтгэл зүйчид зөвлөдөг.
-Ямар хүмүүсээс үлгэр дууриал хүсдэг вэ?
-Өөрөөсөө илүү амжилттай, эрч хүчтэй, нийгэмд зөв үлгэр жишээ болж байгаа эрдэм номыг оройдоо залж, ур чадвар, мэдлэгээрээ бусдад гэрэл болж яваа хүмүүсийг хүндэлж биширч тэдний хэмжээнд хүрэхийг хичээж явна.Мөн сүүлийн үед өөрийнхөө хил хязгаарыг тогтоож сурч байгаа. Хэрэггүй олон мэдээлэл, биед шим болохгүй хүнс, урагшлах гэхээр араас татдаг хүмүүс, үр дүн нь хор хөнөөлтэй, хортой харилцаа зэргээс сэтгэл зүйгээ хамгаалж, энергиэ алдахгүй байхыг анхаардаг.
-Ажил амьдралын хувиар эрхэм сайхан анд нөхөд олон байдаг даа?
-Олон сайхан найзтай тэд маань салбар бүрд ажиллаж байна. Цаг ямагт миний ажил,амьдралд хамт байдаг. Манба дацан эмнэлгийн хэвлэл мэдээллийн албаны дарга М.Ариунсувд гэж жинхэнэ түшиг болсон найз бий. Ажилдаа чамбай, тууштай, үнэнч,мэргэжлээрээ бусдад үлгэр жишээ болж байгаа найздаа хайртай шүү.
-Ажлаа ямар зарчмаар явуулдаг вэ?
-Миний ажил дээрээ баримталдаг гол зарчим бидэнд итгээд үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгчийн төлбөр болон бидний хүрч үйлчлэх чанар эн тэнцүү байх ёстой. Ажилчдадаа хэрэв эмчилгээ дутуу хийсэн эсвэл, аргацаалаа гэхэд наанаа мэдэгдэхгүй байв ч сэтгэлийн өрөнд орж байгаа юм шүү гэж байнга захидаг. Энэ л чанарыг бид эрхэмлэдэг. Нэмж хэлэхэд мөрөөдөл, зорилгоо нүдэндээ харагдтал бодитоор төсөөлдөг. Тодорхой хэмжээнд сүсэг бишрэлтэй ямар ч шашныг үгүйсгэдэггүй төв үзлээр ханддаг. Гурван гүрмийг(ширнэн, цагаан шүхэрт, ногоон дарь эх) таслалгүй уншихыг хичээдэг. Манай компанийн нэр Дара ХХК Ногоон дарь эх гэсэн үг, алив зүйлийн бэлгэ дэмбэрэл, зүй тогтол, шүтэн барилдлагыг бодолцдог. Бусдын тусыг хийхэд өөрөө энергийн хувьд давуу байж бусдад тусална. Тийм учраас өөрийгөө энергийн тэнцвэртэй байдалд байлгах хэрэгтэй.
-Баярлаж, бахадсан амьдралын дурсгалт мөчүүдээсээ хуваалцахгүй юу?
-Судалгааны ажлаа дуусч, магистр хамгаалах мөчид өөрөөрөө бахархаж байсан. Бас Буудлагын спортоор хичээллэж дэд мастерын болзол хангаж энэ цол насан туршид намайг дагаж явдагаар нь бахархдаг.
-Сүүлчийн асуултыг танд нээлттэйгээр үлдээе. Ярилцлага өгч буй завшааныг ашиглан сэтгэлийн сайхан үгээ хайрлахгүй юу?
Өвөг дээдэс, өвөө эмээ, аав ээждээ баярлалаа. Ардынхаа төлөө өөрийн сурсан мэдлэгээ зориулж ачийг тань хариулна аа. Сэтгэлийн зовлонтой, бие нь өвдсөн хүмүүс над дээр ирдэг учраас миний мэргэжил угаасаа бусдад илүү туслах даалгавартай гэсэн үг. Энэ ажлаараа гангарч явна даа. Намайг гэдэг бүх хүмүүст баярлаж явдгаа илэрхийлье.
Д.НЭРГҮЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )