Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр сүүлийн жил гаруй хугацаанд зөрчил, доголдол илэрсэн 100 гаруй цэг, төвүүдийг хаасан байна. Тэдний ихэнх нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Гэхдээ тусгай зөвшөөрлөө хураалгасан этгээдүүд үйл ажиллагаа эрхэлж байсан байршлаа орхиж өөр газар иргэдэд үйлчилж эхэлсэн байж болзошгүй гэнэ. Энэ талаар НМХГазар даруй хяналт шалгалт явуулж, стандарт хангахгүй үйл ажиллагааг зогсоох аж. Ер нь халуун дулааны улирал ирэхээр хаа сайгүй гар дээрээс хүнс худалдаалж, борлуулах хандлага эрс нэмэгддэг билээ. Мөн цайны газруудын үйл ажиллагаа хяналтаа алдаад байгаа нь анзаарагдах болов. НМХГазрын Эрүүл мэнд, хүнсний хэлтсээс зоогийн болон цайны газруудын чанар, тэдгээрт тавих хяналтын талаар тодруулга авсан юм.
2008 оноос хойш НМХГазар нийтийн түргэн хоол, цайны газруудад тавих хяналт шалгалтаа чангатгаж эхэлсэн аж. Үүнээс хойш 300 гаруй цэгийн үйл ажиллагааг түр болон бүр хугацаагаар зогсоожээ. Мөн өнгөрсөн онд хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр үйлчилдэг цэг, бичил лангуутай үйлчилгээ эрхлэгчдэд тавих хяналтад тодорхой журам тогтоосон байна.
Үүнээс гадна сүүлийн үед бэлэн гоймон, даршилсан бүтээгдэхүүнээр үйлчилдэг цэгүүд нээгдсэн билээ. Тэдгээр үйлчилгээ эрхлэгчид мөн л дутагдалтай ажиллах тохиолдол цөөнгүй байдаг аж. Уг үйлчилгээ эрхлэгчид 680-1500 төгрөгөөр гоймон худалдаж аваад, 2000-2500 төгрөгөөр зарж борлуулдаг байна. Мөн эдгээр үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас баттай мөрдүүлсэн дүрэм журам үгүй байгаа нь ажиглагдаж байв.
Түүнчлэн жил бүрийн зун нийслэлийн гудамж талбай жимс, жимсгэнээр үйлчилгээ эрхлэгчдийн лангуу, ил саравчаар дүүрдэг гэхэд хилсдэхгүй. Харин үүнд Мэргэжлийн хяналтын газраас олон удаа шаардлага хүргүүлж, үйлчилгээг нь зогсоох албан бичиг хүргүүлдэг боловч тэд үл тоомсорлон ажилласаар байдаг байна. Үүнд цагдаа, эргүүлийнхэн мөнгөн торгууль ногдуулахаас хэтэрдэггүй аж. Мэргэжлийн хяналтын байцаагчид тэдгээр лангуу, үйлчилгээний талбайгаас арчдас шинжилгээ авахад чанарын стандартаас үргэлж хэтэрсэн бактери, нян илрэх байдал нэгээр тогтдоггүй гэнэ. Энэ бүхэнтэй холбогдуулж цаашид НМХГазраас хяналт шалгалтаа улам чангатгах юм байна.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )