Саяхан 15 жилтэйгээ золгосон АНУ дахь Монгол Tелевизийн захирал, Монгол Улсын Соёлын элч, Олон улсын сэтгүүлч Цэдэвсүрэнгийн Сарантуяаг "Өглөөний зочин"-оор урилаа.
-Сараа захирал аа, таны өглөө яаж эхэлдэг вэ?
-Өглөө сэрээд орой нь орондоо орох хооронд өөрийн хүссэн зүйлээ хийж байгаа хүнийг амжилтад хүрсэн хүн гэж Боб Дилан (Америкийн дуу зохиогч) хэлсэн байдаг. Амжилтад гэдгийг нь жаргалтай болгочихвол над зохино. Ингэж хэлдэг нь өглөөнөөс орой болтол хүссэн юмаа хийдгийнх. Өглөө бүрийг сайхан мэдээтэй байгаасай хэмээн ерөөлөөр угтдаг. Эх орны болон дэлхийн мэдээг богино хугацаанд гүйлгээд харчихна. Яг сонирхсоноо олоод эх сурвалжид тулгуурлан судлах гэж үзнэ. Өглөөг номын маягтай эхлүүлдэг гэх үү дээ. Жаахан материал цуглуулж юм хийх гээд заншчихаж. Энэ далимд өглөөгөөр нэрлэгдсэн Өглөөний сонины хамт олонд, мөн уншигч олонд нь таны хийж буй ярилцлага хүрэх өглөөний мэндийг хүргэе. Агаар цэвэршсэн цастай аятай өдөр анхаарал болгоомжтой явж байгаарай гэж зөвлөе.
-Та бол “Цагийн Хүрд”-ээр овоглож, “Түүний нэвтрүүлж буй мэдээний өгүүлбэр бүхэн нь мэдээлэлтэй байдаг” гэсэн үзэгчдийн хүлээлт дор ажиллаж амьдарч явсан сэтгүүлч. Таны ид ажиллаж явсан тэр үеэс сэтгүүл зүй өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Чөлөөт хэвлэл гэсээр хэтэрхий чөлөөтэй болчихжээ. Олон телевиз,олон сонин, сэтгүүлтэй болжээ. “Сошиалын сэтгүүл зүй”, мэргэжлийн сэтгүүл зүй хоёр ялгaгдахаа байлаа. Муу талыг нь хэлбэл, хэн дуртай нь юм бичдэг. Тэрийг уншигчид сэтгүүлч гээд ойлгоод яваад байдаг. Би барууны сэтгүүл зүйгээр ном сурсан. Тэрийгээ баримтлаад явж байна. Онолын хувьд Монголынхоос өөр юм. Монголд хүн болгон сэтгүүлч болсон. Албан бус тоогоор манай улсад 5 мянган сэтгүүлч байдаг гэж сонссон. Онигоо хүртэл гарсан байсан, Гудамжаар явж байгаа гурван хүний нэгийг наадах чинь хэн бэ гэхэд “Өө наадах чинь сэтгүүлч шүү дээ” гэсэн гэж. Монголоос өөр оронд, ялангуяа баруун Европын орнуудад сэтгүүлчид маш нэр хүндтэй.
Одоо ч нэр хүндтэй хэвээр байгаа.Тийм учраас олон хүн энэ мэргэжлийг сонгосон байх. Сүүлийн үед манайд бол нэр хүндээ алдаж, ад шоо үзэгдэх хэмжээнд оччихлоо. Хүмүүс эхэндээ сэтгүүл зүйг ихээхэн сонирхож байсан бол одоо сэтгэл судлалыг сонирхдог болсон байна лээ. Өөрөө сэтгүүлчидтэй нэг тогоонд чанагдаад ирсэн болохоор тэр нь тийм, энэ нь ийм гэхэд хэцүү. Ер нь бол мөнгөний сэтгүүл зүй яваад байна. Ний нуугүй хэлэхэд хүнийг асар их шантаажилж, мөнгө олж аваад, амьдралаа дээшлүүлэх зорилготой. Энэ нь хэдийгээр хүний амьдрал ч гэсэн нэг тийм танхай сэтгүүл зүй Монголд үүсчихсэн байна. Хүн амынх нь тоо гурван саяас дээш оронд хоёр дахь телевиз үүсч тогтвортой орших нөхцөл бүрдэж, олон түмний сэтгэл зүйг залуурддаг, олон түмэн ч түүнийг дагахад хүрдэг гэсэн хуучны судалгаа байдаг. Манайх дөнгөж гурван сая гаруйхан хүнтэй. Бодох ёстой юмаа. Бид чинь нийгмийн Дөрөв дэх засаглалынхан гэдэг утгаараа тэргүүлж явах ёстой. Харамсалтай нь хэн дуртай нь сонин гаргаж, телевиз, мэдээллийн сайт редакцийн бодлогогүйгээр шахуу нээгээд сүүлдээ учраа олохоо байжээ. Өвчнөөр бол үүнийг маш хүнд өвчлөөд байна гэж хэлж болно. Эрүүлжих ёстой.
-Сэтгүүл зүй эрүүлжих ирээдүй харагдаж байх юм уу?
-Мөддөө эрүүлжихгүй л болов уу. Нийгэм нь ийм байгаа учраас эрүүлжихэд хол байна гэж боддог. Над яг өөрт бол энэ нь гай болоод байсан юм алга.Тэгээд ч сэтгүүлчид амь амиа боддог болчихлоо. Энд тэндгүй хүч тарамдаж байна. Зүй нь нийгмээ яаж эрүүлжүүлэх вэ гэж хамтраад явах ёстой хүмүүс. Ихэнх нь өөртөө тэгж төвөг удаад яах вэ гэж бодох болсон байна.
-Саарын хажуугаар сайн ч зүйл бас байгаа байх. Юуг нь та онцлох бол?
-Сайн сэтгүүлчид олоон. Чадалтай, авьяастай сайн сэтгүүлчид маань гадаа байгаа. Гадуур байгаа гэсэн үг. Зарим нь гадаадад байна. Зарим нь амь амиа хичээгээд явж байгаа. Шантаажныхан бол жинхэнэ ажиллаад явж байна гэсэн үг. Үүнийг аль эрт мэдэрсэн ч ярих дургүй. Амь амиа бодоод явахаас өөр яах вэ гэж бодож явдаг болсон шүү дээ. Түүнээс миний хүндэлдэг, мэдлэг боловсролтой, ёс зүйгээ барьж яваа сайн сэтгүүлчид бий. Тэднийгээ хүндлээд, харилцаатай явахад болно. Их яривал ад болно. Ингэхэд та сэтгүүл зүйг голлон асуугаад байдаг нь юу билээ?
-Та дуугарах ёстой хүмүүсийн нэг. Тэгээд ч Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Бага хурлын гишүүн биз дээ?
-Тийм ээ, баярлалаа. Дараагийн асуулт чинь илүү сонирхолтой байх байхаа.
-Та телевизийн сэтгүүлч, гэхдээ сонин, сэтгүүл гэх мэт хэвлэмэл бүтээлийн тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Сонин их уншдаг. Одоо бол цахим орчноос түлхүү мэдээлэл авч байна. Сонины гол мэдээллүүд ч цахимд орчихдог болжээ. Гэхдээ л цаасан сонинг бариад уншихаар уншсан болдог, тэр мэдрэмж хэзээ ч арилдаггүй юм байна. Тиймээс сонингуудыг алгасахгүй уншдаг. Өнөөдөр өдөр тутмын дөрөв тавхан сонин үлдчихсэн байна гэдэг юуг харуулж байна гэхээр тэр сонин амьдраад л байна шүү дээ. Сайн менежменттэй байгаагийнх байх. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс сайн баг хамт олон болоод тэр сониныг хүмүүс захиалж байгаа. Цахим хөгжихөөс өмнө би сонинг бөөн бөөнөөр нь захиалж, эсвэл худалдаж авч уншдаг байсан. Тэд маань бараа туруугүй алга болжээ. Үлдсэн 4-5 сонин гэдэг нь өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өглөөний сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ” юмуу даа. Энэ сонинууд бол телевизээр бол "Цагийн хүрд"-тэй адилхан гэсэн үг. Яг бодлогоо бариад, ноён нуруугаа алдахгүй яваад байгaa. Аргагүй л тунаж үлддэг юм байна гэдгийг харж, эдгээрийг уншиж явна. Сэтгүүл зүй энд л амьд байна, үнэнч байна гэж амталж, үнэртэж, мэдэрч уншдаг. Өдөр тутмын сонины муусайн сэтгүүлчиддээ талархаж явдгаа хэлье. Тэнд манай Б.Ганчимэг Интерью сэтгүүлээ тойруулж иж бүрэн юм гаргах гээд бухимдаад л явж байх шиг харагддаг. Тэр маань чадна. Бид сайн нөхөд юм аа.
-Таныг МҮОНРТ-д ид ажиллаж байх үе бол “Хоёр Сараагийн үе” гэж телевизийн түүхэнд үлдэж, одоо хүртэл яригддаг. Тэгж овоглох хүртэл ажиллана гэдэг телевиз ч,таны үеийнхэн ч ид мандаж байсан үе болов уу?
-Тэр чинь одоо “ММ агентлаг” л даа. МҮОНРТ-ийн “ММ агентлаг” гэж явдаг байсан, тусдаа бие даасан телевиз гэсэн үг. Нэр нь өөрчлөгдөөд “Монголын мэдээ суваг” болсон байна лээ, Тэрийг мэдэж байгаа хэрнээ бид “ММ агентлаг” гэж нэрлэх дуртай.“Хоёр Сараагийн үе” гэдэг нь бид залуу ч байж, ид ажиллаж явсан оргил үе. Нөгөө Сараа маань одоо УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл шүү дээ. Аль алиных нь ажил хөдөлмөрийн гараа эхэлсэн ид үе. Бид хоёр хэн хэн нь шуурхай дайчин зантай. Маргааш гэдгийг мэддэггүй, бүх юмыг өдөрт нь амжуулах гэж зүтгэдэг, чаддаг ч байж. Тэр үед бас сэтгүүлчид маань их сайхан байлаа. Шуурхай, чанартай мэдээллийн араас хөөцөлддөг байлаа. Хүмүүс “Цагийн Хүрд-“ээс гол мэдээллээ авдаг байсан. Одоо ч тийм байгаа байх гэж бодож байна. Оргилсон тэмүүлэлтэй залуу нас, хийж бүтээхийн төлөө тэмүүлсэн он жилүүд, дээр нь шаардлага өндөр тавигддаг, нэг мэдээ хийхэд л маш их хариуцлагатай байх шаардлагатай тийм үе байсан. Хүмүүс ч юм хийхсэн гэсэн сэтгэл өндөр, дээрээс нь уран бүтээлийг үнэлж урамшуулдаг, тэр хэрээр тухайн сэтгүүлч цалингаасаа гадна шагналаа аваад явдаг байлаа. Гар, сэтгэл их нийлнэ. Ямар нэгэн ашиг хонжоо хардаггүй, мэргэжилдээ үнэнч хүмүүс ажиллаж явлаа. “Хоёр Сараагийн үе” гэдэг нь ММ агентлагт бид хоёр хадагдчихсан, ажлын төлөө явсан үе. “Цагийн Хүрд”-ээ сайн гаргахын төлөө зүтгэж явсан. Бас "Долоо хоногийн тойм"-оо ээлжилж хийнэ. Бүх салбартай харилцаж, бүх юмаа чиглүүлж явна. Ар гэрээ умартаж, өглөөнөөс орой хүртэл бужигнана, Бараг л телевиз дээр хонох нь холгүй зүтгэнэ. “Хоёр Сараагийн үе" гэдэг сайн муу янз бүрийн утгаар л хэлж байгаа байх. Залуу сэтгүүлчид ирээд сурвалжилгаа өгч чадахгүй, үүдэнд зогсох үе зөндөө.
-Хоёр Сараагийн баримталдаг зарчим юу байв?
-Бидний баримталдаг зарчим гэвэл “Өгүүлбэр бүхэн мэдээлэлтэй байх ёстой. Чинийх мэдээлэл байхгүй байна” гэж хэлдэг байсан. Хаа ч юм, жишээ нь нэг уурхай дээрээс сурвалжилга хийгээд ирлээ гэхэд нээх цагаанаар магтчихсан байвал оруулахгүй гэдэг байлаа. Өөрөөр хэлбэл, тэр уурхайн тухай арван өгүүлбэр байлаа гэхэд арвуулаа мэдээлэлтэй байх ёстой” гэдгийг л шаарддаг байсан. Үзэгчийн цагийг үрж байгаа учраас өгүүлбэр болгон мэдээлэл агуулах ёстой гэж барууны сэтгүүл зүйд үздэг. Одоо ч гэсэн би энд тэнд юм ярихдаа хүртэл тэр л зарчмаа барихыг хичээж явдаг.
-Ямар ч мэдээлэлгүй мэдээ бэлтгэхийг “усан мэдээ” гэж нэрлэдэг дээ. Одоо ч тийм л байгаа болов уу?
-Тийм байх. Ер нь усан мэдээг хүн үзэхгүй, уншихгүй. Гадны телевизүүдийг харахад өгүүлбэр бүхэн нь мэдээлэлтэй мэдээнүүд. Захын жишээ болгож хэлэхэд, тэр төдөн онд төрсөн гэдэг мэдээлэл мөн бол “тэр сайхан хүн” гэдэг чинь мэдээлэл биш. Гэх мэт юм болгон мэдээлэлтэй байхыг л хэлээд байгаа хэрэг. Улаанбаатар хот 600 мянган хүнтэй байсан бол одоо хоёр сая шахам хүнтэй болсон гэдэг нь мэдээлэл, түүнээс “Улаанбаатар цэцэглэн хөгжиж байна” гэвэл мэдээлэл биш. Ийм л зарчмыг мэдээ ч бай, нэвтрүүлэг ч бай баримталбал сайн бүтээл гарна.
-Суурийг нь тэгж тавьсан болохоор өнөө хүртэл “Цагийн Хүрд” байсаар байгаа юм байна?
-Суурийг нь бид тавиагүй. Үндэсний телевизийн алтан үеийн уран бүтээлчид тавьсан. Бид чинь соц үед сургуулиа төгсөж ирсэн ч уран бүтээлийн ид оргил үе маань ардчиллын он жилүүдэд юм. Өнөөдрийг хүртэл “Цагийн Хүрд” маань сайн, муу хэлэгдсэн ч амьдраад явж байна. Зарим хүн хоцрогдсон, хуучирсан, соль, өөрчил гэдэг. Гэсэн ч байсаар л байна. Цаашдаа ч байх байлгүй дээ..
-Та сэтгүүлчийн мэргэжлийг Орост эзэмшсэн, баруунд боловсрохын зэрэгцээ АНУ дахь Монгол Телевизийг үүсгэн байгуулсан хүн. Тэнд телевиз байгуулах, сэтгүүлчээр ажиллах хэцүү юм уу, эсвэл?
-Миний намтар товчхон. Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн олон улсын сэтгүүлчийн ангийг дүүргэж ирээд Үндэсний телевизэд ажиллаж байгаад АНУ руу гэр бүлээрээ нүүсэн. Тэнд 11 жил болоод Монголдоо ирсэн. Телевизийг тийм ч амар байгуулчихаагүй, Байгуулж ядаад, хүрч ядсаар АНУ-д очсоноос долоон жилийн дараа байгуулсан. Би нэг их мөнгөтэйдөө ч байгуулчихсан юм биш. АНУ бол чөлөөт хэвлэл өндөр хөгжсөн орон, хүн болгонд боломжийг нь гаргаад өгчихсөн байдаг. Вьетнам, Этиоп, Туркийн телевиз гээд олон телевиз байдаг. Миний ойлгосноор хөгжиж байгаа орнуудад боломж олгож, сувгийг нь үнэгүй гаргаад өгчихдөг. Тэнд мэргэжлийн, мэргэжлийн бус нь хамаагүй заавал курс, сургалтад хамрагдана. Тэгж байж эрхээ олж авна. Тэрийг олж харсан маань миний давуу тал болохоос өнөөдөр та ч тэнд очоод телевиз байгуулъя, ингэе тэгье гээд сургалтад нь хамрагдаад явбал болно шүү дээ, тэр бүхэн нээлттэй. Тэгэхдээ эфирийг барьж явна гэдэг нэг айхтар юм бий. Сэдэвгүй болно, ядарна, команд бүрдэхгүй, дээрээс нь залхана, ашиггүй байна гэж төвөгшөөнө. Тэгээд орхино. Энэ чинь арилжааны телевиз биш. Яг л ажил мэргэжилдээ үнэнч хүмүүсийн л хийх ажил. Би бол 15 жил эфирээ нэг ч тасалж үзээгүй. Сүүлийн жилүүдэд Монголдоо ирээд байж байгаа мөртлөө нэвтрүүлгээ хийсээр л байна. Интернэт өндөр хөгжсөн болохоор нэвтрүүлгээ тийш нь илгээгээд болж байна. Тэнд манай групп бий. 15 жил эфирийнхээ цагийг барьж чадсан. Барагтай хүн тэгж чадахгүй. Цаашдаа бол залгамж халаагаа бэлдэх, телевизээ үргэлжлүүлэх, за тэгээд болвол нутагшуулах талаар бодсон зүйлүүд бий.
-Сэтгүүлчийн мэргэжил тэтгэвэрт гардаггүйг, цаг нартай уралдсан мэдээллийн орчинд хагас цэргийн зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллах чадварыг танаас харж бахархдаг. Одоо та ямар бүтээл хийж байна?
-Зүгээр суух дургүй. АНУ дахь Монгол Телевизийн захирал гэж яваа ч ГХЯ-наас Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон болохоор энэ чиглэлийн зүйлүүдийг нэвтрүүлэгтээ шингээж хийж явна. Дээр нь төрийн бус байгууллагуудын Удирдах Зөвлөлд данстай, тэр ажлаа хийнэ. Ер нь тэгээд тогтмол ажиллаад байна. Сэтгүүлчийн мэргэжил тэтгэвэрт гардагггүй учраас насан туршдаа ажиллаж таарна. Ийм тийм зүйл хийнэ, ийшээ тийшээ явна гэж төлөвлөсөн зүйлүүд ч олон байдаг. Байнга явж байдаг. Саяхан гэхэд л Хилчингоо ТББ-ын шугамаар хилчидтэйгээ Манжуур яваад ирлээ. Он солигдох мөчид ч өөр оронд байх чигтэй байна. Орос багш нарын буянд над нэг их хэлний бэрхшээл байхгүй.Англи,орос хэлээр хаа л бол яриад явж байна. Цаашлаад мэдээ мэдээллийн ч бэрхшээл байхгүй. Жишээ нь, Балба явлаа гэхэд урьдчилаад мэдээллээ авчихна. Очоод төөрч будилах юм байхгүй, орчуулагч, хөтлөгч хэрэггүй өөрөө учраа олоод явчихна. Балба гэснээс тэнд сая газар хөдөлжээ.Тэнгэр бурхан өршөөлдөө аваасай гэж залбирч байна. Би энэ улсыг хүндэтгэдэг. Дэлхийн дээвэр Гималайн нурууны ноён оргил Эверестийг үзэх боломжийг Балба улс болгосон. Их билэгшээдэг.Гэртээ Эверестээс авчирсан зураг залчихсан байгаа. Ер нь сэтгүүлчид маань гадаад хэлийг бусдаас илүү сайн сурах хэрэгтэй. Заавал гүйцэд сурах албагүй ч өөрийн хэмжээнд сурахыг хичээх нь зүйтэй. Алдарт Чой.Лувсанжав багш бидэнд “Та нар гадаад хэл сурч гоё сайхан ярихдаа гол биш, эхлээд монгол хэлээ сайн сураарай” гэдэг байсан. Тэр жил англи хэлний цуврал хичээл МҮОНРТ-ээр явахад би редактороор нь ажиллаж байсан юм. Манай МГИМО-гийн Д.Сэргэлэн Чой Лувсанжав багштай Англи хэлний хичээл телевизээр зааж байсаныг үзэгчид санаж байгаа байх.
-Танаас зөвлөгөө авдаг хүн хэр олон бол?
-Асуугаад ирэх хүн олон. Би эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил зүтгэж байна. Тэнд дандаа хүүхнүүд ирж амьдралын зөвлөгөөнүүд авдаг. Хилчидтэйгээ бас олон жил хамтарч ажиллаж ирлээ,тэднийхээ жаргал зовлонг сонсоно. Ер нь бол сэтгүүлчид хүмүүс итгэж ирж ярилцана, зөвлөх юм гарна. Сэтгүүлчийн мэргэжил чинь хүний нууц хадгалах мэргэжил шүү дээ.Эмч,хуульч өмгөөлөгчид мөн адил байх. Хүн ирээд хамаг юмаа ярьдаг учраас нууцыг чандлан хадгалах ёстой. Тэр талдаа би бол маш нууцлаг нэгэн. Тэглээ, ингэлээ гэж ярих шаардлага байхгүй. Надад олон түмэнд нийтэлж гаргаагүй зөндөө материал бий. Заримыг нь телевизээр цацах биш сонинд гаргавал илүү сонирхолтой, цааш хөөгөөд явахаар сэдвүүд байдаг. Сэтгүүлчдийг мэдээллээ зөв ашиглаасай, юм үзэж нүд тайлаасай гэж боддог, тэгж зөвлөдөг. Сэтгүүлч хүн үргэлж суралцаж байх ёстой. Хол, ойрын бүх томилолт сургамж болдог гэж боддог. Жишээ нь, би Дорнод аймаг руу олон удаа явсан атал явах тоолон сургамжтай зүйл гарч байдаг. Явсан бүхэн сургамж. Өрөөн дотроо, нэг газартаа байгаад юу сурах билээ. Интернэт л ухах байх. Тиймээс яв гэж зөвлөдөг.
-Танд шавь хэр олон байна?
-Бий. Би олон залуу найзтай. Тэднийгээ залуу найз гэх үү, шавь нар гэх үү, зөвлөгөө өгөхдөө өгч, тэднээсээ ч бас суралцдаг. Сурсан мэдсэнээ бусдад хэлж зөвлөж, өөрөө бас суралцаад л явж байна.
БЛИЦ:
-Таны хобби?
-Ойд алхах, нохой чаргаар аялах
-Очих дуртай газар?
-Халх гол, Өлгий, Япон, Алс Дорнод
-Сонирхдог спорт?
-Хөлбөмбөг.
-Сонирхдог урлаг?
-Бүжгэн жүжиг.
-Дуртай сэдэв?
-Улс төр, дайны түүх.
-Дургүй зүйл?
-Цаг барьдаггүй хүн.
-Баримталдаг зан чанар?
-Шулуухан.
-Бухимддаг зүйл?
-Байхгүй.
-Хайрладаг амьтан?
-Ач зээ нар.
-Гоц авьяас?
-Байхгүй.
-Гэрийн байршил?
-Нүүх гэж байна, одоо.
-Хэр эзэгтэй вэ?
-Боломжийн
-Муу зуршил?
-Шөнө ажилладаг.
-Сэтгүүлч болоогүй байсан бол?
-Хайгуулчин.
-Айдаг зүйл?
-Агсам хүн.
-Яг одоо юу хийж байна?
-Мадридтай ярьж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Цагийн хүрд гэдэг нэр Сарантуяагааас хойш бий болсон юм сайн тодруулахгүй бол гарчигнаасаа худлаа болно.
Ер нь сэтгүүлч биш хүний нууцыг чандлан хадгалж байх нь өндөр соёлшүү
Үхсний чинь хоёр Сараагийн үе вэ. Мөрөөдцийн.\n
Ta hunii nuts hadgalah ni bitgii hel hun gutgesen bnalee Uul ni tulhtai setguulcn get boddog bsansan