Түүхт хүн, тоон илэрхийлэл хоёрыг сүвлэж зохиомжилсон роман

2023 оны 11 сарын 04

ТҮҮХТ ХҮН, ТООН ИЛЭРХИЙЛЭЛ ХОЁРЫГ СҮВЛЭЖ ЗОХИОМЖИЛСОН РОМАН

(Яруу тайлбар)

С.Батжаргал нь уран дүрслэл дэх олон аргын бичлэг хэрэглэж, хооронд нь ялгаруулсан  цөөнгүй романыг уншигчийн гарт хүргэж богино хугацаанд өөрийн гэх  уншигчтай болсон зохиолч юм. Намба, нямбын ухаарлыг ялган бясалгаж ажигладаг идэвхтэй уншигчдад бол С.Батжаргалын “Намрын шөнийн зүүд”, “Харийн тэнгэр” зохиолуудын нь уянга,  уянгалаг бичлэг илүү хүрсэн нь тодорхой.

Түүх, түүхэнд холбогддог цаг үеийг романы дүр, үйл явдалд сүвлэдэг бичлэгийн нөгөөх хэлбэр нь “Их хайрын түүх”, “Хайду хаан”, “Ишүүжин”, “Аргасуу баатар” зэрэг зохиолуудад нь ажиглагдаж байна. С.Батжаргал, романыг цөөвтөр хуучирсан үг (архаизм) хэллэг, судалгаа гэгддэг баримтын явцуурлаар голлодог үйлдэлтэй хөнгөн бичлэг хийдэг бус, харин  дүрслэхүүн бүрийн өгүүлэмжээ дотоод, гадаад хэлбэр[ид, далд]-ээр хөтөлж чадахуйц түүхэн хүн[дүр], нийгмийн амьдралд үүрэг гүйцэтгэсэн ”Туул голын Хар түнд Чингис хаан 1225 онд намаржив”[113т] гэсэн шиг цаг хугацааны урсгалыг хашиж мөнхөрсөн хэдхэн тоо[цифр]-ны илэрхийлэл[жил, сар гэх мэт] хоёроор 1207 оны хүүхэд болох Хаймыштай холбогддог цөөнгүй түүхээс сүвлэж “Огул Хаймыш хатан” романаа зохиомжилсон байна.

Ийм зохиомж нь туульсын зохиолд, үйл явдлыг товчилдгоос гадна, “Үйлдлийг сунгаж бичлэгээ зузааруулдаг ”Өмнөх романчид”-аас С.Батжаргалыг ялгаруулж байна. Харин түүхэн агуулгыг дэлгэж сонирхол татам сонголттой болгоход роман бүрд нь давтагдаж байгаа, эсвэл гол дүрийг цэмцгэр, үйлдлийг баатарлаг болгодог хөндлөнгийн нэг эш баримт бол Чингис хаан аж. С.Батжаргалын Чингис хаан сэдэвт тоон хэрэглээ нь дүрслэл дэх салаа, салгуу зам зуурын утга үүсгэж байна. Ар гэртээ хоцорч, үлдсэн охин Хаймышийг тойрсон тоон өгүүлэмжээс ажиглавал “1219 онд Хорезм руу Чингис хаан дайтах[90т]-аар явах...” жишээтэй. Өгүүлэмжийн багтаамж өргөн дэлгэр, тод торниун бичлэгийг тоон хэрэглээ нь буй болгожээ.

Түүхэн бодит дүрийг тодруулах[“Хайду хаан” роман]-даа түүнийг илэрхийлэх голлох үйлдэл, туслах өгүүлэмждээ сүвлэж хашсан математик ухагдууны баримтыг, харин [“Их хайрын түүх” г.м] бусад романдаа ч сонгосон тоон илэрхийллээ өнгөлөн нөмөргөж чимсэн гэж хэлмээр туульслаг шигтгээ, уран уян дүрслэлд холбож, түүхэн үүдэлт санаагаа ургуулан урлаж бичсэн нь С.Батжаргалын бичлэгийн ялгарах онцлог аж.

Өгүүлэмж холбогч гадаад, дотоод үйл явдлын үүрэг нь романы нь дүрслэл дэх болзмол оновчтой хар­шуулал(Антитеза)-д нь, илэрдэг [“Ишүүжин”]-ийг гүйлгэн харах төдийд ажиг­лаж болохуйц байгаа нь С.Батжаргал, аль ч зохиолынхоо суурь дүрслэлээс уншиг­чид хөөж олох утга, ухаарлын далдлалыг сэдвийн бүрэн, бүрэн бус  багтаамжид нөлөөлдөг гэлцдэг нөхвөр  “дүүргэлт” хийж бичдэгт нь байна.

С.Батжаргал, туульсын томхон зохиолын гол ба туслах үйлдлийн сонголтыг [“Харийн тэнгэр(ТНгГРИ)”] үндсэн өгүүлэмж рүү ойртуулж, бас холдуулахад тохирдог хавсрал үгийн салаа, салгуу утгын цөөнгүй төрх, шинжтэй түүвэр жишээг дүрслэлд оновчтой ашиглажээ.

С.Батжаргал[“Аргасуу баатар”]-д, эш баримт, дүрслэл бүхнээ дутмаг эсвэл илүүдсэн мэт далд хуурмаг сэтгэгдэл төрүүлэхүйц төлөөллийн дүр, туслах үгүүлэмж болгосон “Зүүд зөн совин” байдлын туульс урлах аргын болзмол шийдэлт бичвэрүүд байна.

С.Батжаргалын бичлэгийн бүхий л туршлагыг нэгтгэж байгаа “Огул Хаймыш хатан.УБ.2021” романыг сонирхоё. Эзэнт гүрний задралын эсрэг төрийн нэгдэл нягтралыг эх хүний чигч ухаанаар атган залж явсан алтан ургийн бэр Хубилайн зарлиг[1265он]-аар “Бишрэлт үзэсгэлэнт хатан” цол[1252он] өргөмжлөлт  Хаймыш бол Монгол төрийн хатдын эгнээнд үлдсэн намтартай Ойрад эмэгтэй. Хаймышийн урласан хөө хуягийг өмсөж, олон дайнд ялсан[193т] хань, их Монголын 3 дахь хаан Гүюг[224т]-тээ болон Монголын төрд  гүйцэтгэсэн Хаймыш хатны үүрэг, ой ухааны их үйлийг С.Батжаргал романдаа намтарчлан дүрсэлжээ.

Угсаат эзэн  Хутугабэхийн гэрт  Хаймыш[1207 он] охин нь төрөхтэй зэрэгцэж яг тэр хугацаанд, удирдлагад нь байгаа Ойрадын эзэнт улс, түүний цэргүүд “Ирт мэсээр бус андын сэтгэлээр[27т]” бууж Зүчийн цэрэгт дагаар орсон[18т]-ыг төмөр зүрхтэн[43т] гэгддэг Хутугабэхи өөрөө эргэцүүлэн бодож байгаагаар роман эхэлдэг нь С.Батжаргалын хувьд, Чингис хаан Ойрадыг алтан ургийн талд  хэрхэн нэгтгэсэн оюуны их үйлд дэвсгэрлэж,  “Огул Хаймыш хатан”  романы агуулгыг өрнүүлсэн байна.

С.Батжаргал түүхийн  баримтыг уран сайхны зохиол болгодог жишгээр Баруун монгол угсааны их хатдын нэг Хаймышийн төрж буй балчир багаас эхэлж, 45 насан дээрээ Мөнх хааны зарлигаар цаазлуулсан эмгэнэлт амьдралтай намтрыг нь дагуулсан шугаман[тууж мэт] өгүүлэмж хийж, “Огул Хаймыш хатан.УБ.2021” роман бүтжээ.

Зүч ноён ялалтаа тэмдэглэх үедээ, өөрийн удмын хаан Өгэдэй дүүгийн ууган хүү[Гүюгт]-д Хаймышийг нярайд нь сүйлснээр эхэлсэн урт амьдрал туршдаа  ёс бус үйлдэлд тэр дургүй, бас далд хуйвалдааныг үзэн яддаг зэрэг Хаймыш хатан үлдээсэн байж болох оюуны их үйл ой санамжийг нь С.Батжаргал товчоолж, сэргээн урлажээ.

Дүрслэл дэх,дүрийг чимж нэмэхэд тохирдог арга гэгддэг “-Амгаланг айлтгая гэхэд Бөртэ хатан: -Амгалаан. Охин минь гэж зөөлөн дуугаар хариу мэндлэв[83т]” гэх буюу “-Нүдэндээ цогтой охин байна[Дөргөнэ]. Манай Гүюгтэй өндгөн сүйтэй охин мөн биз дээ?[70т]” гэх шиг хатдын дүр хоорондын харилцан яриа[диалоги]-ны олон хэлбэр нь тус бүрдээ Хаймышийн нас насны өсөлт рүү хандсанаас гадна хүйс ялгасан  явдлын үүрэгтэй байна. Амьдрал дахь “Баатарлаг үйлдэл”-ээ, Хаймыш хатан өөрөө босгодог зохиомж нь “Огул Хаймыш хатан.УБ.2021” романы гол ба туслах дүрийг албадмал бичлэгээс чөлөөлжээ.

Уншигчийг татдаг онцлог төрөл бол роман. “Огул Хаймыш хатан” роман нь дүрслэл дэх урладаг олон аргын нэгдэл болж чадсан байна. Жишээ нь, жүжгийн дүрийн орлон тоглогч шиг бэлтгэл дүр[дүблёр]-ийг С.Батжаргал романдаа буй болгож Сүбэгэдэй[242т.Сүбээдэй]-г дайнд оролцуулж, хүү Урианхадайтай нь байлдуулснаас гадна, оновчтой үг(Афоризм), эш үгийн утга, найруулгын төрх үүргээр дүрслэлээ орлуулсан нөхөөс цөөнгүй байна.

 “Огул Хаймыш хатан.УБ.2021” роман дахь өмнөх их хатдыг төлөөлсөн баримтын   сонголтоос ажиглавал, С.Батжаргалын бичвэр, цаг хугацааны урсгалыг хашсан тоо, тоолол багтсан дүрийн яриа(Диалоги)-г голлосон  шинж(протогонист)-тэй дүрслэлээр баяжжээ. 

Түүхийн тоо, тооллоор хашсан бичлэг бол түүхэн хэллэг(Историзм), үгүүлэмж[багтаамж]-ийг товчоолон богиносгож, нэр томьёоллог болгодог. Иймээс “Хатан ертөнц[Матриархат]”-ийг хувцас хүйсхэнээр төлөөлөл(метонимия)-ийн онцгой хэлбэр болгосон загвар бичлэгийг “Огул Хаймыш хатан” роман эвдэж, шинэчилсэн байна.

Урдахь зохиолчдын шүүмждээ миний тэмдэглэснээр Хаймыш хатныг Д.Төрбат “Үхэр унасан бурхад[цувралын-2].УБ.1991” романдаа Хаймыш(Каймиш)-ын үгээр явбал түшиж үзэж тэгшийг олно(64) гэх харилцан ярьсан үг(Диалоги), хэллэгт өгүүлэмжээр нь, харин  Б.Сарантуяа “Сорхугтан хатан.УБ.2013”-д Огул Хаймышийн зүүдний алтан хайрцаг[54], мөн бүсгүйчүүдэд тохиолддог эмгэнэлт төгсгөлүүдийг Дөргэнөөс эхтэйгээр дүрслэхэд Огул Хаймыш нэрлэгддэг.

Д.Жамъян, Б.Шүүдэрцэцэг нар ч өөр өөрсдийн зохиолдоо хүчирхэг эзэнт гүрний төрд Ойрадаас бэр буулгасан хатад “Сорхугтани нарын ширүүн өрсөлдөөний дунд Хаймышийн хувийн өнгө төрх нь бусдаас ялгарч үлдсэн хатан гэх шиг ойролцоо санаагаар нэрлэсэн(Назывное) байх аж.

Монголын уран зохиолд үүдэн гарсан эдгээр санаа бол С.Батжаргалын “Огул Хаймыш хатан.УБ.2021” роман руу уншигчийг хөтлөх угтуул(Пролог) болж хоцорсон байна.  Хаймышийн “Хамгийн эзэн хаан болоод хүн жаргадаг гэж үү[184т]” гэж хаан нөхөр Гүюгийг хамгаалж, хайрласан гэргий ёсны зөвлөгөөний дүрслэлээрээ С.Батжаргал, эзэнт гүрний сүүлчийн их хатан[хаан] ийм үг хэлэхээс аргагүй болоод байгаа хаан суудлын өрсөлдөөнт цаг үе, хатдад тулгарсныг тодруулжээ.

“Үйлийн үр хойд насанд гэдэг ч минийх энэ насанд ирэв[228т]”гэж хэлэхэд хүрээд байгаа хүнд цаг үед хадам эх Дөргэнээс нь Хаймышид бэлэглэсэн торгоор бага ээж[110т] Ботухай төрсөн, тэлсэн хоёр охиныхоо эгч Хаймышид гоёл хийж өгөх гэхэд “Үгүй, үгүй. Одоо байгаа минь дэндчихээд байхад илүү юм зүүмгүй. Та түүгээр дүүд[Эсүгэн] гоёл урлаж өг[112т]” гэх жишээний эд, олзонд үл шунагч, санаагаа илэн далангүй ил хэлдэг Хаймыш хатныг Монголын шинэ цагийн уран зохиолд оруулахдаа, “Хаан, хатан, харц бидний зовлон  жаргал адил байх юм даа[160т]” гэж олон жилийн дайнаас эргэж ирсэн Гүюгийг тосон угтаж буй Хаймыш хатныг харсан хөндлөнгийн хүмүүсийн үгээр дүрслэн харуулжээ. С.Батжаргал энэ дүрслэлээрээ төрийг залж удирдахад хатан ухааны оролцоо, аль ч үеийн хаадын гэр бүлийн бүхий л үйлдэлд Монголын түүх хэрхэн сүвлэгддэг үйлдэлт бичлэг ялгардаг арга маягийг ч харж болохоор байв. Дүрслэл дэх “атга, чимх” чангатай цөөн хатдын нэгд Хаймышийг зохиолдоо сонгосоор ирснээс гадна түүний “Аюулаас зугатах бус сөрж[178т]” амьдарсан сүүлийн амьдралын хэсэгхэн хугацааг нь С.Батжаргалаас өмнөх зохиолчид дүрслэлд нэрлэсэн төдий явж иржээ.

Харин С.Батжаргал романдаа, цомхон боловч, Огул Хаймышийн үйл хэргийг “...Гүюг хаан хорлогдсон[245т] шалтгаанаас болж ойрын хүн Тайшир хэлээ огтолсон[254т], Хурц, Нагу хоёр[250т] хүүд нь эх Хаймышид агсарч 7 настай хүүхдээр хаан[Ширэмүн] өргөмжилж өөрөө их хатан нь болох саналыг нь эсэргүүцсэн зэрэг  гэр бүл доторх үйлдэлд нь дуусгалгүй гадагш гаргаж, орон улс, төр түмний хэмжээнд хүргэж, “Их хатан төрийн хэргийг түр хамаарсан[248т]”он жилүүдийг нь багтаан бүрэн бүтэн дүрслэхийг хичээжээ.

Догшин, үл буугч[19т] Хутугабэхи ноён, охин Хаймышаа төрсөн[20т] тэр өдөр Хамаг Монголын хааны хүү Зүчийн өөдөөс цус урсгахыг тэвчиж[17т] эхнэр болон, тэнгэрийн зарлигаар[28] ирсэн охин Огул Хаймыш хоёроо бодож[1207] “Хүйтэн”нэрт газарт болсон дайнд[Зүчид] аядуу хандаж дагаар орсон[9т]-ыг романд харууллаа.

Мөн цагт, дайнд ялагч Зүч, дунд дүү Өгэдэйн гэрт хүү Гүюг нь мэндэлсэнд[27] баривчны хар булга барьж  очин балчирхан Гүюг, Хаймыш нарыг сүйлэв. С.Батжаргал, ханхүү Гүюг, охин Хаймыш хоёрын энэ сүйн дүрслэлдээ Ойрад, Монгол угсаатны цэргийн эв нэгдлээр эхэлсэн ялалт, хожмын хаан, хатан хоёрын амь амьдрал дахь ирээдүйг эхлүүлж, төгсгөлийн сайныг төр түмний түүхийг хашсан тоо, тооллоор гэр бүл болон төр улсын үйлийг холбон  базсан бэлгэдэлт чанарын бичлэг хийжээ. Гэр бүл, төр улс хоёрын хоорондын бичлэгт сүвлэгддэг тоон илэрхийллүүд нь түүхэн сэдэвт романы ур утгын хүрээг тогтоож, туульсын бичвэр дэх задраа, задгайрлыг товчилдгоос гадна хавтасны доторх гол ба туслах үйлдэл бүрийг хязгаарлаж, хаших баримт юм.

Харин “Огул Хаймыш хатан.УБ.2021” романд үүдэл санааг дагалт үйлдлээр давхар зангидаж, шийдлийг залж тайлсан богино богино дагалт үйлдэл хийсний нэг нь Чингис хааны өргөмөл дүү Борохулыг хатан Ботухай хороов[38]. Тарган Ботухайг, баривчлахад Хорчи, Тайшир, Хутугубэхи [38] нар оролцож Ойн иргэдийг Борохулын гэр бүлд захируулсан[67] гэх өмнөх түүхээр баримт үүсгэж,  Хорчид 30 охин, Хутугабэхи-д Ботухайг[55] өмчлүүлснөөр өнчин Хаймыш Орхон голын хөвөөнд эгчтэй, эгч Ботухайн Эсүгэн  нэрт охиныг дүү[58]-гээ болгов. Романы агуулгын багтаамж алтан ургийн бэрүүд дотор өрнөж, шувтаргын эмгэнэлт үйлдлүүд ч мөн л алтан урагт ирсэн бэр Сорхугтан хатан[237т]-аас сонссон мэдээ[хов]-нээс үүсэлтэй байх аж. Огул Хаймышийг С.Батжаргал уншигчдад бүрэн бүтэн гэж хэлж болохуйцаар дэлгэхийг хичээжээ.

Агуулгад бүрэн багтаалгүй хөнгөн шийддэг, үйлдэлд дүрслэхдээ, Хаймышийг   хэсэглэж хэт өдгөөчилж хялбаршуулсан мэт болгодог хуучин аргын дагавар загварыг өөрчилж чадсан нь  С.Батжаргалын шинэ бичлэг бөгөөд онцлог аж.

Төрсөн мэдээ[23т]-нээс хойш мартагдсан, гол дүр болох Хаймышийг 12 насанд хүргэж[57т] байж дөч гаруй хуудасны хойно сая л уншигчтай уулзуулснаас гадна, нялх хүүхэд 7 настай Ширэмүнийг үйл, үйлдлийн ямарч өсөлтгүйгээр дахин дахин нэрлэж олон хуудас эзлүүлсэн  сунжруу бичлэгүүд ч таарав.

Гэтэл гол дүр Хаймыш[266т] хатны хувьд алтан ургийн 7 настай хөвүүн Ширэмүнийг хаан өргөмжилж, өөрөө их хатан нь болох талын дүрслэл нь романы хувьд илүүц бөгөөд, харин ч Мандухай хатны домгийн хувилбар гэмээр зээлдмэл дүрслэл болжээ.

Мөн редактор[Ж.М]-ын найруулга илэрхий танигдах өгүүллийн зарим үг хэллэг бахь байдлаараа[225т]  “Огул Хаймыш хатан” романд эш тайлбаргүй орсныг ажигч уншигч юу гэх бол.

Романаас гадна С.Бат­жаргалын “Хар нүдэн[хөвүүн]”, “Хөх илдний нууц” номд байгаа “Өгүүллэгүүд”, ангилал төрөл зүйл нь тодорхойгүй зарим  богино бичлэгийн төгсгөл, үйл явдлын шийдлүүд нь “Теоремгүй тоо”-ны хариулт мэт тогтворгүй байгааг тэмдэглэе. Богино “хөгжөөгч[шоу]” үйлдлийн  бичлэг ангиллын хувьд нь ялган тогтоохгүй, яарснаас гэнэн уншигчийг байтугай зохиогчийг төөрүүлж мэдэхээс гадна, аман хууч, богино богино зураглал үүсгэхээс хэтэрдэггүйг хэлж, хамгийн нямбай[Онолын] хандах шаардлагыг богино зохиолын тань төрөл зүйл[жанр]-д нь буюу өгүүлсэн шүлэгт нь даатгав. С.Батжаргал,  роман болон өгүүллэгүүддээ түүхт хүн, мөн он цагийн урсгалыг хашсан “ Тоон илэрхийлэл” хоёрыг сүлжин сүвлэж зохиомжилдог туршлагатай зохиолч ажээ.

ДАНЗАННОРОВЫН ХҮҮ [Монгол Улсын СГЗ, МУБИС-ийн доктор, профессор]

УЛААНБААТАР ХОТ.

2023.10.29

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top